Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0140

 

2016 оны 2 сарын 26 өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагч Б, Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж хуульчилсан. Манай компани нь хуульд заасан татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэж үзэхгүй байна. Бид Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс тамга тэмдгийг нь даруулж баталгаажуулан авсан баримтаар худалдан авалт хийсэн. “С” ХХК, “А” ХХК-иудыг хуурамч падаан бичиж өгсөн гэдгийг мэдээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. Бидэнд орлого нуух санаа зорилго, сэдэлт байгаагүй, энэ компаниудыг хуулийн байгууллагаар шалгагдан тогтоогдсон гэсэн байхад бид хэрхэн мэдэх билээ.

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 100 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт ... мөн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр захирал Ч татварын улсын байцаагчийн 360004010 тоот акттай танилцаж, актаар илэрсэн зөрчил, түүнд ногдуулсан төлбөрийг зөвшөөрч гарын үсэг, тамга дарсан нөгөөтэйгүүр тус компаниас Татварын ерөнхий газарт ирүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2014/048 албан бичигтэй “С” ХХК, “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь зөрчилтэй байсны улмаас хүчингүй болсон байна. Иймд дээрх падаануудын нийт дүн болох 1.764.454.5 мянган төгрөгийг бид доорх хүснэгтийн дагуу төлөх саналтай байна гэсэн санал хүргүүлж байсан нь хий бичилттэй падаанаар хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулан тайлагнасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэхээр байна. Иймд татварын улсын байцаагчийн дээрх зөрчилд ногдуулсан төлбөр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт болсон.

Иймд Татварын ерөнхий газрын Татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360004010 дугаар Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 248,600,000 төгрөгийн дүрмийн сантай, 5001757 тоот регистртэй, улсын бүртгэлийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 9011003036 тоот гэрчилгээтэй “Н” ХХК-ийн 2011, 2012 онуудад “С” ХХК, “А” ХХК-иудаас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлэн авч төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан эсэх талаар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2014 оны 03 дугаар сарын 19-өөс 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийж гүйцэтгэсэн.

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “А”, “С” ХХК-иудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гэм буруутай гэж үзэн Татварын ерөнхий газарт ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичиж тараасан 274 аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтад дээр компаниудыг багтаасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглан төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар үндсэн татвар, торгууль, алданги нийт 244 000 000 төгрөгийн татварыг ногдуулсан байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 71 дүгээр тэмдэглэлд төсвийн орлогыг бүрдүүлэх зайлшгүй нөхцөл байдлыг харгалзан Нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон энэ чиглэлээр хэрэг бүртгэх байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг зөрчлийг, татварын өр төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох арга хэмжээг авах чиглэлийг хууль хяналтын байгууллага болон Татварын байгууллага авч ажиллахыг тухайн үеийн Хууль зүйн сайд, Сангийн сайдад даалгасан. Үүний дагуу шалгаж, акт тавигдсан. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 751 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албантатварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, дараахь үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явуулсан шүүх хуралдааны товыг мэдсэн боловч "нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Б”-ыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт"-ээ бичгээр гарган хэргийн оролцогч бус хүнээр дамжуулан шүүхэд хүргүүлэхэд шүүгч "шүүх хуралдаан эхэлчихсэн" гэх шалтгаанаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, энэхүү шийдвэрт нь давж заалдах журмаар гомдол гаргах эрхээр хангаагүй Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хууль зүйн туслалцаа авах эрхийг минь ноцтой зөрчсөн үйлдлийг гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон эдгээр эрхүүд нь хүний суурь эрх учраас ийнхүү Үндсэн хуулиараа хамгаалсан онцгой эрхийн хэлбэр бөгөөд үүнийг хүний эрхийг хамгаалах механизм гэж нэрлэгддэгшүүх, хуульчдын дундаас шилж сонгон томилсон шүүгч нь ийнхүү зөрчиж байгааг хэрхэн хууль ёсны гэж үзэх билээ.

Үндсэн хуулиар хамгаалагдсан энэхүү суурь эрхийг хэрхэн хангах, хамгаалах талаар анхан шатны шүүгч тань ойлголтгүй байгаа учраас шүүгчээс шүүх хуралдаан эхэлчихсэн гэсэн үндэслэл гарган өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэж байгааг ямар хуулиар зөвтгөх ёстойг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид хариулж өгөхийг хүсэж байна.

Хууль зүйн туслалцаа авах эрх бол шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд орох хүртэл хадгалагддаг гэдгийг эрх зүйн наад захын мэдлэгтэй хүн мэдэх ёстой ба танай чадварлаг шүүгч нараас өмнө нь шүүх хуралдаан эхлэхэд ийнхүү танилцуулдаг байсан билээ. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнөх шүүх хуралдааны аль ч шатанд өмгөөлөгч авах, нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргах эрхтэй, ийм эрхийг нь шүүх хангаж өгөх үүрэгтэй гэдгийг шүүгч өөрөө мэдэх ёстойгоос гадна хэргийн оролцогчид тайлбарлах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадаагүй учраас хариуцагчтай хууль зүйн төвшинд мэтгэлцэх боломжоо алдсан, нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцож байгаа этгээдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг учраас адил тэнцүү мэтгэлцэж чадаагүй болно. Тэгэхээр шүүх мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй эрүүгийн хэргийн гэрчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлж захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зарчмаар бол шүүхийн өмнө яллах тал шүүгдэгчийн гэм буруутайг нотлох үүрэг хүлээдэг.

Ийм эрүүгийн хэргийн "гэм буруутай"-г нотлох үүрэг хүлээсэн талын авсан гэрчийн мэдүүлгийг захиргааны хэргийн шүүх нотлох баримтаар үнэлж байгаа нь ноцтой алдаа гэдгийг анхаарна уу.

Учир нь мөрдөн байцаагч нь гэм буруутайг нотлох үүрэг хүлээсэн тал болохын хувьд өөртөө ашигтай байдлаар гэрчийн мэдүүлэг авах, гаргуулах боломжтой тул эрүүгийн хэргийн шүүхэд ч ийм баримтыг дангаар нь шууд нотолсон баримт гэж үздэггүй билээ.

Аливаа фактыг тогтооход гэрчийн мэдүүлгээр дангаар нотлох боломжгүй, бусад нотлох баримтаар давхар нотлох ёстой нь эрх зүйн зарчим, шүүхийн үйл ажиллагаанд мөрдөх зарчим атал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй эрүүгийн хэргийн гэрчийн мэдүүлгийг захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж байгаа хууль ёсны гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гаргасан анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Б”-ны гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүхээс хуралдааны тов мэдэгдэх үед 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад[1]тэмдэглэн урьдчилан мэдэгдсэн байх ба мөн өдрийн шүүх хуралдаан эхэлсний дараа шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг баримтын хамт ирүүлжээ. Шүүх хуралдаан даргалагч хүсэлтийг авсан боловч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэснээс хойш ирсэн хүсэлт гэж үзээд уг хүсэлтийг хэлэлцэлгүй, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т ...шүүх хуралдаанд оролцох эрхтэй, 29 дүгээр зүйлийн 29.2-т Талууд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчийн туслалцаа авч болно, 62 дугаар зүйлийн 62.2-т Шүүх хуралдаан даргалагч хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна. гэж заасныг тус тус зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хууль зүйн туслалцаа авах эрх болон өмгөөлөгч “Б”-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх нь зөрчигдсөн гэх гомдол үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ