Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1940

 

Л.Хүрэлхадын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                                               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Хүрэлхадын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Хүрэлхад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

           

Нэхэмжлэгч Л.Хүрэлхадын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр над руу О.Мягмарсүрэн яриад "та яг одоо ирж уулз" гэж хэлсэн. Би тухайн үед “3 хоногийн акттай байгаа, боломжоороо ажил хийж явж байгаад сүүлдээ эмчилгээ хийлгүүлэхгүй бол болохгүй байна” гэж байгууллагадаа хэлээд явсан. Тэгээд би 18 цагийн үед ажил дээр очиход шууд ажлаас халсан тухай тушаалыг гардуулж өгсөн. Уг тушаал дээр шалтгаан үндэслэлээ бичсэн байгаа, асууж тодруулах зүйл байвал надаас асууж болно гэж хэлсэн Тэгээд хуулийн хугацаанд 30 хоногийн дотор өргөдөл өгсөн. Уг гаргасан тушаалыг хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд хандсан. Иймээс ажилдаа орох хүртэл хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, ажиллаж байсан хугацааны цалинг хуулийн дагуу гаргуулах хүсэлттэй байна. Би 108 дугаар утсыг хариуцаж ажилладаг байсан. Би тухайн үед байнга комьпютерийг нээлттэй орхидог байсан боловч манай байгууллагын шинээр орсон ажилтнууд янз бүрийн хүмүүс байдаг учраас нэвтэрдэг нууц үг хийсэн. Надаас асуух болгонд би хэлж өгдөг байсан. Өмнө хэлсэн нууц үгээ мартсан гэж дахин залгаж асуудаг байсан. Харин нэг удаа гадуур ажлаар явж байхад утсаа авч чадаагүй байсан. Түүнээс бусад тохиолдолд байнга утсаа авдаг. Энэ талаар 108-ын ажилтнууд бүгд мэдэж байгаа.   108-ын бүртгэлийн ажлыг ганцаараа хийж байсан. Энэ байгүуллагад хамгаалалтын 3, 4 хүн ажилладаг боловч эдгээр хүмүүс нь нэг ч туслаагүй, 108 бүртгэлийн сайтад бүх хүүхдүүдийн нэрсийг шивж, 2016 онд дуусгаж байсан. Би тухайн үед намын ажлаар нэг ч удаа явж байгаагүй. Харин 2016 оны 10 сарын намар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн. Гэрчээр оролцуулах гэж байгаа Б.Жүгдэрбарам нь өрх толгойлсон, 2 хүүтэй, хоёулаа ажилгүй, 1 зээтэйгээ хамт амьдардаг. Миний харьяанд амьдардаг 5 хуүхэд байдаг байсан. Тэр 5 хүүхдүүдэд хүүхдийн хувцас өгнө гэж байсан боловч размер нь таарахгүй багадсан. Тэгээд уг гутал, хувцаснууд нь багадсан, том размер байгаа юу гэж нярав болон нягтлан нараас асуухад “би сольж болохгүй н.Батдорж болон н.Энхжаргалд хэл” гэж хэлсэн ба ганц хувцас үлдсэн. Тэгээд би н.Саранчулуунд “та нар бүх хүүхдүүдэд өгөх ёстой хувцасаа өгсөн, нэг хүүхдэд ч гэсэн энэ үлдэгдэл 1 ширхэг куртикийг өгье” гэж хэлсэн. Үүнээс хойш бүтэн жил хүлээсэн. Тиймээс хамгийн суүлд халуун сэтгэл аянаар хөгжлийн танхимаас зохион байгуулан цугларсан жаахан гурил, будаатай хамт Д.Жүгдэрбарамын зээ хүүхдэд нь өгсөн. Нэгийг нь н.Ариунмөнх гэдэг хөгжлийн бэрхшээлтэй залууд гардуулж өгсөн. Тухайн үед өгөх ёстой гутал, куртикээ өгч чадаагүй, нэг хүүхэд л куртикийг албан ёсоор авсан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Хүрэлхадын ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч удаа дараа ажил хаяж явсан, араас нь утасдаад огт утсаа авдаггүй байсан. Намын ажил хийж, жагсаал цуглаанд оролцож байгаа гэсэн гэж манай ажилтнууд ярьж байсан. Мөн манай байгууллага дүүргийн шугамаар эмнэлэгтэй холбоотой ажилладаг. Уг эмнэлгээс утсаар асууж тодруулах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч өвдсөн шалтгаанаа хэлэхгүй, өрхийн эмнэлэгт нэхэмжлэгч өвчтэй байгаа гэж хэлээд хэдэн өдөр ажлаа удаа дараа хаяж явсан. Мөн хүнд өвчтэй аавыгаа сахиж байгаа гэж хэлсэн. Тэгээд үнэхээр хүнд өвчтэй байгаа бол энэ талаар бичгээ авчирж өг, дотоод журамд заасны дагуу байгууллагаас 3 хоног хүртэл цалинтай чөлөө олгож болно гэж хэлж байсан. Гэтэл энэ талаар ямар ч баримтыг авч ирээгүй. Манайд хүүхдийн яаралтай тусламжийн утас буюу 108 гэсэн дугаар байдаг. Уг мэдээллийг хүүхэд хамгааллын шуурхай албыг хариуцсан мэргэжилтэн Л.Хүрэлхад хариуцдаг байсан. Тэрхүү мэдээллийг авах гэхээр компьютер нь нууц кодтой байсан ба түүнийг хэлэхгүй хэдэн өдөр алга болсон. Яаралтай тусламж ирэхээр үзэж, харах боломжгүй, Л.Хүрэлхадаас нууц кодыг асууж, нээгээд өг гэхээр "миний юманд та нар халдах эрхгүй" гээд хэлж өгөхгүй, алга болсон. Шаардлагатай гэвэл бичлэг сонсож болно. Би “танд ямар нөхцөл байдал үүссэн бэ, та боломжтой бол ажлын цаг дуусахаас өмнө ирж уулз” гэж хэлэхэд ажлын цаг дуусахаас өмнө буюу 17 цагт ирээд “өвчтэй байхад заавал дуудах шаардлага байсан уу” гэж хэлсэн. Тиймээс ажлаас халах тушаал гаргасан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дах хэсэгт зааснаар Л.Хүрэлхадыг Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн /хуучнаар/ Хүүхдийн шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 4 633 970 төгрөгийг гаргуулж Л.Хүрэлхадад олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,   хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 89 093 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хөдөлмөрийн тухай хуулийн 10.1.1, 40.5 заалтад заасны дагуу тус албанаас 1 сарын дараа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс чөлөөлөгдөж байгааг 2017 оны 01 дүгээр сард мэдэгдэх хуудсанд тусгасан байна. ХУД-ийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/1 ажил солих тушаал нь Л.Хүрэлхадыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтад заасны дагуу ажлаас чөлөөлөх тушаал биш сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэл хүргүүлснээс сахилгын зөрчил ногдуулахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй.

ХУД-ийн Засаг даргын А/11 захирамжийн 2 дугаарт үүрэг болгосон ажил хийгдээгүй шинээр батлагдсан ГБХЗХ хэлтэстэй ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг ахин байгуулаагүй болохоор шүүх А/11 захирамжийн хэрэгжилт эхлэхээс өмнө ажилтныг ажлаас халсан байдлыг үззхэд тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь бүрэн эрхээ гүйцэтгээгүй нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ. ХУД-ийн Засаг даргын А/12 захирамжийн 2 дах заалт бол тухайн ГБХЗХ хэлтсийн бүтэц зохион байгуулалт орон тоотой холбоотой ажилтнуудыг шинээр томилох үүргийн тухай зааж өгсөн. ХУД-ийн ГБХЗХХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн бүрэн эрх нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/324 тушаал гарч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХГБХ төвийн даргаас ажлыг хүлээн авч бүрэн эрхээ хэрэгжүулж эхэлсэн. Тухайн ХГБХ төв нь татан буугдаагүй, хэрэгжүүлж буй чиг уүрэг нь өөр байгууллагатай нэгтгэгдээгүй зөвхөн нэр, орон тоо бүтцэд ХУД-ийн Засаг даргын А/14 захирамжаар өөрчлөлт орсон. Эндээс үзвэл ГБХЗХ хэлтсийн нэршил өөрчлөгдсөн нь шинээр томилогдож буй хэлтсийн даргын бүрэн эрхийг хязгаарласан хууль дүрэм журам байхгүй. Л.Хүрэлхад ХГБХТөвийн бүтэц орон тоонд удаа дараа өөрчлөгдөж байсантай холбоотой 2015 оны 02 дугаар сарын 09, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмерийн гэрээ байгуулагдсан. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Л.Хүрэлхад нь 2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 01 дүгээр сарын 25- 27-ны хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан. Энэ нь хариуцлагатай жижүүрийн дэвтэр болон цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа, Мөн Б/01 тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээний 7.2.3 заасныг үндэслэл болгоогүй байна гэж шүүх шйидвэрлэсэнд гомдолтой байна. Л.Хүрэлхадын үйлдэл нь сахилгын зөрчил хүлээлгэх үндэслэл биш юм. Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан байгууллагаас гарсан журмыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг биелүүлээгүй байгууллагын дотоод журмын дагуу зохицуулж өгсөн. Ийм учраас удаа дараа зөрчил гаргасан Л.Хүрэлхадыг ажлаас халсан нь буруу гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Хүрэлхад нь хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж маргажээ.

 

Л.Хүрэлхад Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн захирлын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/3 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалаар Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 6 сарын хугацаатай томилогдон, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан Хүүхдийн шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх.70-74, 101/

 

Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Л.Хүрэлхадыг Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.3/

 

Нэхэмжлэгч Л.Хүрэлхадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 тоот тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3,  Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.4, 8.7.6, 8.7.9, 8.7.11, 10.13 дах заалтуудыг үндэслэсэн ба ажилтан Л.Хүрэлхад нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байрнаас эд хөрөнгө зохих зөвшөөрөлгүй гаргасан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагад мэргэжил нь тохирохгүй” гэжээ.

 

Тус хэлтсээс Л.Хүрэлхадад хүргүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот мэдэгдэх хуудсанд "Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтот бүлгийн хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн" орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу тус албанаас 1 сарын дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс чөлөөлөгдөх болсныг мэдэгдэж байна” гэжээ.

 

Гэхдээ Л.Хүрэлхадыг ажлаас халах тухай ажил олгогчийн тушаал нь өөр үндэслэлээр гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3-т "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг жилд 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал ... ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор" заасан байх бөгөөд нэхэмжлэгч Л.Хүрэлхад нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд ажлын 3 өдөр ажилдаа ирээгүй ба хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эмнэлгийн магадлагаатай байхад хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тушаал гаргаж ажлаас халж байгаа нь дээрх хөдөлмөрийн гэрээний заалтад нийцэхгүй байна.

 

Хэргийн 15, 85-88 дугаар талд авагдсан нотлох баримтаас үзэхэд ажилтны өвчтэй байсан талаарх эмнэлгийн магадлагаа хуурамч болох нь баримтаар нотлогдоогүй, эмнэлэгт үзүүлсэн болон магадлагааны бүртгэлд түүний нэр бичигдээгүйн шалтгаан тодорхой бус байхад үүнд ажилтныг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн ажилтныг ажлаас халах болсон тушаалд заасан бусад үндэслэл болох ажлын байрнаас эд хөрөнгө гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон шунахай сэдэлтээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан гэж үзэхээргүй байх бөгөөд энэ нь  тогтоогдоогүй байна. Ажил олгогч нь Л.Хүрэлхадыг анх ажилд томилохдоо мэргэжлийн бус гэж шалгуур тавиагүй атлаа ажлаас халах тушаалдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагад мэргэжил нь тохирохгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэхгүй юм.    

 

Ажил олгогч нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажилтныг ажлаас халсан боловч уг өдрийг ажил тасалсан гэж үзэж, “3 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил”д тооцож буй нь учир дутагдалтай.

 

Анхан шатны шүүхээс хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 дүгээр захирамжид нийцүүлээгүй талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн гэж үзнэ. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ

  

                                      ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                      

                                                                                                 Б.НАРМАНДАХ