Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00157

 

 

 

 

 

 

 

 

                                 Д.Итгэл, Б.Энхбат нарын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Итгэл, Б.Энхбат нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол улсын төрд холбогдох

“Гэм хорын хохирол 27.502.300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг прокурор Ц.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхбат, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Итгэл, Б.Энхбат бид эхнэр нөхөр хүмүүс бөгөөд хувийн "Эрхэст- Оргил" ХХК-ийн нэр дээр хувийн хэвшлийн чих, хамар, хоолойн эмнэлгийг зохих зөвшөөрөл, лицензийн дагуу ажиллуулдаг. Бид эмнэлгээ өргөтгөх, нөхцөлийг сайжруулах зорилгоор 2004 оны 10 дугаар сарын 04-нд "Царс импекс" ХХК-ийн 1 026 м.кв байрыг урт хугацааны гэрээгээр худалдан авахаар гэрээ хийж, эзэмших болсон. "Царс импекс" байрны өмчлөлийг хожим шилжүүлэн өгсөн. Бид эмнэлгийн хүмүүс зах зээлийн хандлага, барилгын ашиглалт, орлого зэргийг дутуу тооцсоноос гэрээний үнэ төлөлт хангалттай байж чадахгүй байсан тул худалдагчийн саналаар 2007 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин гэрээ хийж, өмнөх гэрээг хүчинтэй үлдээгээд төлбөр хийгдэх хүртэл түрээс төлж байхаар тохиролцсон. Түрээс зарим үед саатсан ч төлөгдөж явсан.

Гэтэл "Царс импекс" ХХК-ийн захирал Б.Ванчинсүрэн агсан барилга олигтой ашиглаж, эсхүл зарж үрж мөнгө төлж чадахгүй байна гэж гомдоллон 2009 онд Цагдаагийн байгууллагад хандсанаар 2009 оны 10 дугаар сарын 28-нд Эрүүгийн 20925363 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Ингээд бидэнд 2009 оны 11 дүгээр сарын 16, 17-нд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар сэжигтнээр татсан. Улмаар 2010 оны 2 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 148.4 буюу онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгосон. Энэ зүйл ангиар сонсгосон ял Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны 14 тоот цагаатгах тогтоол гартал хэвээр үргэлжилсэн ба 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарснаар энэ ял, хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн.

Анх сэжигтнээр тооцож таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2009 оны 11 дүгээр сарын 16-наас сүүлчийн цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 1 593 хоног таслан сэргийлэх арга хэмжээтэй, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татсан, 2010 оны 02 дугаар сарын 24-нөөс цагаатгах тогтоол гарч, тэр нь давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэх, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 410 хоног яллагдагчийн эрх зүйн байдалтай, 73 хоног цагаатгагдсан этгээд гэсэн нэртэй явсан. Д.Итгэл, Б.Энхбат нар 5 удаа яллах дүгнэлттэй шүүхэд шилжин, 4 удаа шүүх хуралдаан дээр яллагдан Д.Итгэл нь энэ хэргийн учир цагдан хоригдох, хорих газарт ял эдлэх байдлаар 186 хоног хоригдсон, Б.Энхбат торгох ялаар шийтгэгдэж байсан. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг /388-397 дугаар зүйл/-ийг баримтлан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэх хохирлууд:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн 186 хоногт оногдох цалин хөлсийг 2011 оны 10 дугаар сарын 10-наас 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тооцон 1 235 000 төгрөг,

2.Эрүүгийн хэргээс энэ нэхэмжлэлийг гаргахын тулд нотлох баримт хуулбар хийлгэн авч бүрүүлсэн зардал 47 500 төгрөгийг ЭБШХ-ийн 390.1.4-т зааснаар,

3.Энэ хэргийн учир МӨХ, МХХ-ны гишүүн өмгөөлөгч Р.Нямцэрэнг 4 жил 7 сар ажиллуулж төлсөн хууль зүйн туслалцааны хөлс 4 200 000 төгрөг, өмгөөлөгч А.Төмөрчулууныг нэг удаа ажиллуулсан хөлс 1 000 000 төгрөг, бүгд 5 200 000 төгрөгийг ЭБШХ-ийн 390.1.5-д зааснаар,

4.Б.Энхбат, Д.Итгэл нарын эзэмшдэг "Эрхэст-Оргил" ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг ЭБШХ-ийн 393.1-д зааснаар,

Сэтгэл санааны үр дагавар хохирлыг:

а. Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50 000 төгрөгөөр тооцон /186х50 000/ 9 300 000 төгрөг,

б.Д.Итгэлийн таслан сэргийлэх арга хэмжээтэй, удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4 000 төгрөгөөр тооцож /1209 х 4000/ 3 627 000 төгрөг,

в.Б.Энхбатын байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож /1395 х 4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг ЭБШХ-ийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх заалт, 391 дүгээр зүйлийг үндэслэн тус тус гаргуулна уу.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэлийн нийт дүн 27 502 300 төгрөг болно гэжээ.

Орхон аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Эрүүгийн 20935363 тоот хэрэгт Д.Итгэл, Б.Энхбат нарт ЭБШХ-ийн 62 дугаар зүйлд заасан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд Д.Итгэлийг анх 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон байна. 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08 тоот шүүгчийн захирамжаар Д.Итгэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсөн ба 2011 оны 2 сарын 15-ны өдрийн 78 тоот магадлалаар Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Итгэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үндэслэлүүдээс үзэхэд хэргийг шалгах үндэслэл байсан. Цагдан хорих гарцаагүй нөхцөл байдал байхгүй байхад хууль бусаар цагдан хорьсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Сэтгэл санааны хохирол буюу байнга таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан гэх Д.Итгэлийн цагдан хоригдсон хорих ял эдэлсэн нэг хоногт /186x50 000/ төгрөгөөр тооцон 9 300 000 төгрөг, Д.Итгэл, Б.Энхбат нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй удаа дараа яллагдаж байсан нэг хоногт 4000 төгрөгөөр тооцож Д.Итгэл /1209x4000/ 3 627 000 төгрөг, Б.Энхбат /1395x4000/ 5 580 000 төгрөг, сэтгэл санааны үр дагавар эдгээр бүгд 18 507 000 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч сэтгэл санааны гэм хорыг арилгах талаар хуульд зохицуулаагүй, хэдий хэмжээний хохирол учирсан гэдгийг тооцох аргачлал байхгүй байхад юуг үндэслэж хоногийн 4000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэл гаргахын тулд эрүүгийн хэргээс нотлох баримт хуулбарлаж авсан зардал 47 500 төгрөг нэхэмжилсэн байна.

Иргэний хэргийн зохигч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу нотлох баримт бүрдүүлсэн зардлыг төрөөс гаргуулах боломжгүй юм. Эрхэст-Оргил ХХК-ийн өмчийг битүүмжилж өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан хугацаанд төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн татвар 2 512 800 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг төр хариуцна'' гэж заасан бөгөөд өөрсдийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлөх нь өмчлөгчийн үүрэг тул 2 512 800 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 45.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 24 988 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 513 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ажиллагаа хууль бус байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэхь заасан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болох тул хууль бус гэж тогтоогоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй юм. Харин заавал хууль бус ажиллагаа тогтоогдсон байх ёстой бөгөөд Д.Итгэл, Б.Энхбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт ийм хууль бус ажиллагаа хийгдээгүй, хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай ажиллагаа явуулсан гэж дүгнэлт хийж, хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Шийдвэрт нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нарыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, ял шийтгэсэн, Д.Итгэлийг 186 хоног цагдан хорьсон, Б.Энхбатад гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хэргийн талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохиролд 18.507.000 төгрөгийг ямар баримтыг үндэслэн, хэрхэн тооцож төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Мөн түүнчлэн нэр төр алдар хүндээрээ хэрхэн яаж хохирсныг нотлох хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагын зүгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэргийн талаар нийтэд мэдээлж, тэдгээрийн нэр төр алдар хүндийг гутаасан талаарх баримт болон олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсгийг удирдлага болгон иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нар цалин хөлс 235 000 төгрөг, нотлох баримт хуулбар хийлгэн авч бүрүүлсэн зардал 47 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 200 000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 2 512 800 төгрөг, сэтгэл санааны хохирол 18 507 000 төгрөг нийт гэм хорын хохирол 27.502.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Итгэл, Б.Энхбат нар 2009 оны 11 дүгээр сарын 16 ны өдрөөс эхэлж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148,4-д заасан гэмт хэрэгт ял сонсгож хэргийг шүүхэд шилжүүлж улмаар тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг 3 шатны шүүхээр удаа дараа хянан шийдвэрлэсэн ба 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн 199 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Итгэл хорих ялаар шийтгэгдэж 186 хоног хоригдсон, Б.Энхбат торгох ялаар шийтгэгдсэн, эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх явцад оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн ... этгээдийн зөрчигдсэн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана”  гэж гэж дагуу нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

Шүүх нэхэмжлэгч Д.Итгэлийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 16 өдөр хүртэл 186 хоног хоригдсон хугацааны цалин хөлс буюу 1.235.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан 5.200.000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан зардал 46.500 төгрөг нийт 6.481.500 төгрөгийг эд хөрөнгийн хохирол гэж үзсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нарт сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэхдээ эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэргийн ангилал, шалгагдсан болон хоригдсон хугацаа, шүүхээс оногдуулсан ялын хэмжээ зэргийг харгалзан үзэж Д.Итгэлийн цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн нэг хоногт 50.000 төгрөг, эрүүгийн хэргийн улмаас таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нэг хоногт 4000 төгрөгөөр тус тус тооцож сэтгэл санааны хохиролд 18.507.000 төгрөгийг төрөөс гаргуулсан нь нэхэмжлэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн хугацааны тухайн үеийн хөдөлмөр хөлсний доод хэмжээтэй дүйцэхээр байна.

Тухайлбал эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т  “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зохицуулсан ба нэхэмжлэгч нарт учирсан сэтгэл санааны хохирлыг тухайн иргэний болон эрүүгийн хэргийн нөхцөл байдал, хэргийн ангилал, сонсгосон болон оногдуулсан ялын хэмжээ, хэрэг шалгагдсан, хоригдсон хугацаа зэргийг харгалзан үзэж шүүх нэхэмжлэгч нарт учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу төрөөс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 24.988.500 төгрөгийн хохирлыг төрөөс гаргуулахаар, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 2.512.800 төгрөг, илүү тооцсон 1000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж прокурор Ц.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Прокурорын газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                           Б.БАТТӨР

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ