Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/01538

 

2017 оны 06 сарын 28 өдөр        Дугаар 183/ШШ2017/01538                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 3 дугаар байрны 38 тоотод оршин суух, Монгол овогт Лхагважавын Хүрэлхад /РД: ЧР70010766/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармаг, Хан-Уул дүүрэг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдох,

ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Хүрэлхад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, гэрч Д.Жүгдэрбарам, Х.Саранчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хүрэлхад шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2017 оны 01 дүгээр сарын 27-ны үдээс хойш 17 цаг 30 минутад ажил дээр очихоос өмнө над руу О.Мягмарсүрэн “та яг одоо ирж уулз” гэж хэлсэн. Би тухайн үед 3 хоногийн акттай байгаа, боломжоороо ажил хийж явж байгаад сүүлдээ эмчилгээ хийлгүүлэхгүй бол болохгүй байна гэж байгууллагадаа хэлээд явсан. Утсаар ярихдаа нилээд ууртай ярьж байсан, тиймээс би 18 цагийн хооронд ажил дээр очиход шууд ажлаас халсан тухай тушаалыг гардуулж өгсөн.  Уг тушаал дээр шалтгаан үндэслэлээ бичсэн байгаа, асууж тодруулах зүйл байвал надаас асууж болно гэж хэлсэн. Тэгээд хуулийн хугацаанд 30 хоногийн дотор өргөдөл өгсөн. Уг гаргасан тушаалыг хүчингүй, хууль зөрчсөн гэж үзээд хуулийн байгууллагад хандсан байгаа. Иймээс ажилдаа орох хүртэл хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх, ажиллаж байсан хугацааны цалинг хуулийн дагуу гаргуулах хүсэлттэй байна. Би 108 дугаар утсыг хариуцаж ажилладаг байсан. Би тухайн үед байнга комьпютерийг нээлттэй орхидог байсан боловч манай байгууллагын шинээр орсон ажилтнуудаас чадвартай, чадваргүй янз бүрийн хүмүүс байдаг учраас нэвтэрдэг нууц үг хийсэн байдаг. Надаас асуух болгонд би хэлээд өгдөг байсан. Өмнө хэлсэн нууц үгээ мартсан гэж дахин залгаж асуудаг байсан. Харин нэг удаа гадуур ажлаар явж байхад утсаа авч чадаагүй байсан. Түүнээс бусад тохиолдолд байнга утсаа авдаг байсан. Энэ талаар 108-ын ажилтнууд бүгд мэдэж байгаа. 108-ын бүртгэлийг ажлыг ганцаараа хийж байсан. Энэ байгууллагад хамгаалалтын 3, 4 хүн ажилладаг байсан боловч эдгээр хүмүүс нь нэг ч туслаагүй. 108 бүртгэлийн сайтад бүх хүүхдүүдийн нэрсийг шивэж, 2016 онд дуусгаж байсан. Дээр нь намын ажлын талаар ярьж байна. Би тухайн  үед намын ажлаар нэг ч удаа явж, ажиллаж байгаагүй. Харин 2016 оны 10 сард намар дүүргийн иргэдийн төлөөлөгчидийн хуралд нэр дэвшсэн байгаа. Гэрчээр оролцуулах гэж байгаа Б.Жүгдэрбарам нь өрх толгойлсон, 2 хүүтэй, хоёулаа ажилгүй, 1 зээтэйгээ хамт амьдардаг. Тиймээс жилийн өмнө нэг гутал болон шинэ дарга ирэхээс өмнө манайх нь куртик худалдаж авсан байгаа. Миний харьяанд амьдардаг 5 хүүхэд байдаг байсан. Тэр 5 хүүхдүүдэд   хүүхдийн хувцас өгнө гэж байсан боловч размер нь таарахгүй багадсан. Тэгээд уг гутал, хувцасуудыг багадсан, том размер нь байгаа юу гэж нярав болон нягтлан н.Саранчулуун нараас асууж хэлэхэд би сольж болохгүй н.Батдорж болон н.Энхжаргалд хэл гэж хэлсээр байж ганцхан хувцас үлдсэн. Тэгэхээр нь би н.Саранчулуунд  та нар бүх хүүхдүүдэд өгөх ёстой хувцасаа өгсөн, нэг хүүхэд ч гэсэн энэ үлдэгдэл 1 ширхэг куртикийг өгье гэж албан ёсоор хэлсэн. Үүнээс хойш бүтэн жил хүлээсэн. Тэгээд размерийг сольж чадаагүй гэж хэлээд яваад байсан. Тиймээс хамгийн сүүлд халуун сэтгэл аянаар хөгжлийн танхимаас зохион байгуулан цугларсан жаахан гурил, будаатай хамт Д.Жүгдэрбарамын зээ хүүхдэд нь өгсөн. Нэг нь н.Ариунмөнх гэсэн хөгжлийн бэрхшээлтэй залууд гардуулж өгсөн. Тухайн үед өгөх ёстой гутал, куртикээ өгч чадаагүй, ганцхан нэг хүүхэд л куртикийг албан ёсоор хүчээр авч өгсөн. Яагаад гэвэл өгөхгүй байсан болохоор гэв.      

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч Л.Хүрэлхадын ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө удаа дараа ажил хаяж явдаг, араас нь утасдаад ерөөсөө утсаа авдаггүй, дотоод хэргийн ажилтан болон хамгаалалтын албаны ахлах залгахад мөн адил утсаа авахгүй байсан. Намын ажил хийж, жагсаал цуглаанд оролцож байгаа гэсэн гэж манай ажилтанууд ярьж байсан. Мөн манай байгууллага дүүргийн шугамаар эмнэлэгтэй холбоотой ажилладаг. Уг эмнэлэгээс утсаар асууж тодруулах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч өвдсөн шалтгаанаа хэлэхгүй, өрхийн эмнэлэг нэхэмжлэгч өвчтэй байгаа гэж хэлээд хэдэн өдөр ажлаа удаа дараа хаяж явсан. Мөн хүнд өвчтэй аавыгаа сахиж байгаа гэж хэлсэн. Тэгээд үнэхээр хүнд өвчтэй байгаа бол энэ талаар бичгээ  авчирж өг, дотоод журамд заасны дагуу байгууллагаас 3 хоног хүртэл цалинтай чөлөө олгож болно гэж хэлж байсан. Гэтэл энэ талаар ямар ч баримтыг авч ирээгүй. Манайд хүүхдийн яаралтай тусламжийн утас буюу 108 гэсэн дугаар байдаг. Уг мэдээлэлийг хүүхэд хамгаалалын шуурхай албыг хариуцсан мэргэжилтэн Л.Хүрэлхад хариуцдаг байсан. Тэрхүү мэдээлэлийг авах гэхээр компьютер нь нууц кодтой байсан ба түүнийг хэлэхгүй хэдэн өдөр алга болсон. Яаралтай тусламж ирэхээр үзэж, харах боломжгүй, Л.Хүрэлхадаас нууц кодыг асууж, нээгээд өг гэхээр “миний юманд та нар халдах эрхгүй” гээд хэлж өгөхгүй, алга болдог. Тэгээд 05 сарын 17-ны өдөр 5 дахь өдөр орой та ингээд 3 хоног ажил тасалсан гэх зэргээр ярьсан байгаа. Уг ярьсан бид хоёрын яриа диктафонд бичигдсэн байгаа. Манайх хурал болгон дээр бичиж авдаг байсан. Шаардлагатай гэвэл түүнийг сонсож болно. Би тухайн үед ширүүн дуу гаргаад ярьж байгаагүй, танд ямар нөхцөл байдал үүссэн бэ, та боломжтой бол ажлын цаг дуусахаас өмнө ирж уулз гэж хэлэхээр ажлын цаг дуусахаас өмнө буюу 17 цаг гээд ирээд өвчтэй байхад заавал дуудах шаардлага байсан уу гэж хэлсэн.  Тиймээс ажлаас халах тушаал гаргасан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

        

Хан-Уул дүүрэг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Л.Хүрэлхадын нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн захирлын 2013.05.13-ны өдрийн Б/3 тоот “Ажилд түр томилох тухай” тушаалаар Л.Хүрэлхадыг 2013.05.01-ний өдрөөс Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр 6 сарын хугцаатай түр томилсон байх бөгөөд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төвтэй 2015.02.09-ний өдөр,  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвтэй 2016.01.27-ны өдөр тус тус байгуулсан  2 хөдөлмөрийн гэрээ авагдсан байна.

Дээрх 2 хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч Л.Хүрэлхадын эрхлэх ажил, албан тушаалын нэр болон ажиллах нэгж, хэсгийг тодорхой нэрлэн заасан, харин ажил олгогч нь өөр нэршилтэй байх бөгөөд  Хүүхэд, гэр бүлийн  хөгжлийн төвтэй байгуулсан 2016.01.27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Хүүхдийн  шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэж үзнэ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017.01.27-ны өдрийн Б/01 тоот “Ажлаас халах тухай” тушаалаар Л.Хүрэлхадыг тус хэлтэсийн Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажлаас халсан байх бөгөөд тушаалын үндэслэлдээ “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын байрнаас эд хөрөнгө зохих зөвшөөрөлгүй гаргасан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагад мэргэжил нь тохирохгүй” гэж дурджээ.

Тус хэлтэсээс Л.Хүрэлхадад хүргүүлсэн 2017.01.19-ний өдрийн 01 тоот мэдэгдэх хуудсанд “Хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээ, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилтот бүлгийн хүүхдийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн” орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу тус албанаас 1 сарын дараа буюу 2017.02.17-ны өдрөөс чөлөөлөгдөх болсоныг мэдэгдэж буйгаа тусгасан байна. 

Дээрх байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдсэн атлаа 2017.01.27-ны өдрийн Б/01 тоот “Ажлаас халах тухай” тушаалыг өөр үндэслэлээр  гаргасан нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн хуулийн зохих зүйл, заалтад нийцээгүй байна.

Монгол улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016.12.26-ны өдрийн Б/324 дүгээр тушаалаар  Хан-Уул дүүрэг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Мягмарсүрэнг томилсон, Нийслэлийн Засаг даргын 2016.11.23-ны өдрийн “Дүүргийн ЗДТГ-ын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай” А/832 дугаар захирамж болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016.12.23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай”  А/486 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсийг Дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар тогтоосон байна.

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017.01.17-ны өдрийн “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай”  А/11 дүгээр захирамжаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучудын хөгжлийн хэлтсийн бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталж, батлагдсан орон тоонд багтаан албан хаагчдыг томилж, чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн гаргаж, өдөр тутмын удирдлага, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /О.Мягмарсүрэн/-д үүрэг болгож, энэхүү захирамжийг 2017.02.16-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхийг захирамжилсан байна.

        

         Шүүх хуралдааны явцад Хан-Уул дүүргийн Засаг даргын А/11 дүгээр захирамжийн 2-т үүрэг болгосон ажил хийгдээгүй, шинээр батлагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй ажилтануудын хөдөлмөрийн гэрээг  шинэчлэн байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, А/11 дүгээр захирамжийн хэрэгжилт эхлэхээс өмнө ажилтныг ажлаас халсан байдлаас үзэхэд тус хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлээгүй байна гэж дүгнэлээ.

 

 

         Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017.01.27-ны өдрийн Б/01 тоот “Ажлаас халах тухай” тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардана.

Хүүхэд, гэр бүлийн  хөгжлийн төвтэй байгуулсан 2016.01.27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2017.01.19-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2017.01.27-ны өдрийн ажлаас халсан тушаал зэрэгт Л.Хүрэлхадын эрхлэх ажил, албан тушаалын нэр өөр өөрөөр тусгагдсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан гэсэн үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг нэхэмжлэгч хүссэн тул 2016.01.27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу Хүүхдийн  шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн 2016 оны 11, 12, 2017 оны 1 сарын цалингийн дундажыг 926 794 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2017.01.27-ноос 2017.06.27-ныг хүртэл 5 сараар тооцож, ажилгүй байсан үеийн олговорт нийтдээ 4 633 970 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Л.Хүрэлхадад олгохоор шийдэв.

Л.Хүрэлхадыг ажлаас халсан тушаалд заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” зөрчлийг талууд тохирсон гэх хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтыг тушаалд үндэслэл болгоогүй, “ажлын байрнаас эд хөрөнгө зохих зөвшөөрөлгүй гаргасан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагад мэргэжил нь тохирохгүй” гэх тохиолдолыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь  буруу байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

   Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 89 093 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхрын  тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Хүрэлхадыг Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн /хуучнаар/ Хүүхдийн  шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 4 633 970 төгрөгийг гаргуулж Л.Хүрэлхадад олгож, нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч  Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 89 093 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ