| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00651/И |
| Дугаар | 00810 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 00810
2017 оны 07 сарын 26 өдөр Дугаар 142/ШШ2017/00810 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 42 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 3-37 тоотод оршин суух Очирваань овгийн Пэрэнлэйн Энхтуяагийн /регистрийн дугаар ИЭ75013029/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин тосгоны 7 дугаар гудамжны 15 тоотод оршин суух Үхэр цагаан овгийн Өлзийбадрахын Батцэнгэлд /регистрийн дугаар ИЦ83111014/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 12 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч П.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Энхтуяа миний бие өөрийн танил Батцэнгэлд төрсөн эгч Ганчимэгээс гуйж 4 000 000 төгрөгийг мөн эгчийн найз болох Алтантуяагаас 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй хүүтэйгээр 2014 оны 08 дугаар сард зээлж өгсөн. Гэвч Батцэнгэл нь өдий хүртэл үндсэн мөнгө болон хүүний төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй, түүгээр ч барахгүй Алтантуяагаас авч өгсөн 2 000 000 төгрөгийн хүү болох 6 400 000 төгрөгийг эгч бид 2 өөрсдөө Батцэнгэлийн өмнөөс өдийг хүртэл төлсөн. Батцэнгэлд зээлдүүлсэн үндсэн мөнгө 6 000 000 төгрөг, Алтантуяад төлсөн хүүний 6 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг биднээс гарсан. Үүнд миний эгч Ганчимэгээс авсан 4 000 000 төгрөгний хүүг тооцон оруулаагүй болно. Өнгөрсөн хугацаанд Батцэнгэлтэй олон удаа удаа дараа уулзсан боловч хэд хоногийн дараа, ажлын мөнгө орж ирэхээр баараггүй өгнө, жаахан хүлээж байгаач гэх мэтээр удаа дараа худал хэлж хууран мэхэлсээр өдийг хүрлээ. Аргаа бараад 2016 оны 08 дугаар сарын 16-нд Ө.Батцэнгэлтэй уулзаж өөрсдийн үндсэн мөнгөө авья гэж баталгаа гаргуулж, тус мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 01-нд өгч дуусгана гэсэн бичиг хийж өгөөд өдийг хүртэл өгсөнгүй ээ. Иймд хариуцагч тал болох Ө.Батцэнгэлээс 12 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Энхтуяа нь хариуцагч Ө.Батцэнгэлээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 12 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Би 2014 оны 08 дугаар сард Батцэнгэлд төрсөн эгч Ганчимэгээс гуйж 4 000 000 төгрөгийг, мөн эгчийн найз болох Алтантуяагаас 2 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж өгсөн. Алтантуяагаас авч өгсөн 2 000 000 төгрөгийн хүү болох 6 400 000 төгрөгийг эгч бид 2 өөрсдөө Батцэнгэлийн өмнөөс өдийг хүртэл төлсөн. Батцэнгэлд зээлдүүлсэн үндсэн мөнгө 6 000 000 төгрөг, Алтантуяад төлсөн хүүний 6 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч Ө.Батцэнгэлд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Мөн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Ө.Батцэнгэл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч П.Энхтуяагаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 213 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Батцэнгэлээс 213 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Батцэнгэлээс 12 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Энхтуяад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 213 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 213 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА