Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 3392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 62 дугаар байрны 10 тоотод оршин суух, Нансал овогт Нансалын Энхтуяа /РД:ХГ56010169/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 10 тоотод байрлах Барилга, технологийн коллеж-д холбогдох,

 

19,970,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюундарь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Барилга технологийн коллеж, Н.Энхтуяа нар нь 2011 оноос эхлэн Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж 4а тоот байрыг түрээслүүлэхээр харилцан тохиролцож 2 удаагийн түрээсийн гэрээ хийсэн. Эхний гэрээ нь 2011 оны 08-р сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Ингээд 2013 оны 08-р сарын 20-ны өдөр 13/47 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан 1 сарын төлбөрт 2,870,000 төгрөгийнтөлбөр төлөхөөр харилцан тохиролцож гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Гэвч хариуцагч нар түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд байрыг 2015 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээлгэн өгч, түрээсийн үлдэгдэл төлбөрт 28,623,667 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Тус төлбөрийг график гарган төлж, мөн хэрэглэсэн дулаан, ус тогны төлбөрийг төлж барагдуулах тухай 2015 оны 11-р сарын 16-ны өдрийн 15/111 дугаар албан бичгээр сар бүр 4,770,611 төгрөгийг төлөхөөр хүсэлт ирүүлсэн. Графикийн дагуу төлөлт хийгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 19,182,457 төгрөгийн үлдэгдэл мөн дулааны төлбөр төлөөгүй байсан үлдэгдэл төлбөрт 788,000 төгрөг нийт 19,970,457 төгрөгийг хариуцагч Барилга технологийн коллеж-оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд нэхэмжлэгч Н.Энхтуяатай энэ харилцааг үүсгэхдээ тухайн объектыг худалдаж авах зорилготой байсан. Н.Энхтуяа байраа зарахдаа үл хөдлөх хөрөнгө хамтран өмчилж байгаа хүн маань АНУ-д амьдардаг, зөвшөөрлийг нь авч танай сургуульд худалдаж болно. Түүнээс өмнө та нар нүүж ороод тодорхой хэмжээний төлбөр төлөөд явж бай гэсэн. Тэр төлбөрийг нь зарахдаа суутгаад авчихна гэж хэлж байсан. Тэр хавийн хүмүүс нь Н.Энхтуяаг байраа 300,000,000-350,000,000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд бид Н.Энхтуяагийн өөрийнх бэлдэж өгсөн гэрээнд гарын үсэг зураад байрандаа ороод сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд явж байсан. Тэр үедээ бид өөрсдийн гэсэн үйл ажиллагаа явуулах байргүй байсан учраас байрыг худалдаж авах боломжтой юм байна гэж бодсон юм. 2014 оны үед Н.Энхтуяа нь хөрш зэргэлдээх н.Мөнхбат аваргын Их шавь дээд сургуультай газрын маргаантай байсан бөгөөд уг байрыг н.Мөнхбат аварга надаас 500,000,000 төгрөгөөр худалдаж авна гэлээ. Би бол 1,000,000 доллараас нааш өгөхгүй гэж хэллээ гээд сургуулийн захирал н.Мөнхзултай ярьсан байдаг. Тухайн байр нь биднийг ороход сургуулийн үйл ажиллагаа явуулахад бэлэн байдалтай байгаагүй. Сургууль өөрсдөө засаж, янзлаад ашиглаж байсан. Н.Энхтуяагийн хэлсэн 1,000,000 долларын төлбөрийг дийлэхгүй байсан учраас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Hero holding ХХК-ийн байр луу сургууль маань нүүсэн. Байранд нь байхгүй байсан учраас Н.Энхтуяад байраа хүлээж аваарай гэж удаа дараа хэлэхэд танайх ийм зүйлийг нь янзалж өг, тийм ч юм нь болохоо байлаа гэж хэлээд ерөөсөө хүлээж авдаггүй. Сүүлд араас нь нэлээн явж байж Н.Энхтуяа байраа хүлээж авсан. Тухайн үедээ хүний эд хөрөнгийг хоосон орхиж болохгүй учраас хоёр манаач үлдээгээд харуулж байсан. Түрээсийн гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа. Итгэлцлээр үйл ажиллагаа явуулж байсан. Бид Н.Энхтуяагийн нэхсэн мөнгийг бүрэн гүйцэт төлж байсан. Н.Энхтуяагийн ааш зан нь их хурц, сургууль дээр ирээд үйл ажиллагааг доголдуулах боломжтой байсан учраас өөрт нь тааруулж харилцаж байсан. Нэгэнт тус хугацаанд ашиглаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй гэрээ учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас авсан, өгсөн зүйлээ буцааж шилжүүлэх үүрэг үүсэхээс биш түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Үүнийхээ дагуу эд хөрөнгийг хүлээлгээд өгсөн. Эсвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд үндэслэлгүй хөрөнгөжих юм уу гэм хорын хохирол гэж шаардсан бол бид нэхэмжлэлийг гардаж аваад үүнтэй нь холбогдуулаад тайлбар, татгалзлаа гаргах байсан. Гэвч өнөөдрийн байдлаар түрээсийн гэрээний үүргийн дагуу гэж нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Барилга, технологийн коллеж-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 19,970,457 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн 4А тоот хаягт байрлах сургуулийн зориулалттай 475 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Цолмонгийн хамт өмчилдөг болох нь 000138926 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-72 тал/.

 

Нэхэмжлэгч Н.Энхтуяа нь хариуцагч Барилга, технологийн коллеж-тай 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2011/11 дугаартай түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн 4А тоот хаягт байрлах сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хичээлийн байрны зориулалтаар 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар түрээслүүлжээ. Энэхүү түрээсийн гэрээний хугацаа дуусахад талууд дахин 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12/49 дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулж, хариуцагч Барилга, технологийн коллеж нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн 4А тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хичээлийн байрны зориулалтаар, сарын түрээсийн төлбөрт 2,870,000 төгрөгийг төлж байхаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна /хх-5 тал/.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага нь түрээсийн гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн 4А тоот хаягт байрлах сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ашигласан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 28,623,667 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр нийт 9,441,210 төгрөгийг төлсөн тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19,182,457 төгрөг, ашигласан хугацааны дулааны үлдэгдэл төлбөр 788,000 төгрөг, нийт 19,970,457 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарлаж байна.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ...уг байрыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ашиглаагүй, Н.Энхтуяад уг байрыг хүлээлгэж өгөх гэхэд хүлээж авахгүй байсаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээж авсан тул ашиглаагүй хугацааны түрээс төлөхгүй, ... түрээсийн гэрээ нь хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул түрээсийн гэрээний үүрэг шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй гэх үндэслэл гарган мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12/49 дугаартай түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдсан байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй буюу бүртгүүлээгүй болох нь талуудын хэн алины тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь хариуцагч талаас түрээсийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй байх ба талуудын хооронд түрээсийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч хариуцагч тал нь уг үл хөдлөх хөрөнгийг ашиглан сургалтын үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрт нийт 113,660,000 төгрөгийг төлсөн, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 28,623,667 төгрөгийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байсан болох нь Барилга, технологийн коллежоос Н.Энхтуяад өгсөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/111 дугаартай хүсэлт, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15/53 дугаартай бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна /хх-8-9 тал/.

 

Хариуцагч тал нь уг байрыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ашиглаагүй тул энэ хугацааны түрээс төлөхгүй гэж тайлбарлаж байх боловч уг байрыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл эзэмшилдээ байлгасан болох нь Барилга, технологийн коллежийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/110 дугаартай Байр хүлээлгэн өгөх тухай албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байр хүлээлцсэн акт зэргээр нотлогдож байна /хх-10-11 тал/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч Барилга, технологийн коллеж нь ... түрээсийн зүйл болох уг байрыг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглаагүй бөгөөд энэ хугацаанаас хойш түрээслүүлэгч Н.Энхтуяад байрыг хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээж авахгүй байсан, ...Н.Энхтуяад өгсөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15/110 дугаартай хүсэлт, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/111 дугаартай хүсэлт, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15/53 дугаартай бичиг зэргийг нэхэмжлэгч Н.Энхтуяагийн зүй бус харьцааны улмаас сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдах гээд байсан учраас хийж өгсөн бичгүүд гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн энэхүү тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Барилга, технологийн коллеж нь нэхэмжлэгч Н.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн 4А тоот хаягт байрлах сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хичээлийн байрны зориулалтаар ашиглан 2011 оноос 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд сургалтын үйл ажиллагаа явуулсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг үл хөдлөх эд хөрөнгийг ашиглуулсан хугацааны төлбөрт 19,182,457 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн 4А тоот хаягт байрлах сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар дулаан ашиглалтын үлдэгдэл төлбөрт 788,000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү төлбөр нь уг байр хариуцагчийн эзэмшилд байсан хугацаанд хамаарч байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Барилга, технологийн коллежоос 19,970,457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Барилга, технологийн коллежоос 19,970,457 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,810 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Барилга, технологийн коллеж-оос 257,810 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА