Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1829

 

Б.Энхбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01783 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдох         

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Энхбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Математик Компьютерийн ангийг Мэдээллийн системийн инженер мэргэжлээр онц дүнтэй төгссөн. Намайг сургуулиа төгсөхөд “Скайтел” ХХК урилгаар авч ажиллуулсан. Миний бие  “Скайтел” ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл судалгаа, төлөвлөлт, гэрээ хариуцсан мэргэжилтэн, худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл үндсэн хөрөнгийн ахлах нягтлан бодогч Д.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ажилтан Б.Энхбаяр миний ажлыг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал шийдвэргүйгээр 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мянганбаярт хүлэээлгэж өгсөн. “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/200 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн Компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тоогоос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгох бөгөөд ажилтан Б.Энхбаяр миний ажиллаж байсан Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн орон тоо бодитой хасагдаагүй, зөвхөн ажил, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн байх тул “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/200 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Ажил олгогч “Скайтел” ХХК нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгсөн гэж байгаа боловч надад гардуулан өгөөгүй, тэр тухай баримт хэргийн материалд авагдаагүй. Хэрэв ажил олгогч мэдэгдэл өгсөн бол түүнийгээ нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн гэж байгаа боловч зөвхөн нэрийг нь өөрчилснөөс бусад зүйл яг хэвээрээ байгаа миний хийж байсан ажлыг Б.Мянганбаяр хийж байгаа бөгөөд ажлын байрны нэрийг Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэж өөрчилсөн. Намайг Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажлаа хийж байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 30-нд Б.Мянганбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Мянганбаярын ажлын байрны тодорхойлолтыг баталж түүнд танилцуулсан нь орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Миний хийж байсан ажлын нэрийг өөрчлөн шууд Б.Мянганбаярт шилжүүлэн өгсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин 3 449 640 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон тоо бүтцийн өөрчлөлт 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш явагдсан. “Скайтел” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Санхүү төлөвлөлтийн Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Энхбаярт мэдэгдэх хуудас гардуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Энэ мэдэгдэх хуудсыг гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэж болно. Мөн энэ хугацаанд цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу Б.Энхбаярт 2017 оны 02 дугаар сард 1 211 000 төгрөг, 3 дугаар сард 530 343 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсны тэтгэмж 1 027 000 төгрөгийг тус тус олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн. Б.Энхбаярыг ажил хүлээлцэхийг шаардсан, албадсан зүйлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Б-200 дугаартай тушаалд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, ажил хүлээлцэх өдрийг 3 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тус тус заасан. Дээрх тушаалын дагуу Б.Энхбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэн гардан авч, ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг-т заасныг баримтлан Б.Энхбаярыг “Скайтел” ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, “Скайтел” ХХК-иас 4 127 750 төгрөг гаргуулан Б.Энхбаярт олгож,

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхбаяр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90 488 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэг талын ор үндэсгүй, худал тайлбарт ач холбогдол өгч, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв, бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тодруулбал,

1. Ажилтны тоог цөөрүулсэн үйл явц компанийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан "Компанийн...батлагдсан бүтцийн дагуу ...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах асуудлыг Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ" мөн "...албан тушаалын орон тоог...цөөрүүлэх" гэх ажил олгогчид олгогдсон эрхийн хүрээнд хийгдсэн. Энэ тохиолдолд /ажилтны тоог цөөрүүлсэн/ Хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх олгогдсон ба орон тоо цөөрч байгаа ажилчдаас хэнийг авч үлдэх нь ажил олгогчийн сонгох эрх юм. Гэсэн хэдий ч бид нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлага, ажилтны ажил үүрэгтээ хандах хандлага, ажил үүргийн биелэлт, гүйцэтгэлийн үнэлгээ, холбогдох албаны захирал, удирдах албан тушаалтнуудын саналыг харгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гүйцэтгэх захирал өөрийн үзэмж эсхүл дур мэдэн цуцалж байгаа асуудал биш бөгөөд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот "Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай" тогтоолоор "...Шинэчлэн батлагдсан бүтцийн дагуу бүтцийн өөрчлөлтийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор үе шаттайгаар зохион байгуулах, үүргийн хэрэгжилтийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах..." үүргийг Гүйцэтгэх захиралд өгсөн. Тус компанийн дүрмийн 9.1-т “Гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн гаргасан бүх шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангана" гэж заасан тул ТУЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлж өмнө нь “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/892 тоот тушаалаар Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн-3 орон тоотой байхаар өөрчлөн баталсныг “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх гахирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/79 тоот "Үйл ажиллагааны газрын Худалдан авалт, аж ахуйн хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны нэршйл, орон тоо ажилтнуудын томилгоог батлах тухай" тушаалаар худалдан авалт, аж ахуйн хэлтсийн худалдан авалтын хэсгийг Худалдан авалт гэрээ хариуцсан мэргэжилтэн, Хангамж хариуцсан мэргэжилтний 2 орон тоотой байхаар баталж, 1 орон тоо буюу худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаярын орон тоо хасагдсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироогоогүй болно.

2. Нэхэмжлэгчид ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлэх болсон талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Энхбаярт "Мэдэгдэх хуудас" гардуулж, түүний гарын үсгийг зуруулж баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэгч энэ талаар ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй, нэхэмжлэлдээ дурдаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд "...мэдэгдсэн, мэдэгдээгүй..." гэх утга, агуулгын зөрүүтэй тайлбар хэлсэн. Улмаар хариуцагчаас түүнд мэдэгдэл гардуулсан талаарх нотлох баримт, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авахуулах замаар мэдэгдснээ нотлохоор шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Нөгөө талаар нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээж аваагүй бол яагаад ажил олгогч ямар нэгэн байдлаар ажлаа хүлээлгэж өгөхийг ажилтнаас шаардаагүй, ажил олгогчийн зүгээс тушаалаа албан ёсоор бичгээр гаргаагүй байхад өөрийн сайн дураар 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамт ажиллаж байсан ажилтнууддаа ажлаа хүлээлгэн өгч байна вэ? Энэ үйлдлээс үзвэл тэрбээр мэдэгдлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан нь нотлогдож байна.

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 15.1.2-т "Мөн хэсэгт заасан "орон тоо цөөрүүлэх" гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно" гэжээ. Энэ тохиолдолд нэг хэлтэст харьяалагдаж байгаа ажилчдын ажлын байрны үндсэн чиг үүрэг зарим талаар давхардах, ижил төстэй байх, түүнчлэн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг хамаарах ажил үүргийг өөр этгээд гүйцэтгэх нь зүйн хэрэг юм. Гэтэл шүүх тухайн хэлтсийн ажилчдын ажлын байрны чиг үүрэг давхардалтай гэх агуулга бүхий явцуу дүгнэлт хийж, орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох, баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэх, ажлаас халагдсны тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон, ажилтан өөрөө сайн дураар ажлаа тушаал гарахаас өмнө хүлээлгэж өгөөд явсан хэдий ч холбогдох цалин хөлсийг тушаал гарах хүртэл хугацаагаар тооцож түүнд олгосон үйл баримтууд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байхад үндэслэлгүйгээр ажил олгогчийг буруутгасан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Энхбаяр хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд зохигч харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Энхбаяр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Скайтел” ХХК-д даалгах шаардлагаасаа татгалзаж, талуудын эвлэрэл баталгаажуулсан шүүхийн шийдвэр /магадлал/ хүлээн авсны дараа хариуцагч нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь 452545030 тоот төгрөгийн дансанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 4 127 750 төгрөгийг шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Энхбаяр ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзаж, эвлэрэл баталгаажуулсан шийдвэр хүлээн авсны дараа хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 4 127 750 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн талаар эвлэрлийн гэрээндээ тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагч “Скайтел” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь болно.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/01783 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Энхбаяр ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзаж, эвлэрэл баталгаажуулсан шийдвэр хүлээн авсны дараа хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 4 127 750 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Скайтел” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.НАРМАНДАХ  

                                                       ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

                                                                                                              Д.БАЙГАЛМАА