Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 16А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баярмаа

Улсын яллагч А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг

Гэрч Т.А, Х.О

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

            Эрүүгийн 2015 1000 0243 тоот хэргийн шүүгдэгч:     

Б.О-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгч Б.О нь “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын даргаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасан заалтуудыг биелүүлээгүйгээс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уг газрын гагнуурчин ажилтай Т.О 50-27 ДГА улсын дугаартай “ Kia Boxer” маркийн тээврийн хэрэгсэлд байрлах 14 метр өндөрт сунах зориулалттай, аюулгүй ажиллагааны баталгаажилт хийгдээгүй сагст өргөгч ашиглан өндрийн бэхэлгээ, каскгүйгээр үүрэг гүйцэтгүүлж Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэгийн хажуугийн 22.6 метрийн өндөр СК-2 маркийн гэрэлт цамхагаас байнгын болгон бэхэлсэн зориулалтын бус шатнаас унаж амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.  

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч  Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт : Би энэ байгууллагын даргаар ажиллаад 1 жил болоод ээлжийн амралтаа авсан байхад маргааш нь энэ хэрэг болсон байсан. Надад ажилчдын хөдөлмөр хамгааллыг нь хангуулж чадаагүй гэдгээсээ илүүтэйгээр хохирогч өөрөө энэ бүх бололцоо байсаар байтал ашиглаж чадаагүйгээс болсон гэж үзэж байна. Ер нь дүрмээрээ сагстай өргөгчөөс гарч болдоггүй. 24 метр өндөртэй цамхагт нэмэлт шатаар авирч байгаад унасан байсан. Манай байгууллагад хамгаалалтын бүс 1 ширхэг байдаг. Байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд байдаг эсэхийг анзаараагүй. Уг нь энэ олсоор доор байгаа янз бүрийн багаж хэрэгслээ татах зориулалтай өгсөн. Хэн өндөрт гарна тэр хүн бүсээ ашиглаад ажиллах ёстой. Өдөр бүр зааварчилгаа өгдөг байсан гэв.

 Гэрч Д.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бид 3 эхлээд доор ажлаа хийсэн. Бид нар 13 цагт ажилдаа гарах байсан. Талийгаач 30 минут хоцорч ирсэн. Ирэхгүй байхаар нь өмнө нь ажлаа таслаад ирсэн болохоор ирэхгүй байх гэж бодоод Алтан-Очир бид 2 өндөр цамхаг дээр очоод ажлаа хийгээд байж байтал араас хүрээд ирсэн . Алтан-Очир ламп солиулах болоод талийгаач лампа авч өгөхөөр дээшээ гарсан. Хамгаалалтын бүсийг Алтан-Очир зүүсэн байсан. Талийгаач сагсан дотроос уяанд ламп уяж өгөх ёстой байсан. Би доор машины сүүдэрт сууж байтал дээр юм дуугарах шиг болсон. Дээшээ харсан чинь талийгаач шатан дээрээс унаж байгаа харагдсан. Би машины нөгөө талд гартал талийгаач сагсанд цохигдоод машины хажуу тал руу унасан. Каск малгай бүгдэнд нь байсан. Тэр өдөр бид нар зааварчилгаа авсан. Байгууллагын бүс байх нь байгаа би хүнээс өөртөө бүс авсан байсан. Сольсон бүсийг албандаа хэн дээшээ гарч байна тэр хүн зүүгээд гардаг байсан. Шон дээр 2 хүн зэрэг ажиллах боломжгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан Бүсний чанарын талаар даргад хэлж байгаагүй гэв

 

Гэрч Т.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр ажлын зааварчилгаа аваад тухайн өдөр хийгдсэн ажлыг хийхээр болсон.  Үдээс өмнө нь бид 3 ажлаа хийж байгаад цайндаа явцгаасан. Өдөр цайнаас ирэхэд талийгаач ирээгүй хоцорч ирсэн. Орхоо ах бид 2 юу хэрэгтэйг дээшээ гарч харчихаад байж байсан чинь талийгаач ирсэн. Гэрлийн шил солих болоод ламп авах гээд эргээд хартал талийгаач доошоо унасан. Унахдаа гар нь цээжиндээ татагдаад , царай нь сонин болоод л шууд уначихсан.Надад ламп өгөхөөс гадна гагнуурын ажлыг хийхэд хэр төмөр орохыг харах гэж дээшээ гарсан.  Аюулгүй ажиллагааны зааварчилгааг эхлээд бүгдэд нь өгөөд дараа нь цахилгаанчин, гагнуурчин гээд тус тусад нь өгдөг.

 

Хохирогч Ж.Ө-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : ... 2015 оны 08 дугаар сарын 27 ны өдрийн 08 цагийн үед  манай нөхөр Очирсүх ажилдаа явна гээд гарсан. Манай нөхөр Хот тохижолтонд гагнуурчны ажил хийдэг . Тэгээд өглөө ажилдаа явчихаад өдөр 12 цагийн орчимд өдрийн цайндаа ирсэн. Би гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байгаад нөхөр Очирсүхэд хоол ундыг нь хийж өгчихөөд хамт хоолоо идчихээд манай нөхөр Очирсүх хэсэг хугацаанд амарч орон дээр хэвтэж байгаад 13 цаг өнгөрөөгөөд ажил руугаа явсан. Би гэртээ нялх 2 хүүхэдтэйгээ байж байхад 2015 оны 08 сарын 27-ны өдөр манай ах эгч, гэрийнхэн манай гэрт 16 цаг өнгөрөөгөөд ирээд “Очирсүх ажлаа хийж байгаад гэрлийн шонгоос унаад нас барсан байна гэж надад хэлсэн. Тэгээд л би нөхөртэйгээ огт уулзаагүй. ... хоёр бага насны хүүхэддээ 18 нас хүртэл нь тэтгэлэг өгүүлж байхыг хүсч байна. Өөр гомдол санал гээд байх зүйлгүй” гэсэн мэдүүлэг  / ХХ- 19-20-р хуудас/

 

Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтын өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би өглөө 09 цагт Орхонтуул, Очирсүх нарын хамтаар мэргэжилтэн Ж.Отгонбаяраас аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гарсан. Үдээс өмнө нэгдсэн эмнэлэгийн гэрэлтүүлгийн цамхаг дээр гарч гэмтлийг засаж янзалсан. Тэгээд 12 цагаас бид 3 өдрийн цайндаа ороод 13 цагийн үед Орхонтуул ах буцаж гэрэлт цамхаг дээр очиж үлдсэн ажлаа дуусгасан. Тэр үед Очирсүх ирээгүй араас хоцорч ирсэн. Тэгээд 14 цагийн үед Очирсүх ирсэн. Би гэрэлт цамхаг дээр гарчихсан ажлаа хийж байхад  Очирсүх гагнуур хийх гээд гэрлийн далийсан байсан толгойг гагнах гэж байхдаа бэхэлгээ хийлгүй гарч байх явцдаа унасан. Өглөө ажилд гарахад хамгаалах бүс 1 ширхэг байсан ба тэрийг нь би дээр гэрэлт цамхаг дээр гарахдаа хэрэглэж байсан гэсэн мэдүүлэг / хх- 21-22-р хуудас /

 

Гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтын өгсөн: ... Манай орон тоонд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн орон тоо байхгүй учраас миний ажлын байрны тодорхойлолтонд нэмж оруулж байсан. 2015 оны 08 дугаар сарын 27-ны өглөө Т.Очирсүх ажилдаа ирээд өмнө 3 хоног ажлаа тасалсан. Тэгээд гурван хоног яагаад ажлаа тасалсан юм бэ гэхэд хүүхэд өвдөөд гэж хариулсан.  Тэгээд би чамайг хүлээгээд эмнэлэгийн чиглэлд гэрэлтүүлгийн чийдэн солих ажил хүлээгдээд байна өнөөдөр  ажлаа хийх  боломжтой юм уу? Хүүхэд чинь зүгээр юм уу гэхэд Т.Очирсүх өнөөдөр ажлаа хийж чадна, манай хүүхэд гайгүй гэсэн. Тэгээд би зааварчилгаан дээр гарын үсэг зуруулаад ажилд нь гаргасан. Ажлын байранд үүрэг чиглэл өгөх ажлын байранд өгөх шууд удирдах эрх бүхий дээд шатны албан тушаалтан нь дотоод ажил хариуцсан мэргэжилтэн миний өнөөдрийн эрхэлж байгаа ажил юм. ... Хөдөлмөр хамгааллын хувцас, гутал, ажлын хувцас, бээлий, маск,  олгогдсон байсан. манай байгууллагын хэмжээнд аюулгүй бэхэлгээний бүс нэг ширхэг л байдаг. Түүнийг гэрэлтүүлэг янзлах гэж дээшээ гарсан хүн нь хамгаалах бүсээ зүүдэг юм. Бүс хүрэлцээгүй учраас олс нэмж олгосон байсан. хамгаалалтын бүсийг дээр гарсан цахилгаанчины туслах Алтан-Очир зүүж хэрэглэж байсан. Очирсүх дээш гарах тохиолдолд олсоор өөрийгөө бэхлэх байсан. ... даргыг орлох талаар тушаал шийдвэр гардаггүй, амаар хоорондоо ярилцаад шийдчихдэг. Дүрмээр бол хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер байх ёстой гэтэл санхүүгийн байдлаас болоод 2010 оноос хойш миний ажил үүргийг хуваарьт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт ажилчдад өдөр тутам өгч байх гэсэн заалт оруулсан учир үүний дагуу өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг болсон. Ажил үүргийн дагуу тухайлсан аюулгүй ажиллагааны зааварчилгаа уншуулдаг ба уншсан хүн тэмдэгт гарын үсэг зурдаг. Тусгай сургалт явуулж байгаагүй зааварчилгаа дээр байгаа зүйлийг ажилчдад 7 хоног бүрийн 1 дэх өдөр уншуулж танилцуулдаг. Хүн тус бүрт хөдөлмөр хамгааллын ажлын хувцас, бээлий, гутал, маск зэргийг олгосон. Өндөрийн хамгаалалтын бүс манай байгууллагын хэмжээнд нэг байдаг. Үүнийг өндөрт авирсан хүн хэрэглэдэг. 2 хүн гарах тохиолдолд нэг хүнд  нь хамгаалалтын бүс, нөгөө хүнд мяндсан олс олгосон. ... манай машины өргөгч торх нь хамгийн өндөртөө 14-15 метр сунадаг, цамхагт гэрэл өөрөө 24 метр сунадаг байх ёстой. ... гэсэн мэдүүлэг / ХХ- 23-24, 163-166-р хуудас /

 

Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагт Алтан-Очир, Очирсүх бид 3 аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад гарын үсэг зурж баталгаажуулаад Нэгдсэн эмнэлэгийн хажуу талын өндөр цамхагт гэрэлтүүлгийг янзлах талаар үүрэг аваад гарсан. ...Алтан-Очир 13 цагт ирээд тэгээд бид 13 цаг 30 минут хүртэл Очирсүхийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь шууд бид хоёр гэрэл рүү явсан. 16 цагийн үед Алтан-Очир бид хоёр бууж ирээд тэгээд гэрлээ асаагаад үзэхэд 6-7 гэрэл асахгүй байсан. тэгээд гэрийн шилийг солих гээд байж байхад Алтан-Очир, Очирсүх хоёр дээшээ хамт гарсан. Тэгээд эхлээд түрүүлж Алтан-Очир гарсан олсыг Очирсүх аваад гарсан. Тэгээд эхлээд Алтан-Очир эхлээд гэрэл рүү гараад дараа нь Очирсүх шатаар гэрэл рүү гарах гэж байсан. Очирсүхийг дээшээ гарахаас өмнө чи станцаа аваад гар доороос сонсогдохгүй гэхэд Очирсүх станцаа араг дээр тавьчихъя сайн сонсогдож байна гэсэн. .... Алтан-Очир аюулгүйн бүсээ зүүгээд дээшээ гарсан. Очирсүх бүсгүй болохоор олсоор өөрийгөө бэхлэх ёстой байсан. ... Очирсүх арагнаас гарч дээшээ гарсан. Арагнаас гарч Очирсүх дээшээ цамхагт гэрэлд дүүжлээстэй шатаар авирсан. Арагнаас гараад 2 метр хэртэй дээш шатаар авирч байхад би машинаас буугаад машины зүүн талд сүүдэрт нь зогсох гээд буутал Алтан-Очир хашгирсан. Би дээшээ харахад Очирсүх араг руу цохигдож машины баруун тал руу унасан. Би машинаа тойроод машины баруун талд гарахад тэвшний эрмэг дээр цохигдоод газар унасан. Алтан-Очир татчихлаа ш дээ гээд хашгирсан. Удалгүй эмнэлэгийн хүмүүс ирээд би эмнэлэг рүү аваад ороход би дээр байсан Алтан-Очирыг буулгаад эмнэлэг рүү орсон. Би эмнэлэг рүү орчихоод дарга нарыг дуудсан. Би эмнэлэгийн яаралтай тусламжийн коридорт хүлээж байхад эмч гарч ирээд нас барчихлаа гэж хэлсэн. ... манай байгууллага 2 жилд нэг удаа өвлийн хувцас, 2 жилд нэг удаа гутал өгдөг гэсэн мэдүүлэг ,

 

            Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 113 дугаартай шинжээч  эмч А.Болор-Эрдэний дүгнэлтэнд:  “ Т.О-ийн гэх цус гэх шингэнд спиртийн агуулга илрээгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 28-р хуудас /

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаартай шинжээч  эмч А.Болор-Эрдэний дүгнэлтэнд: 1. Амь хохирогч Т.О-ийн цогцсонд Гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсаргасан гэмтэл. Гавлын дагз ясны цөмөрсөн хугарал, дагз, суурь ясны олон сэлтэрхий үүсгэсэн хугарал. Өвчүүний дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал, их тархины орой, суурь хэсэг, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт. Уушгины эдийн цус хуралт, элэгний эдийн урагдал, язрал. Дотор эрхтнүүдийн дагасан зөөлөн эд дэх цус хуралт, толгойн үстэй хэсэг дагзны хэсгийн язарч урагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно.

            3. Дээрх гэмтэлүүд нь шинэ гэмтэл байна.

            4. Дээрх гэмтэлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

            5. Амь хохирогч Т.О-ийн цогцсонд үхэлд хүргэх архаг хууч өвчин оношлогдсонгүй.

            6. Амь хохирогч Т.О- нь цогцсонд Гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтэл. Гавлын дагз ясны цөмөрсөн хугарал, дагз, суурь ясны олон сэлтэрхий үүсгэсэн хугарал. Өвчүүний дунд 1/3 хэсгийн хөндлөн хугарал, их тархины орой, суурь хэсэг, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт. Уушигны эдийн цус хуралт, элэгний эдийн урагдал, язрал. Дотор эрхтнүүдийн дагасан зөөлөн эд дэх цус хуралтын улмаас нас баржээ.

            7. Амь хохирогч Т.О-ийн цогцосноос авсан цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр спиртийн агуулга илрээгүй гэсэн дүгнэлт / хх-ийн 29-30-р хуудас/

 

Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Ч.Алтангэрэлийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 1106040/01 дугаартай дүгнэлт: ... Дорноговь аймгийн Сайншанд сумын Тохижилт-Сайншанд хот тохижилтын газар буюу ажил олгогч нь Т.Очирсүхийг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот тушаалаар гагнуурчин албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. ... хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд тухайн байгууллага нь аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг ажилд гаргахад бичгээр өгч гарын үсгээр баталгаажуулж ажилладаг байна.... тухайн байгууллага нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тодорхойлолтонд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад оршино” гэсний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтаны “Ажлын байрны тодорхойлолт” тусгайлан батлаагүй ба дотоод ажил хариуцсан менежер Ж.Отгонбаяр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албан тушаалд тушаалаар томилогдоогүй хэдий ч ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, арга зүйгээр хангаж ажиллаж ирсэн байна. ... тус байгууллага нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулж баталгаажуулж ажилладаг байна. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтын / Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/. 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт / Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ/-д гэж заасны дагуу ажлын хувцас, гутал, ажлын бээлий зэргийг олгосон боловч өндөрийн бүс, каск зэрэг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй байна. ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт / Ажил олгогч нь ажилтныг түүний  ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт / Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/-ыг тус тус зөрчсөн байна.... Ашиглаж байгаа тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгсэл нь хяналтын үзлэгт хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох эрх авсан, харин өргөх төхөөрөмж нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт / Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна/, 10.3 дахь заалт / Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгажуулна/-ыг тус тус зөрчсөн байна. ... Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэгийн зүүн хойд талд, Гаалийн газрын баруун хойд талд гэрлийн шонгийн гэрэл солих ажлаар 2015 оны 08 дугаар сарын 27-ны өглөө төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Тохижилт- Сайншанд хот тохижилтын газрын дотоод ажил хариуцсан менежер Ж.Отгонбаяраас хийх ажлын зааварчилгаа болон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг авч гарын үсгээр баталгаажуулан ажил үүргээ эхлүүлэн үргэлжлүүлэх үедээ осолдсон нь ажлын байранд болсон осол гэж үзэж байна. ... Уг осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт / Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/-ыг , 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт / Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын  дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/-ыг , 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс шалтгаалж байна. .... нэг ажилтан олон төрлийн ажил хавсран гүйцэтгэдэг, хамгаалах хэрэгсэлээр бүрэн хангагдаагүй, нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулдаггүй зэрэг зөрчил дутагдал нь осол гарах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн дүгнэлт / хх-ийн 39-42-р хуудас/

 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, Д.Бямбасүрэн, С.Баяраа, П.Батжаргал нарын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/078/38 дугаартай дүгнэлт: ... Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Алтангэрэлийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1106040/01 тоот шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар асуултад хариулснаас бусад хариулт нь үндэслэлтэй байна. ... Харин 7 дахь асуултанд хариулахдаа сагст өргөгчийн баталгаажуулалтыг хийсэн эсэхийг нотлох баримтыг үндэслэж дүгнээгүй, осол гарахад зориулалтын бус шат хэрэглэснээс өндөрөөс унах нөхцөл бүрдсэнийг судлаагүй байна. ... Өндөрийн ажил гүйцэтгэх үед ажилтан нараар зориулалтын бус шат хэрэглүүлж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад заасан машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг /ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл/ нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байх гэсэн заалтыг ажил олгогч зөрчсөн байна. ... Осол гарахад зориулалтын бус шат хэрэглүүлснээс болсон байна. Өндөрийн ажил гүйцэтгэхэд зориулалтын хамгаалалттай бүсийг хэрэглэнэ. Олс өгсөнөөр ажилтаны аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Зориулалтын өргөх хэрэгсэл ашиглаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн тенхникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэсэн заалтыг зөрчжээ. ... Ж.Отгонбаярын ажлын байрны тодорхойлолтонд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх гэж заасан нь осолдогчийн аюулгүй байдлын сахин хангуулах үүргийг бүрэн хүлээхгүй зөвхөн зааварчилгааг өгөх эрхийг нь зааж өгсөн байна.... гэсэн мэдүүлэг / хх-ийн 190-192-р хуудас/,

 

Шинжээч Ч.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд ажил олгогч дараах үүрэгтэй. ... ажил олгогч / Тохижилт-Сайншанд ХХК-ний захирал Б.Отгонбаяр зөрчсөн, үүргээ биелүүлээгүй.... ажил олгогч Б.Отгонбаяр энэ талаар сургалт сурталчилгаа заавал өгөх ёстой. Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй албан ёсны хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн, инженерийн орон тоо ажилтан байхгүй учир ажил олгогч Б.Отгонбаярын албан тушаалд хамаатуулан ажиллах ёстой. Ажил олгогч нь ажилтаныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. Гэвч хамгаалах хэрэгсэл / өндөрийн бүс, каск/ хангалтгүй. 1.5 метрээс өндөрт ажиллаж буй ажилтан хамгаалалтын хувцас хэрэгсэл, өндөрийн бүс заавал хэрэглэнэ гэж байхад ажилтан тус бүрт өндөрийн бүсээр хангасан байх ёстой үүнийг дарга зөрчсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/

 

Шинжээч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: .... Гэрлийн шонг сагст өргөгчөөр янзалдаг. Ашиглахад нийцсэн техник буюу боломжтой техник хэрэгсэл юм. Түүний алдагдалгүй ажиллагааны дүрмийн дагуу аюулгүй ажиллагааны баталгаажилтыг хийсэн байх ёстой. Сагст өргөгчинд байрлуулсан шатны зориулалтын бус шат байсан. Ийм учраас өндөрийн бэхэлгээ хийх боломжгүй. ...  хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан гэрэлтүүлгийг тогтоох дүүжилсэн шатны зориулалтын бус шат гэж ойлгож болно. Зориулалтын бус шат гэдэг нь гар хийцийн буюу аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй шатыг хэлнэ. ...сагст өргөгчийн аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу мэргэжлийн байгууллагаар даац, сагст өргөгчийн хэвийн ажиллагааг баталгаажуулна. Хэсэгчилсэн баталгаажуулалтыг 12 сард 1-ээс доошгүй удаа бүрэн баталгаажуулалтыг 3 жилд 1-ээс доошгүй удаа хийдэг. Сагст өргөгч нь тусдаа тусгай дүрэмтэй түүний төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах хэсгийг дүрмээр зохицуулсан. Сагст өргөгч нь өргөгч хэрэгсэл юм, тусдаа техник биш тээврийн хэрэгсэл биш. Зориулалтын шат гэж өргөх, зөөх механизмын аюулгүй ажиллагааг хангасан шат тавцанг хэлнэ. Уг шонд зориулалтын бус шатыг ашиглаж байсан. .... өндөрийн ажил гэдэг нь барилгын дүрэм ба нормд зааснаар 1.5 метрээс өндөрт ажиллахыг хэлнэ. ... өргөх зөөх механизмын бүрэн бүтэн байдлыг ажил олгогчийн тушаалаас баталсан механик инженерийг хэлнэ. ... Ж.Отгонбаярын хувьд ажлын байрны тодорхойлолтондоо аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө гэсний дагуу зааварчилгааг өгөх үүргийг хүлээнэ, сахин хангуулах үүрэгтэй биш. Сагст өргөгч техникийн бүрэн бүтэн байдлыг механик инженер хариуцна, хэрэв ажил олгогч өргөгч сагсны бүрэн бүтэн байдлыг хариуцагчыг тушаалаар томилсон бол тухайн албан тушаалтан сагст өргөгчийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв ийм албан тушаалтан байхгүй бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажил олгогч хариуцна. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 195-198-р хуудас/

 

Шүүгдэгч  Б.Отгонбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ... Манай ажилтан Очирсүх нь 2015 оны 08 сарын 27-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад гэрэлтүүлгийн өндөрийн шонгоос унаж нас барсан үед би ээлжийн амралттай байсан. Осол болсон үед нь хэргийн газар дээр нь очсон. Цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын ажилтнуудыг байлцуулан холбогдох ажиллагаанд хамт байсан. Талийгаач Т.Очирсүх нь 2015 оны 08 дугаар сарын 23-наас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд ажлаа тасалсан байсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа ирээд цахилгаанчин Орхонтуул, цахилгаанчин Алтан-Очир нартай эмнэлэгийн хажууд талын гэрэлт цамхагийн гэрэлтүүлгийг засварлах, цахилгаан гагнуурын ажил хийж үүрэг зааварчилгааг Ж.Отгонбаяраас аваад гарсан байсан. ... манай байгууллагад тийм орон тоо ерөөсөө байдаггүй. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны инженер гэсэн орон тоо байдаггүй. Харин миний ажлын байрны хуваарь тодорхойлолтонд ажлын байрны зааварчилгааг өгөх үүрэгтэй л байдаг. Харин манай байгууллагад дотоод ажил хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод ажилчдын аюулгүй ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагаанд зааварчилгааг өгнө гэсэн байдаг. ... манай гагнуурчин Очирсүх, цахилгаанчин Орхонтуул, Алтан-Очир гурав эмнэлэгийн хажууд талын гэрэлт цамхагийн гэрэлтүүлгийг засварлах, цахилгаан гагнуурын ажил хийх үүрэг зааварчилгаа авч аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилдаа гарсан байсан. ... Зайлшгүй шаардлагатай гагнуурчин, цахилгаанчин, жолооч нарт өөрсдөд нь өгдөг. ... миний өөрийн ажлын байрны тодорхойлолтонд удирдлагын чиг үүргийн хувьд мэдээж байгаа. Гэхдээ өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьж зааварчилгааг бичгээр буюу амаар өгдөг. Гэхдээ зааварчилгаа өгсөн даруйдаа хүмүүсээрээ биечлэн гарын үсэг зуруулан баталгаажуулдаг. Яг өдөр тутмын ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгааг манай дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонбаяр ажлын байрныхаа тодорхойлолтонд заагдсаныхаа дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч биечлэлтэнд нь хяналт тавьж ажилладаг. Байгууллагын удирдлагын хувьд миний ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийн хуваарьт ажилчдын ажиллах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй.гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-56-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тэмдэглэл  /хх-ийн 14 р хуудас/,

Ажлын байрны тодорхойлолтууд /хх-ийн 62-65 р хуудас/,

Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг тогтоосон акт /хх-ийн 71 р хуудас/,

Ажилчдад ажлын хувцас хэрэглэл  тараасан жагсаалт /хх-ийн 85 р хуудас/,

Гагнуурчны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 171 р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 201 р хуудас/

 

Шинжээч С.Баяраагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  .... хэрэг гарсан газар очиж ажиллах шаардлага байгаагүй. Хавтаст хэргийг уншиж танилцах явцад осол болсон үеийн нөхцөл байдал нотлох баримтаар бүрэн авагдсан байсан тул бидний зүгээснэмж материал авах шаардлагагүй байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-75-77/,

Шинжээч П.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:  .... эрүүгийн хэрэгт бидэнд хэрэг болохуйц бүх материал авагдсан байсан тул хэрэг гарсан газар очиж ажиллах шаардлага, бусад байгууллагаас материал авах шаардлага байгаагүй. .... гэсэн мэдүүлэг /2-р хх-78-79/,

Шинжээч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн:  .... хэрэг гарсан газар очиж ажиллах шаардлага байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан материал дүгнэлт гаргахад хангалттай байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-80-81/ зэрэг болно.

 

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Тохижилт-Сайншанд" хот тохижилтын уг газрын гагнуурчин ажилтай Тодгэрэлийн Очирсүх нь ажил үүрэг гүйцэтгэж байгаад шатнаас унаж нас барсан үйл явдалд Шүүгдэгч Б.Отгонбаярыг  уг газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогдуулан буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Отгонбаярыг Мөрдөн байцаалтын шатанд Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015.12.04-ний өдрийн дүгнэлтээр:  /хх-190 / Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт буюу өргөх, зөөх тээвэрлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн ч хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-200/, тээврийн хэрэгслийн эвдрэлээс үл хамааран осол гарсан талаар тодорхойлсон үйлдвэрийн осол, хурц хордлогыг тогтоосон акт / хх- 71/  гэрч Ж.Отгонбаяр, Т.Орхонтуул, Алтан-Очир нарын мэдүүлгүүдээр тээврийн хэрэгсэл нь хэвийн ажиллагаатай талаар тогтоосон байх тул шүүгдэгч Б.Отгонбаярыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэнд : ... хохирогч нь гэрэлт цамхагаас байнгын болгон бэхэлсэн зориулалтын бус шатнаас унасан гэж дүгнэсэн боловч шүүгдэгч б.Отгонбаяр нь уг шатыг хийж  гүйцэтгэх үүргийг өгсөн байдал нотлогдоогүй болно.

Мөн шинжээч Ч.Алтангэрэлийн гаргасан дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгч Б.Отгонбаярыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт , 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт , 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтуудыг заасан заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн ч хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох Гэрч Ж.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Очирсүх, Орхонтуул 2 гараад сүүлд нь Алтан-Очир дээшээ гарч хамгаалалтын бүсээ бэхлээд араас нь Очирсүх гарсан байдаг. Ер нь Алтан- Очирыг буусны дараа Очирсүх гарах ёстой байсан. Олс нь дээр гарсан хүн доороос өөрт хэрэгтэй юмаа татаж авахад зориулагдсан зүйл байгаа юм. Очирсүх олсыг гартаа бариад бэхэлсэн шатаар явж байгаад гэнэт татаж, орилон доошоо унасан гэж ярьдаг. Хамгаалалтын ганц бүс байдаг. Байгууллагын хэрэгцээнд хэрэглээд явдаг. Орхонтуулын олж ирсэн ганц бүс бий. Дээшээ 2, 3-уулаа гарах ёсгүй. Нэг л хүн гарах ёстой гэсэн мэдүүлэг, Шинжээч Ч.Алтангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...цахилгаанчны туслах ажилтан нь бүсээ зүүгээд олсоо мартсан байсан. Олуулаа гарч байгаа тохиолдолд нэг нь л хэрэглэдэг бүс байсан. Хот тохижилтын газар осол гарахаас өмнө сургалт зохион байгуулсан зүйл байхгүй байсан. Хамгаалалтын ганц бүс байдаг. Байгууллагын хэрэгцээнд хэрэглээд явдаг. Сургалтаар ерөнхий мэдлэгийг олж авдаг бол, зааварчилгаагаар тухайн ажлыг өдөр тутамд хэрхэн хийх талаарх мэдлэгийг олгож байдаг юм  Өдөр тутмын зааварчилгааг авдаг хүн илүү мэдэгдэхүүнтэй байна гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Алтан-Очирын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би өглөө 09 цагт Орхонтуул, Очирсүх нарын хамтаар мэргэжилтэн Ж.Отгонбаяраас аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад ажилдаа гарсан. Би гэрэлт цамхаг дээр гарчихсан ажпаа хийж Өглөө ажилд гарахад хамгаалах бүс 1 ширхэг байсан ба тэрийг нь би дээр гэрэлт цамхаг дээр гарахдаа хэрэглэж байсан. Гэрлийн шил солих болоод ламп авах гээд эргээд хартал талийгаач доошоо унасан. Унахдаа гар нь цээжиндээ татагдаад , царай нь сонин болоод л шууд уначихсан. Надад ламп өгөхөөс гадна гагнуурын ажлыг хийхэд хэр төмөр орохыг харах гэж дээшээ гарсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: .... Ажлын байранд үүрэг чиглэл өгөх шууд удирдах эрх бүхий дээд шатны албан тушаалтан нь дотоод ажил хариуцсан мэргэжилтэн миний өнөөдрийн эрхэлж байгаа ажил юм. ... Хөдөлмөр хамгааллын хувцас, гутал, ажлын хувцас, бээлий, маск, олгогдсон байсан. Манай байгууллагын хэмжээнд аюулгүй бэхэлгээний бүс нэг ширхэг л байдаг. Түүнийг гэрэлтүүлэг янзлах гэж дээшээ гарсан хүн нь хамгаалах бүсээ зүүдэг юм. 2010 оноос хойш миний ажил үүргийг хуваарьт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт ажилчдад өдөр тутам өгч байх гэсэн заалт оруулсан учир үүний дагуу өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг болсон гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Орхонтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагт Аптан-Очир, Очирсүх бид 3 аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад гарын үсэг зурж баталгаажуулаад Нэгдсэн эмнэлэгийн хажуу талын өндөр цамхагт гэрэлтүүлгийг янзлах талаар үүрэг аваад гарсан. Очирсүхийг дээшээ гарахаас өмнө чи станцаа аваад гар доороос сонсогдохгүй гэхэд Очирсүх станцаа араг дээр тавьчихъя сайн сонсогдож байна гэсэн. ...Алтан-Очир аюулгүйн бүсээ зүүгээд дээшээ гарсан. Очирсүхэд бүс байхгүй болохоор олсоор өөрийгөө бэхлэх ёстой байсан. ... Очирсүх арагнаас гарч дээшээ гарсан. Арагнаас гарч Очирсүх дээшээ цамхагт гэрэлд дүүжлээстэй шатаар авирсан. Арагнаас гараад 2 метр хэртэй дээш шатаар авирч байхад би машинаас буугаад машины зүүн талд сүүдэрт нь зогсох гээд буутал Алтан-Очир хашхирсан. Би дээшээ харахад Очирсүх араг руу цохигдож машины баруун тал руу унасан.гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Отгонбаярын өгсөн: ... манай байгууллагад дотоод ажил хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод ажилчдын аюулгүй ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагаанд зааварчилгааг өгнө гэсэн байдаг. ... Манай гагнуурчин Очирсүх, цахилгаанчин Орхонтуул, Алтан-Очир гурав эмнэлэгийн хажууд талын гэрэлт цамхагийн гэрэлтүүлгийг засварлах, цахилгаан гагнуурын ажил хийх үүрэг зааварчилгаа авч аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилдаа гарсан байсан гэсэн мэдүүлэг, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тэмдэглэл, Ажлын байрны тодорхойлолтууд, Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг тогтоосон акт, Ажилчдад ажлын хувцас хэрэглэл  тараасан жагсаалт, Гагнуурчны хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Отгонбаяр нь албан үүргийн хувьд өндөрт ажиллахад хэрэглэгдэх хамгаалалтын бүс, хамгаалалтын малгай зэргээр өндөрт гарах шаардлагатай үүрэг бүхий ажилтанг хангасан, өндөрт нэг бүсийг дундаа хэрэглэх зориулалтаар ажил үүрэг өгч байгаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг хийж байгаагүй ч ажилтан нарт хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг тогтмол өгч баримтжуулдаг зэрэг ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх ажлыг хийж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Отгонбаярыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 метр урттай, 1.5 см диаметртэй цагаан өнгийн олс 1 ширхэгийг “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.4 дэх хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь;

 

           1.Шүүгдэгч Б.От аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасугай.

 

           2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

           3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  25 метр урттай, 1.5 см диаметртэй цагаан өнгийн олс 1 ширхэгийг “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүйд тооцсугай.

 

           5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Энэхүү цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Х.ГАНБОЛД