Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01783

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2017/01783

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Э ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: С ХХК -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э , түүний өмгөөлөгч П.Е,   хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, Ө.Ж, Г.Э, хариуцагчийн  өмгөөлөгч Ч.Н, нарийн бичгийн даргад Б.Жаргалсүрэн нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                         .                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Э нь 2003-2007 онд Монгол Улсын их сургуулийн Математик Компьютерийн ангийг онц дүнтэй төгсөж Мэдээллийн системийн инженер мэргэжилтэй болсон.Намайг сургуулиа төгсөхөдС ХХК урилгаар авч ажиллуулж эхэлсэн. 

Миний бие Б.Э ньС ХХК-д 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд судалгаа, төлөвлөлт, гэрээ хариуцсан мэргэжилтэн, худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан.

Энэ хугацаанд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам,С ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж  ажиллаж байсан.

Гэтэл үндсэн хөрөнгийн ахлах нягтлан бодогч Д.Баар ахлуулсан ажлын хэсэг нь худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ажилтан Б.Э миний ажлыг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал шийдвэргүйгээр 2017 оны 2 дугаар  сарын 06-ны өдөр  Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.М-т хүлэээлгэж өгсөн. 

С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б-200 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалтыг үндэслэн Компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тоогоос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгох бөгөөд ажилтан Б.Э миний ажиллаж байсан Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн орон тоо бодитой хасагдаагүй, зөвхөн ажил, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн байх тул С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б200 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Ажил олгогчС ХХК нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгсөн гэж байгаа боловч надад гардуулан өгөөгүй, тэр тухай баримт хэргийн материалд авагдаагүй байгаа. Хэрэв ажил олгогч мэдэгдэл өгсөн гэж байгаа бол түүнийгээ нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн гэж байгаа боловч үнэн хэрэгтээ зөвхөн нэрийг нь л өөрчилснөөс бусад зүйл яг хэвээрээ байгаа миний хийж байсан ажлыг Б.М хийж байгаа бөгөөд ажлын байрны нэрийг л Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэж өөрчилсөн.

Намайг Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажлаа хийж байх үед буюу 2017 оны 1 дүгээр сарын 30 нд Б.М тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.М ын ажлын байрны тодорхойлолтыг баталж түүнд танилцуулсан байгаа нь орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Миний хийж байсан ажлын нэрийг өөрчлөн шууд Б.М т шилжүүлэн өгсөн. 

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 3.449.640 төгрөгийг гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон тоо бүтцийн өөрчлөлт 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш  явагдсан. 

С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоол батлагдаж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх болсон бөгөөд Санхүү төлөвлөлтийн Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний тоог цөөрүүлэх шаардлагатай болсон. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1., 40.1.2, -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Б.Э т мэдэгдэх хуудас гардуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Энэ мэдэгдэх хуудсыг гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэж болно, мөн энэ хугацаанд цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Үүний дагуу Б.Э т 2017 оны 2 дугаар сард 1.211.000 төгрөг , 3 дугаар сард 530.343 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжид 1.027.000 төгрөгийг тус тус олгож , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Б.Э ыг ажил хүлээлцэхийг шаардсан, албадсан зүйл огт байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана  гэж заасны дагуу  Б-200 дугаартай тушаалд хөдөлмөрийн гэрээг  2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, ажил хүлээлцэх өдрийг 3 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тус тус заасан.

Дээрх тушаалын дагуу Б.Э нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгэн гардан авч , ажлаас чөлөөлөгдөж буй ажилтны тойрох хуудас дээр гарын үсэг зурж баталгаажуулсан.

 Иймд Б.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                      ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэстэй.  

            Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчС ХХК-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний тоог цөөрүүлсэн тул Б.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн гэж  маргажээ.

           С ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Э ыг  “Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчийн тайлбар, тус компанийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б-200 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/79 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус компанийн дүрэм, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 10, 22-30, 63, 116-119- р хуудас/

            Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь Б.Э ыг “...Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Б.Э нь ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан байна.

            Ажил олгогч нь ажилтан Б.Энхбаятай 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 390 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 23-27-р хуудас/

Ажил олгогчС ХХК нь ажилтан Б.Э ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.- д “ ажилтны тоог цөөрүүлсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлж, мөн хуулийн 42.1.-д заасны дагуу ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ тус компанийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б-200 дугаартай тушаал болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 10,23-27,63-р хуудас/

            НЭГ: Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж буй тухайгаа Б-200 дугаартай тушаалдаа дурдаж, уг мэдэгдлийг ажилтан Б.Э т гардуулан өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч ажилтан уг мэдэгдлийг гардан аваагүй гэж маргаж байхад хариуцагч мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул хуульд заасны дагуу нэг сарын өмнө ажилтанд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “ орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.

            ХОЁР.С ХХК нь дараах байдлаар бүтэц, орон тоо, ажилтнуудын томилгоо,ажлын байрны  нэршлийн  өөрчлөлтүүдийг хийжээ.

а.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А-43 дугаартай “Компанийн удирдлагын зохин байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар Технологийн газар, Санхүү төлөвлөлтийн газар, Маркетинг борлуулалтын үйлчилгээний газар гэсэн 3 газартай, үүнээс Санхүү төлөвлөлтийн газар нь Санхүү бүртгэлийн алба, Стратеги, удирдлага, төлөвлөлтийн албатай, үүнээс Санхүү бүртгэлийн алба нь Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэс, Хэрэглэгчийн тооцооны хэлтэстэй байхаар,

Санхүү бүртгэлийн албаны Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн чиг үүргийг,  Компанид хамгийн үр ашигтай байх нөхцөлөөр өрсөлдөөнт шалгаруулалтаар бараа, үйлчилгээг худалдан авах, компанид бараа, үйлчилгээ нийлүүлэгчидтэй харилцаагаа бэхжүүлэх, бүх албадуудад бараа материал, үйлчилгээ бэлтгэн нийлүүлэлтийг зохион байгуулах, хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмж, үйлчилгээг худалдан авах хангалттай тооны нийлүүлэгчтэй эсэх талаар нийлүүлэгчийн нөөц судалгааг байнга бүрдүүлж, сайжруулах, худаалдан авалтыг зөв  процедурын дагуу үйл ажиллагаа явуулах, түүнийг сайжруулах талаар бусад алба хэлтэсүүдтэй зөвлөлдөх хамтран ажиллах гэж тус тус баталжээ.

 /хх-ийн 145-157-р хуудас/

б.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-740 дугаартай “Санхүү төлөвлөлтийн газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, өөрчлөлтийн дагуу албан тушаалд ажиллуулах тухай” тушаалаар Санхүү төлөвлөлтийн газар нь Стратеги удирдлага, төлөвлөлтийн  алба, Санхүү бүртгэлийн алба гэсэн 2 албатай,  Санхүү бүртгэлийн алба нь нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэс, Авлагын хэлтэстэй байхаар,

Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэс нь 4 орон тоотой,Судалгаа төлөвлөлт, гэрээ  хариуцсан мэргэжилтэнээр Н.Энхбаяр ажиллахаар тус тус баталжээ.

 /хх-ийн 143,144-р хуудас/ 

в.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-892 дугаартай  “ Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн ажлын байруудын нэршлийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэс нь хэлтсийн менежер 1, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн 3, үндсэн хөрөнгийн нярав 1, түгээлт бүртгэлийн мэргэжилтэн 2, нийт 7 орон тоотой байхаар, ажилтан Б.Э ыг худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар тус тус баталжээ.

/хх-ийн 164-165-р хуудас/

г. Скаймедиа корпораци ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар саргын 02-ны өдрийн 022 дугаартай тогтоолоор Скаймедиа Корпораци ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлаж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна./хх-ийн 22-р хуудас/

д.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А-353 дугаартай “Компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн алба нийт 33 орон тоотой байх, үүнд: Орлогын бүртгэлийн хэлтэс нь 14 орон тоотой зарлагын бүртгэлийн хэлтэс нь 11 орон тоотой авлагын хэлтэс нь 7 орон тоотой, Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэсийг 7 орон тоотой байхаар баталжээ.

/хх-ийн 46-р хуудас/

е.С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/79 дугаартай “ Үйл ажиллагааны газрын Худалдан авалт, аж ахуйн хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоо, ажилтнуудын томилгоог батлах тухай” тушаалаар Худалдан авалт, аж ахуйн хэлтсийн ажлын байрны нэршил, орон орон тоо ажилтнуудын томилгоог баталжээ.

Худалдан авалт, аж ахуйн хэлтэс нь нийт 33 орон тоотой байх үүнд: хэлтсийн менежер 1, ахлах мэргэжилтэн 1, Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн 1, худалдан авалтын хэсэг 2, захиргаа аж ахуйн хэсэг 10, слесарь 4, үйлчлэгч 14 орон тоотой байхаар баталжээ.

/хх-ийн 116-119-р хуудас/

Энэ бүхнээс үзэхэдС ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/79 дугаартай “ Үйл ажиллагааны газрын Худалдан авалт, аж ахуйн хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоо, ажилтнуудын томилгоог батлах тухай” тушаалаар  Худалдан авалт, гэрээ хариуцсан мэргэжилтэний тоог цөөрүүлж 2 болгосон мэт харагдаж байгаа боловч нийт ажилтнуудын тоо цөөрөөгүй зөвхөн ажлын байрны нэршил өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.

Мөн Б.Э ыг Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажлаа хийж байх үед буюу 2017 оны 1 дүгээр сарын 30-нд Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.М тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтыг баталж,  түүнд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцуулсан байгаа нь Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний тоо 3 байж байгаад нэгээр хасагдаж 2 болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

ГУРАВ: Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн  гэсэн ажлын байрны үндсэн чиг үүргийг харьцуулахад:

 Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажил гүйцэтгэж байсан Б.Э ын ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажилтны ажлын байрны үндсэн чиг үүргийг:

 “Бүх төрлийн худалдан авалт хийх, түүнтэй холбоотой судалгаа төлөвлөлт болон гэрээ хариуцан боловсруулах, Монгол улсын гаалиас бараа бүтээгдэхүүн татан авах буцаан гаргах ажлууд, засвар үйлчилгээтэй холбоотой ажил, Тайлан төлөвлөгөө гаргах” гэсэн бол

С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/79 дугаартай тушаалаар батлагдсан Техник технологийн судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.М ын ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг ажилтны ажлын байрны үндсэн чиг үүргийг:

  “Техник технологийн судалгаа, шинжилгээ хийх, Тендерийн сонгон шалгаруулалт хийх, гэрээ боловсруулах, гэрээний мэргэжилтэнд хяналт тавих, Монгол улсын гаалиас бараа бүтээгдэхүүн татан авах буцаан гаргах ажлууд, засвар үйлчилгээтэй холбоотой ажил, Тайлан төлөвлөгөө гаргах” гэжээ.

Эндээс дүгнэхэд “Техник технологийн судалгаа, шинжилгээ хийх, Тендерийн сонгон шалгаруулалт хийх, гэрээ боловсруулах, гэрээний мэргэжилтэнд хяналт тавих” гэсэн чиг үүрэг нь агуулгаараа “Бүх төрлийн худалдан авалт хийх, түүнтэй холбоотой судалгаа, төлөвлөлт болон гэрээ хариуцан боловсруулах” гэсэн чиг үүрэгт багтаж байсан гэж үзэхээр байна.

Иймд ажилтан Б.Э ын ажлын байрны нэршил нь өөрчлөгдсөнөөс агуулга нь өөрчлөгдөөгүй байх тул орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлгүй байна.

 Монгол улсын харилцаа холбооны салбарын тэргүүлэгчдийн нэг, үүрэн телефоны зах зээлийн гуравны нэгд үйлчилдэгС ХХК нь нийгмийн хөгжлийг дагаж нэр томъёоны хувьд нэршил, үйл ажиллагаа нь задарч өөрчлөгдөх нь зүйн хэрэг гэж үзнэ.

Иймд Б.Э ыгС ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажилд  эгүүлэн  тогтоож,  2017  оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх /3сар,10 хоног/ хугацаагаар цалингийн зөрүүд 4.127.750 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан /  Б.Э т олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.

/1.211.000+1.186.500+1.176.190=3.573.690/,/3.576.690:3=1.191.230/, /1.191.230:21,5=55.406/, /1.191.230х3сар=3.573.690/, /55.406х10хоног=554060/, /3.573.690+554.060=4.127.750/

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Э ыгС ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Бэлтгэн нийлүүлэлтийн хэлтсийн Худалдан авалт хариуцсан мэргэжилтний ажилд  эгүүлэн тогтоож,С ХХК-иас 4.127.750 /дөрвөн сая нэг зуун хорин долоо мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан Б.Э т олгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90488 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО