Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 844

 

-

 

 

 

 

 

 

 

 

        Б.О, Г.Э, Ц.Б

          нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Батжаргал,

шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч М.Машбат,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Бадамханд, Д.Нямдорж,

шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Н.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох 201501000187 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон бот овгийн Б.О, Архангай аймгийн Жаргалант суманд 1963 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 36 дугаар байрны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧН…................./,

 

2. Олхнуд овгийн Г.Э, Ховд аймагт 1969 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4; хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайзын 12 дугаар гудамжны 149а тоотод оршин суух, /регистрийн дугаар: ТБ….............../

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.  

 

3. Бор овгийн Ц.Б, Өмнөговь аймагт 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Гаалийн 17 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЮ…........../,

 

Б.О нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Э-ыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Б-ийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Э-аас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт,

 

Ц.Б нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, эхнэр П.Даариймааг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Г.Э нь Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаалыг гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.О-т Л.Оргилмаа, Ж.Баттогтох нараар дамжуулан 1,000,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.О-ийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Э, Ц.Б нарын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Үүнд:

1. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал: Б.О, Ц.Б, Г.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар мэдүүлэг авч, яллах дүгнэлт үйлдэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх болсон үндэслэлээ заагаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй байна.

2. Ж.Баттогтох Л.Оргилмаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, уг үйлдлийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож /5 дугаар хавтас 104-106, 109-110/ шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Үүнийг зөвтгөх шаардлагатай.

3. Ж.Баттогтох нь Б.О-т 3.000.000 төгрөг өгч хуваалцсан талаар Б.О-ийн мэдүүлэг болон гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлээр нотлогдсон байхад Б.О-т хахууль өгөхөд оролцсон эсэх асуудлыг шалгах шаардлагатай байна.

4. Тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолын заалт бүрэн биелээгүй. /4 дүгээр хавтас 131-136/ Өөрөөр хэлбэл хээл хахуульд өгсөн, авсан мөнгөний хэмжээг бодитой тогтоох нь зүйтэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж заасан байхад Авлигатай тэмцэх газрын үйлчлэгч Б.Амаржаргал, С.Оюун-Эрдэнэ нарыг /3-р хх-80, 84, 5-р хх-71-83/ удаа дараа хөндлөнгийн гэрчээр оролцуулж хууль зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг заан хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.Батжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж, уг үйлдлийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар дээрх шийдвэр нь үндэслэлтэй байна.

Хээл хахуульд өгсөн, авсан гэх мөнгөний хэмжээг бодитой тогтоох зорилгоор мөрдөн шалгах шаардлагатай ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд “... хээл хахууль авсан бол ...” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд “... хахууль өгөхийг шаардсан, авсан бол ...” гэж тодорхойлсон. Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гүйцэтгэх ажлын шугамаар бэхжүүлэгдсэн баримтуудад авагдсан үйл хөдлөл, үг хэллэгээр хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдсон.

Авлигатай тэмцэх газрын үйлчлэгч Б.Амаржаргал, С.Оюун-Эрдэнэ нар нь тус газарт үйлчлэгчээр ажилладаг хэдий ч уг хэрэгт ямар нэгэн хувийн сонирхолгүй болох нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй юм.

Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүхийн тогтоолын 4 дэх заалтад “Тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолын заалт бүрэн биелээгүй” гэсэн. Энэ заалтад заасан хахуульд өгсөн, авсан гэх мөнгөн дүн нь одоог хүртэл нэг мөр тогтоогдоогүй байгаа. Тухайн мөнгөн дүн нь оролцогч нарын мэдүүлгээр өөрчлөгддөг. Гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээр цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэдэг боловч эд мөрийн баримтаар тооцсон зүйл байхгүй. Мөн гүйцэтгэх ажиллагааны баримтын талаар шүүх тусгасан гэж бодож байна. Учир нь нууц ажиллагааны магадлагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.8 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны магадлагаа үйлдээд, тэр нь гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээс цуглуулсан нотлох баримт нь ил болж хавтаст хэрэгт нотлох баримтаар тооцогдоно гэсэн журам юм. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 2017 оны 6 дугаар сарын 29-ний шүүх хуралдаанд гүйцэтгэх ажиллагааны үр дүнг танилцуулаагүй буюу хуучин хуулийн үед байсан бичиг баримт нь шүүх хуралдаанд ороогүй. Шүүх хурал болоод одоо нууц ажиллагааны магадлагаа гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудалд шүүхээс бодитойгоор дүгнэлт хийж тогтоо гэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар шүүхийн тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хээл хахууль өгсөн мөнгөний хэмжээг тогтоох шаардлагатай. Гэтэл хуулийн үзэл баримтлалаас үзэхээр эд зүйл болон эд зүйлийг шилжүүлсэн байхыг шаарддаг. Гүйцэтгэх ажиллагаа болон гэрчийг мэдүүлгээр “энэ мөнгө байх гэж бодоод гарын үсэг зурсан” гэдэг. Шүүх хуралдаанд хөндлөнгийн гэрч нараас “таны нотолж байгаа зүйл чинь мөнгө байна уу, юу байна” гэж асуухад ямар ч хариулт өгч чаддаггүй. Яагаад гэвэл тухайн байгууллагад ажиллаж байсан үйлчлэгч нарыг мөрдөгч дуудаж өрөөндөө оруулж ирээд энэ баримт дээр гарын үсэг зур гэсэн байдлаар зуруулсан нь харагдаж байна. Мөн мөнгөний хэмжээг тогтоох асуудал нь эд зүйл юм. Прокурорын ярьж байгаагаар гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон мөнгийг шилжүүлсэн гэж ярьж байгаа боловч яг мөнгө шилжсэн гэдгийг үйл баримтаар нь яаж нотолж байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Өөрсдийнх нь мэдүүлгээр нотлогдож байна гэж ярьдаг. Гэтэл өөрсдийнх нь мэдүүлэг гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмаар зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогддоггүй. Гүйцэтгэх ажиллагаагаар мөнгө шилжүүлсэн үйлдлийг тогтоогоогүй. Прокурорын шүүхийн тогтоолыг эсэргүүцэж байгаа үндэслэл нь үйл хөдлөлөөр хээл хахууль өгсөн талаар бичжээ. Гэтэл хуульд эд зүйлийг бодитойгоор өгсөн байхыг шаарддаг. Тийм учраас прокурорын ярьж буй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Мөн прокурорын яллах дүгнэлт нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ямар гэм хор учирсан, ямар хохирол учирсан талаар тодорхой тусгасан байх ёстой гэх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн тогтоолыг дэмжиж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор хууль буцаан хэрэглэх үндэслэлээ заагаагүй, хуулийн ерөнхий анги журамлаагүй асуудлаа өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр шүүхийн тогтоолын 4 дэх заалт буюу “Тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолын заалт бүрэн биелээгүй, /4 дүгээр хавтас 131-136/ хээл хахуульд өгсөн, авсан гэх мөнгөний хэмжээг бодитой тогтоох хэрэгтэй байна” гэх заалт нь үндэслэлтэй байна. Б.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцаж байсан. Прокуророос өмнө нь яг энэ асуудал дээр эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 267 дугаар магадлалаар энэ ажиллагааг хийх шаардлагатай гэж буцааж байсан. Гэтэл энэ магадлалд заагдсан ажиллагаа хийгдээгүй, дахин эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 267 дугаар магадлалд “шүүгдэгч нараас мэдүүлэг тайлбар авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүү шүүлт тулгасан гэж гомдол гаргасныг нягтлан шалгаж, тэдний хүсэлтэд үндэслэн цогц шалгалтыг явуулах нь зүйтэй” гэсэн заалт байдаг. Энэ заалтыг огт хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх шүүхийн тогтоолдоо энэ тухай заагаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж заасан. Мөн үзлэг хийх асуудал нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд зааснаар хөндлөнгийн гэрчийг оролцуулсан. Гэрч нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй оролцсон асуудал нь үзлэг хийсэн тэмдэглэл дээр огт CиДи-н дээр байхгүй зүйлийг бичсэн байсан. Үүнээс харахад доод албан тушаалын хүмүүсийг хэлбэрийн төдий оролцуулж хууль зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, өмнөх магадлалын заалтыг нэмэлтээр оруулж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээж авсан тохиолдолд эдгээр ажиллагаа хийгдэхгүй шүүх хуралдаан болох тул анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу Б.О, Ц.Б, Г.Э нарын холбогдсон хэргийг аль хуулиар шийдвэрлэвэл зохистой талаар анхан шатны шүүх дүгнэлт хийх бүрэн боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл хууль буцаан хэрэглэх зарчим нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгждэг боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь эцэстээ шүүхээр шийдвэрлэгддэг учраас прокурор шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ яллах дүгнэлтдээ заагаагүй нь шүүхээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй.   

 

            2. Яллагдагч Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт заасан хээл хахууль зуучлах гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон мэтээр прокурор илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байх боловч дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. /5-р хх 104-106, 109-110/,  

           

            Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан хахууль өгч, авахад зуучлах гэмт хэргийн шинжийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрт тооцож, тусдаа бие даасан гэмт хэрэг болгон хуульчлах шаардлагагүй гэж үзсэн болно. Хахууль зуучлах гэмт хэргийг хахууль өгөх, авах гэмт хэрэгт хамааруулан хүндрүүлэн үзсэн учраас Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл алга.

 

            Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “гэмт хэрэг давтан үйлдэх" гэсэн хууль зүйн ойлголтыг халсан нь Ж.Баттогтохын хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн. Нөгөө талаар Ж.Баттогтох, Л.Оргилмаа нар албан тушаалын байдлаа ашигласан гэхээс илүү танил, дотно харилцаагаа ашигласан гэж үзэхээр байх тул тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд заасан хахуульд зуучлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүйгээс гадна мөн зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хахууль өгч авахад зуулчилсан гэж үзвэл хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир прокуророос хэрэгсэхгүй болгосон хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь нэгэнт ач холбогдлоо алджээ.  

             

            3. Хахууль өгсөн, авсан гэх мөнгөний хэмжээг тогтоохоор мөрдөн шалгах шаардлагатай бүхий л ажиллагаанууд хийгдсэн тул энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалж, яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээнд үндэслэн шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлээр зохицуулсан байдаг.

 

Хуулийн дээрх зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөвхөн эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ эзэмшигчийг байлцуулах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулахаар байна. Үүнээс бусад тохиолдолд үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулахыг хуулиар шаардаагүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр авагдсан дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар заавал хөндлөнгийн гэрч оролцуулахаар заагаагүй учраас сонирхлын зөрчилтэй хүмүүсийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан гэдгээр үзлэгийг дахин хийлгэх үндэслэлгүй байна.  

 

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн дуу, дүрсний бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар бэхжүүлэх боломж бий.

 

Иймд Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, гэм буруугийн талаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх тул эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Ц.Б, Г.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Б.О, Ц.Б, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                   М.ПҮРЭВСҮРЭН