Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00359

 

С.Өы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01899 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2190 дүгээр магадлалтай

С.Өы нэхэмжлэлтэй,

Б.Гад холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гтай 2015 оны 9 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 850 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг өдрөө бэлнээр олгосон. Тухайн үед нөхрийгөө ирэхээр 1 сарын дараа буцаан өгөхөөр амлаж байсан. Гэвч одоог хүртэл зээлдүүлсэн мөнгөө Б.Гаас авч чадаагүй байгаа буюу утсаа салгасан. Гэрээний 2.1, 3.1, 4.1 дэх заалтуудыг зөрчин үүргээ огт биелүүлээгүй өнөөдрийг хүрч хохироосон тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү   нийт төлбөр 6 060 600 төгрөгийг Б.Гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Г нь С.Өтай 2015 оны 9 сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5 850 000 төгрөгийг авсан гэж гарын үсэг зурсан юм. Үнэн хэрэгтээ энэ зээлсэн гэх 5 850 000 төгрөгөөр С.Өы байшингийн дээврийн материалыг авсан. С.Ө нь нөхөр Г.Ганбаттай 2015 оны 7 сарын 3-ны өдөр амины сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нөхөр Г.Ганбат нь С.Өы амины орон сууцыг барьсан. Уг барилгын ажлаа хийж дуусаагүй барилгын дээвэр хийх дутуу байхад нөхөр Г.Ганбат нь хийгээгүй хэргийнхээ төлөө урьдчилан цагдан хорих төвд 1 сар хоригдсон бөгөөд одоо уг хэрэг нь цагаатгагдсан болно. Энэ нэг сарын хугацаанд С.Ө нь намайг янз бүрээр дарамталж надаас мөнгө зээлсэн болгож, хүчээр гарын үсэг зуруулж тэр мөнгөөрөө өөрийнхөө амины орон сууцны дээврийг барьсан. Зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө хэрэглээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01899 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Өы хариуцагч Б.Гад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 3 370 төгрөг, 2018 оны 6 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 108 500 төгрөг, нийт 111 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 49.6 төгрөгийг нэхэмжлэгч С.Өаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2190 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01899 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Өы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 2190 дугаартай шүүхийн магадлал нь ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасан ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... хэмээн үзэж гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Ө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Өы хариуцагч Б.Гад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байгаа.

Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь ИХШХШТХ-ийн 172.2.1-д заасны дагуу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, ажил гүйцэтгэх гэрээтэйгээр холбоотойгоор буюу өөр үйл баримтыг тодруулахаар анхан шатны шүүхэд буцаасан нь нэхэмжлэлийн хүрээнээс хальсан байна хэмээн үзэж байна. Энэ нь давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцаа, нэхэмжлэгч хариуцагчаар хэнийг тодорхойлсон, ямар гэрээний үндсэн дээр шаардлага гаргаж байгаа зэргийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн ба дээврийн материал авсан гэх 5 681 000 төгрөгийн зардал, энэ үйл баримтад гуравдагч этгээд Г.Ганбат ямар хамааралтай нь тодорхой бус байна гэж үзсэнээр харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж байгаа тайлбарт үндэслээд хэрвээ хариуцагч мөнгийг буцааж төлөхөөс татгалзаж, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаа тохиолдолд Г.Ганбатыг хариуцагчаар татах байсан агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс хариуцагчаар Г.Ганбатыг нэмж оролцуулах, эсхүл гуравдагч этгээдээр оролцуулах эсэх нөхцөл байдлыг тодорхой болгох нь талуудын маргааны үйл баримтад ач холбогдолтой гэж үзсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үйл баримтаас эрх зүйн өөр харилцааг шаардсан байна хэмээн үзэж байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281-р зүйл буюу Б.Гтай 2015 оны 9 сарын 3-ны өдрийн зээлийн гэрээнээс үүссэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлсон байгаа. Г.Ганбатыг гуравдагч этгээд эсвэл хариуцагч болохыг тодруулах ёстой гэж үзсэн нь шүүхийн хийх ажил биш нэхэмжлэгч талаас тавих асуудал билээ.

Нэхэмжлэгчид Г.Ганбаттай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа хэмээн үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01899 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Ө нь Б.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 060 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үндэслэл болгожээ.

Зохигч 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан, тус гэрээгээр зээлдүүлэгч С.Ө нь зээлдэгч Б.Гад 5 850 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 30 хоногт 3%-ийн хүүтэй зээлдүүлсэн, зээлдэгч нь зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөх үүрэг хүлээжээ.

Зээлдэгч гэрээнд заасан мөнгийг хүлээн авсан талаар бичиж, гарын үсэг зурсан боловч тус мөнгийг зээлдүүлэгч нь өөрийн зуслангийн байшингийн дээврийг бариулахын тулд зээлсэн, энэ мөнгөөр дээврийн материал авахуулж, амины орон сууцны дээврийг бариулсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Б.Гын нөхөр Г.Ганбат нь нэхэмжлэгч С.Өтай ажил гүйцэтгэх гэрээний дагуу амины орон сууц барьж өгч байсан, тэдний хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй, тухайн цаг хугацаанд Г.Ганбат нь цагдаагийн байгууллагад шалгагдаад эзгүй байсан, энэ үед барилгын ажилд мөнгө хэрэгтэй болж, Б.Г мөнгө зээлсэн, нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөөр дээврийн материал авсныг үгүйсгээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг түүний амины орон сууцны барилгад ашигласан байх боловч зээлдэгч нь зээлсэн мөнгийг өөрийн эрх хэмжээний хүрээнд  зарцуулах эрхтэй тул барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулахаар зээл авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд зээлийн гэрээ үйлдэгдсэн боловч мөнгийг хариуцагчид бодитоор шилжүүлсэн гэж үзэхгүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлож нэхэмжлэгчээс гаргасан баримт, түүний тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдүүлэгч нь хариуцагч Б.Гын нөхөр Г.Ганбаттай ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэн, хамтын ажиллагаатай байсан бөгөөд энэ хугацаанд талууд зээлийн төлбөрийн талаар ямар нэг тохиролцоонд хүрсэн эсэх, нэхэмжлэгч нь нэг сарын хугацаатай өгсөн зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч Б.Г нь өөрийн нөхөр Г.Ганбатын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн эсэх, Г.Ганбат, С.Ө нарын ажил гүйцэтгэх гэрээний тооцоонд хариуцагчийн зээлсэн 5 850 000 төгрөгийн төлбөр тооцогдсон эсэхийг тодруулсны эцэст талуудын хоорондох маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ талаар зохигч анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцээгүй тул үйл баримтыг тогтоолгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 920 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД