Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
Хэргийн индекс | 106/2016/0000/э |
Дугаар | 82 |
Огноо | 2016-08-11 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | л.Соёмбо |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 82
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн даргаар: С.Буянхишиг,
Улсын яллагч: Л.Соёмбо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Энхбаатарын Бат-эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020688 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар Баянгол дүүргийн 5 хороо, 27-33 тоотод оршин суух, 2009 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Боржигон овогт Энхбаатарын Бат-эрдэнэ. регистрийн дугаар: НХ-92031613,
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь орон байранд нэвтрэн орж давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТIME CENTER төвийн доторх ВВ караокны хаалгыг түлхэж ороод дотроос нь LG маркийн иж бүрэн зөөврийн компьютер, архи зэргийг хулгайлж хохирогч Н.Уянгад 1.211.340 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн уг төв дотор үйл ажиллагаа явуулдаг Модерн Монгол кафены цонхыг хагалж орон 62 ширхэг пиво, кассын машин зэргийг хулгайлж хохирогч Ш.Ариунаад 1.655.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгдүгээр байрны хойд талд байрлах автомашины ил зогсоолд байсан хохирогч С.Батмөнхийн эзэмшлийн 75-79 УНС улсын дугаартай автомашины хойд салхины шилийг хагалж багажны ком, запас дугуй зэргийг хулгайлан 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн уг зогсоолд зогсож байсан 18-95 УНӨ улсын дугаартай автомашины хойд хаалганы шилийг хагалж эд зүйл хулгайлж хохирогч Б.Чулуунцэцэгт 115.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2016 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө давтан үйлдлээр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны гадна байсан 21-97 УБД улсын дугаартай Приус 20 маркийн автомашины баруун хойд талын гурвалжин шилийг хагалж хоёр талын толь, эрэгтэй хүний өвлийн куртка 2 ширхэг зэргийг хулгайлан хохирогч Ж.Дорждагвад 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тухайн цан хугацаанд уг зогсоолд байсан 37-53 УБЦ улсын дугаартай приус 20 маркийн автомашины хойд талын хаалганы том шилийг хагалж хохирогч С.Мөнхбатад 80.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тухайн цан хугацаанд уг зогсоолд байсан 49-47 УНЦ улсын дугаартай приус 20 маркийн автомашины баруун хойд талын хаалганы том шилийг хагалж mp3 тоглуулагч, нүдний шил, багажнаас нь өрмийн машины жанам зэргийг хулгайлан хохирогч Х.Үдэнборд 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн тухайн цан хугацаанд уг зогсоолд байсан 16-07 УБӨ улсын дугаартай Приус 20 маркийн автомашины хаалганы хойд арын том шилийг хагалж хохирогч П.Алтанхуягт 80.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө давтан үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн нутгаас хохирогч Х.Янжиндуламын Марк X маркийн 12-44 УНД улсын дугаартай автомашины хойд хаалганы том шилийг хагалж хувцас, цүнх зэрэг эд зүйл хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бат-эрдэнэ мэдүүлэхдээ: ...Би буруу хэрэг хийсэн гэдгээ ойлгож гэмшиж байгаа. Энэ хэргүүдийн талаар давтаж ярьмааргүй байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Н.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах TIMECENTER төв дотор байрлах ВВ караокег 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс түрээслэж ажиллуулж эхэлсэн юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 07- 08-нд шилжих шөнө 03 цаг 30 минутанд манайх үйлчлүүлэгч нараа гаргаад би өөрөө хаалгаа цоожлоод түлхүүрээ өөрөө аваад явсан. Манай караоке подвальд байрладаг болохоор цонхгүй юмаа Тэгтэл 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн үед манай караокег өмнө нь ажиллуулж байсан Мөнхзул манай дүү рүү залгаад TIME CENTER төв доторх караокед хулгай орчихсон байна гэж харуул нь залгаж хэллээ эгчийгээ ир гэж хэл гэсэн. Тэгээд би 10 минутын дараа ажил дээрээ очиход бид нарт түрээслүүлсэн түрээслэгч, цагдаа нар ирчихсэн байсан ба цагдаа нар камерын бичлэг шүүж үзээд хулгай хийсэн хүнийг нь хамгаалагч харсан юм байна гэж хэлсэн миний саарал өнгийн гадартай нөүтбүүк, цүнх, маус, цэнэглэгчтэйгээ байсныг өнөөдөр Бат-Эрдэнээс хүлээж авлаа. Нөүтбүүкээ Солонгос улсаас 2015 оны сүүлээр Монгол мөнгөөр 952.000 төгрөгөөр цүнхтэй, маус, цэнэглэгчтэй нь авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлнэ. 1 шил Сгеу goose архи 1 литр ,chivas jack нэртэй виски 1литр, Хар сувд нэртэй архи 1 литр, 0.75 граммтай Хар чингис архи 2 шил, 0.75 граммтай Голд Чингис 1 шил, Соёмбо архи 1 шил архины үнээ сайн мэдэхгүй байна. ...Миний зүгээс нөүтбүүк ,цүнх, маус зэргээ хүлээж авсан. Одоо 1 шил Сгеу goose архи 1 литр бөөний үнэ нь 83.640 төгрөг, chivas jack нэртэй виски 1 литр архи 1 шил бөөний үнэ нь 70.000 төгрөг, Хар сувд нэртэй архи 1 литр 1 ширхэг бөөний үнэ нь 26.500 төгрөг, 0.75 граммтай Хар Чингис архи 1 шил нь 14.100 төгрөг 2 шил архи байсан, 0.75 граммтай Голд Чингис 16.000 төгрөгөөр бөөний үнээр авдаг, Соёмбо архи 1 шил 35.000 төгрөг уг архинуудыг бөөний үнээр үнэлж байгаа ба уг үнээрээ үнэлнэ. Нийт 259.340 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр манайд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг залуу манай хаалгыг эвдээд орчихсон байсан ба аав нь гэх Эрдэнэбаатар гуай манай хаалгыг засаж өгсөн. Хаалгаа үнэлэхгүй гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
Хохирогч Ш.Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би TIME CENTER дотор байрлах Модерн Монгол кафе түрээслэдэг юмаа. Тэгээд ажил дээрээ иртэл кафены цонх хагарсан 467.000 төгрөгийн орлогын мөнгөтэй кассын машин, австрали вино 1 шил, 46 ширхэг Тiger пиво, Сэнгүр пиво 12 шил, Хайнэкен пиво 4 шил, шилэн вискины хундага 12 ширхэг, том хоолны сав зэрэг байхгүй байсан ба уг хоолны саванд болсон будааг шалаар асгачихсан, 12 ширхэг хундага хагалчихсан байсан. Тэгээд би эд зүйлсээ бүртгэж үзчихээд гартал хашаан дотор манай кассын машиныг эвдэлчихсэн байсан ба түлхүүрээр нь онгойлгож үзэхэд дотор нь байсан 467.000 төгрөг байсан ба аав нь надад шинэ кассын машин авчирч өгсөн. Одоо би винонуудаа нэг ширхэгийг нь 28.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ үнээрээ үнэлнэ. Харин tiger, Сэнгүр хайнэкен пивонууд нийлээд нийт 62 ширхэг пиво болж байгаа ба нэгийг нь 1800 төгрөгөөр үнэлнэ. Харин вакум цонхоо 80.000 төгрөгөөр шиллүүлсэн. Хоолны сав, 12 ширхэг хундага зэргийг хэрэглэж байсан 200.000 төгрөгөөр үнэлнэ. Харин кассын машинаа 760.000 төгрөгөөр үнэлнэ. Тэгэхдээ оронд нь шинэ кассын машин авсан гэсэн мэдүүлэг /хх-30хх /,
Хохирогч С.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4-р сарын 9-ний өдрийн орой 19 цагийн үед би 105-р байрны гадна өөрийнхөө УБЦ 37-53 улсын дугаартай приус 20 машинаа тавьчихаад гэртээ орсон. Өглөө утас дугарсан чинь машины чинь цонхыг хагалчихсан байна гэж манай байрны хүн хэлсэн. Гараад харсан чинь жолоочийн арын том шилийг хагалчихсан байсан. Юманд нь хүрэхгүй байж байгаад цагдаа дуудаад цагдаа ирэхээр нь өргөдөлөө бичиж өгсөн машинаас чинь алга болсон зүйл байна уу гэхээр нь шалгаж үзэхэд алга болсон зүйл байхгүй байсан. Зөвхөн цонхыг нь хагалчихсан байсан. 104-р байрны урдуур тавьсан байсан машинудын цонхыг нь хагалсан зөндөө юм алдагдсан гэж байсан хойд талынхаа шилийг би 85.000 төгрөгөөр шиллүүлсэн энэ мөнгөө л авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-83/,
Хохирогч Ж.Дорждагвын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4-р сарын 9-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутын үед би 104-р байрны гадна зогсоол дззр 21-97 УБД улсын дугаартай приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө 9 цаг 30 минутын үед манай байрны орцны жижүүр хаалга тогшиж машины чинь шил хагалсан байна гэж хэлэхээр нь гараад үзтэл миний машины жолоочийн арын хаалганы том шилийг хагалсан хоёр талын толь байхгүй байсан. Гар хүрээгүй байж байгаад цагдаа дуудсан цагдаагийхан ирээд үзсэн миний машины 4 хаалга цоожгүй дотор гэрэл асаалттай байсан цагдаа үзлэг хийсний дараа доторхыг нь үзэхэд багажинд байсан 2 куртик байхгүй байсан. Түрийвчэнд байсан задгай 10.000 орчим төгрөг байхгүй байсан. Багажин дотор паск цүнх байсан цүнхэн дотор эмэгтэй монетон бөгж байсан. Тухайн үед цагдаад өргөдөл бичихдээ мэдээгүй байсан. Миний зүгээс цагдаагаас 2 ширхэг саарал өнгийн толио хүлээж авлаа. Мөн би цагдаад өргөдөл байцаалт өгсөний дараа эд зүйлээ бүртгэж үзсэн чинь миний байцаалтандаа мэдүүлсэн монетон бөгж байсан. Мөн голын салоныг янзлуулах шаардлагагүй гэсэн. Тиймд миний зүгээс одоо 2 ширхэг куртка, машины хагалсан цонх зэргийн төлбөрийг нэхэмжилж байна. Өөрөөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-91-92/,
Хохирогч Х.Үдэнборын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7-р хороо, 103-р байрны гадаа би өөрийн эзэмшлийн 49-47 УНЦ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаа байрлуулж тавьчихаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш нь гараад иртэл миний машины баруун хойд талын хаалганы цонх хагарсан дотроос нь алдагдсан зүйл байгаагүй. Тэгээд маргааш нь би хөдөө явах гээд багажаа онгойлгоод үзтэл миний 140.000 төгрөгөөр худалдаж авсан өрмийн машины жанам, хуучин нүдний шил, хуучин мр3 тоглуулагч зэрэг алдагдсан байсан. Тэгээд би байцаагчтайгаа очиж уулзсан. Жанам шинэ байсан ба 140.000 төгрөгөөр үнэлнэ, мр3 тоглуулагчаа 10.000 төгрөгөөр үнэлнэ, нүдний шилээ үнэлэхгүй, хаалганы шилээ 50.000 төгрөгөөр үнэлнэ. Би байцаагчаас жанам, мр3 тоглуулагч хоёроо хүлээж авсан. Одоо гомдол санал байхгүй шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлэг /хх-95/,
Хохирогч Х.Янжиндуламын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймаг руу өөрийн эзэмшлийн Марк-х 12-44 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад Төв аймгийн Баян-Чандманий постон дээр ирсэн юм. Тэгээд цас их орсон цасан шуурга болж байсан учир Баян чандмань суманд нэрийг нь мэдэхгүй дэн буудалд хоносон юм. Би өөрийн нөхөр Л.Самбуугийн хамт явсан юм. Тэгээд шөнийн 00 цаг болж байхад дэн буудлын эзэн нь гэх эмэгтэй хаалга тогшиж эгчээ таны машины жолооч талын хаалганы цонхыг хүн хагалсан байна гэсэн. Машин дээрээ очиход шил нь хагарсан байсан, машины шилийг хагалсан дунд зэргийн нуруутай туранхай залууг буудлын эзний нөхөр гэх залуу барьсан юм байна лээ. Миний машинаас өөр ямар нэг эд зүйл алга болоогүй, цүнхтэй хувцасыг хулгайч аваад зугтааж байгаад баригдсан байна лээ. Миний машины цонх, шил бүрэн бүтэн байсан. Машиныг миний бие барьж явсан юм би машиныхаа цонхыг шиллүүлсэн 150.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулж авмаар байна. Өөр ямар нэг гомдол санал гээд байх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-128/,
Хохирогч П.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн орой 19 цагийн үед 104-р байрны урд талын зогсоол дээр тоёото приус-20 маркийн 16-07 УБӨ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинаа тавьчихаад гэртээ ороод амарсан. Маргааш өглөө 7 цагийн үед жижүүр орж ирээд машины чинь цонхыг хагалчихсан байна гэсэн. Тэгээд гараад хартал цагдаагийн хүмүүс ирчихсэн байсан. Миний машины жолоочийн арын хаалганы том цонхыг хагалчихсан байсан. Дотроос нь эд зүйл алдагдаагүй байсан. Хагалсан цонхны дотор талын хаалганы салоныг битүү зурчихсан байсан.Машин дотроос алдагдсан эд зүйл байхгүй. Ур талын копут онгойлгочихсон байсан. Хойд талын шилийг 80.000 төгрөгөөр шиллүүлсэн. Энэ мөнгөө авмаар байна. Хаалганы дотор талын салоныг 40.000 төгрөгөөр янзалдаг гэсэн тэрийгээ бас янзуулчихмаар байна гэсэн мэдүүлэг /хх-87/,
Хохирогч С.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 01-168 тоотод оршин суудаг хүн байгаа юм тухайн өдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 75-79 УНС улсын дугаартай соната-6 маркийн авто машинаа 01-р байрны хойд талын ил зогсоолд тавьсан байсан. Тэгсэн чинь шөнө 03 цагийн үед байх цагдаагаас залгаад таны машинд хулгай орсон байна та гараад ирээч гээд хэлсэн. Тэгээд машин дээрээ очсон чинь хойд талын цонхыг хагалаад арын багажинд байсан запас дугуй 1 ширхэг, багажны ком 2 ширхэг, машины дэлгэц 1 ширхэг, машины холбогч 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан байсан. Тухайн үедээ би эдгээр эд зүйлүүдийг буцаагаад авсан гэсэн мэдүүлэг /хх-165/,
Хохирогч Г.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр Энхбаатар 19:00 цагийн орчимд 18-95 УБӨ улсын дугаартай машинаа тавиад 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 15:00 цагийн үед машин дээрээ очтол зүүн хойд талын гурвалжин шилийг хагалсан байсан. Машин дотор урд хайрцаганд машины 5 бул, машин өнгөлөгч, алчуур гэх зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд шалгуулах өргөдөл өгсөн гэсэн мэдүүлэг /хх-168/,
Гэрч Г.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгтэл манай ажил дээр манай хүргэн ах Бат-Эрдэнэ ирээд би архи уучихсан халамцуу гэрт ормооргүй байна, чамтай хамт ажил дээр чинь хоноод маргааш өглөө хоёулаа хамт гэрлүүгээ явах уу гэсэн. Тэгэхээр нь би танд хонох газар байхгүй бол надтай хамт хоночих гэж хэлсэн. Энэ үед Бат-Эрдэнэ энгэр орчмоосоо 0.33 граммын Хараа нэртэй архи гаргаж ирээд хоёулаа хуваагаад уучих уу гэсэн. Тэгэхээр нь би уугаагүй нэг амсаад өгсөн чинь Бат-Эрдэнэ ганцаараа уусан. Тэр үед 22 цаг болж байсан. Тэгээд бид хоёр камер шалгаад центр дотор үйл ажиллагаа явуулдаг газруудаа хаалгаж эхлээд 02 цагийн үед Бат-Эрдэнэ бид хоёроос өөр хүн Тайм центр дотор үлдээгүй. Тэгээд бид хоёр үүдэнд камер хараад сууж байтал Бат-Эрдэнэ чи ингээд сууж байхаар дээшээ гараад амралтын өрөөнд ороод унт би нэг хэсэгтээ хараад сууж байя. Чамайг унтаад сэрэхээр би зөрөөд унтах уу гэсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод би 2 давхар луу гараад унтаж байтал чимээ гараад түжигнээд байсан. Тэгэхээр нь би доошоо гүйгээд камер луу очтол камерын хажууд Бат-Эрдэнэ байхгүй камеруудаа шалгаж үзтэл караокены үүдний гэрэл асчихсан байхаар нь гүйгээд очтол караокены хаалга онгорхой дотор нь Бат-Эрдэнэ байсан ба текний ард тонгойгоод зогсож байсан. Тэгэхээр нь би хөөе юу хийж байгаа юм гэхэд би шалгаад явж байсан чинь хаалга нь онгойчихлоо гэсэн. Тэхэгээр нь наашаа гараад ир гээд гаргаж ирээд юу болсон юм гэхэд би согтуудаа караокены хаалгыг хүчтэй түлхсэн чинь онгойчихлоо. Тэгэхээр нь дотроос нь пивонууд аваад гадаа гаргаад нуучихлаа гэсэн. Тэгэхээр нь би гаргаж тавьсан юмнуудаа оруулж ир гэсэн чинь Бат-Эрдэнэ би харин согтуудаа буруу юм хийчихлээ би авсан юмнуудаа буцаагаад оруулаад ирье гээд гарч яваад орж ирэхгүй болохоор нь би цагдаад өөрийнхөө 89999062 дугаараас дуудлага өгсөн. Тэгээд энэ асуудлын талаар аавд хэлээд аав хамгаалалтын алба болон караоке, кафед мэдэгдсэн гэсэн гэсэн мэдүүлэг /хх-33/,
Гэрч Ё.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...би 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ согтуу хүнд зодуулаад 3 хавиргаа хугалуулаад гэртээ хэвтэрт хэвтээд ажлаа хийх ёстой гээд өөрийн хүргэн Чинзоригийг өөрийнхөө оронд ажилуулж байсан ба энэ талаар манай хамгаалалтын албаны дарга нар мэдэж байсан юмаа. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өглөө манай хүргэн ажилдаа явсан. Тэгтэл 2016 оны 3 дугаар сарын 08-ны өглөө сэрсэн чинь караоке, баарнаас эд зүйл хулгайлчихсан байна. Тэгээд цагдаа нар ирлээ гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш Бат-Эрдэнэ гэрт огт ирээгүй. Би хайгаад л яваад байна. Миний зүгээс хохирогч нарын хохирол мөнгийг чадахаараа барагдуулна гэсэн мэдүүлэг /хх-38/,
Гэрч Р.Жамсранбазарын мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө намайг гэртээ унтаж байхад манай эхнэр дэлгүүрээ хаагаад гэртээ орж ирээд гадаа буудалд байгаа хүний машинаас хулгай хийгээд байна гэхээр нь гэрээсээ гарсан юм. Тэгээд гараад иртэл манай цонхон доор байсан машины кабины гэрэл ассан байсан бөгөөд тэр машины жолооч талын шил хагарсан байхаар нь би цаашаа яваад хартал манай хашаанаас нэг нөхөр гараад явж байсан. Хөөе гээд дугартал цаашаа зугтаасан хойноос хөөж байтал зам дээр цүнхтэй эд зүйлээ хаяаад цаашаа зугтаасан би хойноос нь хөөж байгаад бариад авсан. Хаанаас явж байгаа талаар нь асуугаад зогсож байтал ахмад Батболд хүрж ирсэн тэгээд тэр нөхрийг машиндаа суулгаад манай дэлгүүр дээр авч ирсэн би гэрлүүгээ ороод унтаад өгсөн. Буудалд байгаа машины эзнийг дуудаад үлдсэн өөр надад мэдэх зүйл алга байна гэсэн мэдүүлэг /хх-н 130/,
Гэрч С.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө би Төв аймгийн Баян Чандмань сум замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхад шөнө 24 цаг өнгөрч байхад Далай ээж дэлгүүрийн эзэн гээд хүүхэн надруу утсаар залгаад манай буудалд амарч байгаа хүмүүсийн машины цонхыг нь хагалаад юмыг нь хулгай хийж байна гэсэн дуудлага өгсөн. Би тэр дуудлагыг хүлээн аваад доошоо сумын төв рүү орж ирэхэд замын хажууд цагаан саарал өнгийн чирдэг чемодан дугуйтай цүнхийг хаячихаад хүн зугтаагаад явчихлаа гэхээр нь би шатахуун түгээх станцын хажуугаар гараад ирэхэд дэлгүүрийн эзэн Базараа гэдэг залуу нөгөө залууг дэлгүүртээ аваад ороод ирсэн байсан. Тэгээд нөгөө залууг аваад замын цагдаагийн пост руу авч ирсэн гэсэн мэдүүлэг /хх-132/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-1-5-15, 58-63, 150-155/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-1-22-23, 94, 98, 114-115, 156-158, 245/, эд зүйлийн үнэлгээ /хх-1-28,31, 84, 88, 93, 96, 133, 166, 169/, шинжээчийн 01/315 тоот дүгнэлт /хх-1-44-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-175/, урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-211/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-214-215/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-239-240/, хохирлын тооцоо /хх-243-244/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Чулуунцэцэг, С.Мөнхбат, П.Алтанхуяг нарын эд зүйлийг хулгайлсан үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн хохирогч нарт учирсан хохирол нь эд зүйлийн үнэлгээгээр бага бус хэмжээ буюу 192.000 төгрөгийн хохиролд хүрэхгүй байгаа тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэлээ.
Харин дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нь шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТIME CENTER төвийн доторх ВВ караокны хаалгыг түлхэж онгойлгон дотроос нь LG маркийн иж бүрэн зөөврийн компьютер, архи зэргийг хулгайлж хохирогч Н.Уянгад 1.211.340 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн уг төв дотор үйл ажиллагаа явуулдаг Модерн Монгол кафены цонхыг хагалж 62 ширхэг пиво, кассын машин зэргийг хулгайлж хохирогч Ш.Ариунаад 1.655.000 төгрөгийн хохирол учруулсан,
-Давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны хойд талд байрлах автомашины ил зогсоолд байсан хохирогч С.Батмөнхийн эзэмшлийн 75-79 УНС улсын дугаартай автомашины хойд салхины шилийг хагалж багажны ком, запас дугуй зэргийг хулгайлан 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө давтан үйлдлээр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны гадна байсан 21-97 УБД улсын дугаартай Приус 20 маркийн автомашины баруун хойд талын гурвалжин шилийг хагалж хоёр талын толь, эрэгтэй хүний өвлийн куртка 2 ширхэг зэргийг хулгайлан хохирогч Ж.Дорждагвад 590.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө давтан үйлдлээр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны гадна байсан 49-47 УНЦ улсын дугаартай приус 20 маркийн автомашины баруун хойд талын хаалганы том шилийг хагалж mp 3 тоглуулагч, нүдний шил, багажнаас нь өрөмийн машины жанам зэргийг хулгайлан хохирогч Х.Үдэнборд 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө давтан үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн нутгаас хохирогч Х.Янжиндуламын Марк X маркийн 12-44 УНД улсын дугаартай автомашины хойд хаалганы том шилийг хагалж хувцас, цүнх зэрэг эд зүйл хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба уг эд зүйлийн үнэлгээ нь нийт 5.371.340 төгрөгөөр тогтоогдсон байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан нийт хохирлоос шүүгдэгчийн төлсөн буюу буцаан өгсөн эд зүйлийн үнийг хасаж нийт 1.377.340 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Уянгад 259.340 төгрөг, Ш.Ариунаад 428.000 төгрөг, Ж.Дорждагвад 160.000 төгрөг, Х.Үдэнборд 50.000 төгрөг, Х.Янжиндуламд 150.000 төгрөг, С.Батмөнхөд, 120.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгт 50.000 төгрөг, С.Мөнхбатад 80.000 төгрөг, П.Алтанхягт 80.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.
Хохирлын тооцоонд хохирогч Ш.Ариунаад учирсан хохирлыг тооцохдоо 1.655.000 төгрөгийн хохирол учирснаас 1.227.000 төгрөгийн хохирлыг төлж үлдсэн хохирол нь 428.0000 төгрөг байхад 619.0000 төгрөг гэж буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг 2009 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Уг эрүүгийн 201626020688 дугаартай хэрэгт 201626021080, 201619000259, 201626011004 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болно.
Хэрэгт мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Э.Бат-Эрдэнийн эзэмшилд байгаа Төв аймгийн Баянчандмань сумын 1-р багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1426000332 тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хохирол барагдуулах зорилгоор Шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлтийн нотлох баримтуудын талаар хэсгийн 14-т уг хэрэгтэй холбогдолгүй өөр хэргийн талаарх нотлох баримт тусгасныг улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн эхэнд техникийн алдаатай бичигдсэн болохыг тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.