Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1831

 

С.Баттулгын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01290 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГазарт холбогдох         

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин олговор 14 208 840 төгрөг, Б.Бадралын оронд ажилласан хөлс 156 546 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч С.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2007 оны 3 дугаар сарын 26-нд Чингис хаан ОУНБ-д шалгагчаар ороод 8 дахь жилдээ ажиллаж байх хугацаандаа ажлаа нэг ч удаа тасалж байгаагүй. Харин шагнуулж, албан тушаал дэвшиж, Солонгос улсын Инчоны Нисэхийн академид суралцаж явсан. Захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/221 тоот тушаалаар ажлаас халсан нь миний 4 сартай охин 3, 5, 7 настай дөрвөн хүүхдээ харан суудаг, эрхэлсэн ажилгүй эхнэр, цалингаас өөр орлогогүй ажилтан миний ажил, ар гэрийг хохироосон, сэтгэл санааны дарамтанд оруулсан шийдвэр гаргасан. 6 дугаар сарын 14, 17-ны хоёр өдөр ажил тасалсан гээд ажилтан надтай захирал, захиргааны ажилтан уулзаагүй, шууд халсан тушаал өгсөнд харамсалтай байна. Миний бие ээлжийн ажилтай 2016 оны 6 дугаар сарын 14-нд шөнийн жижүүр 15 цаг, 6 дугаар сарын 17-нд гар тээш, орон нутаг хуваарь дээр 15 цаг ажиллах хуваарьтай байсан. 2016 оны 6 дугаар сарын 14-нд миний оронд шалгагч С.Нямхүү гэгч шөнийн жижүүр дээр ажилласан. Шалгагч н.Оюунсанаа 6 дугаар сарын 17-нд миний оронд ажиллах байсныг албаны дарга ажиллуулаагүй байсан. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 14-нд  н.Оюунсанаагийн оронд ажилласан. Шалгагч н.Оюунсанаа ажилдаа хөдөөнөөс ирж чадаагүй, намайг гараад өгөөч гээд албаны даргад намайг гаргаад, дараа нь миний оронд гарч өгнө гэж хэлээд ажилдаа ирээгүй өөрийн хуваарь дээрээ намайг ажиллуулж, ажиллах байсан цаг цалингаа өөрөө 2 сард авсан. Миний оронд Нисэхийн баярын дараа 6 сард тэмцээн уралдаан дууссаны дараа ажиллаж өгнө гэсэн. Тэгээд 6 дугаар сарын 17-нд миний оронд ажиллах зөвшөөрөл албаны даргаас авсан. Миний оронд ажиллах гэтэл 6 дугаар сарын 16-ны өдөр дарга гэнэт ажиллуулаагүй байна. 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний бие өдрийн жижүүр хуваарьтай байсан. Өдрийн жижүүрийн ажлаа шөнийн жижүүртээ хүлээлгэж  өгдөг. Энэ өдөр шөнийн жижүүр шалгагч С.Нямхүү байсан. С.Нямхүү шөнийн ээлжиндээ ирээгүй тул би үргэлжлүүлэн нийт тасралтгүй 28 цаг ажилласан. Намайг 13 цаг ажилласнаар С.Нямхүүг ажилдаа ирээгүй байхад 15 цаг ажилласнаар бүртгээд цаг цалинг нь 5 дугаар сард оруулж 6 дугаар сард шалгагч С.Нямхүүг миний оронд ажиллуулж, намайг илүү ажилласан 15 цагаа биеэр амрааж ээлжлүүлэхээр болж хуваарь, цагийн тооцоог ээлжийн ахлах тааруулан хийсэн. Тэгээд миний оронд С.Нямхүү 6 дугаар сарын 14-нд ажилласан. Тэгсэн байтал 6 дугаар сарын 14-нд миний илүү ажилласан 15 цагийг тасалснаар бүртгэж ажлаас халсан, мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.36-д ажилтан 3 өдөр 24 цаг тасалбал ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн. Миний хувьд С.Нямхүү ажилласан нь ноцтой зөрчилд тооцохгүй, ажлаас халах үндэслэл болохгүй, өөрөөр шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. 6 дугаар сарын 16-ны 04.00 цагт зарласан түргэн цугларалтанд очиж чадаагүй. Энэ түргэн цугларалт 8 жилд анх удаа болж байгаа. Хэзээ хэдэн цагт дуудах нь тодорхойгүй байсан. Надад 6 дугаар сарын 14, 17-нд миний оронд С.Нямхүү, н.Оюунсанаа нар гарах болсон тул боломж гарсан дээр нь эхнэр, хүүхэдтэйгээ Итгэлт хамба явж үздэг хүнд үзүүлсэн. Миний хүүхдүүд 2, 3 сар өвчин ороогоод салахгүй, цэцэрлэгтээ 2-3 сар явж чадаагүй, эмнэлгийн хяналтанд ойр ойрхон очиж үзүүлж өнгөрөөсөн. Энэ учир байдлыг  мэдсээр байж ажлаас халсанд гомдолтой байна. Цугларалт болсон эсэхийг мэдээгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин14.208.840 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү. Мөн н.Нямхүү, н.Оюунсанаа, н.Алтанзул нарын оронд ажилласан цалин өгсөн тул н.Бадралын оронд ажилласан 24 цагийн хөлс 156 546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баттулга нь тус нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанд аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа 2010 онд аюулгүй байдлын давтан сургалтанд хамрагдаж хангалтгүй дүн үзүүлсэн тул үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан. Мөн захирлын 2013 оны Б/107 дугаар тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас халагдаж 2014 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон. Тухайн үед ажил тасалсан шалтгаан нь мөн өөрийн бие өвдсөн, хүүхдүүд өвдсөн гэсэн шалтгаан байсан ба энэ тухай байгууллагад дотоод журамд заасан хугацаанд мэдэгдээгүй, нэг сарын дараа энэ тухай эмнэлгийн магадлагаа авчирч байсан. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээлгүй шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсон боловч өөрийн алдааг ухамсарлалгүй дахин ийм шалтгаан дурдаж нэхэмжлэл гаргасан байна.

Чингис хаан олон улсын нисэх буудлын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2 дахь заалт “ажилтан ажлын 3 өдөр /нийт 24/ цаг дараалан ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 24 цагтаа тэнцэж байвал, 3.3.6.14 дэх заалт “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн” бол гэсэн заалтуудыг үндэслэсэн. С.Баттулга 2016 оны 6 дугаар сарын 14, 17-ны өдрийн ажлыг тасалсан нь цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэлдээ тус өдрүүдэд ажилдаа ирээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний тайлбарласнаар өөрийнх нь оронд өөр ажилтан гарах байсан гэж байгаа боловч Аюулгүй байдал, хамгаалалтын албаны үйл ажиллагааны зааврын 2.4.5-д “ажлын томилгоог ээлжийн ахлагч мэргэжилтний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ажилчид хоорондоо аман тохиролцоо хийсэн гэх. Ээлжийн ахлагч болон албаны даргад мэдэгдээгүй нь тайлбараар нотлогдсоны үндсэн дээр ажлаас халах тушаалыг гаргасан.

Мөн өөрийн хүүхдүүд өвчилсөн байсан, ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж дурдаж байгаа боловч хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д ажилтан амьдралын шаардлагаар хүсэлт гарган 3 сар хүртэл хугацааны чөлөө авах эрхтэй болохыг тодорхой заасан зохицуулалт бий. Энэхүү боломжийг ашиглаж болох байтал өөрийн ажлын технологи, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл гаргасан. 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 04.00 цагийн түргэн цугларалтад ирээгүй нь хөдөлмөрийн дотоод журмын 3.6.1.4 “байгууллагад дагаж мөрддөг үнэт зүйлс, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хууль тогтоомж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэм, журам болон Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын тушаалаар баталсан журам зааврыг мөрдөж ажиллана” гэсэн заалтыг зөрчиж захирлын 2016 оны А/52 дугаар тушаалыг биелүүлээгүй, мөн журмын 3.3.6.14 “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлснийг” ноцтой зөрчилд тооцно гэсэн заалтыг зөрчиж Аюулгүй байдлын газрын дарга, албаны даргын хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй болно. С.Нямхүү, н.Оюунсанаа, н.Алтанзул, н.Бадрал нарын оронд ажилласан ажлын хөлсийг нөхөн олгуулах асуудал нь ажлаас халагдсан тушаалтай хамааралгүй, ажлын томилгоо өөрчлөн хэн нэгний оронд хариуцсан нэгжийн даргын зөвшөөрөлгүй ажилласан нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш. Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ажилтан С.Нямхүү, н.Оюунсанаа, н.Алтанзул нарын цалингаас суутгаж, ажилласан өдрийн цалинг С.Баттулгад өгсөн, Б.Бадрал нь С.Баттулгад ажилласан өдрийн цалин өгсөн суутгал хийхийг зөвшөөрөөгүй тул Б.Бадралын оронд ажилласан цалин олгогдоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сүрэнхорлоогийн Баттулгыг Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны олговорт 12 887 082 төгрөг гаргуулан С.Баттулгад олгож, үлдсэн 1 321 758 төгрөг болон дутуу авсан цалин хөлс 156 546 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Баттулгын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг Баттулгыг Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-т даалгаж

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалаас 221 143 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Нэхэмжлэгч С.Баттулгыг 2 ээлжийн ажил тасалсан, түргэн цугларалт зарлахад хүрэлцэн ирээгүй тул ажил олгогч ажлаас чөлөөсөн. Гэтэл анхан шатны шүүхээс 1 ээлжийн ажлыг таслаагүй гэж үзсэн. С.Баттулгын оронд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр С.Нямхүү гарсан нь түүнийг ажил таслаагүйд тооцох үндэслэл болно гэж үзсэн нь талуудын нотлох баримтыг адил тэгш үнэлээгүй, гэрч С.Нямхүүгийн зөрүүтэй, цаг хугацааны хувьд болсон үйл явдлыг хольж сольж ярьж байгаа мэдүүлгийг үнэлсэн атлаа С.Ганбат, Я.Нансалмаа нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. С.Баттулга ажилдаа ирээгүй учир ээлжийн ахлагчийн шийдвэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор С.Нямхүүг ажиллуулсан болохоос С.Баттулгын оронд гаргасан ойлголт биш. Үйлдвэрлэлийн шуурхай цугларалтад оролцогчдын бүртгэл нь С.Баттулгыг ажилдаа ирсэн, эсвэл хэн нэгэн оронд нь гарсан гэдгийг нотлох боломжгүй баримт юм.

2. Түргэн цугларалт зарлахад ирээгүй нь С.Баттулгад мэдэгдээгүй байсан учир зөрчил гэж үзэхгүй гэжээ. Ази европын дээд түвшний 11 дэх уулзалт /АСЕМ/ болохтой холбогдуулан тус нисэх буудал нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байсан. Энэ тухай Аюулгүй байдал, хамгаалалтын албаны бие бүрэлдэхүүнд мэдэгдэн утсаа унтраахгүй байх, түргэн цугларалт зарлаж, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх талаар зааварчилгаа, үүрэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл утас руу нь залгахад холбогдох боломжгүй хил гараад явсан байсан. Энэ үйлдэл нь аюулгүй байдал, хамгаалалтын ажилтны хувьд ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэлбэр мөн гэж үзэж байна. С.Баттулга  өөрийн гаргасан тайлбартаа түргэн цугларалт хэзээ болохыг хэлээгүй гэж тайлбарласан  боловч түргэн цугларалт хэдийд болохыг хэлдэггүй, энэ нь гарч болзошгүй эрсдэлийн үед аюулгүй байдлыг ханган ажилладаг бие бүрэлдэхүүн хэр бэлтгэлтэй байгааг шалгах зорилго бүхий цугларалт юм.

3. С.Баттулга нь иргэний нисэхийн салбарт 8 жил ажилласан ажилтаны Монгол улсын хэмжээнд анх удаа болж байгаа Ази европын дээд түвшний 11 дэх уулзалтын үеэр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж бүх ажилчид бэлэн байдалтай ажиллаж байхад үл тоон 2 гарааны ажлаа удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн орхин явж тухайн ажил үүрэгтэй хайхрамжгүй хандаж иргэний нисэхийн үйл ажиллагааг доголдуулж болохоор маш том зөрчил гаргасан. Ажилтны ар гэрт асуудал гарсан бол хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө зөвшөөрөл авч болох байтал томилгооны дагуу ажиллах ээлжийн хуваариа удирдлагууддаа мэдэгдэлгүй өөрчилж ажлаа хаяж явсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Баттулга нь Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Б.Бадралын оронд ажилласан ажлын хөлс 156 546 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/221 дүгээр тушаалаар тус байгууллагын аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагч ажилтай С.Баттулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2, 3.3.6.2, 3.3.6.14, 3.3.7, хөдөлмөрийн гэрээний 2.4.7, 4.2.3-т заасныг үндэслэн ажлаас халсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3  дахь заалт нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хэлбэр бөгөөд  мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт юм.

Үүнээс гадна ажил олгогч нь ажлаас халсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан  тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг заавал баримтлах  шаардлагатай.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй тушаалд баримталсан Хөдөлмөрийн хуулийн зохих зүйл заалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халсан үндэслэлтэй шууд хамааралтай.

Гэтэл Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/221 тоот тушаалд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.4.7-д ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй боловч удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ гэж, 4.2.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д дараахь зөрчлийг ойлгоно гэж заасныг хариуцагч ажлаас халсан тушаалын үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

         Учир нь: хөдөлмөрийн гэрээний 2.4.7-д заасан ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй боловч удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ гэх ажилтныг үүрэгжүүлсэн заалт нь ажилтныг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгч С.Баттулга 32 цагийн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

         Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч С.Баттулгыг Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин олговорт 12 887 082 төгрөг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн болно.

Анхан шатны шүүх С.Бадралын оронд ажилласан хугацааны цалин олговор 156 546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01290 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.НАРМАНДАХ

                                                         ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА