Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00928

 

О гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

    2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

О гийн нэхэмжлэлтэй,

Ч  д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Ч  д дараах байдлаар мөнгө зээлдүүлсэн. Үүнд:

1. 2015 оны 07 сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд 1 жил хүү төлж, одоог хүртэл үндсэн мөнгө болох 3,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хоногт 0.5 хувиар, үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги 1,500,000 төгрөг, үндсэн зээл 3,000,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг,     2. 2015 оны 08 сарын 03-ны өдөр мөн 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд 1 жил хүү төлж, үндсэн мөнгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцон үндсэн зээл 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг,

3. 2015 оны 08 сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, 1 жилийн хүүг бүрэн төлсөн боловч одоог хүртэл үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлөөгүй тул алданги 5,000,000 төгрөг, үндсэн мөнгө 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг,

4. 2018 оны 01 сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2018 оны 08 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаатай зээлж, хүүнд 200,000 төгрөг төлсөн. Би 2,500,000 төгрөгийг 2018 оны 01 сарын 18-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн боловч өөрийг нь хотоос ирэхээр нь 2018 оны 01 сарын 25-ны өдөр бичгээр гэрээ хийсэн. Энэ мөнгөний хүүнд 2018 оны 01 сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,750,000 төгрөг өгөх байснаас 200,000 төгрөг өгч, 1,550,000 төгрөг өгөөгүй. Мөн үндсэн зээлийг төлөөгүй тул хүү 1,550,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, үндсэн зээл 2,500,000 төгрөг, нийт 5,300,000 төгрөгийг тус тус хариуцагч Ч  аас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний бие Ч  тай найз нөхдийн холбоотой байсан бөгөөд тэрээр цагаан идээний дэлгүүр ажиллуулдаг байсан ба тухайн үйл ажиллагаа нь жигд сайн явагдаж байсан тул түүнд удаа дараа мөнгө зээлдүүлж байсан. Ч   нь 2015 оны 07 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 3,600,000 төгрөг, 2015 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 3,600,000 төгрөг, 2015 оны 08 сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 12,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүд 200,000 төгрөг, нийт 19,400,000 төгрөгийг надад өгсөн. Миний бие дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд надад зээлийн үйл ажиллагааг аж ахуйн түвшинд тогтмол эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй. Иймд дээрх 4 зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 29,300,000 төгрөгийг хариуцагч Ч  аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  гаргасан хариу тайлбарт: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би О гаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн ба хүү, алданги төлөхгүй. Учир нь О  нь бусдад хүүтэй мөнгө зээлүүлж, зүгээр сууж байгаад мөнгөө үржүүлж авдаг. Харин би бол өдөр, шөнийг харгалзалгүйгээр нойр, хоолгүй ажиллаж байж О гийн мөнгийг төлж байсан. О  нь хувиараа мөнгө зээлдүүлж, түүгээрээ амьдралын эх үүсвэр хийдэг. Энэ нь байнгын ажиллагаа, амьдралынх нь эх үүсвэр болсон бөгөөд гэрээрээ мөнгө өгч, авалцдаг хүн юм. Би О гаас мөнгө зээлдэг бусад бүх хүмүүсийн адил л мөнгө зээлж, буцааж өгч байсан. Миний бие О д дараах байдлаар бүх мөнгийг төлж дуусгасан. Үүнд:

1. 2015 оны 07 сарын 10-ны өдөр авсан 3,000,000 төгрөгийн хүүд сар бүр 300,000 төгрөг өгч байсан ба жилд 3,600,000 төгрөг,

2. 2015 оны 08 сарын 03-ны өдөр авсан 3,000,000 төгрөгийг мөн 3,600,000 төгрөг,

3. 2015 оны 08 сарын 24-ний өдрийн 10,000,000 төгрөгийг 12,000,000 төгрөг,

4. 2018 онд авсан 2,500,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг тус тус өгсөн. Миний бие О д төлбөрийг бэлэн мөнгө болон цагаан идээ, хүнсний ногоогоор төлсөн. Ингээд О  нийтдээ 18,500,000 төгрөг надад зээлдүүлснээс би түүнд 19,400,000 төгрөг төлсөн. О  нь надаас 19,400,000 төгрөг аваагүй гэж маргахгүй байх. Би О д төлсөн 19,400,000 төгрөгийг түүнээс зээлсэн мөнгөний төлбөрт өгсөнд тооцуулах хүсэлтэй байна. Миний бие өмнө нь О гаас удаа дараа мөнгө зээлж авч байсан ба 2014 онд 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийг тус бүрт нь сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж аваад төлж барагдуулсан. Иймд би О д үндсэн мөнгийг төлсөн учир хүү, алданги төлөхгүй, зээлсэн мөнгөө өгч дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч  аас 29,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 129/ШШ2019/00038 тоот шийдвэр, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Шүүх намайг ББСБ-ын болон ломбардын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж гүтгэсэнд гомдолтой байна. Хэрэгт олон байгууллага, хувь хүмүүст байнга мөнгө зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байсан нэг ч хуудас баримт байхгүй, санхүүгийн байгууллагаас энэ талаар шалгасан, тавигдсан актгүй байхад дан ганц нэхэмжлэгчийн баримтгүйгээр хэлсэн үгээр үг хийж, ИХШХШ тухай хуулийн 56.1.8 “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж хуулийг буруу хэрэглэн миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Миний бие банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа огт эрхэлж байгаагүй тул Төрийн эрх бүхий байгууллагаас ямар нэг тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Иргэд хооронд зээлийн гэрээ хийхэд төрөөс зөвшөөрөл авах хуулийн зохицуулалтгүй, авдаггүй болно. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт “талуудын хооронд байгуулсан хүү, алданги тооцсон зээлийн гэрээ нь тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн байгуулах ёстой гэрээ байжээ” гэж үзсэн нь Иргэний хуулийн 282.1, 232.1, 232.6 дахь заалттай нийцээгүй дүгнэлт болсон.

Хоёр. Иргэд хооронд зээлийн гэрээг хийж болохгүй гэсэн өрөөсгөл дүгнэлтийн талаар. Иргэний хуулиар иргэд хооронд зээлийн гэрээ хийхийг хуулиар хориглоогүй гэж ойлгож байна. Гэтэл хурлын үед хариуцагчийн өмгөөлөгч УИХ бараг ийм хууль гаргасан мэтээр ярьж хүмүүсийн толгойг эргүүлж байсныг дурдах нь зүйтэй. Харамсалтай нь шүүх иргэд хоорондын зээлийн гэрээг, хуулийн этгээд-иргэний хооронд хууль зөрчиж хийсэн гэрээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн О  болон иргэн Ч   нарын хооронд 2015, 2018 онд хийгдсэн 4 удаагийн зээлийн гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн, хуулийн хүчин төгөлдөр, иргэд хоорондын ердийн хэлцэл мөн болно. Бидний хооронд хийгдсэн 4 удаагийн зээлийн гэрээний эхний 3 гэрээ нь хугацаагүй буюу Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан хуулийн заалтыг зөрчөөгүй хийгджээ.

Гурав: Шүүх сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад гаргасан мэтээр шийдвэр гаргасан. Хариуцагч Ч   нь бусадтай байнга дээрх 4 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, иргэн О  намайг хууль зөрчиж ломбардны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлснийг тогтоолгох талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар сөрөг нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэлт хийж, хэргийн хүрээнээс хальж, хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт ийм баримт байхгүй байхад буюу асуудлыг нотлох баримтгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нэхэмжлэгч О г хариуцагчаас өөр этгээдтэй зээлийн гэрээ байгуулдаг гэх нотлох баримт байхгүй ч, иргэдийн хооронд 2015 онд хийгдсэн зээлийн 3 гэрээ, түүнээс бүтэн 3 жилийн дараа хийгдсэн 1 гэрээг нөхцөлөөрөө үргэлжлэх хугацаа, гэрээний загвар зэргээр нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагааг аж ахуйн нэгжийн түвшинд эрхэлдэг гэж үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Тодруулбал зээлийн гэрээг аж ахуйн нэгжийн зээлийн гэрээний загвар, иргэд хоорондын зээлийн гэрээний загвараар шийдэх хуулийн заалтгүй, батлагдсан загвар байхгүй билээ. Иймд шүүхийн шийдвэр магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү. Иргэд хооронд 2018 оны 01 сарын 18-ны өдөр хийгдсэн 2,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн бол алданги тооцох нөхцөлтэй зээлдүүлсэн. Зээлээс ердөө 200,000 төгрөг өгөөд бусдыг огт өгөөгүй тул үндсэн зээл 2.5 сая төгрөг, зээлийн хүү сарын 250,000 х 7 сарын хүү 1,550,000, алданги 1,250,000 төгрөг нийт 5,305,000 төгрөг төлсөн, 200,000 төгрөгийг хасаад 5,105,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, бусад хугацаагүй 3 гэрээний хувьд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд ямар нэгэн байдлаар шийдсэн байхад татгалзах зүйлгүй болно гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч О  нь хариуцагч Ч  д холбогдуулан 2015 оны 07 сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл 4 удаагийн гэрээгээр сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлүүлсэн, зээлийн үүрэгт 29,300,000.00 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргахдаа 2015 оны 07 сарын 10, 2015 оны 08 сарын 03, 2015 оны 08 сарын 24, 2018 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг шаардлагынхаа үндэслэл болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2015.07.10-ны өдөр 3,000,000.00  төгрөг, 2015.08.03-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2015.08.24-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2018.01.18-ны өдөр 2,500,000.00 төгрөгийг О гаас зээлсэн, 19,400,000.00 төгрөгийг буцааж төлсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ. 

Нэхэмжлэгчээс хариуцагч нь 2015  оны 07 сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл нийт 18,500,000.00 төгрөгийг авсан талаар талууд маргаагүй байх бөгөөд О  нь хариуцагчид хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан тухай хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг байнгын орлого олох хэлбэрээр эрхэлж, Ч  д дээрх дөрвөн удаагийн зээлийн гэрээгээр нийт 18,500,000.00 төгрөг зээлдүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хэрэгт О г зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй тул шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчид нийт 19,400,000.00 төгрөгийг буцаан төлсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, тэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан тусгай зөвшөөрөлгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар зээлийн хүү болон алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хэлцлийн эрх зүйн зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 129/ШШ2019/00038 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.         

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид  2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 304,950.00 /гурван зуун дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН