Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2019/00831

 

Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00772 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалтай,                                                               

Д ын нэхэмжлэлтэй,

Б д холбогдох

8,700,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Миний бие 2016 оны 5 сард Завхан аймгийн Завханмандал суманд очсон. 2016 оны 5 сард Б тэй танилцсан. Б  нь Завханмандал сумаас алт олборлож байна, би ашигтай ажиллаж байгаа гэж өөрийгөө танилцуулсан. Мөн Б  нь надад мөнгө зээлээч 7 хоногийн дараа би буцаагаад төлнө, чадахгүй бол алт болгож өгье гэхэд нь би итгэж өөрийн Хаан банкны данснаас 2016 оны 07 сарын 25-ны өдөр Б гийн Хаан банкны 5077316395 тоот данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б тэй утсаар ярихаар удаахгүй өгнө, өнөөдөр, маргааш гэсээр өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Нийт 50,000,000 төгрөгнөөс 41,300,000 төгрөгийг буцааж өгсөн, одоо үлдэгдэл 8,700,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд хариуцагч Б гээс зээлсэн 8,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би хариуцагчтай анх Алтайн чулуун дээр хамтарч ажиллахаар тохиролцоод, би чулуу авах зорилгоор Б гийн данс руу 50,000,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Би тухайн мөнгийг хүнээс авч өгсөн байсан. Гэтэл маргааш нь над руу мөнгө өгсөн хүн яриад “наадах чинь бүтэхгүй юм байна” гэсэн. Тэгээд би мөнгөө буцааж авна гэж хэлсэн. Б  надад цувуулж 41,300,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 8,700,000 төгрөгийг аваагүй. Б  надад хэлэхдээ “би чамд мөнгийг чинь 10,000,000 төгрөг болгож өгнө” гэж хэлсэн бөгөөд одоо хүртэл өгөөгүй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2016 онд Завхан аймгийн Завханмандал суманд байхад Д  нь та нартай хамтран бизнес хиймээр байна гээд 50,000,000 төгрөг данс руу хийсэн. Удалгүй маргааш нь билүү мөнгөө буцааж авлаа өөр хүмүүстэй ажиллахаар боллоо гээд гаргуулаад авсан. Мөнгөө аваад Б.Бадамцэцэг, Д.Дашдорж нартай хамтран алтны наймаа хийсэн гэсэн. Тэр хүмүүс нь энэ явдлыг гэрчилж, цаг хугацааг тодорхойлох байх. Миний хувьд Д ын нэхэмжлэлд бичсэн шиг “би ашигтай ажиллаж байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, төлөхгүй бол алт болгож өгье” гэж хэлж мөнгө аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би анх Д тай 2016 он 4, 5 сарын үед танилцаж байсан. Д  өөрөө н.Ангирмаа, н.Байгалмаа нарыг болиулаад би 50,000,000 төгрөг өгөөд энэ чулууг аваад Гэрэлт-Од гурвуулаа хувааж аваад нэг машин чулууг нь боосуудад өгье гэж хэлээд нэг хүнтэй утсаар яриад мөнгө авсан. Тэгээд мөнгө нь орж ирсэн. Гэрэлт-Од бид хоёр н.Ангирмаа, н.Байгалмаа, н.Шоогий нартай уулзаад “энэ бүтэхгүй юм байна” гэхэд тэд эцсийг нь үзнэ гэхээр нь би болъё гэж хэлэхэд Д  “тэгвэл би 50,000,000 төгрөгөөрөө алт авъя, мөнгөө чиний дансаар оруулаад гаргаад авъя” гэсэн. Би “тэг тэг” гэж хэлсэн. Миний дансыг нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ буруу бичсэн байна. Үнэн зөвийг нотлохын тулд би өөрөө дансныхаа хуулбарыг авч ирсэн. Миний Хаан банкны данс руу 50,000,000 төгрөг шилжүүлээд буцаагаад авсан. Д , н.Гэрэлт-Од, н.Бадамцэцэг, н.Оюунчимэг нар миний машин дотор сууж байсан. Тэгээд 50,000,000 төгрөгөө миний данс руу оруулаад 10, 20 минут болоод шууд гаргаж аваад хоорондоо ярилцаад явсан. Би Д д “чи нөхөн сэргээлт хийгээд өгөх юм бол чамд 10,000,000 төгрөг өгч болно” гэж хэлсэн. Харин 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 10,000,000 төгрөг өгнө гэж хэлж байгаагүй гэжээ. 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00772 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ын нэхэмжлэлтэй хариуцагч Б д холбогдох 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00772 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч Б гээс 8,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д д олгосугай.” гэж, 2 дахь заалтад “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, Б гээс 154,150 төгрөг гаргуулж Д д олгосугай.” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар магадлалыг эс зөвшөөрч магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр алт олборлож ашиг олох зорилгоор хамтран ажиллах тухай тохиролцоо хийсэн бөгөөд Д  нь 2016 оны 07 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг Б гийн ХААН банкны дансанд шилжүүлж талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ” гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт “Магадлалд магадлалын үндэслэлийг тусгана”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлнэ” гэсэн журмыг зөрчиж хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар талуудын хооронд “хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй” байгаа талаар тусгаагүй. Нэхэмжлэгч Д  нь хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл нь “хамтран ажиллах гэрээ байгуулагдсан” гэж дүгнэх бусад ямар нотлох баримтаар нотлогдож байгааг дүгнээгүй нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Бусдын данс руу мөнгө шилжүүлсэн үйлдэл бүрийг “хамтран ажиллах гэрээ байгуулагдсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээний талууд хамтран ажиллах үүрэг хүлээх”-ээр зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Д  нь хамтран ажиллах гэрээнд ямар үүргийг хүлээж оролцсон талаар, тухайлбал нэхэмжлэгчийн тайлбарласнаар “алт олборлох чиглэлээр" хамтран ажиллаж байсан бол Д  нь ямар үүргийг хүлээхээр, Б  нь ямар үүргийг хүлээж талууд тохиролцон гэрээ байгуулсан талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Шүүх “талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан” гэж дүгнэвэл Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний журам талуудын хооронд байсан эсэх талаар бүхэлд нь дүгнэлт хийх ёстой. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлал нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хамтран ажиллах гэрээний дагуу олборлосон алтаа Д д өгөх үүргийг Б  хүлээсэн бөгөөд 41,700, 000 төгрөгт оногдох үүргээ биелүүлсэн байна” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч Д  нь 41,300,000 төгрөгийн алтыг хэзээ хэрхэн авснаа нотолдоггүй бөгөөд хариуцагч Б гийн данс руу мөнгө хийснээс хойш хэдий хугацаанд гэрээний үүрэг үргэлжилсэн, шаардах эрх хэзээ бий болсноо тайлбарлаж нотлоогүй. 41,300,000 төгрөгийн алт өгч, авалцах үйл ажиллагаа нь нууц далд аргаар хийгдээгүй нь лавтай. Нэхэмжлэгч Д  нь гэрээний биелэгдээгүй үүргийг шаардаж байгаа бол биелэгдсэн үүрэг мөн хэрхэн хэрэгжсэн талаар ч нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Д  нь хариуцагчаас авсан алтаа хаана, хэдийд, ямар үнээр худалдсан болох, энэ талаар ямар нэгэн гэрч мэдэх эсэх талаарх үйл явцыг тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, 8,700,000 төгрөг аваагүй гэж тайлбарлах боловч 41,300,000 төгрөгийн алтыг авсан үйлдлээ тайлбарлаж чаддаггүй. Д  нь хариуцагчаас 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,700,000 төгрөг авах ёстой гэж нэхэмжлэл гаргасан атал Давж заалдах шатны шүүх “41,700,000 төгрөгний алтыг Б  нь Д д өгсөн байна” гэж дүгнэсэн нь хариуцагч Б  нь 8,300,000 төгрөг өгөх ёстой гэж тооцоологдохоор байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журмыг зөрчсөн байна. Магадлалд “хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж түүний дансанд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа шаардлага үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэвэл гэрээний хугацааны талаар талууд тохиролцсон эсэх, гэрээний нэг тал болох Д  нь гэрээнээс хэдийд татгалзаж, дуусгавар болгосон, шаардах эрх хэдийд бий болсон гэж дүгнэх болсон үндэслэлийг магадлалд дурдаагүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШ2018/00772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Б д холбогдуулан 8,700,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг Б гийн ХААН банкны дансанд шилжүүлж зээл өгсөн, 7 хоногийн дараа буцааж өгнө гэсэн, зээлийн үлдэгдэл 8,700,000.00 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч тэрээр шүүх хуралдаан дээр “...хамтарч ажиллахаар тохиролцоод чулуу авахаар хариуцагчийн данс руу 50,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн, 41,300,000.00 төгрөгийг буцааж авсан, үлдэгдлийг өгөөгүй” гэсэн тайлбар гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа “...2016 онд Завхан аймгийн Завхан мандал суманд байхад Д  та нартай хамтран бизнес хиймээр байна гээд миний данс руу 50,000,000.00 төгрөг шилжүүлээд буцаагаад авсан” гэжээ. 

Д  нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг Б гийн ХААН банкны 5845058421 тоот дансанд шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр алт олборлож ашиг олох зорилгоор хамтран ажиллах тухай тохиролцоо хийсэн, Д  нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг Б гийн ХААН банкны дансанд шилжүүлж талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй  байна. 

Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд талуудын хэлцлийн зүйл нь алт олборлох үйл ажиллагаа байсан, нэхэмжлэгч нь 41,300,000.00 төгрөгт алт тооцож авсан гэсэн тайлбар гаргасан зэргээс үзэхэд хамтран ажиллах гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт болон Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 15 дугаар зүйлд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үүрэг эсхүл хамтран ажиллах гэрээний үүрэг шаардаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг хэрэгжүүлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:     

1. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00772 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 154,150.00  /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН