Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00863

 

Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

       Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 291 дүгээр шийдвэр,

            Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалтай,

   Д гийн нэхэмжлэлтэй,

            Д д холбогдох

          газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, 0121356 тоот газрын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017 оны 05 сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 49,154,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Мандал сумын 7 дугаар багт байрлах 72 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгадаа өргөтгөл хийж түүндээ зориулан Хас Банк-наас 90,000,000 төгрөгийн зээл авсан боловч үйл ажиллагаа явуулах мөнгөгүй болсон. Ингээд банкныхаа зээлийг төлж чадахгүйд хүрсэн тул барилгаа хүнд зарахаар тохиролцсон байсан тэр үед Д  нь би тусалъя миний нэр дээр зээл авчих гэсэн. Ингээд бид баярлаад барилгаа түүний нэр дээр шилжүүлж Худалдаа хөгжлийн банкнаас 170,000,000 төгрөгийн зээл авч тус зээлээс бид 150,000,000 төгрөгийг нь авч 20,000,000 төгрөгийг Д  өөрөө авсан. Ингээд эхний 2 сарын зээлийн төлөлтийг бид бүтнээр нь хийж 3 дахь сарын төлөлтөөс нь Д  өөрийн авсан 20,000,000 төгрөгийнхөө төлөлтийг хийсэн. 2017 оны 10 сараас 2018 оны 1 сар хүртэл бид зээлийн төлөлтөө дутуу хийсэн. Шүлхий өвчин гарснаас болж үйл ажиллагааг маань зогсоож бид Солонгос улсад ажил хийхээр явсан боловч мөнгө олоогүй. Энэ үед бид хоорондоо ярилцаад барилгаа зарахаар болсон. Бид дахин дахин ярилцсаны үр дүнд 235,000,000 төгрөгөөр зарж үүнээс Худалдаа хөгжлийн банканд 145,607,000 төгрөг төлж зээлээ хааж, татварт 4,700,000 төгрөг, нотариат болон бусад зардалд 66,000 төгрөг нийт 161,846,000 төгрөг болж 73,154,000 төгрөг үлдсэн. Үүнээс Д  надад 24,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн тул үлдэх 49,154,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн бидний хооронд байгуулсан 2017 оны 05 сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон 000664645 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бид 1985 оноос хойш найзалж нөхөрлөж ирсэн. Найзын хувьд банкныхаа зээлийг төлж чадахгүй байдалд орсныг мэдэж байсан тул банкны зээлийг нь дарж үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломж байна гэж ярилцаад аман тохиролцоо хийсэн. Хэрэв банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрвэл үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр шилжсэн тул захиран зарцуулах эрх надад шилжинэ гэсэн тохиролцоог хийсэн. 2017 оны 9 сараас эхлэн зээлийн төлөлт дутуу төлсөн учир би шаардлага тавьж эхэлсэн. 2017 оны 9 сард 180,000 төгрөг, 10 сард 700,000 төгрөг, 11 сард 562,000 төгрөг, 2017 оны 12 сард 2,960,200 төгрөг 2018 оны 1 сард 3,044,780 төгрөг, 2 сард 3,036,120 төгрөг, 3 сард 2,749,960 төгрөг, 4 сард 3,018,800 төгрөг бүгд 16,251,860 төгрөг төлсөн. Уг мөнгийг төлөхдөө би асар их алдагдалд орсон. Зээлээ төлж чадахгүй байдалд орсон тул Солонгос явсан гэсэн ч төлж чадаагүй ингээд барилгаа зарахаар болсон. Тэгээд М.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу сонирхоод 235,000,000 төгрөгөөр зарахаар болж гэрээг М.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан. 235,000,000 төгрөгөөс 164,500,000 төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны зээл төлж барагдуулсан. Үүнээс өөрийн авсан 20,000,000 төгрөгийг хасаад 144,500,000 төгрөг болсон. Үүнээс Пүрэвсүрэнгийн өмнөөс төлсөн 12,609,000 төгрөгийг суутгасан. Би зарсан байшингийн үнээс 4,764,000 төгрөгийг татварт, 10,000,000 төгрөгийг М.Мөнх-Эрдэнэд барилгын үйл ажиллагаанд зарцуулсан өр төл гэж үлдээсэн, 24,000,000 төгрөгийг Д гийн дансанд хийж нийт 198,873,860 төгрөгийг зарцуулсан. Үлдэгдэл 36,126,140 төгрөгөөс 1,126,140 төгрөгийг л өгнө 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Д гийн газрын гэрчилгээ шинэчлэгдээд хоёр хуваагаад нэг нь барилгын хамт худалдагдаад нөгөө нь миний нэр дээр байгаа. Худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн тул хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан тайлбарт: Д тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж 235,000,000 төгрөгөөр худалдан авах тухай мөн өдрөө газар хуваагдаж газар шилжүүлэх гэрээ хамт хийгдсэн. Миний зээл банкнаас тасарч гарсан тул төлбөрийг 2 хувааж Д д шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өрийг төлөөрэй гэж надад 10,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн. Үүнд халаалт, үл хөдлөх хөрөнгийн татвар, цахилгаан, бохир ус зайлуулсны төлбөр нийт 6,195,681 төгрөг болсон. Үлдэх 3,804,319 төгрөгийг нь би барилгын схем зураг шинээр хийлгэхэд зарцуулахаар байгаа. Хэрэв барилгын схем зургаа өгвөл үүнийг буцаан өгч болно. Би энэ барилгын шударга өмчлөгч тухайн барилгыг худалдан авснаар барилгын дотор гадна засвар хийсэн сар бүр банканд төлөлт хийж байгаа. Д  бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д гээс 39,154,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэгч Д  нь 2017 оны 05 сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон 000664645 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, нэхэмжлэгч Д  нь 168 м.кв талбай бүхий газартай холбоотой асуудлаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх болон харьяалах шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 403,720 төгрөгийг тус тус орон нутгийн төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д гээс улсын тэмдэгтийн хураамжид 353,720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 291 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгуулах тухай. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 291 дугаартай шийдвэр үнэн зөв байсан гэж үзэж байна. Учир нь миний бие 2017 оны 4 сард “Ерөө Баянхан уул” ХХК-ийн эзэнд зарахаар тохиролцсон байтал Д  нь “би таньд байснаас үл хөдлөх хөрөнгийг чинь өөрийн нэр дээр шилжүүлээд зээл авч өгье” гэсэн санал тавьсан. Ингээд Д д итгэсний үндсэн дээр 150 сая төгрөгийн зээл Худалдаа хөгжлийн банкнаас 2017.05.30-нд авсан ба эхний 8 сар бид өөрсдөө банкны эргэн төлөлтийг Бямбасүрэнгийн нэр дээр 2017 оны 6 сараас 2018 оны 1 сар хүртэл хийж байсан болно. Нийт 21,010,000 төгрөг. Бямбасүрэн нь анхан шатны шүүх хурал дээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалан тохиролцсоны үндсэн дээр зээл авч өгсөн, биднээс зөвшөөрөл авч байгаад зарсан, мөн тал газрыг бидний хүсэлтээр зараагүй үлдээсэн гэхдээ тэр газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан, түүнийг та нар одоо ч авч болно гэж хэлсэн учраас би 39,154,000 төгрөгөө өгчих юм бол нэхэмжлэлээсээ татгалзаж болно гэж тохирсон. Хэрэв тохиролцоогүй байсан бол би нэхэмжлэлээсээ татгалзахгүй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж уг шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д  нь 2 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үндэслэл нь хариуцагч Д гийн шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас Д  нь худалдах, худалдан авах гэрээг найз нөхдийн хувьд тус болох зорилгоор, Пүрэвсүрэнгийн хувьд Д гийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч үл хөдлөх хөрөнгөө бусдад алдахгүйгээр авч үлдэх зорилготой байсан гэдэг нь тогтоогдсон байдаг. Энэ нь гэрч Хэрлэн, Шархүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгээр тодорхой харагддаг. Мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ газрын гэрчилгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үндэслэл нь хариуцагч Д  нь шүүх хуралд гаргасан тайлбартаа “би газраа талыг нь авч үлдмээр байна гэж хэлэхэд нь тал газрыг нь худалдаагүй авч үлдсэн. Энэ нь 168 м.кв газар байгаа. Газрыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй, би Пүрэвсүрэнгийн нэр дээр шилжүүлж өгнө” гэсэн тул нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч 168 м.кв газрыг авахаар болсон тул нэхэмжлэлээсээ татгалзсан болно. Иймд шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...хажуу газар буюу 168 м.кв газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй...” гэснийг дурдаж нэхэмжлэгч Д  нь хариуцагч Д гийн өмчлөлд хүү Ш.Хэрлэнгийн хамт хамтран өмчлөх Сэлэнгэ аймаг Мандал сумын 7-р багт байрлалтай 468,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017.05.22-ны өдөр 150 сая төгрөгөөр худалдахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нь хариуцагчийн нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж түүний нэр дээр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч үл хөдлөх хөрөнгөө бусдад алдахгүйгээр ашиглах зорилготой байсан гэдэг нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нь ... бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Мөнх-Эрдэнэд худалдахдаа нэхэмжлэгч болон түүний хүү Ш.Хэрлэнтэй зөвшилцсөний үндсэн дээр 235 сая төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хуульд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаа заавал бичгээр гаргана гэсэн заалт байхгүй бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “нэхэмжлэгч Д  нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017.05.22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсаныг дурдсугай” гэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.5 дах хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломж байхад шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.    

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Д гээс 49,154,000.00 төгрөгийг гаргуулах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, № 000664645 дугаартай газрын гэрчилгээг хүчингүйд тооцуулах, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан ба хариуцагч нь 49,154,000.00 төгрөгийг төлөхгүй, зөрүү 3,000,000.00 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д гээс 39,154,000.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн бусад шаардлага болох 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон 000664645 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, 168 м2 талбай бүхий газартай холбоотой асуудлаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх болон харьяалах шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2017 оны 05 сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх тухай  гэрээ тус тус байгуулагдсанаар газар болон үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэн бөгөөд хариуцагч Д  нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад 235,000,000.00 төгрөгөөр худалдаж, үүнээс Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ төлсөн боловч, үлдсэн хэсгийг хэн нь авах эрхтэй талаар маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан худалдах-худалдах авах гэрээг дүр үзүүлэн хийсэн буюу банкнаас зээл авахын тулд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан, хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон Д д шинээр бүртгэгдсэн 000664645 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзсан гэсэн үндэслэлээр зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, багасгах, шаардлагын заримаас татгалзах, нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр гаргах бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэхгүй орхигдуулан шийдвэрийнхээ тогтоох хэсэгт дурдсан нь буруу болжээ.

Зохигчдын хооронд үүссэн маргааны үндэслэл нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байх бөгөөд энэ хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэх шаардлагад нийцнэ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд 468.6 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга нь газрын хамт шилжсэн, хариуцагч нь тухайн   гуравдагч этгээд болох М.Мөнх-Эрдэнэд 2018 оны 04 сарын 17-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээгээр 235,000,000.00 төгрөгөөр худалдсанаар талуудын хооронд маргаан үүссэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д  хариуцагч Д  нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээнд огт дүгнэлт хийгээгүй атлаа хариуцагч Д гийн М.Мөнх-Эрдэнэд худалдсан гэрээний үнийн дүн болох 235,000,000.00 төгрөгөөс нэхэмжлэгчид 39,154,000.00 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэргийн үйл баримт, зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, зохигчдын хооронд эрх зүйн ямар маргаан үүссэн, түүнийг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа талаар огт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь гэж буруутгасан нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д гийн гаргасан хариуцагчид гэрээгээр шилжүүлсэн 168 м.кв талбай бүхий газрыг буцаан авах тухай шаардлагыг энэхүү маргаантай хамтран шийдвэрлэлгүй үлдээсэн үндэслэлийн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул энэ шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан гэж давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Д гийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,720.00 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН