Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 00465

 

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00465

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхоны 6-р байрны 54 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Шамбийнхан овогт Д-ийн Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Б-ийн Дд холбогдох 8,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 5 дугаар сард Завхан аймгийн Завханмандал суманд очсон. 2016 оны 5 дугаар сард Б.Д гэх хүнтэй танилцсан. Б.Д нь Завханмандал сумаас алт олборлож байна, би ашигтай ажиллаж байгаа гэж өөрийгөө танилцуулсан. Мөн Б.Д нь надад мөнгө зээлээч 7 хоногийн дараа би буцаагаад төлнө, чадахгүй бол алт болгож өгье гэхэд нь би итгэж өөрийн Хаан банкны 5005204141 дугаартай данснаас 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Дгийн Хаан банкны 5077316395 тоот дансруу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг хүнээс аваад өгсөн байсан. Би Б.Дтэй утсаар ярихаар удаахгүй өгнө, өнөөдөр, маргааш гэсээр өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Нийт 50,000,000 төгрөгнөөс 41,300,000 төгрөгт тооцож алт /чулуу/ авсан, одоо үлдэгдэл 8,700,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд хариуцагч Б.Дгээс зээлсэн 8,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Завхан аймгийн Завханмандал суманд байхад Д.А нь та нартай хамтран бизнес хиймээр байна гээд 50,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Удалгүй тэр өдрөө удалгүй мөнгөө буцааж авлаа өөр хүмүүстэй ажиллахаар боллоо гээд бэлнээр гаргуулаад авсан. Мөнгөө аваад манай дүү нартай хамтран алтны наймаа хийсэн гэсэн. Миний хувьд Д.Аын нэхэмжлэлд бичсэн шиг би ашигтай ажиллаж байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, төлөхгүй бол алт болгож өгье гэж хэлж мөнгө аваагүй. Мөн би түүнд 41,300,000 төгрөгт тооцож алт, чулуу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Дд холбогдуулан 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.Д надаас мөнгө зээлээч гээд 50,000,000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан. Бид нар хамтарч ажиллана, олсон ашгаа хувааж авна гэж ярьсан. Энэ мөнгөнөөс 41,300,000 төгрөгт алт /чулуу/ тооцож авсан, үлдэгдэл 8,700,000 төгрөгийг аваагүй гэж, хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа Д.А миний данс руу 50,000,000 төгрөг хийсэн ба тэр өдрөө уг мөнгөө буцааж авсан. Мөнгөө буцааж авахдаа бэлнээр гаргуулж аваад Д.А нь Б.Бадамцэцэгтэй хамт явсан. Би Д.Ааас мөнгө зээлээгүй, би алт чулуу зардаггүй. Надад Д.Ад өгөх өглөг байхгүй гэж тайлбарлалаа.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.А нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Дгийн 5845058421 дугаартай данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно. Харин уг шилжүүлсэн 50,000,000 төгрөгөөс үлдэгдэл 8,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А нь буцааж аваагүй гэж, хариуцагч Б.Д нь 50,000,000 төгрөгийг мөн өдрөө Д.А нь буцаагаад бэлнээр гаргуулж авсан гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч Ц.Ангирмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Дд холбогдох иргэний хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө өгсөн мэдүүлэгийг хавсаргасан байх бөгөөд тус мэдүүлэгт ...Б.Д бид хоёр манай түншүүдээс 50,000,000 төгрөг аваад гурван машин чулуу авахаар ярилцсан. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 50,000,000 төгрөгийг Б.Дгийн данс руу хийсэн. Надаас 50 сая төгрөг авсны дараа Б.Д энд Ц.Ангирмаа, Байгалмаа, Шоогий нартай нийлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь олон хүн оруулаад хэрэггүй, би мөнгөө буцааж авья гээд Б.Дтэй ярилцсан. ...Гурван машин алт авчих байх гэж бодсон. Тэр газар нь ажиллахад их хэцүү байсан болохоор би хөрөнгө оруулах гэж байсан мөнгөө татсан. ...Б.Д гэдэг хүнд их гомдолтой байна. Өмнө өгсөн 50 сая төгрөгийн үлдэгдэл 8,600,000 төгрөгөө авмаар байна гэжээ. Тус мэдүүлэгт Д.А нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Дгийн данс руу 50,000,000 төгрөг шилжүүлээд буцааж уг мөнгөө авсан гэж, мөн өмнө өгсөн 50 сая төгрөгөөс үлдэгдэл 8,600,000 төгрөг аваагүй талаар мэдүүлжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлтэй Б.Дд холбогдох тус иргэний хэрэг нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 50,000,000 төгрөгний үлдэгдэл 8,700,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг байна. Иймд дээрх мэдүүлэгт дурдагдсан 50 сая төгрөг шилжүүлсэн гэх огноо зөрүүтэй, мөн хэзээ шилжүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,600,000 төгрөг авах талаар дурдагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Б.Д надад мөнгө зээлээч 7 хоногийн дараа буцаагаад төлнө, чадахгүй бол алт болгож өгье гэхэд би итгээд түүний данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж, харин 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...би чулуу авах зорилгоор Б.Дгийн данс руу 50,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Би тухайн мөнгийг хүнээс аваад өгсөн байсан. Гэтэл маргааш нь надруу мөнгө өгсөн хүн яриад наадах чинь бүтэхгүй юм байна гэсэн. Тэгээд би мөнгөө буцааж авна гэж хэлсэн. Б.Д надад цувуулж 41,300,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 8,700,000 төгрөгийг аваагүй гэж, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд ...Б.Д нь надад мөнгө зээлээч 7 хоногийн дараа би буцаагаад төлнө, чадахгүй бол алт болгож өгье гэхэд нь би итгэж өөрийн Хаан банкны 5005204141 дугаартай данснаас 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.Дгийн Хаан банкны 5077316395 тоот дансруу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 50,000,000 төгрөгнөөс 41,300,000 төгрөгт тооцож алт /чулуу/ авсан, одоо үлдэгдэл 8,700,000 төгрөгийг аваагүй гэж тус тус зөрүүтэй тайлбарыг гаргасан бөгөөд түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор шүүхэд өөрийн нэр дээрх Хаан банкны 5845058421 дугаарын дансны хуулгыг хавсаргасан бөгөөд тус дансны хуулгаар 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Гэвч 50,000,000 төгрөгийн зарлага хийгдсэн боловч уг мөнгийг Д.Ад өгсөн, эсхүл хэрхэн зарцуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Талууд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх үйл явдлыг гэрчлүүлэхээр гэрчүүдийн мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч Г.Гэрэлт-Од тус шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...Б.Дд Д.А 50,000,000 төгрөг өгснийг мэднэ. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр яг хаана байснаа санахгүй байна. Мөн Б.Д, Д.Ад бэлнээр 50,000,000 төгрөг өгч байхыг хараагүй. Тухайн үед машин дотор би тус мөнгийг нь хараад сууж байсан бөгөөд хэдэн хоног манасан. Д.А надад одоо Б.Д 10,000,000 төгрөг өгөх ёстой. Дээрээс нь би ажилласан цалин, машинаар үйлчилсэн хөлсөө авна гэж ярьж байсан. Б.Д тухайн үед Д.Ад 10,000,000 төгрөг өгөх юм шүү эвий дээ хөөрхий минь гэж хэлдэг байсан. 50,000,000 төгрөг авсан үед машинд бидний хажууд Б.Бадамцэцэг, Б.Оюунчимэг гэдэг хүмүүс байгаагүй... гэж,

-Гэрч Б.Оюунчимэг дээрх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байх гэж бодож байна. Би тэр үед Ховд аймагт ирсэн байсан. Тэгээд Б.Д намайг чи хүрээд ир хоёулаа ажил хийнэ гэсэн. Тэр үед Д.А Б.Дд би чиний дансруу 50,000,000 төгрөг шилжүүлье хоёулаа хамтарч ажиллая гэж хэлж байхыг нь би сонссон. Б.Д би чамтай хамтарч ажиллахгүй чи миний дансруу мөнгөө оруулаад гаргаад ав гэж байсан. Тэгээд 50,000,000 төгрөгөө Б.Дгийн данс руу хийгээд буцааж Д.А мөнгөө аваад би алт авна. Бадамцэцэг чамд алт байгаа юу гэж байсан. Тэгээд Д.А Б.Бадамцэцэгийг дуудаад би 50,000,000 төгрөгөөрөө алт авна гэж ярилцаж байхыг нь сонссон. Тэгээд Д.А Дөргөн сум руу Б.Бадамцэцэгтэй алт авахаар явсан. Бид нар 2016 оны 7 дугаар сарын 26-ны орой Дөргөнд хоноод маргааш нь Завхан явах ажилтай байсан учир явцгаасан. Тэр үед Г.Гэрэлт-Од гэдэг хүн машин дотор байсан. Машин дотор 50,000,000 төгрөг өгөлцөж авалцаж байхад Д.А, Б.Д хоёр машины урд талын суудал дээр сууж байсан. Ар талд нь Б.Бадамцэцэг, Г.Гэрэлт-Од бид нар сууж байсан. Мөнгийг уутнаас нь гаргаад хоёулаа тоолоод авч байсан... гэж,

-Гэрч Н.Буянхишиг дээрх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...Би Ховд аймгийн Дөргөн сумын Чоно хархайх гэдэг гүүрэн дээр Дондог гэдэг айлд ажиллаж байсан юм. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.А Б.Бадамцэцэгтэй хамт Дондог гэдэг хүнээс алт авсан. Би хэдэн төгрөгтэй ирээд хэдэн төгрөгөөр алт авч байсныг мэдэхгүй байна. Би Д.Аыг Дөргөн сумын Чоно харайхын гүүр дээрээс Б.Бадамцэцэгтэй ирж алт авдаг болсон үеэс танина. 2016 оны 07 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд бас ирж алт авсан... гэж,

-Гэрч Г.Хадбаатар дээрх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...Би Д.А Б.Дд 50,000,000 төгрөг өгснийг нь мэднэ, харин буцааж авч байсныг мэдэхгүй байна. Д.А надад хэлэхдээ Б.Дгээс үлдэгдэл мөнгөө авах гэж байна гэдэг байсан. Д.А бид хоёрыг очиход Б.Д би чиний 8,700,000 төгрөгийг 10,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлээд энэ ажил дуустал чи энд байж бай гээд Д.А ахыг авч үлдээд би явсан. Д.А ч хамт байж байгаад мөнгөө олж авна гээд Завханы Мандал суманд үлдсэн. Намайг хэд хэд очиход Д.А мөнгөө авах гээд байж байна гэдэг байсан. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би машин дотор Гэрэлт-Одтой хамт сууж байсан эсэхээ санахгүй байна гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Бадамцэцэг дээрх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ ...Б.Д 50,000,000 төгрөгийг Ховд аймгийн захын дээд талын Хаан банкнаас бэлнээр гаргаж авч Д.Аын машинд суугаад, тоолоод түүнд өгч байсан. Тэр үед машин дотор Д.А, Б.Оюунчимэг, Б.Д бид нар байсан. Тэгээд А ах мөнгөө аваад намайг Дөргөн сум руу хүргэж өгсөн. Би та өглөө ирээд алтаа нэг мөсөн авчихаа би танд гүйцээгээд өгье гээд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрийнхөө алт дээр Буянхишиг гэдэг хүнээс 325 грамм алт аваад нийт 725 грамм алтыг 50,000,000 төгрөгт бодож Д.Ад өгсөн. Алтны мөнгө 50,000,000 төгрөгийг би тоолж авсан. Түүнээс хойш Д.А ах надаас ирж алт авдаг байсан. Дондог гэдэг хүнээс ч алт авдаг болсон. Би мэдэх зүйлээ л ярьж байна. Миний ярьсан бүгд үнэн гэх мэдүүлэгүүдийг өгчээ.

Дээрх гэрч нар нь бүгд шүүх хуралдаанд дарааллан мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч нарт мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, гарын үсэг зуруулсан болно. Гэтэл гэрч нарын мэдүүлэгүүдээс үзэхэд гэрч Г.Гэрэлт-Од нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр яг хаана гэдгээ санахгүй байна Б.Д 50,000,000 төгрөгийг данснаасаа бэлнээр гаргуулж аваад машинд оруулж ирсэн. Тэр мөнгийг би хэд хоног манасан. Машин дотор Б.Оюунчимэг, Б.Бадамцэцэг гэдэг хүмүүс байгаагүй гэж, гэрч Б.Оюунчимэг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байх Д.А, Б.Дгийн данс руу 50,000,000 төгрөг хийгээд буцаагаад гаргуулж аваад Б.Бадамцэцэгээс алт авахаар түүнтэй хамт Дөргөн сум руу явсан. Машин дотор Г.Гэрэлт-Од, Б.Бадамцэцэг, Д.А, Б.Д нар байсан гэж, гэрч Н.Буянхишиг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.Бадамцэцэг, Д.А нар ирж Дондог гэдэг хүнээс алт авсан. Би Дондогийнд байсан гэж, гэрч Г.Хадбаатар Д.А, Б.Дд 50,000,000 төгрөг өгснийг нь мэднэ. Харин буцааж авсныг нь мэдэхгүй, Д.А хэлэхдээ үлдэгдэл мөнгө байгаа авна гээд явдаг байсан гэж хоорондоо зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн. Дээрх гэрч нарыг бүгдийг нь шүүх хуралдаанд асуусан бөгөөд мэдүүлэг өгсөн гэрч нар нь дараагийн мэдүүлэг өгч байгаа гэрчийн мэдүүлэгийг сонсож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжгүй учир дээрх гэрч нарын мэдүүлэгүүдийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой.

Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд талуудын хэлцлийн зүйл нь алт /чулуу/ олборлох үйл ажиллагаа байсан байх бөгөөд нэхэмжлэгч нь 41,300,000 төгрөгт алт тооцож авсан, үлдэгдэл мөнгөө аваагүй гэсэн түүний тайлбараас үзэхэд талууд анх алт /чулуу/ олборлохоор тохиролцсон байна гэж үзэхээр байна. Гэвч энэхүү хамтран ажиллахаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-д бичил уурхай эрхлэх гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлнэ гэж, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д эрдэнэсийн санд худалдах үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Д нь алт /чулуу/ олборлох нөхөрлөл, хоршоо байгуулаагүй, нэхэмжлэгч Д.А нь хууль бус үйл ажиллагаанд хамтран ажиллахаар мөнгө шилжүүлсэн байх тул тэдгээрийн хоорондын хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Дд холбогдох 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 /нэг зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА