Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 28

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Ц.А

Хариуцагч: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, гэрч А.А, Ц.О, П.Ц, Б.А, Э.Э, С.Ж, С.А, Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Ажил хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн нөөц бололцоог дайчлан, идэвхи зүтгэлтэй ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хууль, дүрмийг баримтлан ажилласан.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгасан.

Намайг ажлаас халсан уг тушаал нь дараах үндэслэлээр хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм. Үүнд:

1. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр агентлагийн ёс зүйн хороонд мэргэжилтэн А.А-с ирсэн өргөдлийн дагуу орж тайлбар өгөх ёстой гэж Захиргаа, санхүү удирдлагын газрын дарга Ш.Ч-н мэдэгдсэний дагуу орсон. Уг хурлаар 3 дугаар сарын 19-ний өдөр Багахангай дүүрэгт байгуулагдсан “Н*******” хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцах, сургалт хийх зорилготой “Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв” ТББ-ын тэргүүн П.Ц, хамт явах мэргэжилтэн Г.С нар мэргэжилтэн А.А-г авч явах санал гаргасны дагуу хамт явуулсан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, нийгэмшүүлэх, тэднийг амьдралд хөлөө олтол нь туслах” гэсэн зорилтын дагуу байгуулагдсан Баганхангай дүүргийн “Н******* сургалт, хүмүүжлийн төв”-ийн үйл ажиллагааг эхлэх, тогтмолжуулах ажилд хяналт тавих чиглэлээр оролцон, ажиллаж байсан.

А.А-н хувьд ажилд ороод удаагүй байсан тул салбарын онцлог, ажлаа сайн өөрийн болгоогүй байгаа үедээ буруу, зөрүү юм ярьж шүүмжлэлд өртөхвий гэдэг үүднээс “...замдаа сонсогчоор яваарай гэсэн мессэж өгсөн.

2. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагууд хэт шүүмжлэгчийн байр суурьнаас ханддаг учир сануулж хэлсэн утгатай. Мөн “Н*******” төвийн үйл ажиллагаа, хүүхдийн зан төрх, хүмүүжил, төлөвшилтийн өөрчлөлтийн судалгаа, тайланг тус төвийн удирдлага, ажилтан, албан хаагчид мөн Баганхангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олон хүлээн зөвшөөрөхгүй, хийсэн ажлыг нь хэт худлаа дүгнэсэн байна гэсэн гомдол гаргаж байсан учир тухайн төв дээр очоод нэг бүрчлэн протокол бичихийг сануулсан. Энэ нь дараа нь асуудлыг бодитой дүгнэхэд бидний ажилд хэрэгтэй гэдэг шалтгаанаар даалгасан юм.

4. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх”, 5.3.5-д “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох” гэж тус тус заасан бөгөөд төрийн бус байгууллагууд гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, гомдолд заасан гэх үндэслэл нь ямар ч нотлох баримтгүй, дарамталсан, хууль бус үүрэг даалгавар авсан гэх А.А болон миний тайлбарыг харьцуулж, дүгнээгүйгээс гадна миний өгсөн үүрэг даалгавар ямар хууль тогтоомж зөрчсөнийг ёс зүйн хороо огт тогтоогоогүй юм. Намайг ёс зүйн зөрчил гаргаагүй, хууль тогтоомж зөрчөөгүй байхад үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

5.Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.3-т “Ёс зүйн хороог бүрдүүлэх, түүний даргыг томилохдоо албан хаагчдын саналыг авах бөгөөд түүний бүрэлдэхүүнд бусад төрийн байгууллагын албан хаагч болон иргэнийг оролцуулж болно” гэж заасан бөгөөд манай байгууллагын ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг албан хаагчдын нэгдсэн хурлаар санал авч байгаагүй, нэр бүхий хүмүүсийг тулгаж, саналыг цаасаар ажлын дундуур ажилтан албан хаагчдаас авч, саналыг цаасаар ажлын дундуур ажилтнуудаас санал авсан ба саналыг нэгтгэн тоолох комисс гарч ажиллаагүй сонгосон байсан тул ёс зүйн хороо дүгнэлт гаргах эрх зүйн чадваргүй гэж үзэж байна.Уг хууль бус дүгнэлтийг үндэслэн намайг ажлаас халсан нь хууль бус юм.

6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/48 тоот тушаалын тушаах хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг үндэслэсэн байх ба мөн хуулийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаас үзвэл намайг төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийн алийг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой бус юм. Үүнээс үзвэл уг тушаал нь хууль зүнй болоод бодит үндэслэлгүй юм. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5-д заасныг үндэслэж ажлаас халах зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т огт байхгүй болно. Энэ нь маргаан бүхий Б/48 дугаар тушаал гарах, намайг ажлаас халах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг харуулж байна.

Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн ажилд томилогдсоноос хойших хугацаанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг мөрдөж ажилласан байдаг. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 тоот тушаалаар нэхэмжлэгчийг “төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэж үзэн, төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус газрын ёс зүйн хороонд мэргэжилтэн А.А өргөдөл гаргасны дагуу “бусдыг тагнаж, чагнасан” гэж үзэн, Ёс зүйн хороо нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар тагнах, чагнах үүрэг өгсөн асуудал байгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Үнэхээр бусдыг тагнаж, чагнах үүрэг даалгавар өгсөн, захиалсан бол Гүйцэтгэх ажлын тухай хуулийн дагуу тухайн асуудлыг шалгаж, тогтоох ёстой. Мөн А.А болон Г.С нарын гаргасан өргөдөлд Эрүүгийн хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийн холбогдох заалтуудыг дурдсан байдаг. Гэтэл тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж бодитой бус дүгнэлт гарган, төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Ёс зүйн хорооны дүгнэлтэд “...зарим Төрийн бус байгууллагаас гомдол, санал ирсэн” гэж дурддаг боловч ямар гомдол, санал ирсэн нь нотлох баримтаар байдаггүй. Тухайн үед нэхэмжлэгч “...тус асуудлыг шалгаж, нарийвчлан тогтоох ёстой. Илт намайг гүтгэж байгаа ажиллагаа явагдаж байна” гэж тайлбарласан боловч тухайн үйл баримтыг шалган, тогтоох ямар нэгэн ажиллагаа огт хийхгүйгээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан. Энэ нь цаанаа ямар нэгэн өөр учир шалтгаантай гэж нэхэмжлэгч үзэж байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.А Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/84 тоот тушаалаар “...ажлын хариуцлага алдсан” гэх шалтгаанаар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд энэхүү тушаалтай маргаагүй. Энэ нь нэхэмжлэгчийн дурдсан “төрийн албаны тухай хууль дүрмийг баримтлан ажилладаг байсан” гэх тайлбартай нийцэхгүйн дээр төрийн албаны ёс зүй, бодит үнэн байдлыг шүүхэд үнэн шударгаар гаргах, нотлох асуудлыг мэддэг эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ц.А нь “газар зохион байгуулалтын инженер” мэргэжилтэй бөгөөд өөрийн хариуцаж байсан газрын мэргэжилтнүүдээ “...мэргэжлийн бус хэмээн дүгнэх, энэ салбартаа тэргүүний туршлага хуримтлуулсан төрийн бус байгууллагын явуулсан мэргэшлийн үйл ажиллагааг байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт оролцдог, ажилтан албан хаагчид зүй бус шаардлага тавьж байсан” гэж дүгнэж байгаа нь харамсалтай байна.

Хэдийгээр төрийн бус байгууллагууд, манай орон нутгийн салбар байгууллагаас нэхэмжлэгч Ц.А-н ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл ирдэг байсан хэдий ч хариуцагч энэхүү тушаалыг гаргахдаа Ёс зүйн хорооны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/2018 дугаар бүхий дүгнэлтийг л баримталсан.

Ёс зүйн хороо тус газрын мэргэжилтэн А.А-с гаргасан өргөдлийн дагуу дүгнэлт гаргасан.

Ёс зүйн хорооны гишүүдийг бүрдүүлсэнтэй холбоотой асуудалд тухайн үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэгдэн батлагдаж, газар нэгжүүд өөрчлөгдсөн, хуучин ёс зүйн хороонд ажиллаж байсан гишүүдээс Ц.О, О.С нар өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулж, ажилтнуудаас санал авч, ёс зүйн хороог шинэчлэн бүрдүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийг мушгин тайлбарлаж байгаа нь харамсалтай байна. Ёс зүйн хорооны дүгнэлт гаргаж байгаа этгээдүүд хууль хэрэглээний хувьд туршлагагүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан CD дээр нэхэмжлэгчийн ярьсан яриа тодорхой сонсогдоно. Тагнаж, чагнах гэдэг үг хэрэглэсэндээ агуулгын хувьд унах гээд байгаа зүйл биш гэж үзэж байна. Энэ нь эрх зүйн үг хэллэг мэдэхгүй байгаадаа хэлж байгаа тайлбар юм. Тагнаж, чагнахтай холбоотой процесс нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр тусгайлсан хуулиар зохицуулсан арга хэмжээ мөн. Ёс зүй гэдэг нь хуулиар зохицуулахгүй хэм хэмжээг зохицуулж байгаа арга хэмжээ юм. Заавал хуульчлах шаардлагагүйгээр хүмүүс хоорондын харилцааг ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг.

Төрийн бус байгууллагуудын гаргасан гомдол нь ёс зүйн хорооны тэмдэглэлд дурдсан боловч маргаан бүхий захиргааны акт гарах үед шийдвэр гаргах үндэслэл болоогүй гэдгийг хариу тайлбартаа дурдсан. Маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг дурдсан учир заавал “төрийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халсугай” гэж бичих шаардлагагүй. Хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь анх 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/67 дугаар тушаалаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр” томилогдон ажилласан байх бөгөөд уг тушаалын 3 дахь заалтад “төрийн албанд мөрдөгдөх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангахад мэдлэг чадвараа хөгжүүлэх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай хандаж, харьяалах албан хаагчдад үлгэр дууриалал болж, өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдах албан тушаалтны манлайллын зорилтыг ханган, авилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сахин биелүүлж, ажлын байр албан тушаалын чиг үүргийн дагуу ажиллахыг Ц.А-д үүрэг” болгожээ.

Нэхэмжлэгч нь Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/84 дүгээр тушаалаар “ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээжээ. Улмаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болохыг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн хорооны 2018 оны 3 дугаар сарын 20-21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, “...төрийн захиргааны алба хаших, тэр тусмаа хүүхдийн төлөө ажиллах хүний хувьд ёс зүй, харилцаа хандлага, ур чадвар, мэргэшлийн хувьд төрийн захиргааны байгууллагад тэнцэхгүй” гэж үзэн 01/2018 дугаар дүгнэлт гаргасан байна.

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга дээрх дүгнэлтийг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5, байгууллагын Ёс зүйн хорооны 2018 оны 01/2018 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн “Албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй харилцсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.А-г төрийн албанаас халжээ.

Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрөн, тус шүүхэд хандан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалын үндэслэл болсон Ёс зүйн хорооны 2018 оны 01/2018 дугаар дүгнэлтийн тухайд:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран Нийслэлийн Багахангай дүүрэг дэх “Н*******“ хүүхэд хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах, сургалт хийх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр очиж ажиллажээ. Энэ үеэр  тус ажлын хэсэгт орж ажилласан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн А.А-д нэхэмжлэгч Ц.А-с хууль бус үүрэг даалгавар өгсөн гэх асуудалтай холбогдуулан А.А-с 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, Г.С-с 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус тус Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн хороонд өргөдөл гаргасан байна.

Ёс зүйн хороо 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэргэжилтэн А.А-с гаргасан өргөдлийг, 21-ний өдөр мэргэжилтэн Г.С-с гаргасан өргөдлийг тус тус хэлэлцэн, нэхэмжлэгч Ц.А-н тайлбар, саналыг нь сонссоны үндсэн дээр 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “...бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй харилцсан зөрчил гаргасан” болохыг тогтоон, Ц.А-г төрийн албанаас халах саналыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад хүргүүлэх тухай 01/2018 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Улмаар уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг гарган, нэхэмжлэгч Ц.А-г төрийн албанаас халсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл, дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.5-д тус тус заасанчлан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоож, дүгнэлт гаргах нь байгууллагын Ёс зүйн хорооны эрх хэмжээний асуудал юм. Энэ утгаараа, нэхэмжлэгч Ц.А Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ёс зүйн хорооны 2018 оны 01/2018 дугаар дүгнэлттэй холбогдуулан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 4 дүгээр зүйлд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй, мөн шүүхэд уг дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс Ёс зүйн хорооны дүгнэлттэй холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй юм.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалын тухайд:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасанчлан, газрын даргын албан тушаалд “1.2. Төрийн захиргааны албан хаагчид тавигдах шаардлагад нийцэхүйц буюу ёс зүйн хэм хэмжээг чанд сахих” тусгайлсан шаардлага тавигдсан байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан холбогдох бусад нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.А нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5, Ажлын байрны тодорхойлолтын 1.2-т заагдсан тусгайлсан шаардлагыг зөрчсөн болох нь:

  • 2018 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан “Дүнжингаравын хурд-2018” хурдан морины уралдааны үеэр Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд болон уралдаанч хүүхдүүдтэй “хуруугаараа хатгах”, “хот хөдөөгийн ялгааг ярих”, “сайртсан гартай” гэж хэлэх зэргээр “догшин” харьцаж, загнан, чихмэх зэргээр ёс зүйгүй харьцаж байсан болох нь Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар албан бичиг, гэрч Ц.О-н мэдүүлгээр,
  • Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулагч төрийн бус байгууллагуудтай хүндэтгэлгүй, чирэгдэлтэй, ялгаварласан байдлаар харилцаж байсан болох нь гэрч А.А, Г.С, О.Ц нарын мэдүүлгээр,
  • бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгч байсан болох нь гэрч А.А, Г.С нарын мэдүүлэг болон Ёс зүйн хорооны 2018 оны 01/2018 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн 3.6-д тус тус заасанчлан ёс зүйн зөрчил гаргасан төрийн захиргааны албан хаагчид  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах шийдвэр гаргах нь томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн асуудал юм.

Иймд, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.5 дахь заалтыг зөрчсөн нэхэмжлэгч Ц.А-г төрийн албанаас халсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг шүүх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.А-н Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА