Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 431

 

“Саруул шилтгээн констракшн” ХХК-ний

нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, Б.Болор, Б.Энхбаяр, хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал,  гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, гуравдагч этгээд Эрчим хүчний хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0659 дүгээр магадлалтай, “Саруул шилтгээн констракшн” ХХК-ний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ний захирал Г.Чингэл, гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дугаар бүхий Эзэмшил газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0659 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж, “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Эрчим хүчний тухай болон  бусад хууль тогтоомжид заасны дагуу А/89 дүгээр захирамжаас гарах үр дагавар буюу гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ барьсан эсэхийг шалгаж, нэхэмжлэгчийн нэгэнт төлөвлөсөн барилгын зурагт өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэсний дараа дахин шинэ актыг 6 сарын дотор гаргаагүй бол А/89 дүгээр захирамж нь хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ний захирал Г.Чингэл, хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0649 дүгээр магадлалыг нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ний зүгээс эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/89 дүгээр захирамжаар хууль ёсны дагуу эзэмшиж байсан 17000 м.кв бүхий газрын хэмжээг 14500 м.кв болгож, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

“Саруул шилтгээн констракшн” ХХК нь тухайн үеийн Хан-Уул дүүргийн 2-р хороонд 17000 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/752 тоот захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон. Энэ эрхийг Улаанбаатар хотын банкнаас шилжүүлэн авсан байдаг. Нийслэлийн Засаг дарга А/752 захирамжаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн гаргасан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг нь нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийн хүрээний зохицуулалт бол 38 дугаар зүйл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Нийслэлийн засаг дарга 2013 оны А/752 дугаар бүхий захирамжийн “Саруул шилтгээн констракшн” ХХК-д холбоотой хэсгийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл буюу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтын дагуу хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж, газрын эрх шилжүүлэгч болон хүлээн авагч нар зохих шаардлагуудыг хангасны үндсэн дээр гаргасан.

Харин нийслэлийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу 3 жилийн дараа А/89 дүгээр захирамжаар “Саруул шилтгээн констракшн” ХХК-ний эзэмшлийн газар нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу газрын хэмжээг нь 2500 м.кв-аар багасгасан.

Үүнийг эсэргүүцэж, манай компани шүүхэд хандахад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий А/89 дүгээр захирамжийг түдгэлзүүлсэн нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ.

Нийслэлийн Засаг дарга А/89 дүгээр захирамж гаргахдаа ч тэр, давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахдаа ч тэр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталсан нь буруу юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл нь “хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох” гэсэн гарчигтай ба 61.1 дэх хэсэгт “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан байдаг.

Эндээс харахад Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамж нь хууль бус, хууль зөрчсөн байх нөхцлийг шаардаж байна. Өмнө дурдсанчлан “Саруул шилтгээн констракшн” ХХК нь Улаанбаатар хотын банкнаас уг газрыг зохих журмын дагуу 2013 онд шилжүүлэн авсан, нийслэлийн Засаг дарга ч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу А/752 дугаар захирамжийг гаргасан байдаг.

Давж заалдах шатны шүүхээс энэхүү А/752 дугаар захирамжаар “Саруул шилтгээн констракшн” ХХК-нд “Улаанбаатар хотын банк” ХХК-аас 17,000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ хөрш залгаа этгээдүүдийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн техникийн нөхцөл олгогдсон барилгын инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн хамгаалалтын зурвас, нийтийн эзэмшлийн зам талбай зэргийг уялдуулсан төлөвлөлтгүй шилжүүлсэн гэж туйлын дулимаг, нотлох баримтуудыг бүрэн гүйцэт, зөв үнэлэлгүй дүгнэсэн юм.

Энэхүү газар нь “Саруул шилтгээн констракшн” ХХК эзэмшихээс өмнө ч гэсэн яг энэ 17,000 м.кв хэмжээгээрээ бусдын эзэмшилд байсан. “Саруул шилтгээн констракшн” ХХК нь нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар 17,000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авснаас биш энэ газарт шинээр эзэмших эрх үүсээгүй юм. Бусдын эзэмшилд ороогүй газрыг шинээр эзэмших, хэн нэг этгээдийн эзэмшилд байгаа газрыг шилжүүлэн авах харилцаа нь өөр, үүнийг ч Газрын тухай хуулиар ялгаатайгаар хуульчилсан болно. Тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэдэг нь тухайн газрын хэмжээ, байршилд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн эзэмшигч нь л өөрчлөгдөж буй хэрэг.

Эндээс нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжийг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм. Мөн, шүүхээс Эрчим хүчний газар нь 2012 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр буюу “Саруул шилтгээн констракшн” ХХК газар эзэмшихээс өмнө олгогдсон техникийн нөхцлийн инженерийн шугам сүлжээ барьсан гэж дүгнэсэн ба энэ нь мөн нөхцөл байдлыг гүйцэт тодруулаагүй явдал болсон. Энэхүү техникийн нөхцлөөр дулааны хэрэглээ, хүчин чадал, зураг төсөл боловсруулахдаа анхаарах асуудлууд зэргийг тодорхойлдог болохоос бусдын газар дээгүүр шугам сүлжээ барих эрхийг олгодоггүй. Хавтаст хэрэг дэх УБДС ТӨХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэлээс манай компанид өгсөн 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2/1837 дугаар албан тоотод энэ тухай маш тодорхой дурдсан байдаг. Харин ч дээрх техникийн нөхцлийн 6.5-д шугам сүлжээг бусдын газар дээгүүр барих тохиолдолд тухайн газар эзэмшигчээс зөвшөөрөл авахыг даалгасан болно.

“Саруул шилтгээн констракшн” ХХК нь энэ газрыг худалдаж авахдаа м.кв бүрт ногдох төлбөрийг төлсөн, хууль ёсны дагуу эзэмшиж байсан газартаа барилга барихын тулд мөнгө төлж зураг зуруулсан, энэхүү төлөвлөсөн зураг төслийнхөө дагуу орон сууцны барилга барих боломжгүй болоод байгаа гэх мэтээр хохироод байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа “...маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхгүй” гэж дүгнэсэн нь үнэхээр өрөөсгөл юм.

Харин давж заалдах шатны шүүх “... нийслэлийн Засаг дарга нь маргааныг зохицуулах зорилгоор гаргах шийдвэрийнх нь улмаас хөндөгдөх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу нэхэмжлэгчийн нэгэнт төлөвлөсөн барилгын зурагт өөрчлөлт оруулах асуудал болон гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ барьсан эсэхийг шалгалгүй орхигдуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнээс шууд хасч шийдвэрлэснийг “зохицуулах” зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна” гэсэн байх бөгөөд энэ хэсгээр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол маргаан бүхий актын улмаас хэрхэн зөрчигдөхийг тооцолгүйгээр А/89 дүгээр захирамж гарсан нь алдаатай гэж зөв дүгнэсэн.

Гэхдээ нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 1-нд А/89 дүгээр захирамжийг гаргах үндэслэл байсан эсэх, өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамж хууль зөрчсөн эсэх, Эрчим хүчний газар болон “Дөл Импекс” ХХК-ууд нь инженерийн шугам сүлжээгээ зохих зөвшөөрөл, зургийн дагуу хийсэн эсэхийг хавтас хэрэг дэх баримтын хүрээнд нягтлах, шалгаж, хууль зүйн хувьд дүгнэх боломж байсны дагуу анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг нэмж тодруулах хэрэгтэй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нийслэлийн Засаг дарга энэ асуудлыг цаг тухайд нь, хууль зөрчиж бусдын эзэмшил газрыг дураараа ашигласан этгээдүүдийг өөхшүүлэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлэж чадсан бол энэ маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлэхгүй байсан нь тодорхой.

Ийм учраас давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0649 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү хэмээн үүгээр Улсын Дээд шүүхэд хандаж байгаа болно.

Эрчим хүчний газар, “Дөл импекс” ХХК-ууд өөрсдийн эзэмшлийн газартаа, зохих зөвшөөрөл, олгогдсон нөхцлийн дагуу барилга, инженерийн шугам сүлжээгээ барих эрхтэй болохоос биш бусдын эзэмшил газарт, ямар нэгэн зөвшөөрөлгүй оруулж бариад, түүнийг нь зөвтгөхийн тулд нийслэлийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалж байна гэсэн нэрийдлээр нэхэмжлэгчийн хуулийн дагуу шилжүүлэн авсан газрыг (нэг этгээдээс нөгөөд газар шилжүүлсэн А/752 захирамжийг хууль бус гэсэн илт худал үндэслэлээр) хасаж байгаа, түүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хамгаалж байгаа шударга бус үйл ажиллагааг Улсын Дээд шүүх таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэр, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0659 дугаар магадлалыг уг хэргийн гуравдагч этгээд “Дөл Импекс” ХХК-ийн зүгээс эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хяналтын журмаар гаргаж буй гомдлын үндэслэл :

1. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн,

2. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн.

Гомдлын агуулга:

1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн:

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэлгүй “өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/89 дүгээр захирамжид дурдсан “...Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон хэрэг биш харин инженерийн шугам сүлжээ нь “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн эзэмшил газарт эрх бүхий этгээдийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр баригдсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна, “2013 оны А/752 дугаар захирамж гарах үед ямар нэгэн шугам сүлжээ баригдаагүй байсан” гэж шүүх үзлээ” гэж дүгнэсний үндсэн дээр анхан шатны шүүх нь нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжийг “... энэ тохиолдолд газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьсан инженерийн шугам сүлжээг чөлөөлөх үндэслэлээр “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм. ... Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд зааснаар хууль ёсны эзэмшигчтэй тохиролцох буюу нөхөх олговор олгохоор байна, ... зохих журмын дагуу эзэмшиж байхад “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг тэдэнтэй урьдчилан тохиролцолгүйгээр хасч шийдвэрлэсэн нь хууль бус болжээ” гэж шийдвэрлэсэн.

Захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн заалт бөгөөд энэ нь нийслэлийн Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн асуудал байхад анхан шатны шүүх газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхийн талаарх зохицуулалтыг хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх уг маргаан бүхий актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн зохицуулалт буюу хуульд заасан “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол” үндэслэлийг маргаж буй талуудын хооронд үүссэн нөхцөл байдалтай холбон дүгнэсний үндсэн дээр шийдвэрлэх ёстой байтал хэрэглэх ёстой 61 дүгээр заалтыг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй нийслэлийн Засаг даргад хамааралгүй заалт болох Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийг хэрэглэсэн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ийн зүгээс гаргасан “нийслэлийн Засаг даргын А/89 дүгээр захирамж гарах хүртэл “Саруул шилтгээн констракшн” ХХК эзэмшил газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх талаарх лавлагаа, төлөөгүй бол тус компанид хүргүүлж байсан мэдэгдэл, хүргүүлсэн тохиолдолд тухайн нотлох баримтыг шаардлага хангуулж нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргуулах” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд уг хүсэлтэд дурдсан нотлох баримт хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэж хүсэлтийг хангаж нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулан шийдвэрлэжээ. Гэвч шүүхээс захирамжийнхаа биелэлтийг хангахаар НӨХГ-аас дээрх баримтыг гаргуулах, нотлох баримт цуглуулах ямар нэгэн ажиллагаа хийгээгүй.

Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас газрын дуудлага худалдааны үнийг төлсөн баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан гуравдагч этгээд болон хариуцагч нийслэлийн Засаг даргын төлөөлөгчөөс дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх, ямар хэмжээгээр төлсөн талаарх лавлагааг гаргуулах хүсэлтийг энэ маргаан нь дуудлага худалдааны үнэтэй холбоотой маргаан биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж нэг асуудлаар зөрчилдсөн үндэслэл бүхий өөр өөр шийдвэр гаргасан, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтаа цуглуулаагүй атлаа нотлох баримтад тулгуурлалгүй нэхэмжлэгчийг зохих ёсоор газар эзэмшиж байсан гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх нь хуулийг зөв хэрэглэсэн боловч нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийж, энэ нь улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Магадлалын хянавал хэсэгт “...хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус компанийн барихаар төлөвлөж буй орон сууцны хорооллын анхны хийгдсэн төлөвлөлт, зураг төслөөс нь үзвэл уг газрыг нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд дээрх шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарч байгаа зурвас газрын ихэнх хэсгийг нийтийн эзэмшлийн зам талбайд үлдээхээр төлөвлөсөн байх ба маргаан бүхий актын тухайн хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөргүй байна” гэж зөв дүгнэсэн атлаа дараагийн хэсэгт “...харин нэхэмжлэгч нь анх төлөвлөж зураг төслийг нь хийлгэсэн 109 дүгээр барилгын суурийн булангийн хэсгээр гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК нь зөвшөөрөлгүйгээр инженерийн шугам сүлжээ барьснаас зураг төслөө дахин хийлгэх шаардлага гарсан,  “Улаанбаатар банк” ХХК-наас шилжүүлэн авахдаа газрын хэмжээгээр төлбөр төлсөн учир их хэмжээний зардал гарах болсон” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргааныг зохицуулах зорилгоор гаргах шийдвэрийнх нь улмаас хөндөгдөх нэхэмжлэгчийн нэгэнт төлөвлөсөн барилгын зурагт өөрчлөлт оруулах асуудал болон гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ барьсан эсэхийг шалгалгүй орхигдуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнээс шууд хасч шийдвэрлэснийг зохицуулах зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн эхний болон дараагийн дүгнэлт хоорондоо зөрчилдөж байхаас гадна дараагийн хэсгийн “...харин нэхэмжлэгч нь анх төлөвлөж зураг төслийг нь хийлгэсэн 109 дүгээр барилгын суурийн булангийн хэсгээр гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК нь зөвшөөрөлгүйгээр инженерийн шугам сүлжээ барьснаас зураг төслөө дахин хийлгэх шаардлага гарсан, “Улаанбаатар банк” ХХК-наас шилжүүлэн авахдаа газрын хэмжээгээр төлбөр төлсөн учир их хэмжээний зардал гарах болсон” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргааныг зохицуулах зорилгоор гаргах шийдвэрийнх нь улмаас хөндөгдөх нэхэмжлэгчийн нэгэнт төлөвлөсөн барилгын зурагт өөрчлөлт оруулах асуудал болон гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу инженерийн шугам сүлжээ барьсан эсэхийг шалгалгүй орхигдуулж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээнээс шууд хасч шийдвэрлэснийг зохицуулах зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна” дүгнэлтийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин няцааж буй баримт хэрэгт байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Гомдлын шаардлага:

Иймд “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 517 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2016/0659 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзлээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-ны эзэмшилд байсан 17000 м.кв газрын газар эзэмших эрхийг “Саруул шилтгээн констракшн” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000300255 дугаартай гэрчилгээ олгосон, нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК болон гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ийн эзэмшил газрууд нь хил залгаа, хоорондоо давхцалгүй, талууд эдгээр үйл баримттай маргаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/89 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.14, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус баримтлан “...эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон” гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар “Саруул шилтгээн констракшн” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 17000 м.кв газрыг 14500 м.кв болгон өөрчилсөн, нэхэмжлэгч уг захирамжид холбогдуулан “... үндэслэлгүйгээр эзэмшил газрын хэмжээг хассан” гэж, хариуцагч “... инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон 2500 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам талбайд шилжүүлсэн ... /нь хууль зөрчөөгүй/”  гэж маргажээ.

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих... /–ыг хориглох/”-оор, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтоох”-оор, 17.14-т “бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглох”-оор, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “шугам сүлжээ /...-ний/ хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор зааснаас үзэхэд инженерийн шугам сүлжээ баригдсан тохиолдолд хамгаалалтын зурвас тогтоох, ийнхүү тогтоосны дараа уг хамгаалалтын зурваст газар эзэмшүүлэх, барилга байшин барихаар төлөвлөхийг хориглосон гэж үзэхээр байна.

Маргааны үйл баримтуудаас үзвэл, маргаан бүхий газарт инженерийн шугам сүлжээ баригдахаас өмнө буюу нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжаар уг газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-нд эзэмшүүлсэн, мөн даргын 2013 оны А/752 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “Саруул шилтгээн констракшн” ХХК-нд шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын байршил, хэмжээг өөрчлөөгүй байх тул “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн” бус, харин бусдын эзэмшилд олгогдсон газарт инженерийн шугам сүлжээ баригдсан, энэ тохиолдолд, дээрх хуулийн заалтууд нь түрүүлж үүссэн газар эзэмшигчийн эрхийг хөндөх үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлд “гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах”, “бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглах” хэмээн нэгэнт бусдын эзэмшил ашиглалт үүссэн харилцааг тусгайлан зохицуулсан байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга  “...эзэмшил газрын зарим хэсэг нь инженерийн шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурваст орсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн эзэмшил газрыг 2500 м.кв-аар багасган, газар эзэмших эрхийг уг хэмжээгээр шууд хүчингүй болгосон нь  буруу байна.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан нь энэ тохиолдолд хамаарахгүй тул маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2016 оны А/89 дүгээр захирамж хууль бус, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг түүний хууль ёсоор эзэмшиж байсан 2500 м.кв газрын хувьд хүчингүй болгосон, газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох, эрх цуцлах үндэслэлүүдийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д тусгайлан заасан байхад хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийг хөндсөн нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, Газрын тухай хуулийн 42, 46 дугаар зүйлийн зохицуулалтыг анхаараагүй, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн “... шүүх ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, харин гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /маргаан бүхий актын үндэслэл нь/ Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн заалт бөгөөд энэ нь нийслэлийн Засаг даргын хуульд заасан бүрэн эрхийн асуудал” гэх гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Түүнчлэн, “Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2016 оны А/89 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд “дуудлага худалдааны анхны үнэ төлсөн эсэх” үйл баримт хамааралгүй тул “...эзэмшил газрынхаа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн эсэх талаарх лавлагаа, төлөөгүй бол тус компанид хүргүүлж байсан мэдэгдэл, хүргүүлсэн тохиолдолд тухайн нотлох баримтыг шаардлага хангуулж гаргуулах ... /манай хүсэлтийг шүүх хангаагүй/” гэх гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Дөл хотхоны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан улсын комиссын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 66/2016 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн хэсэгт хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс уг асуудлаар дүгнэлт хийхгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн заалтуудыг оновчтой заагаагүй байх тул тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-ний захирал Г.Чингэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, харин гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2016/0659 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “Дөл импекс” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Саруул шилтгээн констракшн” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА