| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0016/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/83 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | М.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа
Улсын яллагч М.От
Хохирогчийн төлөөлөгч Ж.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, Ж.Ч
Шүүгдэгч Ү.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Ад холбогдох эрүүгийн 1822003450105 дугаартай хэргийг 2020 оны 07 сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцээд
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,...... оны ..... дүгээр сарын ........-ний өдөр төрсөн, эмэгтэй, ......... настай, ............ боловсролтой, ................ мэргэжилтэй, ............. ажилтай, ..............................оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т овгийн Ү А /РД:..................../
Шүүгдэгч Ү.А нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн ...................урвуулан ашиглаж 2017 оны 10 сарын 27-ны өдөр сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй М.Эд 15.000.000 төгрөгний, мөн өөрийн нөхөр Ш.Хт 18.000.000 төгрөгийн зээл олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ү.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Сум хөгжүүлэх сангаас 2 иргэнд зээл олгосон. Нэг нь миний нөхөр, нөгөөх нь Эн. Энэ 2 хүнд би зээл олгоогүй. Засаг даргын захирамжаар зээл нь олгогдсон. Тухайн үед Сум хөгжүүлэх сан хариуцсан ажилтан нь С гэдэг хүн байсан…” гэв.
2. Хохирогчийн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 11 сард Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас санхүүгийн аудит хийнэ гээд манайхаас сум хөгжүүлэх сангийн зээлтэй байгаа сумдуудын мэдээллийг авсан. Тэгээд зээлгүй байгаа 2 сумын мэдээллийг, зээлгүй гэсэн Засаг даргынх нь албан тоотыг авч өгсөн. Тэр 2 сум нь Эрдэнэдалай болон Гурвансайхан сум байсан. Гурвансайхан сумаас лавлагаа мэдээлэл авахад “С ажлаа хийхгүй байгаа” гээд надад Ү.А эгч зээлгүй гэсэн албан тоотыг гаргаж өгч байсан. Тэр албан тоотыг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Дд өгсөн. Тэгээд аудит очиход нь зээл гарчихсан байсан гэсэн. Тэгээд л хэрэг үүсээд явсан. Одоо сум хөгжүүлэх сангийн 2 зээл 2-лаа хаагдсан байгаа. Яг хэзээ хаагдсаныг нь мэдэхгүй байна...” гэв.
3. Гэрч Б.Сгийн “...Би 2016 оны 06-р сараас 2018 оны 2-р cap хүртэл Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасагт мэргэжилтнээр ажиллаж байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай ХХААХҮ-ийн сайд Сэргэлэнгийн тушаалын дагуу Сумын сум хөгжүүлэх санг хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 7-р сараас 2017 оны 11-р cap хүртэл давхар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд төсөл хөтөлбөр ирээгүй, сангаас зээл олгох хурал болж байгаагүй. Миний өмнө энэ санг сумын Төрийн сангийн дарга А хариуцаж байсан...Ийм хурал болоогүй. Энэ тухай би одоо мэдэж байна. Хурлын тэмдэглэлийг үзэхэд нарийн бичгийн даргаар намайг оролцсон мэтээр бичсэн байна. Би энэ хуралд оролцоогүй, миний гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Би ажиллаж байх хугацаандаа хэн нэг иргэнээс ямар нэг төсөл аваагүй, ажил хүлээж авахад ирүүлсэн төсөл ч байхгүй байсан. М.Э, Ш.Х нар нь манай сумын хүмүүс тул би танина. М.Э нь ЗДТГ-ын дарга Эгийн ээж, Ш.Х нь Төрийн сангийн дарга Агийн нөхөр юм...2019 оны цагаан сарын өмнө Ү.А эгч надтай утсаар ярьж, ийм зээл гарсан байгаа, шалгах байх гэсэн зүйл хэлж байсан. Өөрөөр над руу хэн нэгэн хүн ярьсан зүйл байхгүй...”гэх мэдүүлэг/2-р хх-н 122-123/
4. Гэрч Э.Згийн “... 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд болсон Сум хөгжүүлэх сангийн зээл олгох хуралд би оролцоогүй. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан санагдаж байна, 2018 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, Гурвансайхан сумын ЗДТГ- ын дарга Б.Э утсаар яриад АТГ-аас чамайг асууж магадгүй гэхээр нь юу болсон юм бэ гэхэд Б.Э нь хэлэхдээ зээл олгох хурал болсон, хурлын тэмдэглэлийг чам руу явууллаа гэсэн. Хурлын тэмдэглэлийг аваад уншихад намайг хуралд оролцсоноор тэмдэглэл бичсэн байсан. Тэгээд би Б.Эд намайг чи юунд хутгачихав гэж хэлж байсан. Э хурал хууль журмын дагуу болсон гэж хэлсэн. Удалгүй АТГ-ын мөрдөгч А.Ц намайг дуудаж мэдүүлэг авахаар нь Б.Эгаас авсан хурлын тэмдэглэл дээрхи зүйлийг мэдүүлэгтээ хэлсэн. Урьд нь төслүүдтэй танилцаж байгаагүй. Би урьд Гурвансайхан сумын засаг даргаар ажиллаж байхад сум хөгжүүлэх сангийн зээлийг олгож байгаагүй, олгохыг дэмждэггүй байсан. Яагаад гэвэл Сангийн хуримтлалыг их хэмжээний болгож байгаад зээл олговол үр дүнтэй гэж үздэг байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр миний гарын үсэг зурагдсан байсан, би гарын үсэгний дардастай байсан ба тухайн дардасыг хурлын тэмдэглэл дээр дарсан байна. Би 2017 оны 10, 11 сард Улаанбаатар нүүсэн ба тухайн үедээ гарын үсэгний дардасаа мартсан байна лээ. Гурвансайхан сум орж амжихгүй байна. Дардасаа аваагүй байгаа. Б.Эгаас хуралд хэн, хэн оролцсон талаар нь асуугаагүй. Хурлын тэмдэглэл дээрхи хүмүүс бүгд оролцсон гэж бодсон. Б.Э нь сум хөгжүүлэх сангийн зээлийг хууль журмын дагуу болсон, ямар нэгэн асуудал гарахгүй гэхээр нь мэдүүлэг өгөхдөө хурлын тэмдэглэл дээрхи зүйлийг ярьж хэлсэн...Би нэг ч удаа зээл олгож байгаагүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 124, 4-р хх-ийн 9-10/
5.Гэрч Б.Эгийн “... 2018 оны 11 дүгээр сард Гурвансайхан сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.З над руу утсаар яриад АТГ-аас дуудаад байна, сум хөгжүүлэх сангаас С.Өгийн олгосон зээлийг асуугаад байна гэхээр нь би санхүүгийн албаны дарга Ү.А болон засаг даргын орлогч С.Ө нартай уулзах гэхэд С.Ө эзэнгүй байсан. Ү.Атай уулзаад Э.Зг АТГ-аас дуудаад сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар асуугаад байна гэнэ, ямар учиртай юм гэхэд Ү.А хэлэхдээ хурлын тэмдэглэлийг нь нөхөж гаргасан юм, та үүнийг аваад Э.Зд танилцуулчих гэхээр нь хурлын тэмдэглэлийг Э.З руу файлаар явуулсан. Би Э.З рүү яриагүй, Э.З над руу ярьсан. Э.З надаас яасан юм гэж асуухаар нь би Э.Зд хурлын тэмдэглэлийг нөхөж гаргасан гэсэн, Ү.Агаас асуухад хурал хууль журмынхаа дагуу явагдсан гэсэн гэж хэлсэн. Ү.А өөрөө хурлын тэмдэглэлийг нөхөж бичсэн гэсэн. Ү.Агаас хурал болсныг асууж байгаагүй. М.Э, Ш.Х нарт олгосон зээлийн хурлын тэмдэглэл байгаа юм, үүнийг нөхөж гаргаж байна гэж хэлж байсан. Би Ү.Агаас болох юм уу гэхэд А нь хэлэхдээ хурлын тэмдэглэлгүй зээл олгосон юм чинь нөхөж тэмдэглэл гаргахаас өөр арга байхгүй гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хурал болоогүй талаар Ү.Агаас хурлын тэмдэглэл авахад мэдсэн. 2019 оны 01 сарын 16-нд А.Ц мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө хурал болоогүй талаар сандраад хэлээгүй. Би хурлын тэмдэглэлийг нь уншаагүй. Э.Згийн гарын үсэгний дардас нь архив бичиг хэргийн ажилтан Ш.Шт байгаа. Э.Зг ажлаа өгсний дараа Ш.Ш нь надад хэлэхдээ Э.З даргын дардас нь байна гэхээр нь цааш нь хийчих гэж хэлсэн, Э.З гарын үсэгний дардасаа орхиод явсан байсан... Ү.Атай зээл олгож өгөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Ээжийг юм хийх гээд настай хүн хөөцөлдөөд, яваад байхаар нь Ү.А хувийн зүгээсээ дэмжиж зээл олгосон юм болов уу гэж сүүлд ойлгосон...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 151-152, 171, 4-р хх-ийн 13-14 /
6. Гэрч Б.Оийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй. 2018 оны 3, 4 дүгээр сард санагдаж байна, намайг ажил дээрээ байхад Ү.А ирээд шалгалт ирэх гээд байна, сум хөгжүүлэх сангаас 2 төсөл шалгаруулсан, материалыг нь бүрдүүлж хийх гэж байгаа юм, энэ хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурчих гэсэн. Тэгэхээр нь би Ү.Ад хэлэхдээ болох юм уу гэхэд Ү.А нь гарын үсгээ зураад өгөөч гээд гуйхаар нь хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл дээрхи миний гарын үсэг мөн. Намайг гарын үсгээ зурахад хүмүүс гарын үсгээ зураагүй байсан санагдаж байна. Ү.Аг хурлын тэмдэглэлийг авч ирээд гарын үсэг зуруулахад би хурлын тэмдэглэлийг уншиж танилцаагүй. Цайны газар, талх нарийн боовны төсөл гэж хэлсэн. Хэний төсөл шалгарсан талаар нь мэдэхгүй байна, надад ч хэлээгүй, би ч Ү.Агаас асуугаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэг өгөхдөө Ш.Х, М.Эн нарыг зээл авсан талаар мэдсэн. Хичнээн төгрөгийн зээл авсныг нь мэдүүлэг өгснийхөө дараа мэдсэн...Ү.Аг гуйсан болохоор худал мэдүүлэг өгсөн... Би энэ хуралд огт суугаагүй, хурал зохион байгуулагдсан гэж сонсогдож байгаагүй. Би уг нь бол төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт байхгүй. Олгосон зээлд хяналт тавих ажлын хэсгийн гишүүнээр явдаг байсан. Энэ хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан шалтгаан нь 2018 оны 10 сард шалгалт ирэх гэж байгаа гэж Ү.А хэлж байсан. Ингээд нэг материал бүрдүүлэх гэсэн юм гэж хэлээд надаар хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурахдаа юун дээр зурж байгаагаа мэдээгүй. Ингээд АТГ-аас мөрдөгч суман дээр ирээд дуудсан. Байцаагчтай уулзахаасаа өмнө Ү.А дээр ороод юун талаар намайг дуудсан талаар асуухад төслүүдийн талаар хэлээд Ш.Х, М.Э нарын төсөл шалгарсан талаар хэлээрэй, чи гарын үсгээ зурчихсан байгаа гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг/2-р хх-149-150, 4-р хх-ийн 15,/
7. Гэрч Г.Эийн “ ...2018 оны 11 дүгээр сард Цш мөрдөгчид мэдүүлэг өгөхөөс өмнө Гурвансайхан сумын санхүүгийн албаны дарга Ү.А надтай уулзаад АТГ-аас хүмүүс ирсэн, сум хөгжүүлэх сангийн хуралд оролцоод цайны газар болон талх нарийн боовны цехийн төслийг дэмжсэн гэж хэлээрэй гээд ямар, ямар төсөл ирсэн талаараа надад хэлсэн. Тухайн үед би хурлын тэмдэглэл дээрээ гарын үсэг зурсан юм уу гэхэд Ү.А хэлэхдээ гарын үсэг чинь болсон гэж хэлсэн. Ү.А гуйсны дагуу мөрдөгчид худал мэдүүлэг өгсөн. Би тухайн хуралд суугаагүй, гарын үсгээ зураагүй. Ү.А надад мэдүүлэг өгөөч ээ гэж гуйхад Ш.Х, М.Э нарыг зээл авсан талаар нь мэдсэн. Харин Ү.А надад дээрхи хоёр хүн хэд, хэдэн төгрөгийн зээл авсан талаар хэлээгүй...Би уг нь 2017 онд төсөл сонгон шалгаруулах ямар ч хуралд суугаагүй юм аа. Миний ойлгож байгаагаар түрүүлээд хурал хийлгүйгээр зээлээ олгочихсон, ингээд сүүлд нь бичиг баримтаа бүрдүүлсэн юм байна гэж ойлгосон. Сум хөгжүүлэх санг тухайн үед хөдөө аж, ахуйн мэргэжилтэн буюу мал эмнэлэг үржлийн тасгын дарга Сумьяасүрэн хариуцаж байсан. Ү.А яагаад энэ материалыг нөхөж бүрдүүлж байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 147-148, 4-р хх-ийн 16/
8. Гэрч С.Өгийн “...Би тухайн хуралд оролцоогүй, 2017 оны 10 дугаар сарын сүүлээс 11 дүгээр сарын дунд үе хүртэл Гурвансайхан сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тухайн үед cap, өдрийг нь санахгүй байна, санхүүгийн албаны дарга Ү.А надад хэлэхдээ төсөл сонгон шалгаруулалт болоод 2 төсөл дэмжээд зээл олгохоор болоод байна гэж хэлэхээр нь материал баримт бичгүүд нь бүрдсэн үү гэхэд Ү.А хэлэхдээ материал бичиг баримтууд нь бүрдсэн, та одоо захирамж гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А/110 дугаартай захирамжийг гаргасан. Үүнээс хойш 2018 оны эхээр cap, өдрийг нь санахгүй байна. Ү.А нь надтай уулзаад зээл олгосон баримт бичиг дунд хурлын тэмдэглэл дутуу байгаа, нөхөж байна, та гарын үсгээ зураач гэхээр нь танилцахад М.Э, Ш.Х нарт нийт 33 сая төгрөгийн зээл олгосон байхаар нь намайг эзгүй үед хурал болоод хурлын тэмдэглэл үйлдэгдсэн байна гэж бодоод гарын үсэг зурсан. Надаас бусад хүмүүсийн гарын үсэг зурагдсан байсан. Ү.Агаас хурал болсон үгүй талаар асууж байгаагүй, Э.Зг Засаг даргаар ажиллаж байхад сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хурал хийнэ гэж яригдаж байсан ба тухайн хурлаа хийсэн гэж бодсон юм. Мөн хурлын тэмдэглэлтэй танилцахад зээл авсан 2 хүн сумандаа байнгын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байхаар нь хуурамч хурлын тэмдэглэл гэж бодолгүй гарын үсгээ зурсан юм. Хурлын тэмдэглэл дээр гишүүд болон зөвлөлийн даргын гарын үсэг зурсан байхаар нь хурал болсон үгүйг асуулгүйгээр гарын үсгээ зурсан. Энэ миний гарын үсэг мөн. Зээл олгосон асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн ба тухайн үед зөвлөлийн гишүүн Г.Эээс хурал болсон уу гэж асуухад болоогүй гэж хэлсэн... Мэргэжилтэн Б.Снь ээлжийн амралтаа авсан байсан ба тэр үед нь Ү.А тус албан тушаалыг давхар гүйцэтгэж байсан. Ү.А нь Б.Сумьяасүрэнгийн ажлыг хариуцаж байсан гээд энэ хоёр хүнд зээл олгох баримт бичиг нь бүгд бүрдсэн байгаа учир таны зүгээс захирамж гаргах шаардлагатай байна гэсний дагуу миний бие захирамж гаргасан. Ү.А надад танилцуулахдаа өмнөх засаг даргын үед иргэн Ш.Х, М.Э нарт сум хөгжүүлэх сангаас зээл олгохоор болсон, иймд таны захирамж хэрэгтэй байна гэхээр нь та өөрөө захирамжаа боловсруулаад ир гэхэд тэрээр тус захирамжийг боловсруулаад ирэхээр нь миний бие гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /хх153-154, 4-р хх-ийн 7-8/
9. Гэрч Ш.Шийн “... Би 1993 оноос одоог хүртэл Гурвансайхан сумын ЗДТГазарт архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байна. 2017 оны 10, 11 дүгээр сард Гурвансайхан сумын засаг дарга Э.З нь ажлаа өгөөд Улаанбаатар хот руу явсан. Э.З даргыг явсны дараа ЗДТГ-ын үйлчлэгч Бв гэх хүн надад хэлэхдээ Э.З дарга өрөөндөө гарын үсэгний дардасаа орхисон байна гээд З.Загдсүрэн даргын гарын үсэгний дардасыг надад авч ирж өгсөн. Би тухайн гарын үсэгний дардасыг хадгалж байсан. Би Э.З руу утсаар яриад гарын үсэгний дардасаа үлдээсэн байна, надад байгаа шүү гэж хэлсэн. Санхүүгийн албаны дарга Ү.А 2018 оны эхээр санагдаж байна, Э.З даргын гарын үсэгний дардасыг өгөөтөх, юман дээр дарах гэж байгаа гэж хэлж аваад удалгүй буцаагаад өгсөн. 10-20 минутын дараа л дардасыг надад буцаагаад авч ирж өгсөн. Ү.Аг гарын үсэгний дардас авахад нь Э.З даргатай ярьсан уу гэхэд Ү.А нь Э.З даргатай ярьсан, мэдэж байгаа гээд дардасыг аваад явсан. Ү.А нь надад Э.З даргын гарын үсэгний дардас байгаа талаар хэнээс мэдсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх157-158/
10. Гэрч Л.Өын “...1998-1999 онд Гурвансайхан сумын засаг даргын орлогч, 2008-2013 онд Гурвансайхан сумын засаг даргын орлогч, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Засаг даргын ажлыг эрхэлж байна. 2017 оны 12 дугаар сард санагдаж байна, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Б.Са гарсан. Тэгээд Б.Сн ажлыг санхүүгийн албаны дарга Ү.Ад давхар хариуцуулсан юм. Тэгсэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ү.А 1/457 дугаартай албан тоотыг төлөвлөж орж ирсэн. Би ямар учиртай юм бэ гэхэд Ү.А нь хэлэхдээ 2017 онд сум хөгжүүлэх сангаас зээл олгоогүй гэж хэлсэн. Үүний дагуу 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1/457 дугаартай албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулаад Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хурлаар 33 сая төгрөгийн зээл гаргасан байсан, би энэ талаар 2018 онд Аудитын газраас намайг дуудахаар нь очиход сум хөгжүүлэх сангаас 2 зээл гарсан талаар хэлээд, үүнийг АТГ-д шилжүүлнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-146/
11. Гэрч Д.Дгийн “... 2018 оны 2 сараас эхэлж санхүүгийн тайлангийн аудит шалгалтыг Гурвансайхан суманд хийхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төслийн сонгон шалгаруулалтын тов зарлаагүй байхад бусдад давуу байдал бий болгож, хугацаа хэтрэлттэй зээлдэгчид сангаас зээл олгосон зөрчил илэрсэн. Гурвансайхан сумын засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тухайн үед ажиллаж байсан С.Ө олгох захирамж дээр гарын үсэг зурсан, шалгалт хийж байхад засаг даргын орлогч ажилтай хүн байсан. Мөн зээл авсан Ш.Х гэх хүн нь Гурвансайхан сумын санхүүгийн албаны дарга Ү.А гэж хүний нөхөр, М.Э нь Гурвансайхан сумын тамгын газрын дарга Туяагийн төрсөн ээж нь байсан…Цагдаад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21/
12. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2-р хх-159-162/
13. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн Б/37 дугаартай “Э.Зг ажлаас чөлөөлж, эрх үүргийг С.Өд шилжүүлсэн тухай” захирамж /1-р хх-20/
14. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 27-ны өдрийн А/110 дугаартай зээл олгох тухай захирамж /1-р хх-ийн 17/
15. Иргэн Ш.Х, М.Э нарын төсөлтэй холбогдох баримтууд
16. Сум хөгжүүлэх сангаас Ш.Х, М.Э нарт зээл олгохтой холбоотой баримтууд болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
А/Шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын сум хөгжүүлэх сангаас тус сумын иргэн М.Эд 15.000.000 төгрөгийн, Ш.Хт 18.000.000 төгрөгийн зээл олгох тухай тус сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамж гарсан, уг захирамжийг тухайн үед засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан С.Ө гаргасан, Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн Б/37-р захирамжаар Гурвансайхан сумын Засаг дарга Загдсүрэнг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Өд шинээр Засаг дарга томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг шилжүүлсэн үйл явдал болсон болох нь нотлогдож байна.
Зээл олгох тухай Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийг судалж үзэхэд төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан байх бөгөөд хэргийн 1-р хавтасны 60-р талд 2017 оны 10 сарын 10-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл авагджээ. 2017 оны 10 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй, уг тэмдэглэлийг сүүлд нөхөн гаргасан болох нь гэрч С.Ө, Э.З, Б.О, Г.Э, Б.Снарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргыг үүргийг гүйцэтгэж байсан С.Ө нь “...Санхүүгийн албаны дарга Ү.А надад хэлэхдээ төсөл сонгон шалгаруулалт болоод 2 төсөл дэмжээд зээл олгохоор болоод байна, бичиг баримтууд нь бүрдсэн, та одоо захирамж гаргах хэрэгтэй байна гэж хэлсэн тул 2017 оны 10 сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийг гаргасан ...” гэж мэдүүлжээ. Мөн сум хөгжүүлэх сангаас зээл авсан хоёр иргэний нэг нь буюу иргэн Ш.Х нь шүүгдэгч Ү.Агийн нөхөр, шүүгдэгч Ү.А нь Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны даргаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи үйл явдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Ү.А нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй байхад өмнө нь ажиллаж байсан Засаг дарга Э.Згийн үед хурал болсон мэтээр шинээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болсон С.Өд танилцуулан зээл олгуулах тухай захирамж гаргуулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү.А нь өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гурвансайхан сумын Засаг дарга ажлаасаа чөлөөлөгдөж, засаг даргын үүрэг гүйцэтгэгч шинээр томилогдсон үеийг ашиглан, болоогүй зүйлийг болсон мэтээр танилцуулан, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу нөхөр Ш.Хт 18.000.000 төгрөгийн, иргэн М.Эд 15.000.000 төгрөгийн зээл олгуулах тухай захирамж гаргуулан давуу байдал бий болгосон үйл явдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ү.Агийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ү.Аг Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болон бусдад давуу байдал бий болгосон буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү.А нь өөрийн нөхөр Ш.Х, иргэн М.Э нарт зээл олгох тухай Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 сарын 27-ны өдрийн А/110 дугаартай захирамжийг гаргаагүй боловч уг захирамжийг гаргуулахын тулд өөрийн эрхэлж байгаа Гурвансайхан сумын санхүүгийн албаны даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй байхад болсон мэтээр Засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан С.Өд танилцуулсан, үүний улмаас огт болоогүй төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зээл олгох тухай захирамж гарсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах тухай санал гаргаж байна. Улсын яллагчийн энэхүү санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байх тул түүний гаргасан саналыг хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Б/ Хохирол төлбөр, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ү.Агийн үйлдлийн улмаас Дундговь аймгийн Гурвансайхан сумын сум хөгжүүлэх санд нийт 33.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч Ж.М “өнөөдрийн байдлаар Гурвансайхан сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Ш.Х, М.Э нарт олгосон зээл бүрэн төлөгдсөн байгаа” гэсэн тайлбарыг гаргаж байх тул энэ гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна гэж үзлээ.
Гурвансайхан сумын сум хөгжүүлэх сангаас хууль бусаар олгогдсон 33.000.000 төгрөгийн зээл эргэн төлөгдсөнөөр энэхүү гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа боловч хууль ёсоор төсөл сонгон шалгаруулалтанд оролцож, зээл авах, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой Гурвансайхан сумын иргэд, аж ахуй нэгжийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, төрд итгэх олон нийтийн итгэлийг агдагдуулах зэргээр энэ гэмт хэргийн хор уршиг нь илэрнэ.
В/Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ү.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар “бариулан дээрээ Соёмбо тамга Tel: 95888808. 89500003, 88500003 гэсэн бичигтэй, чернелэн ягаан өнгийн бариултай, хар өнгийн хайцагтай, Э.Згийн гарын үсэгний дардас 1 ширхэг” хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг гарын үсэгний дардасыг эзэмшигч Э.Зд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.Ад торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Ү Аг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Ү Ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ү.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гарын үсэгний дардасыг эзэмшигч Э.Зд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, баримтыг Ү.Ад холбогдох эрүүгийн 1822003450105 дугаартай хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нд даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ