Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 870

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Б.Н-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Л.Мажигсүрэн,

            шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндуламын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох 1809007500202 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чонос овгийн Б.Н, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1995 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12 дугаар баг, Булагийн 18 дугаар гудамжны 7 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14 дүгээр байрны 2 тоотод амьдарч байсан, ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар: ФА.................../,

 

Б.Н нь 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18-51 тоотод оршин суух А.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч 670,000 төгрөгийн үнэлгээ бүхий булган шуба, булган захтай пельник, хүүхдийн куртик зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.6 дахь заалтыг бүрэн нотолж чадаагүй. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоогоогүй, хамтарч хэрэг үйлдсэн этгээдийг олж шалгаагүй, хэн гэмт хэрэг үйлдэх талаар санаачилсан сэдэлт зорилгыг тогтоогоогүй.

            2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 18-51 тоот гэрийн хаалга онгорхой байхыг тухайн үед Б.Н-тай хамт явсан Мөнгөншагай олж хараад орох санаачлага гаргасан байдаг. Мөнгөншагай, Н нар тухайн айлын хаалгаар гараа оруулан өлгүүрт байсан куртик, пельник зэрэг эд зүйлүүдийг авч явсан. Гадаа гараад үзэхэд дээрх хувцасны халаасанд бичиг баримтууд байсан. Н буцааж өгөх гэтэл Мөнгөншагай татгалзаад яваад өгсөн байдаг. Н эд зүйлүүдийг буцааж өгөх гэж яваад хохирогч Оюунчимэгтэй таарч эд зүйлүүдийг нь хүлээлгэж өгсөн.

Тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч Оюунчимэгийн гэрийн хаалга онгорхой байсныг эхэлж Мөнгөншагай олж хараад уг айлд орох саналыг гаргасан байдаг. Хэрэг үйлдэгдсэнээс хойш Мөнгөншагай эгчийнхээ хамт Н дээр ирж  “хамт явсан гэж битгий хэлээч, ганцаараа хэргээ үүрчих, чи ял авахгүй” гэх мэтээр ятган ганцаараа явсан мэтээр худал хэлүүлсэн.

Б.Н, Мөнгөншагай нар хохирогч Оюунчимэгийн гэрийн цоож, цүү, цуургыг эвдэлж нэвтрээгүй. Гэрийн хаалга нээлттэй байсан гэдгийг хохирогч Оюунчимэг хавтаст хэргийн 13 дугаар талд хэлсэн, гэрчээр Б.Н хавтаст хэргийн 19 дүгээр талд мэдүүлсэн. Хохирогч Оюунчимэг хавтаст хэргийн 14 талд хохирогчоор дахин мэдүүлэхдээ 2 хүн гарцаагүй байсан гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг бүрэн дүүрэн шалгаж хэдэн хүн байсныг тогтоож шалгаагүй, түүгээр ч үл барам шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шүүгдэгч Н гэрчээр Мөнгөншагайг асуулгах хүсэлтийг гаргаад хэргийг прокурорт буцаасан байхад Мөнгөншагай “олдохгүй, утас нь холбогдохгүй байна” гэх шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааны үед ганц удаа ч байцаагаагүй дахин шүүх рүү шилжүүлсэн. Тухайн үед шүүгдэгч Н-ын өмгөөлөгчгүй, эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан эрхийг нь зөрчсөн.

            Б.Н нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшдэг, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, бусдад төлөх төлбөргүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орцонд ороод 3 давхар “хүртэл өгсөөд”.... утсаа оролдоод сууж байх үед Мөнгөншагай “энэ айлын хаалга онгорхой байна, шагайгаад харъя гэхэд нь би яах юм бэ гэж хэлсэн”. Тэгтэл Мөнгөншагай тухайн айлын хаалгаар гараа оруулаад өлгүүрт нь байсан куртикийг авсан. Тухайн үед би юу болоод байгааг сайн ойлгоогүй. Орцноос гарч ирээд авсан хүрэмний халаасыг үзэхэд дотор нь бичиг баримтууд байсан. Тэгэхээр нь би “хүмүүсийг ингэж хохироогоод яах юм бэ,  буцаагаад куртикийг нь өгье” гэхэд Мөнгөншагай “юу гэж буцааж өгдөг юм бэ, буцааж өгмөөр байгаа бол чи өөрөө буцааж өг” гэсэн. Тухайн үед би яг аль байрны хэдэн тоот орцноос гарч ирснээ сайн санахгүй байсан учраас авсан хувцсаа бариад гарч ирсэн орцоо хайгаад явж байтал тухайн айлын хүмүүс хувцсаа таниад, дагуулж орсон. Тэгээд би гэрт нь орж эд зүйлсийг нь хүлээлгэж өгсөн...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх, Б.Н-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан хөрөнгийг буцаан өгч хохирлыг барагдуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан хөнгөрүүлэн 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам нь “дээрх гэмт хэргийг хамтран үйлдсэн Мөнгөншагайгийн үйлдлийг шалгаагүй. Мөнгөншагай гэмт хэрэг үйлдэх санаачлага гаргаж, гардан гүйцэтгэсэн. Б.Н хулгайлсан эд зүйлийг буцааж өгсөн” гэж хэргийн үйл баримт буюу гэм буруугийн талаар маргаж давж заалдах гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг шүүгдэгч Б.Н дэмжиж “...Мөнгөншагай тухайн айлын хаалгаар гараа оруулаад өлгүүрт нь байсан куртикийг авсан. Би хүмүүсийг ингэж хохироогоод яах юм бэ, эд зүйлийг нь буцааж өгье гэж хэлсэн...” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан болно.

 

Шүүгдэгч болон өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж байсан байр сууриа өөрчилж гэм буруугийн асуудлаар маргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүй ялыг хөнгөрүүлж, хүндрүүлэх эрхтэй. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр ял оногдуулах эрх хуулиар олгогдоогүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх замаар хууль хэрэглээнийг алдааг залруулахаас өөр аргагүй юм.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон тул хэргийн үйл баримтын талаар маргасан өмгөөлөгч Н.Цэрэндуламын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Нд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгч Б.Н, өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЮУНЧУЛУУН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН