Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00833

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 04 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00833                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1968 онд төрсөн, 49 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-26 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүх-Очирын Пүрвээгийн /регистрийн дугаар ЧК68060211/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-08 тоотод оршин суух Дэмчиг овгийн Дансранжавын Батболд /регистрийн дугаар ФБ62101312/,

Хариуцагч: 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-17-52 тоотод оршин суух Боржигон овгийн Базаррагчаагийн Оюун /регистрийн дугаар ФБ81012766/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 27 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Батболдын зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, С.Пүрвээгээс Д.Батболдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-201003753 тоот гэрчилгээг гаргуулан Д.Батболдод олгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д.Батболд, Б.Оюун, хариуцагч Д.Батболдын өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч С.Пүрвээ би хариуцагч Д.Батболдод 2015 оны 11 сарын 20-нд 17.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэйгээр 1 сарын буюу 30 хоногийн хугацаатайгаар түүний Зэст багт байрлах 1-16-08 тоот З6,0 мкв 3 өрөө байрыг барьцаалан зээлдүүлсэн болно. Зээлийн болон барьцааны гэрээг нотриатаар баталгаажуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн болно. Зээлээ төлөх хугацаа болоход Батболд нь зээлийн 1 сарын хүү болох 1.700.000 төгрөгийг 4 удаа буюу 12 сар, 1 сар, 2 сар, 3 сарын хүү болох нийт 6 800 000 төгрөгний хүү өгч сунгуулж ирсэн. Ингээд үүнээс хойш зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Зээлээ төлөхийг шаардахад энэ зээлийг авч өөрийн дүү Оюунд өгч хэрэглүүлсэн. Түүний ажил бүтэхгүй, зээлийг төлөхгүй байна гэдэг шалтгааныг тоочсоор өнөөдрийг хүрч байна. Анх зээлийг өгөхдөө би зээлийг өөр хэн нэгэнд өгөх нь таны хэрэг. Харин би таны эд хөрөнгө болон орон сууцыг л барьцаалж зээл өгч байгаа учраас тантай зээлийн харьцааг ярих болно гэдгийг анхааруулж Батболд ч зөвшөөрч өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан учраас би зээлийг өгсөн. Ийм учраас Батболдоос зээлийг төлөхийг шаардаж ирсэн. Ингээд бидний хооронд хийсэн зээлийн гэрээний 3-т заасны дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу Батболд зээлээ төлөөгүй 11 сар гаран болж байгаа учраас алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-иас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийлүүлэн үндсэн өгсөн зээл болох 17 сая төгрөгний 50% болох 8.500.000 төгрөгний алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 17 000 000 төгрөг, сунгасан хугацаа болох 2015 оны 04 дүгээр сарын 20 хүртэл 1 сарын хүү 1 700 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, нийт  27 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С.Пүрвээгээс 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 17 000 000 төгрөг зээлж авсан гэрээ байгаа. Гэхдээ энэ мөнгийг би хүлээж аваагүй. Энэ өдөр миний танил Б.Оюун над руу утасдаж “Батболд ахаа та надад туслаач би банкны зээлийн үлдэгдэлээ төлөөд дахиад зээл авах гэтэл барьцаа хөрөнгө хэрэгтэй болоод байна, та байраа түр барьцаалаад хүнээс зээл авах гэрээнд зураад өгөөч” гэхээр нь би бодож үзье гээд нэг удаа туслья гээд зөвшөөрсөн. Ингээд намайг үйлчилгээний төвийн урд иргэний үнэмлэх, байрны гэрчилгээтэй хүрээд ир гэхээр нь би очсон. Гэтэл одоо нэг хүн ирнэ гээд хүлээж байтал намхандуу махлаг эрэгтэй ирсэн. Тэгээд бид нотариат орсон. Тэр эрэгтэй зээлийн гэрээний заримыг бичсэн байсан нотариат дээр заримыг нь миний бичиг баримтыг үндэслэн бичсэн. Тэгээд зээлийн гэрээ барьцааны гэрээнд би гарын үсэг зурсан. Би ямар ч мөнгө аваагүй. Б.Оюун, С.Пүрвээ нар хоорондоо хэдэн төгрөг өгч авсныг би мэдэхгүй. Нэгэнт ийм учраас би одоо энэ зээлийн болон барьцааны гэрээний талаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Пүрвээгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Б.Оюун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Батболд ахын ярьж байгаа нь үнэн. Би 500.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байсан юм. 2-13-р байранд байрлах дэлгүүрийн гэрчилгээ Б.Оюун-Эрдэнэ эгчид 30.000.000 төгрөгийн барьцаанд байсан. Яагаад тэр гэрчилгээг авахаар болсон гэхээр Б.Оюун-Эрдэнийн барьцаанд байсан дэлгүүрээ суллаж авах гээд ийм зүйл болсон. Зөрүү барьцаагаа авахын тулд Д.Батболд ахаас байрыг нь гуйж байсан. Дэлгүүрээ барьцаанаас чөлөөлж аваад зөрүүлж Д.Батболд ахын байрыг барьцаанд тавьсан. Түүнээс бэлэн мөнгө авсан зүйл байхгүй. Би Б.Оюун-Эрдэнэ эгчээс 2013 оноос хойш барьцаатай, барьцаагүй мөнгө зээлж авч байсан. Миний үйл ажиллагаа доголдоод, орлого муудсан нь зээлээ төлж чадахгүйд нөлөөлсөн. Д.Батболд ах мөнгө авсан зүйл огт байхгүй. Тэр өдрийн миний болон Д.Батболд ахын дансыг шалгаж үзсэн ч гэсэн мөнгө авсан зүйл байхгүй гэв. Д.Батболд ахад мөнгө авах ямар ч хэрэг байгаагүй. Оюун-Эрдэнэ өөрөө надаас мөнгөө авахын тулд нөхрийнхөө нэр дээр зээлийн гэрээг Д.Бхатболд ахтай хийсэн. Намайг өрөнд орсон гэж мэдэж байгаа учраас надаас биш Д.Батболдоос гаргуулна гэж байна. Барьцаагаа сольсон гэдгийг Б.Оюун-Эрдэнэ сайн мэдэж байгаа. Би энэ хүн олон жил мөнгө зээлж байгаа. Миний бейкэригээс мөнгө авахдаа дандаа гарын үсэгтэй авдаг байсан. Тэр өдөр би болон Д.Батболд ах ямар ч мөнгө Пүрвээгээс аваагүй” гэв.

Хариуцагч Д.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ”...2015 оны 11 дүгээр сарын 20-ны үед миний хуучин танил С.Оюун над руу утасдаж "Батболд ахаа таны байрны гэрчилгээ энд тэнд тавигдаагүй байгаа биз дээ" гэхээр тийм гэдгээ хэлсэн. Гэтэл "Та надад нэг туслаач, би өөрийн байраа банкинд барьцаалсан байгаа, зээл авах гэхээр заавал өөрийн үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй, эсхүл энэ зээлээ хаагаад дараагийн зээл ав гээд байна" гэж гуйсан. Би учир байдлыг лавлаад түр хугацааны юм бол тусалчихъяа гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд хаана уулзах вэ гэхэд Үйлчилгээний төв дээр байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ хүрээд ир гэсэн. Би явж очиход одоо нэг хүн хүрээд ирнэ гэж хүлээлгэж байтал махлаг бор эрэгтэй хүн ирсэн. Ингээд үйлчилгээний төвийн нотариат дээр очсон ба тэр эрэгтэй хүн зээл, барьцааны гэрээг заримыг бичээд ирсэн байсан ба миний иргэний үнэмлэхийг харж надтай холбоотой зүйлийг бичсэн. Ингээд нотариатаар би С.Пүрвээгээс 17 000 000 төгрөг зээлсэн болж, үүүнийхээ барьцаанд 1-16-08 тоот орон сууцаа барьцаалсан гэрээ хийж би гарын үсгээ зурсан. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн газар очиж гэрээг бүртгүүлсэн.

Дээрх зээлийн мөнгийг би огт хараагүй, хүлээж аваагүй, С.Пүрвээ Б.Оюун нар хоорондоо хэдэн төгрөг авч өгснийг би сайн мэдэхгүй. Зээлийн хүүгээ С.Оюун төлж гэрээг сунгуулж байсан С.Пүрвээгийн эхнэр Оюун-Эрдэнэтэй мөнгөнийхөө тооцоог хийж байсан юм байна лээ. С.Пүрвээ надтай нилээн сүүлд холбоо барьдаг болсон ба эхлээд бид хоёр "Оюунаар яаж зээлээ төлүүлэх вэ, цаадах чинь мөнгөө төлөхгүй байна, алдаг оног хүү төлж байна гэдэг байснаа сүүлдээ чи надтай нотариатын гэрээ хийж, бүх юм ном ёсоор болсон, би чамтай зууралдана гэдэг, би болохоор би нэг ч төгрөг аваагүй байж юу гэж мөнгө төлдөг юм бэ" гэж маргах болсон. Одоо гэтэл С.Пүрвээ надаас зээл гэж 17 000 000 төгрөг, хүү 1 700 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, бүгд 27 200 000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд би С.Пүрвээгийн нэхэмжилж байгаа 17 000 000 төгрөг, түүний хүү, алданги байх бол түүнийг нь уг мөнгийг өөрөөс нь авсан жинхэнэ эзэн Б.Оюунаас нь гаргуулах, мөнгө аваагүй атлаа Б.Оюун, С.Пүрвээ нарын хоорондын ярианд хууртаж байгуулсан зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах, С.Пүрвээгээс орон сууцныхаа барьцааг чөлөөлүүлэхээс аргагүй боллоо. Иймд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

  1. Дансранжавын Батболд миний 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Сүх-Очирын Пүрвээтэй байгуулсан 17 000 000 /арван долоон сая/ төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
  2. Дүр үзүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дагалдуулан С.Пүрвээтэй хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн миний өөрийн өмчлөлийн 1-16-08 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, С.Пүрвээгээс миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-201003753 тоот гэрчилгээг гаргуулж өгнө үү”
  3. Энэ сөрөг нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 07 дугаар сарын 07-ны 3523 тоот захирамжтай хэрэгт гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлд өөрчлөлт оруулсан шаардлагаасаа би татгалзаж байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Батболд нь мөнгө аваагүй байталаа зээлийн гэрээгээр үүрэг хүлээж үл хөдлөх хөрөнгөө барьцаалж барьцааны гэрээ хийх үү, яаж ч бодсон мөнгө аваагүй хүн ийм хийхгүй. Зээлийг авсан гээд байгаа Оюун Оюун-Эрдэнэ надаас урьд өмнө нь мөнгө зээлдэг байсан боловч энэ зээлтэй хамааруулж ярьж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Пүрвээ хариуцагч Д.Батболдод холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 27 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 20-нд С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ,  мөн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, С.Пүрвээгээс Ү-201003753 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Б.Оюуныг татан оролцуулсан.

Шүүх Д.Батболдын нэхэмжлэлтэй С.Пүрвээ, Б.Оюун нарт холбогдох, С.Пүрвээгийн нэхэмжлэлтэй Д.Батболдод холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасныг баримтлан салгаж үл болох хоорондоо холбоотой гэрээнүүд байх тул нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь зохистой гэж үзэж нэгтгэж шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгч С.Пүрвээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Оюунд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь 1-рт: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгч С.Пүрвээ хариуцагч Д.Батболдод 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд “...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний нөхөр С.Пүрвээ Д.Батболдод 17 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.Зээлийн гэрээнд 20 000 дэвсгэрт 850 ширхэг өгсөн гэж бичээд Д.Батболд гарын үсэг зурж авсан.Энэ зээлийн гэрээгээр 17 000 000 төгрөгийг бэлэн өгсөн болохоо нотолж байгаа.Мөн зээлийн гэрээний ард зээлийн сунгалт хийж Д.Батболд гарын үсэг зурсан.Хэрвээ Д.Батболд 17 000 000 төгрөгийг аваагүй юм бол яагаад гэрээний сунгалтанд гарын үсэг зурсан юм бэ” гэж тайлбарласан.

Хэдийгээр Д.Батболд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, сунгалт гэсэн хэсэгт гарын үсэг зурсан байгаа ч энэ нь түүнийг 17 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан болохыг нотолсон баримт биш гэж шүүх дүгнэж нэхэмжлэгчид хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг шаардах эрх үүсэхгүй байна гэж үзлээ.

2-рт: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу С.Пүрвээ хариуцагч Д.Батболдод 17 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй, харин энэ зээлийн гэрээг Б.Оюуны Б.Оюун-Эрдэнэд төлөх ёстой байсан зээлийн барьцаанд байсан Б.Оюуны Оюут багт байрлах байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний оронд барьцаа болгон Д.Батболдын байрыг барьцаалахын тулд дүр үзүүлэн хийсэн зээлийн гэрээ болох нь хариуцагч Д.Батболд, Б.Оюун нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ “...би Б.Оюуны өмчлөлийн Оюут баг 2-11 дүгээр байрны урд байрлах ЦТП 2-3 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалан Б.Оюунд 20 000 000 төгрөг зээлдүүлж зээлийн болон барьцааны гэрээ хийж байсан.Гэхдээ Б.Оюун энэ зээлээ надад төлж дуусгасан.Тиймээс Б.Оюуны зээлийн барьцаанд Д.Батболдын байрыг барьцаалаагүй.Д.Батболдод өөрт нь 17 000 000 төгрөгийг зээлдүүлж, өөрийнх нь байрыг зээлийн барьцаанд барьцаалсан” гэж тайлбарлаж энэ тайлбарынхаа үндэслэл болгож 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Оюунтай байгуулсан 22 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, Оюут баг 2-11 дүгээр байрны урд байрлах ЦТП 2-3 тоот байрыг барьцаалсан барьцааны гэрээг шүүхэд ирүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан Б.Оюуны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Б.Оюун Б.Оюун-Эрдэнийн 5094282455 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 11-нд 17 500 000 төгрөг, мөн өдөр 3 507 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна.Энэ баримтаар нэхэмжлэгчийн “...Б.Оюун 2014 онд надаас зээлсэн зээлээ төлж дуусгасан.Тэгээд Б.Оюун байрныхаа гэрчилгээг надаас авсан.Тиймээс надад Б.Оюуны зээлийн барьцаанд Д.Батболдын байрыг барьцаалах шаардлага байхгүй” гэсэн тайлбар нотлогдож байна гэж үзэж болох боловч Б.Оюун Б.Оюун-Эрдэнээс 2015 оны 08 дугаар сарын 25, 26-ны өдөр дахин нийт 10 000 000 төгрөгийг зээлж өөртөө шилжүүлэн авсан нь Б.Оюуны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Тиймээс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийгдэх үед Б.Оюун Б.Оюун-Эрдэнэд зээлийн өртэй байсан нь тогтоогдож байна. Тиймээс хариуцагч Б.Оюуны “...би Б.Оюун-Эрдэнэ эгчээс олон удаа зээл авсан.Би одоо ч авсан зээлээ төлж дуусаагүй байгаа.Би банкнаас өндөр зээл авахаар болж надад банкны зээлийн барьцаа хөрөнгө хэрэгтэй байсан учраас Б.Оюун-Эрдэнэ эгчид учраа хэлэхэд манай нөхөр уурлаад байна, чи өөр барьцаа хөрөнгө олж ирээд өөрийнхөө гэрчилгээг ав гэсэн учир Д.Батболд ахын ордерийг барьцаанд үлдээсэн” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь Д.Батболдын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах үндэслэл болсон зээлийг буюу 17 000 000 төгрөгийг түүнд шилжүүлж өгсөн болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.

3-рт: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учир уг хүчин төгөлдөр бус хэлцлийн / зээлийн гэрээ / үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна.

Иймд дүр үзүүлэн хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн дээр С.Пүрвээ, Д.Батболд нарын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1-16-08 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, С.Пүрвээгээс Д.Батболдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-201003753 тоот гэрчилгээг гаргуулан Д.Батболдод олгохоор сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 000 төгрөг, хариуцагчийн С.Пүрвээ, Б.Оюун нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн 776 900 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батболд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэмж 242 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч С.Пүрвээ хариуцагч Б.Оюунд холбогдуулан шаардлага гаргаагүй, хариуцагч Д.Батболд Б.Оюунд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Б.Оюунд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Пүрвээгийн хариуцагч Д.Батболдод холбогдуулан гаргасан 27 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг нэхэмжлэгч С.Пүрвээ хариуцагч Б.Оюунд холбогдуулан шаардлага гаргаагүй, хариуцагч Д.Батболд Б.Оюунд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Б.Оюунд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-16-08 тоот / барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Пүрвээгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-16-08 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Д.Батболдод олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 776 900 төгрөг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батболдоос нэмж 242 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА