Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00624

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03392 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Э-

          Хариуцагч: “..., технологийн коллеж” ХХК-д холбогдох

          19,970,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Талууд 2011 оноос эхлэн БГД-ийн ...-р хороо, ... тоот байрыг түрээслүүлэхээр тохиролцож 2 удаа түрээсийн гэрээ байгуулсан. 2011-8-17-ны өдөр эхний гэрээ дуусгавар болж, сард 2,870,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцож 2 жилийн хугацаатай 13/47 тоот түрээсийн гэрээг 2013-8-20-ны өдөр байгуулсан. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөөгүй бөгөөд байрыг 2015-11-16-ны өдөр хүлээлгэн өгсөн. 28,623,667 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Уг төлбөрийг график гарган төлж, хэрэглэсэн дулаан, ус, тогны төлбөрийг төлөх тухай 2015-11-16-ны өдрийн 15/111 тоот албан бичгээр сар бүр 4,770,611 төгрөгийг төлөх тухай хүсэлт ирүүлсэн. Графикийн дагуу төлөлт хийгдээгүй.Иймд үлдэгдэл 19,182,457 төгрөг, дулааны төлөөгүй төлбөр 788,000 төгрөг, нийт 19,970,457 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2011 онд тухайн объектыг худалдан авах зорилготой нэхэмжлэгчтэй харилцаж байсан. Н.Э- үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нь АНУ-д амьдардаг тул зөвшөөрөл авч худалдах тул үүнээс өмнө нь нүүж ороод тодорхой хэмжээний төлбөр төлж бай, худалдахдаа төлбөрийг нь суутгаад авна гэж хэлсэн. Н.Э- 300-350 сая төгрөгөөр байраа зарах гэж байгаа талаар ойрын хүмүүс ярьж байсан. Бид Н.Э-гийн бэлдсэн гэрээнд гарын үсэг зурж байрандаа ороод сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлсөн. Тухайн үед үйл ажиллагаа явуулах байргүй байсан тул байрыг худалдаж авах боломжтой гэж бодсон. Тухайн үед сургуулийн үйл ажиллагаа явуулахад бэлэн байгаагүй тул засч ашиглаж байсан. Төлбөр төлөх боломжгүй тул 2014-11-01-ний өдрөөс эхлэн БГД-ийн 5-р хороонд байрлах “Хера холдинг” ХХК-ийн байр руу нүүсэн. Н.Э- байраа хүлээж авахгүй байсан учир хөөцөлдөж байж хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бус юм. Хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас авсан, өгсөн зүйлээ буцаах үүрэг үүсэхээс биш түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 102/ШШ2018/03392 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “..., технологийн коллеж” ХХК-с 19,970,457 төгрөгийг гаргуулан Н.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,810 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 102/ШШ2018/03392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.

 

       Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 19,182,457 төгрөг, дулааны үлдэгдэл төлөөгүй байсан төлбөр 788,000 төгрөг, нийт 19,970,457 төгрөг нэхсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаас хальж, 2105-11-15-ны өдөр хүлээлгэн өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Хэрэв үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж шаардлагаа өөрчилсөн бол хариуцагчийн мэтгэлцэх байр суурь өөрчлөгдөж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар болон татгалзлаа нотлох баримтын хамт гаргаж шийдвэрлүүлэх байсан. Гэтэл талууд гэрээний үүргийн талаар маргалдаж, мэтгэлцэж байгааг шүүх анхааран үзэж, нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэхгүйгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шийдвэрлэж байгаа нь хариуцагчийг шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх боломжоор хангаж өгөөгүй гэж гомдож байна. Учир нь хариуцагч тал удаа дараа нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ИХ-ийн 492-р зүйл буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн үүргийн дагуу нэхэмжлэх юм бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор тайлбар, татгалзал, няцаалтаа өөрөөр гаргаж болно гэдгийг хэлсээр байгааг шүүх анхааран үзэхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх ИХ-ийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасныг баримтлан хариуцагчаас 19,970,457 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ИХ-ийн 492.1.1-д “...уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалтаас үзэхэд бусдын өмчлөлд шилжүүлсэн хөрөнгөө шаардах эрхтэй гэж ойлгогдох бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас 19,970,457 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь гаргуулан шийдвэрлэсэн нь түрээсийн төлбөрийг дээрх хуулийн заалтыг баримтлан олгож байна гэж үзэхээр байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авч эзэмшсэн хөрөнгийг буцаан түүний өмчлөлд шилжүүлсэн учраас үүрэг дуусгавар болсон өөр үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

         Н.Э- 2018-09-07-ны өдөр “..., технологийн коллеж” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 19,970,457 төгрөг шаардахдаа “... түрээсийн гэрээ байгуулж, хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг хариуцагч 2015-11-16-ны өдөр хүртэл ашигласан... 2015-11-16-ны өдрийн байдлаар 28,623,667 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байсан ба түүнээс хойш 9,441,210 төгрөг төлсөн тул үлдэгдэл 19,182,457 төгрөгийг ашигласан хугацааны дулааны үлдэгдэл төлбөр 788,000 төгрөгийн хамт гаргуулна...” гэжээ. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байна... эд хөрөнгийг 2014-11-01-ний өдрөөс хойш ашиглаагүй... байрыг хүлээж авахгүй байж байгаад 2015-11-16-ны өдөр авсан тул ашиглаагүй хугацааны түрээсийн мөнгө төлөхгүй ...” гэж маргасан байна.

       Анхан шатны шүүх хариуцагчаас 19,970,457 төгрөг гаргуулж Н.Э-д олгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Н.Э- Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Амарсанаагийн ... тоот хаягт байрлах 475 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Цолмонгийн хамт өмчилдөг болох нь нотлогдож байна.

        Дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг “..., технологийн коллеж” ХХК нь 2011-08-17-ны өдрийн болон 2013-08-20-ны өдрийн түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан нь   тогтоогджээ.  

        Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

       Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, Амарсанаагийн ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх тухай дээр дурдсан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт нийцжээ.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус тул түрээсийн төлбөрийг Н.Э- шаардах эрхгүй юм.

     Эд хөрөнгийг хариуцагч 2015-11-16-ны өдөр хүртэл эзэмшилдээ байлгасан нь “..., технологийн коллеж” ХХК-ийн 2015-11-13-ны өдрийн 15/110 дугаар бүхий албан бичиг, 2015-11-16-ны өдрийн байр хүлээлцсэн актаар нотлогдсон байна.

    “..., технологийн коллеж” ХХК нь Н.Э-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оноос 2015-11-16-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу эзэмшин, ашиглаж байсан нь тогтоогдсон тул хариуцагч энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж хөрөнгөжсөн гэж үзнэ.

     Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03392 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 257,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ