Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0835/З |
Дугаар | 569 |
Огноо | 2019-09-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 569
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б,
Хариуцагч: НЗД ,
Гуравдагч этгээд: “ШӨ ” Сууц өмчлөгчдийн холбоо,
Гуравдагч этгээд: Б.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээд Б.Б, түүний болон гуравдагч этгээд “ШӨ ” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “С.Бби Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийг авсан.
Газраа ашиглаж үйл ажиллагаа явуулж 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар 15 жилээр сунгасан.
Тухайн үед бусад иргэн, хуулийн этгээдээс хууль хяналтын байгууллагад үндэслэлгүй гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, шалгаж тогтоох явцад манай барилгын үйл явц зогсож байсан бөгөөд удаашралтай байсан нь үнэн боловч газрын эзэмших эрхийн хугацаа дуусахад хуулийн шаардлага хангаж сунгаж байсан.
Иргэн би уг газар дээрээ 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих барилгын ажлаа явуулж байтал Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасан үндэслэлээр буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосонд гомдолтой байна.
Иргэн С.Бнамайг газраа дараалан 2 жил ашиглаагүй гэж үзсэн Засаг даргын захирамж нь иргэн миний газар эзэмшиж, ашиглах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Бнь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 98 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг барихаар үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх авсан. Газар эзэмших эрхийн хугацаа 2015 онд дуусахад хугацаагаа 5 жилийн хугацаагаар сунгуулсан. Тухайн газар дээрээ 150 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 579 дугаар даалгавар авсан. Барилгын эх загвар зургийг 2014 оны 10 дугаар сард батлуулж, 2016 оны 04 дүгээр сард магадлал хийлгэсэн. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламжийн тэг тэнхлэг тавьж, баталгаажуулж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Иргэн С.Б, иргэн Д******* болон В ХХК-тай анхнаасаа гурвалсан уулзалт, ярилцлага хийсний дагуу 80б байр 4 давхар хүртэл цонхгүй байхаар тохирч, Архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан. Иргэн Б.Бд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өмчлөх эрх үүссэн. “Ш” СӨХ нь 2015 оны 09 дүгээр сард байгуулагдсан. Гэтэл О ХХК эхэлж барилгаа бариад, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын комисс хүлээж авахад нь цонх, хаалгаа барьчихсан байсан. Өөрөөр хэлбэл О ХХК түрүүлж барилгаа барьж дуусгаснаар иргэн С.Бэд хохиролтой болж байгаа юм. 2016 оноос хойш Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хэд хэдэн удаа хандаж байсан.
Гэтэл НЗД ас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжаар “Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан. Хариуцагчаас нарийвчлан шалгаж, тогтоох үүргээ биелүүлээгүй. Газар эзэмшигчээс шалтгаалах нөхцөл байдал байхгүй. Өөрөөр хэлбэл Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчингүй болсон нь нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан байсан юм. Хариуцагчаас энэ нөхцөл байдлыг тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй байна. Мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчингүй болсноос хойш нэхэмжлэгчээс Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа хандаж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
С.Бгазраа гэрээнд заасан болзол, зориулалтын дагуу эзэмшиж байсан тул 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А//276 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Иргэн С.Бнь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхтэй байсан бөгөөд уг газраа 2010 оноос эзэмшиж эхэлсэн байдаг. Тухайн газар нь орон сууц үйлчилгээний зориулалттай газар байгаа. С.Бийн хувьд барилга барихад зайлшгүй шаардлагатай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл, барилгын схем зураг гээд бүх материалуудыг бүрдүүлсэн байсан. Тодруулбал анх 2012 онд техникийн нөхцлөө гаргуулж, 2014 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, 2015 онд барилгын схем зургийг хийлгэсэн байдаг. Мөн 2 удаа барилга байгууламжийн тэг тэнхлэг тавиулсан байдаг. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр барилга байгууламжийн актын иж бүрэн зураг төсөлд магадлал хийлгэсэн. Ингээд сүүлд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. Уг зөвшөөрөл нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах байсныг эрх бүхий байгууллагаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгуулсан байдаг. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нэхэмжлэгчийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг бөгөөд үүнийгээ “Оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу” гэж тайлбарладаг. С.Бтухайн үед үүнд маргаагүй байдаг. Цэцэрлэг барих гэж байгаа учир зураг төсөлд өөрчлөлт оруулах боломжтой. “О” ХХК зөвшөөрөл авч дуусахаасаа өмнө барилгын ажлаа эхлүүлчихсэн байсан учир С.Бийн эзэмшил газар дээр баригдах ёстой цэцэрлэгийн барилгаас хамаагүй өмнө ашиглалтад орсон. Энэ агуулгаараа оршин суугчид тухайн барилгад орж, оршин сууж эхэлснээрээ хажуу талын барилгын үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчингүй болсон нь мэдэгддэг. Үүнээс хойш барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах байдлаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2016, 2017 онд удаа дараа хандаж байсан байдаг. Ингээд С.Бгазраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Иргэн С.Ббүх бичиг баримтуудаа бүрэн бүрдүүлж дууссаныхаа дараа 2016 оноос барилгын ажлаа эхлүүлсэн. Барилгын ажил явагдаж байх үед тухайн хоёр Сууц өмчлөгчдийн холбооны тэргүүнүүд энэ барилгын асуудлыг эсэргүүцдэг учраас оршин суугчдаас эсэргүүцсэн зүйл байхгүй. С.Бийн хувьд барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулахаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт ханддаг байсан. Зураг төсөлд өөрчлөлт оруулахын тулд “Ш” СӨХ, “Бидний ирээдүй” СӨХ-ны дарга нартай зөвшилцөх шаардлагатай боловч зөвшилцөлд хүрдэггүй байсан. Тийм учраас С.Бдахин мөнгө, төгрөг гаргах болоод түр азнаж байгаа. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Оршин суугчдаас санал ав. Зураг төслөө өөрчилж ир” гэдэг. Ер нь Сууц өмчлөгчдийн холбооны дарга нартай зөвшилцөлд хүрч чаддаггүй учир гацчихаад байгаа юм. Дээд давхраа орон сууц болгож төлөвлөөд, доод 3 давхраар цэцэрлэг болгож төлөвлөсөн юм
НЗД ас эдгээр байдлыг харгалзаж үзэлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг гаргасан. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “...Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.
Хариуцагч талаас энэхүү тушаалынхаа үндэслэлийг “Иргэдээс ирсэн гомдлын дагуу...” гэж тайлбарладаг. Газрын тухай хуульд ямар тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, ямар тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох талаар тодорхой заасан байгаа. Хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримталдаг. Мөн “80б байрны хийцэд нөлөөлж байна” гэж гуравдагч этгээдээс ярьдаг. Шинжээчийн дүгнэлтээс харахад барилгын өөрийнх нь хаяавч буюу ус зайлуулах хэсэг нь муу баригдсанаас шалтгаалж ус нэвчсэн байна гэдэг. Тэгэхээр энэ нь барилгажилттай шууд хамааралтай биш. Мөн энэ нь НЗД ас маргаан бүхий захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт ямар хамааралтай юм бэ? Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/726 дугаар захирамж нь хууль ёсонд нийцэхгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар 225 м.кв хэмжээтэй газрыг иргэн О.З-т анх эзэмшүүлсэн. НЗД 2010 оны 98 дугаар захирамжаар тус газрыг иргэн С.Бэд шилжүүлж орон сууц үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01-06/2811 дугаар албан бичгээр иргэн С.Бэд хугацаатай мэдэгдэл хүргүүлэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт иргэн С.Бэд сонсох ажиллагаа хийх гэсэн боловч тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 онд барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон бөгөөд НЗД 2018 оны А/726 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.6 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн газрын гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/376 дугаар захирамжийн 7 дахь хэсгийн иргэн С.Б-д олгосон 360 м.кв газрыг Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хүчингүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НЗД ас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэсэн. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Учир нь “Ш” СӨХ, “Бидний ирээдүй” СӨХ болон 80а, 80б байрны оршин суугчдаас НЗД , Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд удаа дараа гомдол гаргасан. Үүний дагуу иргэдийн гомдлыг барагдуулж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нэхэмжлэгчийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэвч иргэдээс С.Бийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар дахин гомдол гаргаж байсан учир НЗД 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийг гаргасан. Нэгэнт нэхэмжлэгчийн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон учир нэхэмжлэгч тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэж үзээд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримталж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байгаа. С.Бнь 2010 оноос хойш тухайн газрыг эзэмших эрхтэй болсон. Үүнээс хойш 8 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна. Нэхэмжлэгч нь 2010 онд газар эзэмших эрхтэй болсон. Түүнээс хойш 2018 оны захирамж гарах хүртэл 8 жилийн хугацаанд барилгаа бариагүй байсан. 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг бид газар дээр нь очиж үзээд, барилгаа бариагүй байгаа нөхцөл байдлыг тогтоосон. Нэхэмжлэгч нь газраа 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байгаа.
Мөн Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчингүй болсноор газар эзэмшигч тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэж үзсэн. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчингүй болсон нь газар эзэмшигчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. Гэхдээ барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх боломжгүй байгаа нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээд “ШӨ ” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд иргэн С.Бийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа ШӨ СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* би дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ би 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийг авсан. Газраа ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан гэжээ.
Гэтэл тухайн газарт хил залгаа 80Б байрыг 2015 оноос барих үйл ажиллагаа эхлэх хүртэл тус газар дээр ямар нэгэн үйлчилгээний үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2010 оноос хойш 5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байхад 2015 онд газар эзэмших эрхийг сунгасан нь мөн хууль бус юм.
2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар газар эзэмших эрх сунгагдсанаас хойш ч өнөөдрийг хүртэл газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй. Ашиглах ямар ч боломжгүй. Тухайн газартай хил залгаа газарт орон сууцны 80Б байр баригдаж 2016 онд улсын комисс хүлээн авсан. Орон сууцны техник ашиглалтын дүрэмд орон сууцны барилгын гадна хананаас 10 м-ээс бага зайд газар шорооны ажил хийх, суваг шуудуу ухахыг хориглосон байдаг. Гэтэл иргэн С.Бнь манай байранд 1 м орчим зайтай барилгын суурийн нүх ухаснаас байрны хананд цууралтууд үүсээд байна .
Тус СӨХ нь энэхүү байдлын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасны үр дүнд иргэн С.Бэд олгогдсон цэцэрлэгийн 4 давхар барилга барих барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл цуцлагдсан. Иймд иргэн С.Бийн тухайн газарт үйл ажиллагаа явуулсаар байсан гэсэн нь үндэслэлгүй юм. С.Бэд олгогдсон байсан маргаан бүхий газар нь манай байрны зүүн талд шууд залгаа байрладаг. Энэ талдаа манай байрны айлуудын цонх байрладаг учраас 1 давхар ч барилга барих боломжгүй. Тухайн газарт доогуур нь манай байрны цахилгааны өндөр хүчдэлийн под станцтай холбогдсон утаснууд байрладаг. Одоо нүх ухаснаас цахилгааны утсууд ил гарч нар, бороо, цас, усны ямар ч хамгаалалт байхгүй орчинд оршин суугчид үр хүүхдээ ч гадаа гаргаж чадахгүй амьдарч байна. Манай байрны гадна орчинд нийтийн эзмшлийн ямар ч газаргүй учраас байрны урд цөөхөн машин тавиад дүүрчихдэг, хүүхэд, хөгшид, оршин суугчид амрах, салхилах боломжгүй, хүүхдийн тоглоомын талбай байхгүй, оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.
Орон сууцны барилгын төлөвлөлт норм ба дүрэм БНБД 30-01-10-д Орон сууцны барилгын гадна орчинд иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдрын дасгал сургуулилт хийх тохитой орчин бүрдүүлэх шаардлагыг тусгасан байдаг. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд Сууц өмчлөгчдийн холбоонд н*******н зүлэг, бут сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчийн зориулалтаар орон сууцны орчны газрыг ашиглуулахаар заасан байдаг. Тухайн газар нь манай газарт хамаарах юм.
Иймд иргэн С.Бнь тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах нь 80Б байрны хэвийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаар, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих, СӨХ-ны орчны газраа ашиглах эрхийг зөрчихөөр байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд иргэн С.Бийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* би дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Иргэн Б.Б миний бие Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 80Б байрны 3 давхрын 6 тоотод байрлах хоёр өрөө байрыг өмчилдөг бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 7 дугаар сард манай цонхны яг доод талд нэг шөнө л газар ухаж барилгын ажил эхэлснээр тус газрыг иргэн Батсүх эзэмшдэг болохыг мэдсэн.
Уг газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд энэххүү газрыг зориулалтын дагуу ашиглах нь хил залгаа байрны өмчлөгч миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа юм. Учир нь 380 м.кв энэхүү газар нь манай байрнаас 1 м орчим зайтай бөгөөд байшингийн суурийг манай байранд тулгаж ухсанаар байранд суулт цууралт үүсч, орон сууц нурж болзошгүй аюултай байдал үүсгэж байнгын айдас түгшүүртэй амьдарч байна. Мөн С.Бнь 4 давхар цэцэрлэгийн барилга барихаар зөвшөөрөл авсан байсан бөгөөд зориулалтын дагуу ашиглаж барилга баривал манайх нар үзэх боломжгүй болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, иргэдийнхээ эрх ашиг эрхийг хамгаалсан шийдвэр юм ” гэжээ.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А726 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг захирамжаар нэхэмжлэгч С.Бийн 2010 оноос хойш эзэмшиж байсан газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Тодорхой үйл ажиллагаа явуулсаар байтал нөхцөл байдлыг судлалгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна” гэж тайлбарладаг. Тухайн газрыг нэхэмжлэгчид анх 2010 онд олгож, 2015 онд хугацааг нь сунгасан байдаг. Мөн 2014 онд зөвшилцсөн бичиг баримт байдаг. Гэтэл тухайн зөвшилцөх үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. 80б байр нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад орсон байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас “80б байрыг 4 давхар хүртэл цонхгүй барихаар төлөвлөсөн байсан боловч цонхтой барьчихлаа” гэж ярьдаг. Гэтэл цонхтой барьж эхэлж байхад нь нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар маргаагүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан зөвшилцлийн талаар баримтад газрын байршлын талаар маргаан үүссэн учир зөвшилцсөн талаар тусгасан болохоос биш барилгын зураг төслийн хувьд цонхтой, цонхгүй байх талаар зөвшилцсөн зүйл тусгагдаагүй. 80б байр 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад орсноор С.Б газраа 4 давхар цэцэрлэг барих зориулалтаар ашиглах ямар ч боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл 80б байрны оршин суугчдын гал т*******ны болон унтлагын өрөөний цонхнууд зүүн тийш харсан газрын байршлын хувьд хил залгаа газар байгаа. Тийм учраас С.Б газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн газар ухсанаас болж 80б байрны сууринд цууралт үүссэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тайлбарладаг. Ингээд иргэдээс НЗД болон бусад холбогдох газруудад удаа дараа гомдол гаргаж байсан учир энэ нөхцөл байдлыг судлаагүй гэж үзэх үндэслэл байхгүй.
Нэхэмжлэгч талаас “Бичиг баримтаа хөөцөлдсөөр байгаад 10 гаруй жил болчихлоо. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан юм” гэж тайлбарлаж байна. Гэтэл барилга барихтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэх нь тухайн газар эзэмшигчийн үүрэг байгаа. Холбогдох бичиг баримтаа авахаар хөөцөлдөхөд эрх бүхий байгууллагаас олгоогүй тохиолдолд, холбогдох газарт нь өргөдөл, гомдлоо гаргаад явах боломжтой байсан. Нэхэмжлэгчид 2010, 2015 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байсан. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх боломжгүй. Мөн 2016 онд Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нь хүчингүй болгосонтой холбоотой маргасан юм уу? Мөн барилгын зөвшөөрлөө яагаад батлуулахгүй байсан юм бэ? Энэ талаараа холбогдох байгууллагад гомдол гаргасан юм уу? Хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. Тэгэхээр энэ нь газар эзэмшигчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шинжээч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Н2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ЗШ01 дүгнэлтдээ: “ ... 80б байрыг О ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд зоорийн давхрын хагарал, цууралт үүссэн байгаа нь барилгын хойд болон зүүн талаараа бөгөөд хойд талд үүссэн хагарал нь барилгын хаяавч бетон муу хийгдсэнээс борооны улирлын үед их хэмжээний ус тунарч доош нэвчсэнээс болсон ба зүүн хэсгийн цууралт нь хаяавч бетоны доор эрэг шороо нь мөн адил борооны улирлын үед их хэмжээний ус тунаснаас нурж, тус байрны хана руу ус нэвчин орж барилгын хананд хагарал тус тус үүсч ханын будаг хууларсан халтарсан байдалтай байна. Мөн уг барилгын зоорийн давхрын хана нь цагаан өнгийн хөнгөн блокоор хийсэн бөгөөд энэ нь баригдсанаас хойш өөрийн жингээр суулт өгөх хугацааг хурдасгасан байна.
Дээрх байдлыг үндэслэн дүгнэх нь: Хур тунадасны ус нэвчин орж хагарал, цууралт өгсөнөөс цаашид тус барилгын зоорийн давхарт хөгц, мөөгөнцөр үүсч барилгын үндсэн хийц бүтээцэд эвдрэл үүсэх болон оршин суугчдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байх тул яаралтай хамгаалах арга хэмжээ авах нь зүйтэй.” гэжээ.
Шинжээч дүгнэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Дүгнэлтийн хариулт хэсэг дээр гуравдах мөрнөөс хойш 9 дэх үгнээс ...зүүн талаараа бөгөөд хойд талд үүссэн хагарал нь барилгын хаяавч бетон муу хийгдсэнээс борооны улирлын үед их хэмжээний ус тунарч доош нэвчсэнээс болсон ба зүүн хэсгийн цууралт нь хаяавч бетоны доорх эрэг шороо нь мөн адил борооны улирлын үед их хэмжээний ус тунаснаас нурж,.. гэж байна. Ухсан байдалтай байгаа нь нэг талаасаа хууль зөрчиж байна. Барилгын зөвшөөрөл цуцлагдсан, суурь хийгээд орхисон байдалтай 3 дахь жилдээ орж байна. Энэ суурийг хамгаалах үүргээ С.Б биелүүлээгүй.
Барилгын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Барилгын ажлыг долоон сараас дээш хугацаагаар түр зогсоосон бол захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулж, энэ талаар барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох шийдвэрийг гаргуулна. Барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах шийдвэрт хамгаалалтын горимын хугацаа, нөхцөлийг тусгана гэж заасан байна. Энэ горимд шилжүүлээгүй учраас нүхний хажуугийн барилгад нөлөөлсөн. Үүнээс үүдэж тунасан ус нь байрны хана руу нэвчиж оржээ. Уг хана нь хөнгөн полистроль блокоор хийгдсэн. Энэ нь ширхэгт материал учраас байгалийн суулт, жингээр доош сууж байдаг. Суулт өгөх хугацаа норсноос шалтгаалж хурдассан. Хаяавч бетонтой зэрэгцүүлэн нүх ухсан учраас уг нүхэнд тунарсан ус шороог зөөлрүүлж, нураасан. Энэ нь суурь ухсанаас болсон ба барилгын ажил гүйцэтгэгч О ХХК тухайн барилгын гадна талын дүүргэлтийн зарим хэсгийг шоро*******р хийлгүй барилгын хог хийсэн. Үүнээс мөн шалтгаална.
Өмнө нь Б.Б гийн мэдээллээр очиж үзлэг хийж байсан. Ямар нэгэн дүгнэлт гаргаж өгөөгүй. Шүүхийн захирамжийн дагуу шинжилгээ хийхдээ газар дээр нь дахин очиж, хүн орох боломжтой газруудад нь үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Тухайн барилгын суурийг цутгамал бетоноор хийсэн бол хагарахгүй. Ширхэг бүтээцийн дунд байгаа шавар болон блок уусдаг материалаар хийсэн. Уусдаг материал гэдэг нь ус юм. Энэ ус ууршиж алга болоход тухайн эзлэхүүнээр доош суулт өгнө. Үүнээс үүдэлтэй хагарал үүссэн. Гаднаас ус нэвчлээ гэхэд будаг халтартаж, эмульс, замаск хагарч, доороосоо хөгц, мөөгөнцөр үүснэ. Тухайн 80б барилгын зураг төсөл дээр зоорийн давхрын ханыг хэрхэн барихаар зааснаас хамаарна. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвөөс зурагт магадлал хийхдээ уг хийц нь норм, дүрмээ хангасан эсэхийг тогтоох ёстой.
Барилгын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан Барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлээгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай. Барилга байгууламжийн ажлыг 7 сараас дээш хугацаагаар зогсоосон тохиолдолд үндсэн хийц, бүтэц, орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хашаа нь зарим хэсгээрээ нурсан, өндөр хүчдэлийн шугам ил гарсан гэх мэт хамгаалалтын зүйлүүдийг хийх шаардлагатай. Арматур төмрийг хамгаалах ёстой боловч тэр нь зэвэрсэн байдалтай байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь “газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 183 дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар 225 м.кв газрыг иргэн О.З*******т эзэмшүүлж, 2008 оны 298 дугаар захирамжаар газрын хэмжээг 360 м.кв болгон нэмэгдүүлж, 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн С.Бэд уг зориулалтаар нь шилжүүлж, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
Гэвч “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр С.Бийн дээрх газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжаар хүчингүй болгосон, үүнийгээ хариуцагч “газраа 2 жилээс дээш хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, 80б байрны СӨХ болон иргэдээс гомдол гаргаж барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, зэргэлдээ орших иргэд, аж ахуйн нэгжээс санал аваагүй, өөрөөр хэлбэл газрыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэж тайлбарладаг бол нэхэмжлэгч “80б байр буюу иргэн Г.Д-ийн барилгатай хамт зүүн талд нь залгаа төлөвлөгдсөн, уг байр түрүүлж баригдаж зүүн талдаа цонх гаргаснаас шалтгаалж тус байрны СӨХ болон зүүн тийш харсан цонхтой айлууд гомдол гаргаж, барилгын ажлын зөвшөөрөл хүчингүй болсон, үүнээс болж 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл үүссэн ч энэ нь хүндэтгэн үзэх дээрх шалтгаантай байсан” гэж маргажээ.
Маргаан бүхий газрын байршил мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаартай иргэн Г.Д*******гийн газрын зүүн талд залгаа нэгж талбарын 18******* дугаартайгаар 360 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн, газрын байршил, хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.
2010 онд С.Бэд газар эзэмших эрх шилжсэнээс хойш 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 579 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар цэцэрлэгтэй орон сууцны зориулалтаар 4 давхар 18.6х13.0м 242 м.кв барилга барихаар батлагдаж, 2014 оны 10 дугаар сард цэцэрлэгтэй орон сууцны барилгын эх загвар зураг батлагдсан, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 134/2016 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл газар шороо, суурийн ажилд 2 сарын хугацаатай олгогдож, уг зөвшөөрлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл сунгасан байдаг.
2016 оны 5 дугаар сарын 16-нд барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулж, 16/03 дугаартай актыг үйлдэж, барилгын суурийн ажил гүйцэтгэх явцад иргэдийн гаргасан гомдлын дагуу уг барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүчингүй болгож, энэ талаар иргэн С.Бэд тухайн өдрийн 07/2619 (07/2802)[1] тоотоор мэдэгдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сард ийнхүү барилгын суурийн ажлын зөвшөөрөл хүчингүй болсноор барилгын ажил зогссон, үүнээс хойш тухайн барилгатай холбоотой ямарваа зөвшөөрөл олгогдоогүй байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр олгосон 579 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт “гурван газар эзэмшигчийн уулзалтын протокол болон хоорондын зөвшөөрөлцсөн албан бичгийг үндэслэв” гэж дурдагдсан бөгөөд “В *******” ХХК-ийн захирал Ф.Ц*******, иргэн Г.Д*******, С.Бнарын Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан “барилгын байршил болон газрын хилийн асуудлаар үл ойлголцол үүссэн тул харилцан тохиролцон шинээр ерөнхий төлөвлөгөө боловсруулан хандаж байна” гэсэн хүсэлт, хүсэлтэд дурдагдсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тохиролцоонд “В *******” ХХК-ийн барилгын инженер Ц.Б*******, иргэн Г.Д*******гийн хөрөнгө оруулагч Х.Б*******, С.Бийн эхнэр Золоо гарын үсэг зурж “хамтарч өөрчлөлт хийх зураг төсөл үнэн, хүсэлтээр 3 нэрээр байгаа, 3 нэрээрээ гаргуулах хүсэлтэй” гэж гараар бичигдсэн, өөрөөр хэлбэл 80б байрны зураг төсөлтэй хамт нэхэмжлэгч С.Бийн барилгын зураг төсөл тэдгээрийн зөвшилцлийн дагуу хамт батлагдсан гэх үйл баримт байгаа ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан Г.Д-ийн байр зүүн талдаа цонхгүй төлөвлөгдөхөөр тохиролцсон гэх баримт тогтоогдохгүй, энэ талаар буюу Г.Д-ийн барилга зураг төсөл, тохиролцооны дагуу баригдсан эсэхтэй болон цонх хааж барилга барихыг эсэргүүцсэн 80б байрны оршин суугчид болон тус байрны СӨХ-ны гомдлоор барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэртэй С.Бнь шүүхэд маргаагүй байна.
Ийнхүү барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа С.Бнь 2016 оны 9 дүгээр сарын 12-нд НЗД д болон Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч, н*******н хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч нарт, 9 дүгээр сарын 14-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан “цэцэрлэг барих үйл ажиллагааг дэмжих” агуулгатай хүсэлт гаргасныг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “80а, 80б байрны гомдол гаргагч иргэдээс санал авч 2-оос дээш давхар барихгүй баталгаа гарган барилгын зураг төслөө зохиолгон зөрчлөө арилгаж ирүүлэх”-ийг мэдэгдэж хариу өгсөн, мөн 2017 оны 5 дугаар сарын 16-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан “О ХХК ерөнхий төлөвлөгөөг зөрчиж цонх гаргаснаар оршин суугчид эсэргүүцэж барилгын ажлыг зогсоосон” талаар гомдол гаргасанд “оршин суугчдаас санал авч иргэдийн 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд шийдвэрлэх боломжтой” гэж хариу өгсөн, мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаарх 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 01-06/2811 тоотоор мэдэгдэл өгсний дараа тэрээр 2018 оны 6 дугаар сарын 13-нд НЗД д дээрх агуулгаар гомдол гаргасанд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оын 6 дугаар сарын 20-ны 05/2384 тоотоор мөн л “цонх хааж барилга барих гэж буйг эсэргүүцсэн иргэдийн гомдлоор барилгын зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар дурьдаад иргэдээс санал авч ирүүлэхийг” мэдэгдсэн, 2018 оны 6 дугаар сарын 20-нд Нийслэлийн Газрын албанд хандаж “газар эзэмших эрхийг хүчингүй болгох жагсаалтаас хасаж, нааштайгаар шийдвэрлүүлэх” агуулгаар хүсэлт гаргасанд 2018 оны 7 дугаар сарын 20-нд “Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар эзэмших эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тус тус хариу өгчээ.
С.Бийн газрын баруун талд залгаа байрлах 80б байрны оршин суугчид, тус байрны “ШӨ ” СӨХ болон газрын хойд талд байрлах 80а байрны “Бидний ирээдүй” СӨХ-ноос эрх бүхий байгуулагуудад удаа дараа уг газрын болон барилгын зөвшөөрөлтэй холбогдуулан гомдол, хүсэлтүүд гаргаж байсан, тухайлбал 80а байрны цонхыг хааж барилга барьж байгаа талаарх НЗД д удаа дараа гаргасан гомдлоор 2016 оны 9 дүгээр сарын 09-нд 134/2016 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, 80а байрны “Бидний ирээдүй” СӨХ-ноос Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаснаар улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны 02-07-137/1109 дугаартай дүгнэлт гаргасан, мөн тус СӨХ-ноос Нийслэлийн газрын албанд газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаснаар тус газраас 2017 оны 8 дугаар сарын 02-ны 03/2946 тоотоор хариу өгсөн, 80а, 80б байрны СӨХ-доос Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын хороонд гаргасан газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай гомдлыг тус байнгын хорооноос 2018 оны 5 дугаар сарын 14-ний 7/5626 тоотоор НЗД д шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Газрын албанд 2018 оны 4 дүгээр сарын 17-нд 07/1451 тоотоор шилжүүлсэн, мөн 80б байрны “ШӨ ” СӨХ-ноос 2018 оны 3 дугаар сарын 22-нд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, 2018 оны 6 дугаар сарын 15-нд Нийслэлийн Газрын албанд гомдол гаргаж байжээ.
80а байрны “Бидний ирээдүй” СӨХ-ны 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч шалгалт хийж, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02-07-137/1109 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр “ ... 80б байртай залгаа хамт төлөвлөгдсөн талаар дурьдаад 80а байрнаас 13 м зайтай баригдахаар төлөвлөгдсөн нь барилгын норм ба дүрэм зөрчөөгүй” гэж дүгнэсэн байдаг.
Харин шүүхээс томилсон шинжээч буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч 80б байрны зоорийн давхрын зүүн хойд талд үүссэн хагарал цууралт нь С.Бийн барилгын суурийн нүх ухсанаас үүссэн эсэхэд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ЗШ01 дугаартай дүгнэлтээр “... барилгын хойд талд үүссэн хагарал нь барилгын хаяавч бетон муу хийгдсэнээс борооны улирлын үед их хэмжээний ус тунарч доош нэвчсэнээс болсон ба зүүн хэсгийн цууралт нь хаяавч бетоны доор эрэг шороо нь мөн адил борооны улирлын үед их хэмжээний ус тунаснаас нурж, тус байрны хана руу ус нэвчин орж барилгын хананд хагарал тус тус үүсч ...” гэж дүгнэсэн, энэ талаараа шинжээч шүүх хуралдаанд “барилгын суурийн нүх ухаад хамгаалалтын горимд шилжүүлээгүй учраас нүхний хажуугийн барилгад нөлөөлсөн. Үүнээс үүдэж тунасан ус нь байрны хана руу нэвчиж оржээ. ... Хаяавч бетонтой зэрэгцүүлэн нүх ухсан учраас уг нүхэнд тунарсан ус шороог зөөлрүүлж, нураасан. Энэ нь суурь ухсанаас болсон. ...” гэж тайлбарладаг.
Мөн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Барилгын зураг төслийн Магадлалын ерөнхий дүгнэлтэд эксперт 4 дүгээр сарын 19-нд “газар дээр нь барилгад олгогдсон газартай танилцав. Барилгын зүүн талд автомашины зам байхаар эскиз гүйцэтгэгч баталсан нь газар дээрээ тохирохгүй зам барих бололцоогүй байна. Ерөнхий төлөвлөгөөний зурагт одоо байгаа байдлаар засч зуруулав.” гэж дүгнэсэн байдаг.
Дээрхээс дүгнэвэл үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2010 оноос эзэмшсэн 360 м.кв газарт цэцэрлэгтэй орон сууцны барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар 2014 онд батлуулж, 2016 онд барилгын ажлын зөвшөөрөл авч суурийн ажил хийсэн ч иргэдийн гомдлоор тухайн үедээ барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон, үүнээс хойш хөрш залгаа оршин суугчид буюу 80б байрны оршин суугчдаас тухайн байртай залгаа зүүн талд нь барилга барихыг зөвшөөрөөгүйгээс барилга барих зөвшөөрөл олгогдоогүй, барилгын ажил хийгдээгүй байна.
Хэдийгээр нэгж талбарын 18******* дугаартай С.Бийн 360 м.кв газар нь нэгж талбарын 18******* дугаартай иргэн Г.Д*******гийн газартай залгаа эзэмших эрх олгогдсон, тухайн газар дээрх барилгууд буюу С.Бийн барилга 80б байртай зэргэлдээ баригдахаар төлөвлөгдсөн ч 80б байр нь зүүн талдаа цонхтой баригдаж, улсын комисс 2016 оны 3 дугаар сарын 04-нд 92/2016 дугаартай актаар барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан, иргэд орон сууцыг худалдан авч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул орон сууц өмчлөгч иргэдийн гомдлоор газар эзэмших эрхийг хүчингүй болгож, үүнийгээ газрыг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэж тайлбарласан хариуцагчийн шийдвэрийг буруутгахааргүй, нөгөөтэйгүүр ийнхүү тулгаж барилга барих нь орон сууц өмчлөгч, оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихөөр байна гэсэн гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлтэй байна.
Учир нь шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжтой гарах ёстой бөгөөд шинжээчийн дүгнэлтээс тухайн байршилд барилга барих, энэ зориулалтаар газар эзэмшүүлэх боломжгүй гэж дүгнэхээр байна.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх ба барилга барих зориулалт бүхий түр хашаа барьсан, барилгын суурийн нүх ухаад орхисныг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй, С.Бнь 2010 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн аваад 2015 онд эзэмших эрхийн хугацаа сунгуулснаас хойш 2018 оныг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна.
Иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, болзол, хугацаатайгаар эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх ба тодорхой төлөвлөлтөд нийцүүлэн эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн дагуу тухайн газарт барилга барих боломжтой тул барилга барих зөвшөөрөл олгогдоогүй нь газраа ашиглах боломжгүйд хүргэсэн хүндэтгэх шалтгаан болохгүй.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг шийдвэр гаргахаас өмнө 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01-06/2811 дугаар албан бичгээр иргэн С.Бэд хүргүүлсэн, тэрээр энэ талаар 2018 оны 6 дугаар сарын 20-нд Газрын албанд гаргасан хүсэлтдээ дурдсан байдаг, мөн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагт иргэн С.Бийг байлцуулан сонсох ажиллагаа хийсэн байх бөгөөд тэрээр тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэлд тусгасан байна.
Иймд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр С.Бийн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Маргаан бүхий газрын хаягийг эрх бүхий этгээдүүдээс олгосон шийдвэр, зөвшөөрөл, бүртгэлд “Баянгол дүүргийн 5 дугаар хороо”, “Баянгол дүүргийн 6 дугаар хороо” гэж өөрөөр, тухайлбал газар эзэмшүүлсэн болон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжууд, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд “6 дугаар хороо” гэж, харин кадастрын зураг, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, мөн 80а, 80б байрны СӨХ-ны гэрчилгээ болон 80б байрны орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдэд “5 дугаар хороо” гэж тус тус дурьдсан байх ба газрын байршил, хаяг маргааны үндэслэл, шалтгаан биш тул энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 46 дугаар хуудас