Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 76

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Э.Одончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт  Батбаатарын Оюунжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020585 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1987 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 48 дугаар гудамжны 708-3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягандаа оршин суудаггүй, гадуур биеэ үнэлж явдаг гэх, 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овгийн Батбаатарын Оюунжаргал. регистрийн дугаар: УХ-87041104,

Шүүгдэгч Б.Оюунжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан өөрийн төрүүлсэн 7 сар 27 хоногтой эрэгтэй хүйсийн хүүхдийг санаатай хаяж явсан гэмт хэрэгт холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав Үүнд:

Шүүгдэгч Б.Оюунжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Хүүхэд маань Сэхээн амьдруулах тасагт 7 хоноод 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдрэлийн тасагт буусан. Сэхээн амьруулах тасагт байхад нь Энэрэл гэдэг дүүгээрээ харуулдаг байсан. Мэдрэлийн тасагт байхад нь бас 2-3 хоног харуулсан. Энэ өдөр Азбуянгийн аав хүүхдээ сахьсан. Би тэрэнд маш их ядарч байгаагаа хэлсэн. Тэгээд памперс, хоол, сүүний мөнгө байхгүй гээд би гадагш гарахдаа аавд нь хүүхдээ хүлээлгэж өгөөгүй. Биеийн байдлыг нь хэлж өгөлгүй хүүхдээ хаяад явсан гэв.

Хохирогч Б.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:...Оюунжаргал хүүхдээ эмнэлэгт орхиж яваад бидэнд төвөг учруулж байгаад нь арга хэмжээ авахуулна. ...Хүүхдээ хаясныг нь сая л мэдлээ. Одоогоор бид тэр хүүхдийг нь авах боломжгүй гэсэн мэдүүлэг /хх-8/,

Бидний зүгээс Оюунжаргалд гомдолтой байна... гэсэн мэдүүлэг /хх-78/,

Гэрч  Р.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09-17 цагийн хооронд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт сувилагчийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ үед манай тасгийн 2 дугаартай өрөөнд Оюунжаргал гэх эмэгтэйн дүү нь гэх 20 орчим насны эмэгтэй 7 сартай Оюунжаргалын Азбуян гэх хүүхдийг 1 өдөр сахиж байгаад тэр шөнөдөө хүүхдийг орхиод алга болсон байсан....Азбуянгийн ээж гэх Оюунжаргалыг би огт хараагүй ээ. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Азбуян нь сэхээн амьдруулах тасгаас манай тасагт буюу мэдрэлийн эмгэг судлалын тасагт шилжиж ирсэн юм....Азбуян нь анх эрчимт эмчилгээний тасагт ухаангүй, зүрх нь бараг тасалдчихсан, тураалтай, рахиттай, харахад их л хэцүү орж ирсэн гэсэн. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт 7 хоног эмчлэгдээд биеийн байдал нь сайжраад манай тасагт шилжүүлсэн юм гэсэн мэдүүлэг /хх-9/,

Шүүх эмнэлгийн 4242 дугаартай дүгнэлтэд:  ...Б.Оюунжаргал нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, СSF1Р08, Реntа D, vWА, D8S1179, ТРОХ, FGА гэсэн локусын аппелиар Азбуянгийн биологийн эх байх боломжтой байна. Б.Оюунжаргал нь Азбуянгийн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 хувийн магадлалтай байна гэжээ./хх-84-85/,

Шүүгдэгч Б.Оюунжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эрэгтэй хүүхэд төрүүлсэн ба Азбуян гэж би өөрөө нэр өгсөн. Би өөрийн төрүүлсэн хүүгийн хамт Өргөөгийн ард Мэндбаяр гэж найзынхаа гэрт амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай хүүхэд орноос уначихсан. Тэгээд маргааш нь манай хүүхэд уйлагнаад бантангаа идэхгүй татаж эхэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудаад Эх нялхсын эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тэгээд манай хүүхэд сэхээн амьдруулахад 7 хоног хэвтээд 8 дахь хоногоос нь мэдрэлийн тасаг руу шилжсэн. ...2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Энэрэл гэж манай хуурай дүү намайг эргэж ирсэн. Тэгэхээр нь би надад мөнгө хэрэгтэй байна, ойрхон гарчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд Энэрэл за гээд манай хүүхдийг хараад үлдсэн ба би мөнгө олохоор гарсан. ...Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч....Би мөнгө олох гэж хүүхдээ хаяж явсан ба буцаж эмнэлэг ороогүй. Намайг эмнэлэг рүү орчихвол хүүхдээ хар гээд байж магадгүй гэж бодоод эмнэлэгт дахиж очоогүй. ... гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг/ хх-96-99-р хуудас/,,

Өвчтөний түүх /хх-18-22-р хуудас/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-23-37-р хуудас/, Нийслэлийн Амгалан амаржих газарт 2015 оны 06 дугаар сард төрсөн Оюунжаргал нэртэй эхчүүдийн судалгаа /хх-43 хуудас/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болно.

Шүүгдэгч Б.Оюунжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан өөрийн төрүүлсэн 7 сар 27 хоногтой эрэгтэй хүйсийн хүүхдийг санаатай хаяж явсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Оюунжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Оюунжаргалыг Төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дугаар зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.   

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117,1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулах ялын төрөл нь албадан ажил хийлгэх, баривчлах, торгох ялууд байх ба шүүгдэгч нь бага насны буюу 3 хүртлэх насны хүүхэдтэй ганц бие эх байх тул түүнд алдбан ажил хийлгэх болон баривчлах ял оногдуулах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59,.3-т зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацаанд тохируулан торгох ял оногдуулж, торгох ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй шүүх дүгнэлээ.