Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1290

 

 

 

 2021        11          24                                   2021/ШЦТ/1290

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг, 

Хохирогч Ц.Цэрэндаш, түүний өмгөөлөгч Ч.Энхээ,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, Ч.Анар,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Хүрэлсүх, А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1806 02341 0911 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод иргэн Ж.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Г.Атэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар  хороолол, 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

Мөн шүүгдэгч Г.Атэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар  хороолол, 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.А нь шүүгдэгч Н.Гтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Ц.Цэрэндашийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн,

Мөн шүүгдэгч Н.Гтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар  хороолол, 47 дугаар байрны 6 тоот 125м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судаллаа.

 

Хохирогч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 47 дугаар байр 06 тоотод ах Цэрэндашийн гэрт зээ хүүгийн хамт унтаж байхад хаалга чанга нүдхээр нь  102-т дуудлага өгсөн. Тэгээд хаалга тайлж өгөөгүй юм. Гэтэл болконоор нэг залуу дамжин орж ирээд хаалга тайлж гаднаас 7-8 хүн байсан, тухайн үед би сандраад сайн харж амжаагүй. Тэгээд намайг цохихоор нь би хэвтэж байсан хүүхдээ дээрээс нь тэврээд хэвттэл намайг дээрээс сандал, хуванцар сав зэргээр цохисон. Миний нуруу руу Г гэх хүн нь сандлаар цохисон. Би гомдолтой байна. Тухайн үед миний хуа-вэй загварын гар утасны дэлгэц хагарсан байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6/,

2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 19:00 цагийн үед зээгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байр 06 тоотод унтаж байхад манай гэрийн хаалгыг чанга нүдээд, хаалганы цаана чанга чанга яриад байхаар нь Гнхан ирсэн байгааг нь мэдсэн. Удалгүй цонх хагалах гээд юмаар нүдээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Тэгсэн Гн хүү нь гэх үл таних эрэгтэй хүн манай гэрийн цонхыг хагалж орж ирээд гэрийн хаалга дотороос нь онгойлгоод Г болон эхнэр, хүү, ах, дүү хүүхэд гэх нийт 7 хүн гаднаас орж ирсэн. Цагдаад дуудлага өгч байхад Г миний гар утсыг шууд булааж аваад ямар нэгэн үгийн зөрүүгүй сандал барьж дайрсан чинь Гн дүү Гүнсээ гэх хүн гал тогооны өрөөний аяга, таваг надруу шидээд байхаар нь би 2 настай хүүхдээ онуулахгүй гээд дээрээс нь дарж хэвтсэн. Тэр хүн “та нар нэг бол 80 настай хүн дэргэдээ байлгана, эсвэл 2 настай нялх хүүхэд дэргэдээ байлгаж түрий барьдаг наад хүүхэд чинь надад 4 байна” гэхээр нь та нар нялх хүүхэд оновол яах юм бэ? гэж хэлсэн чинь Г миний нуруун тус газар хүрэн сандалаар цохиход, Гүнсээ гэх эмэгтэй нь намайг үсдэж байхад Г нь миний хамар, ам уруу өшиглөсөн. Орой 20:25 цагийн орчим миний дуудсан, дуудлагын дагуу 2 цагдаа орж ирсэн. Тухайн үед миний хамар амнаас цус гарч байхад цагдаа орж ирээд тэднийг надаас салгахаар нь би болсон явдалыг тайлбарласан чинь Г энэ миний байр гээд байхаар нь би байрны эзэн Цэрэндаш ахыг дуудсан гэж хэлсэн чинь Г бид хоёрыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс явъя гэсэн. Тухайн үед би Гас гар утсаа нэхсэн чинь “би аваагүй гэсэн” тэгэхээр нь би цагдаагийн утаснаас өөрийнхөө 9939-3939 дугаарт залгагуулхад миний утас Гас гарч ирсэн. Тэгсэн миний хуа-вэй пи-9 загварын гар утсыг эвдэлсэн байдалтай гарч ирсэн. Тэгээд цагдаа нар намайг аваад явна гэхээр нь би байрны эзэнийг ирэхээс нааш байрнаас гарахгүй гэж хэлсэн чинь Гн хүүхэд нь цагдаагийн нүдэн дээр цоожны гол сольж байсан. Г миний нуруун тус газар сандалаар 2-3 удаа цохиход сандал нь бутарсан. Гүнсээ гэгч миний үснээс зулгааж байхад Г миний нүүрэн тус газар 2, 3 удаа цохисон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199/,

Би Цэрэндаш ахыг дуудхаар утсаа гаргаж ирэхэд Г нь гар утсыг булааж аваад цаад өрөөндөө ороод алга болсон. Дуудлагаар ирсэн цагдаагийн утаснаас залгахад Гас миний хувэйе-пи9 загварын гар утас эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Яаг яаж эвдэлснийг хараагүй учир мэдэхгүй байна. Тэр өдрөөс утсыг ашиглахад  ирж байгаа дуудлага дэлгэц дээр харагдахгүй туяарад, мэдрэгч нь өөр өөр газарт мэдрээд байхаар нь дахин ашиглаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200/,  

 

Хохирогч Ц.Цэрэндашийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 11 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 06 тоотын 125 м2 талбай бүхий 3 өрөө байрыг 90 сая төгрөгөөр худалдан авсан. Учир нь Г гэгч манай дүү Ишдоржоос намайг байр худалдан авах гэж байгаа гэдгийг мэдээд манай дүүгээс миний утасны дугаарыг аваад надруу залгаад “таныг байр сонирхож байгаа гэж сонссон. Надад яаралтай бэлэн мөнгөн хэрэгтэй байна, манай байрыг сонирхох уу” гэж асуухаар нь би тэр байрыг нь очиж үзсэн “бололцооны байр байсан” учир 2017 оны 11 сарын 24-ний өдөр Н.Гн Голомт банкны дансанд дүүгийн хүү Отгонбаатарын Ганбаярыг шилжүүлчих гэж хэлсэн. Тухайн үед мөнгө шилжүүлэхээс 1 хоногийн өмнө Дахүрээ захын тэнд байдаг нотариат дээр уулзан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэхдээ уг гэрээг 90 сая төгрөгөөр биш 40 сая төгрөгөөр хийлгэсэн. Учир нь Г тухайн үед татвар бага төлөх юм гэж хэлээд нотариатчаас гуйж байгаад хийлгэсэн. Тухайн үед би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 06 тоотын ордер миний нэр дээр шилжсэн тохиолдолд би мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн. Маргааш нь уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Тухайн үедээ би Гд байраа сулалж өг би охиноо байлгах гэж байна гэж хэлсэн чинь Г одоохондоо бидэнд очих газар байхгүй байна гэхээр нь би тэгвэл байрны тог, хог, интернэтийн хөлсөө төлөөд амьдрах газраа олтол түр амьдарч бай, би орох цагтаа та нарт хэлээд суллуулж авъя” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2018 он 01 дүгээр сарын үед Г надруу залгаад “би байраа арай хямд зарсан байна, мөнгийг чинь буцааж өгөөд байраа авъя” гэж хэлхээр нь би “юу яриад байгаа юм бэ, жил гарангийн өмнө наймаа хийчээд одоо буцаана гэж юу байдаг юм бэ, би одоо байр хайна гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд Гг нэг л биш хүн байна гэж бодоод бид одоо байрандаа орох гэж байна “байраа суллаж өг" гэж шаардлага тавьсан чинь Н.Г байраа суллаж өгсөн. Гэхдээ одоо тавилга авах боломжгүй байна, ойр зуурын хэрэглэх зүйлсээ авъя гэж хэлээд байраа сууллаад явсан. Тухайн үед манай хүргэн дүү Ж.Ганбаатар Дархан-Уул аймгаас ажилтай орж ирсэн байсан учир түр манай байрыг хараад байж бай гэж хэлээд байлгаж байсан чинь 2018.03.09-ны орой 20-21 цаг болж байхад Ганбаатар надруу утасдаад “Н.Г нь эхнэр, хүүхэдтэйгээ нийлээд 8-9 лээ ирчээд миний байр, байр суллаж өг гэж дайрч орж ирээд намайг цохиж нүдээд байхаар нь би цагдаа дуудсан. Одоо цагдаагийн 2 дугаар хэлтэс орно гээд байна. Та яаралтай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад Баянзүрхийн цагдаагийн 2-р хэлтэс дээр хүрээд ир гэж хэлхэр нь би байрны гэрчилгээ болон иргэний үлэхтэйгээ ирсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-13/,

Миний хувьд байрандаа орж чадахгүй байгаад гомдолтой байна. Энэ талаар иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа зүйл байхгүй. Миний байр руу дайрч, булааж авсан үйлдэлд нь Гд гомдолтой байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202/,

 

Гэрч Н.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай нөхөр Н.Г нь 2016 онд наймаа хийх зорилгоор Ишдорж гэх хүнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны, 15 дугаар хорооллын 47 дугаар байрны тоотын 125 м2 байраа барьцаалан 40.000,000 төгрөгийг зээлсэн юм. Уг байрыг 2007 онд Сайнхүү гэдэг хүнээс худалдан аваад өнөөдрийг хүртэл амьдарч баигаа. Тэгтэл 2018 оны 02 дугаар сард Ишдорж, Ганбаатар гэгч хүмүүс манай гэрт биднийг байрнаас хөөж гаргаад, манай байранд орсон. Учир нь тэр хүмүүс манай нөхрийг зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа учир манай байранд орсон гэж бодож байна. Энэ өдрөес хойш бид 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ах, дүү нарын гэрээр хоноод бараг траншейнд орох нь холгүй байсан. Бид 2018 оны 02 сарын 14-ний өдөр гэртээ очсон чинь Ганбаатар гэгч бидний урдаас салаавч гаргаад ална гээд хөөж гаргасан. Саяхан 2018 оны 03 сарын 09-ний орой гэртээ ирээд бид гэрийн хаалга тогшисон, дотор нь Гнхан байна гээд утсаар яриад байхаар нь Г байна үүдээ гэж хэлтэл хаалга тайлахгүй болхоор нь манай нөхөр Ганбаа хаалга тайлаач бид нар байна гэж хэлтэл тайлахгүй байсан чинь манай нөхөр гадна тагтаар дамжаад татны хуучин хагархай хэсгээр ороод гэрийн үүдээ тайлхад манай хүү Г.А /20 настай, Эрэгтэй/, хадам дүү Алтка /20 настай, эрэгтэй/, Төгсжаргал /17 настай, эрэгтэй/, Амаржаргал /20 настай, эмэгтэй/ нарын хамт орход Ганбаатар гэгч жаахан хүүхэдтэй, тэр хүүхэд буйдан дээр унтаж байхад Ганбаатар би цагдаа дуудсан гэж хэлээд хэл, амаар доромжлоод дайраад Гтай барьцалдсан зогсож байхад нь хадам Дүгэрсүрэн гаднаас орж ирээд салгасан. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирсэн Г, Ганбаатар нарыг дагуулаад гарсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,

 

Гэрч М.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 03 сарын 09-нд би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 9 дүгээр байранд Алтанхуяг ахындаа гэрт нь амарж байсан чинь 17-18 цагийн орчим Г ах миний утасруу залгаад манай гэрт хүрээд ир, юм зөөлцөөд өгөөч гэж хэлхээр нь би 20-30 минутын дотор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны 06 тоотод гэрт нь орход Г ах эхнэр Уранчимэг, хүү А, эгч Амаржаргал болон үл таних 30-40 орчим насны эрэгтэй хүн 1 настай гэж хэлмээр хүүхэд хажуудаа сулгасан Г ахыг гэрээс нь хөөгөөд чи гар энэ миний байр гэж хэлхээр нь Г ах хуулийн дагуу энэ чинь миний байр гээд чанга, чанга ярилцаад зогсож байхаар нь би гэрт ороод цагаан болон саарал өнгийн 3 ширхэг орны бүтээлгэнд боосон зүйлсийг эгч Амаржаргалтай хамт жижиг өрөөнөөс коридор хэсэгт гэрт дотор зөөж байтал цагдаа нар ирээд үл таних хүүхэдтэй эрэгтэйг, манай ах Гтай хамт аваад явсан. Тэгээд миний шаардлага нээх их байхгүй юм байна гэж хэлээд гараад явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/,

 

Гэрч Н.Дүгэрсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 03 сарын 09-ний 20 цагийн орчим дүүгийн хүүтэй утсаар ярисан чинь Г ахынд, Г ахынхантай хамт ирсэн чинь гэрт байгаа хүмүүс биднийг оруулахгүй байна гэхээр нь би кино үйлдвэрийн орчим явж байгаад такси бариад 10-20 минутын дараа очтол Г, эхнэр Уранчимэг, хүү А, дүүгийн хүү Амаржаргал, Алтайбаатар, манай Гүнсмаа нар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны 06 тоотод байх Гн гэрт нь орсон гэрийн хаалга нь нээлттэй Г, Ганбаатар гэгчтэй “та нар хүний гэрт дайрж ороод гэрээс хөөж гаргачихаад хаалга тайлахгүй, гэрийн цоожны гол сольсон байна гээд хэрэлдээд” том өрөөнд зогсож байхаар нь би Гд хандан “чи хүнтэй хэрэлдэж байхаар цоожны голоо соль гэж хэлсэн” чинь Г гадна хаалганы цоожны голоо сольж байх хооронд цагдаа ирээд Г, Ганбаатар хоёрыг аваад явсан чинь цаг орчимын дараа Ганбаатар, Цэрэндаш гэдэг хүмүүс 1 эрэгтэй, 1 эмэгтэй болон 2 цагдаа хувцастай хүмүүстэй хамт эргэж ирсэн. Тэгсэн хамт ирсэн цагдаа нь Г хаана байна гэхээр нь би “Гг цагдаа аваад явсан” гэж хэлтэл “та нар яагаад хүний байранд дайрч ордог юм” гэж асуухаар нь “манай дүү Г байраа барьцаанд тавиад мөнгө зээлсэн юм, түүнээс айлын гэрт орсон асуудал байхгүй, харин наад хүмүүс чинь Гн гэрт дайрч орчоод амьдрах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэд нар эргээд явах гэхээр нь Ганбаатарт “эд зүйлсээ аваад яваарай гэж хэлсэн чинь юу ч хэлэлгүй яваад өгхөөр нь Ганбаатарын эд зүйлийг буцааж өгөхдөө гэрчтэй, баримттай өгөөрэй тэгэхгүй бол цаад хүмүүс чинь хүнийг юу гэж ч хэлж мэдэх хүмүүс байна шүү гэж хэлээд орой 23 цагийн үед явсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3496 дугаартай:

Ганбаатарын биед тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт, зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 40/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 568 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй:

1.Хүний бид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3496 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Ганбаатарын биед тухайн үед учирсан тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Ганбаатарын биед тухайн үед учирсан тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хавтаст хэргийн материалд хавсрагдсан рентген зураг, КТГ-н зураг, шээсний ерөнхий шинжилгээ хэт авиан шинжилгээ зэргүүдээс харахад гэмтэл тогтоогдсонгүй. Харин үүдэн дээд зүүн 1-р шүдний сулрал байх ба шүүх эмнэлгийн анхны үзлэгээр шүд болон буйланд гэмтэлтэй эсэх талаар тусгагдаагүй шүдний эмчийн үзлэгийн он cap өдөр засвартай байгаа тул энэ нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 131-132/,

 

Дамно ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн БЗ2-18-1543 дугаартай:

Хуа-вэй пи-9 загварын гар утас 2018 оны 03 сарын 09-ний өдрийн зэх зээлийн үнэлгээгээр 280.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 205-206/,

 

Шүүгдэгч Н.Гн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 47 дугаар байрны 6 тоот гэртээ орох гэтэл Ж.Ганбаатар гэгч ороод хаалганы гол сольсон хаалга цоожтой, тогшсон боловч тайлахгүй гэр дотор Гнхан байна. Манайхан бол утсаар ярьж байгаад орж ирдэг гэсэн яриа сонсогдоод оруулахгүй байхаар нь “би Г байна. Гэртээ ормоор байна хаалга тайл” гэхэд хаалга тайлахгүй байхаар нь би тагтаар орсон. Учир нь би уржнан жил тагтны шилийг хагалсан байсан учир тэрүүгээр ороод хаалга нээх гэтэл манай хүү миний ардаас цонхоор орж ирсэн чинь Ганбаатар манай хүүг хараад юун хүн бэ гэж байсан. Тэгээд би гэрийнхэнээ оруулсан. Эхнэр Уранчимэг, дүү Амаржаргал, Алтка, Төгсжаргал харын хамт ортол Ганбаатар бидний урдаас чи байрандаа орно гэвэл битгий горьд, чамайг ичээнэ шүү, би олон хурандаа таньдаг, шүүхийг судалсан хууль мэддэг гээд салаавч гаргаад байхаар нь бид барьцалдаж авсан. Ах Дүгэрсүрэн ардаас орж ирээд салгасан.

2016 оны 11 сарын 23-ны өдөр Ишдоржидоос мөнгөний хэрэг байна байраа барьцаанд тавиад 90 сая төгрөг зээлэх гэсэн юм гэж хэлтэл Ишдорж намайг манай дүү Байгальтай яриад байраа манай ах /Ц.Цэрэндаш/-ын нэр дээр шилжүүлчих манай дүүд мөнгө байгаа гэж хэлээд Да хүрээ захын тэнд нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед би согтуу байсан учраас хаана хэнтэй гэрээ хийснээ санахгүй байна. Тэгээд би маргааш нь бил үү, нөгөөдөр нь Худалдаа хөгжлийн банкны 49237524 дугаарын данстай Ганбаяр гэгч хүнээс миний 431001354 дугаартай дансанд 90,000,000 сая төгрөг орохоор нь тэр өдрөө Ишдоржийн 5029-7643-33 дугаартай дансанд 3,500,000 төгрөг хийгээд 2017 сны 03 дугаар сарын 17-ны хооронд нийт 16,500,000 төгрөгний төлөлт хийсэн баримт байгаа. Энэ талаар би Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан байгаа. Ж.Ганбаатар гэгч нь Ишдоржийн хүргэн дүү нь гэсэн би сайн танихгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн барьцаанд Ц.Цэрэндаш гэдэг хүнд байр эзэмшигчийн нэрээ шилжлүүлж өгсөн. Уг Ц.Цэрэндаш гэдэг нь Ишдоржийн төрсөн ах нь гэсэн. Тэгээд цагаан сарын өмнө Ж.Ганбаатар гэгч манай гэрт орж ирээд намайг гэрээс өмссөн хувцастай хөөж гаргаад манай байранд орсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137/,

Анх 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр би өөрийн амьдарч байсан БЗД-ийн 4-р хороо 47 дугаар байрны 06 тоотод гэртээ эхнэр хүүхэд, дүү нарын хамт ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан учир би хаалга тогшоод Г байна хаалгаа гэсэн. Тэгсэн хаалга нээж өгөхгүй дотроо утсаар яриад байхаар нь гадаа гараад 2 давхарын тагтны хуучин хагархай цонхоор ороод гэрийн хаалга дотроос нь нээсэн. Тэр үед манай хүү А миний ардаас цонхоор орж ирсэн. Тэгээд цонхоор ороод Ганбаатарт “чи одоо яасан Монголоо алдсан юм бэ хүн хаалга тогшоод байхад хаалга нээхгүй” гэж хэлэхэд Ганбаатар утсаар яриад байсан.

Би өөрийнхөө гэрт орох гээд хаалга тогшиж байхад Ганбаатар хаалганы цаана утсаар яриад “Гнхан байна би цагдаа дуудсан” гэж ярих нь сонсогдохоор нь гэртээ орсон. Тэгэхэд Ганбаатар утсаар яриад дууссан, гар утсаа гартаа барисан байхаар нь Ганбаатарын гар утсыг булааж аваад, намайг гэртээ ороогүй байхад яагаад цагдаа дуудаж байгаа юм бол, цагдаа дуудсан бол хэдэн цаг, минутад дуудсан байна гэдгийг мэдэх зорилгоор гар утсыг булааж авсан. Түгжээг нь тайлах гээд чадаагүй. Ганбаатар утсаа авъя гэж орилсон. Би ч гар утсыг нь өгсөн. Тэгсэн цагдаа нар орж ирсэн. Би гар утсыг нь эвдээгүй, утсыг нь эвдлээгүй учир тийм зүйл болоогүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-213/,

Надад урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд нэмж сонсгож байгаа 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийнхөө эзэмшлийн байранд орсон. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 6 тоот орон сууц Ц.Цэрэндашийн эзэмшилийнх биш. 2007 онд Сайнхүү гэдэг хүнээс гражийн хамт 70 сая төгрөгөөр худалдан аваад өнөөдрийг хүртэл гэр бүл, үр хүүхдийн хамт амьдарч байгаа учир миний эзэмшлийн байр. Би Ц.Цэрэндаш гэдэг хүнийг огт танихгүй, харин Ц.Ишдорж, Ц.Байгалмаа нарыг танина. Энэ хүмүүсээс 2016 оны 11 сарын 24-ний өдөр 90,000,000 /ерин сая/ төгрөг зээлж барьцаанд нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 06 тоот байрны гэрчилгээ Ишдоржийн нэр дээр шилжүүлэхээр Ишдоржтой тохиролцсон. Тэгтэл 2016 оны 11 сарын 24-ний өдөр Ишдорж намайг согтуу байхад хуурч орон сууц худалдах, худалдан авах гэрээг БЗД-ийн 9-р хороо Дахүрээ захын Давааням гэдэг нотариатич дээр 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан залилан мэхэлсэн. Уг асуудал БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа учир өөрийгөө Ишдоржийн байранд нэвтрэн орсон гэх надад нэмж сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217/,

 

Шүүгдэгч Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай аав Г нь урьд өмнө байраа барьцаанд тавиад хүнээс мөнгө зээлсэн юм шиг байна лээ. Тэгсэн 2018 оны 02 сарын 10-ны үед би гэртээ байсан чинь гаднаас 2-3 үл таних эрэгтэй хүмүүс ирсэн чинь аав намайг гарч бай гэхээр нь би юугаа ч мэдэлгүй найзындаа очоод байж байтал, аав надруу залгаад миний хүү бүгдээрээ гэртээ орхооргүй болчихлоо түр найз нөхдийндөө байж бай гэж хэлхээр нь гэртээ очоод гэрийн нэг өрөөнд түр байж байя гэж хэлээд 2-3 хоног гэрийнхээ эд хогшилийг хараад амьдарч байгаад нэг орой иртэл цоожны гол сольсон байсан. Тэгээд гэрээс өмссөн хувцастайгаа гараад явсан. Энэ хугацаанд манай аав, ээж хоёр ах дүүгийнхээ гэрээр хонож яваад байсан. 2018 оны 03 сарын 08-ны орой аав, ээж хоёртой очиж уулзахад аав маргааш орой бүгдээрээ гэртээ орно хүрээд ирээрэй гэж хэлхээр нь 2018 оны 03 сарын 09-ний орой 18-19 цагийн орчим аав, ээжтэй уулзан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 6 тоотод буюу гэрийн гадна очоод хаалга нүдсэн нээхгүй байхаар нь манай аав хаалганы цаанаас Ганбаа чи хаалга нээчих гэж хэлсэн боловч нээхгүй байхаар нь аав гэнэт гараад явсан. Тэгсэн ээж намайг аавынхаа ардаас гараад хардаа гэхээр нь гараад хартал аав 2 давхарын тагтны цонхны хуучин хагархай хэсгээр орж байхаар нь аавыгаа ганцааранг оруулхав гэж бодоод айгаад ардаас би тагтаар дамжиж орсон чинь манай гэрт үл таних 30 гаран насны Ганбаа гэгч зурагт үзээд сууж байхаар нь аав шууд ороод гадна хаалга нээсэн. Тэгсэн Ганбаа манай аавын урдаас салаавч гаргаад хэл амаар доромжлоод хэрэлдэж зууралдаад “би олон хурандаа танина шүү, чи намайг барахгүй шүү гэсэн утгатай зүйл хэлээд” зогсож байхад нь манай ээж салгасан чинь Ганбаа гэгч цагдаа дуудсан байгаа шүү гэж хэлж байсан... Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-26/,

2018 оны 03 сарын 08-ны өдөр надруу аав утсаар яриад маргааш гэртээ орно гэсэн. Аав болохоор гэртээ орж болохгүй шалтгаан байгаа гэдэг байсан. Тиймээс гэртээ орохгүй найз нөхдийнхөөрөө явсан юм. Маргааш нь Американ дэнж дээр 16, 17 цагийн орчим аав, ээж, манай аавын ах, дүү Төгсжаргал бид нар уулзацгаасан. Аав гэрлүүгээ явъя гээд дагуулаад явсан. Гэрт очоод хаалгаа нэлээд удаан тогшиж зогссон. Тогшиж байхад гэрт хүн байгаа нь мэдэгдэж байсан. Гэрт зурагт сонсогдож байсан. Тэгээд орцонд зогсож байхад аав гэнэт гараад явсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй. Ээж аавыг хаачих гэж байгаа юм бол гардаа гэсэн. Би ардаас гарсан. Манай гэр 2 дугаар давхарт байдаг юм. Ертөнцийн зүгээр баруун болон хойд зүгрүү харсан цонхтой юм. Аавын баруун хойд талын цонхны доор очсон. Би ардаас нь очиход аав 2 давхарлуу авираад орчихсон байсан. Манай гэрийн тэр цонх онгорхой байсан. Өмнө нь ганц хоёр удаа түлхүүрээ мартсан гэр бүлийн гишүүдээс ордог байсан юм. Намайг харахад аав орж байсан. Би аавыг бол яах гэж байгаа юм гэж асуугаагүй . Намайг харах үед нэгэнт яваад орчихсон байсан. Би тэгэхээр нь ардаас нь орсон. Аавыг дотогшоо ороод ямар асуудалд орчих вий, дотор нь ямарч хүмүүс байгаа юм билээ гэж бодоод аавдаа туслахаар ардаас нь орсон. Намайг авираад орох хооронд аав гэрийн хаалга онгойлгоод манай гэр бүлийн гишүүдийг оруулсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233/,

Сонсгож байгаа зүйл ангийг ойлгож мэдлээ. Прокурорын тогтоолоор 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 47-р байрны 6 тоотод хохирогч Ц.Цэрэндашийн гэрт хууль бусаар нэвтэрч орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллгадагчаар татаж байгаа юм байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хийсэн үйлдэлтэй сонсгож байгаа ял тохирохгүй байна. Би хууль бусаар нэвтэрч ороогүй. Гэр рүүгээ орсон. Би хэрэг үйлдээгүй. Өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгээр болсон хэргийн талаар тодорхой ярьсан. Тиймээс нэмж ярих зүйл байхгүй.

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аав, ээж хоёрыг гэртээ орно гэхээр нь дагаад явсан. Өөрийн гэр биш хүнийх хэзээ болсоныг бол мэдэхгүй. 2018 оны цагаан сарын үеэр ээж аавыг явсанаас хойш өрөөндөө хэд хоносон. Энэ үед аав, ээжийн танилууд гээд хүмүүс нөгөө өрөөнд байдаг байсан. Ямар учиртай байдаг байсныг нь мэдэхгүй. Нэг өдөр гэртээ иртэл хаалганы гол сольсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 250/,

 

-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 3-4/,

-2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №000549028 дугаартай, Ү-2204021618 дугаарт бүртгэлтэй, Цэцэн овогт Цэвэгмидийн Цэрэндаш /ЧО60030171/ нэг иргэний өмчийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол 47 байр, 6 тоот хаягт байршилтай 125 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 72/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 80/,

- хохиоргч Ж.Ганбаатарын хохирлын гэх баримтууд /1-р хх-ийн 82-89/,

- Номун эмнэлгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 113-123/

- Дамно ХХК-ийн 2018.08.23-ны өдрийн №БЗ2-18-1543 дугаартай “хуа-вэй пи 9 загварын гар утас 2018.03.09-ний өдрийн байдлаар 280.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 205/,

 

 

Хавтаст хэргээс Н.Гн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягын тодорхойлолт, Г.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, Г.А Н.Г нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 4 дугаар хорооны тодорхойлолт /1-р хх-ийн 42-47/, Г.А Н.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 147, 2-р хх-ийн 9-10/, Г.Аийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 13/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

“Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн тухайд:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.Г нь Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 47 байрны 06 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай байрыг иргэн Ц.Цэрэндашд 2016 оны 11 сарын 23-ны өдөр 90.000.000 төгрөгөөр худалдан борлуулсныхаа дараагаар 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 20 цагийн үед тухайн байранд оршин сууж байсан хохирогч Ж.Ганбаатар болон байрны өмчлөгч хохирогч Ц.Цэрэндашийн ямар нэгэн нэвтрэх зөвшөөрөлгүйгээр, тагтаар дамжин тагтны цонхыг онгойлгож нэвтрэн орж хаалгыг дотор талаас онгойлгож бусад хүмүүсийг нэвтрүүлсэн болох нь хохирогч Ж.Ганбаатар, Ц.Цэрэндаш, гэрч Н.Уранчимэг, шүүгдэгч Г.А болон шүүгдэгч Н.Гн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрх мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Гг 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 47 байрны 06 тоот хаягт байршилтай орон сууцны  байранд оршин суугч, өмчлөгчийн ямар нэгэн нэвтрэх зөвшөөрөлгүйгээр, тагтаар дамжин тагтны цонхыг онгойлгож нэвтрэн орсон дээрх үйлдлийг хийхэд шүүгдэгч Г.А нь мөн л оршин суугч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, тагтаар дамжин тагтны цонхыг онгойлгож шүүгдэгч Н.Гн араас даган орсон байна. Түүнийг уг үйлдлийг үйлдсэн болохыг хохирогч Ж.Ганбаатар, шүүгдэгч Н.Г нар нотлож мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараалан мэдүүлсэн дээрх нотлох баримтууд байна. Шүүгдэгч Г.А ч өөрийн удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ тагтаар дамжиж орсон болохоо мэдүүлжээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод байрлах орон сууцны зориулалттай байр нь шүүгдэгч Н.Г болон түүний гэр бүлийн эзэмшил, өчлөлийн эд хөрөнгө байсан байх ба 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу  хохирогч Ц.Цэрэндашийн өмчлөлд шилжсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021648 дугаартай гэрчилгээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар зэргээр тогтоогдсон болно. Дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байна.

Иймд тухайн байрыг хохирогч Ц.Цэрэндашийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно. Шүүгдэгч нарын өөрийн гэртээ орсон гэх өгүүлмж нь үгүйсгэгдэх хууль зүйн үндэслэл бүхий баримт байхгүй ба тэдний уг байрны цонхоор оршин суугч, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орж байгаа үйлдэл нь хууль бусаар бусдын орон байранд нэвтэрч байгаа үйлдэлд тооцогдох хууль зүйн зохицуулалттай юм. 

 

Хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан бүх төрлийн орон сууц, байшин, гэр, зочид буудал, амралт сувиллын газрын өрөө, зуслангийн байр, майхан зэрэг нь орон байранд хамаардаг.

 

Дээрх байдлын ямар ч орон байранд байгаа хүн хувийн эрх, эрх чөлөөтэй байх, уг орон байр нь халдашгүй чөлөөтэй байх, орон байраа өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхтэй байна. Түүний орон байрны халдашгүй байх эрхэд өөр бусад хэн боловч зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орох нь хувийн эрх, эрх чөлөө, орон байрны халдашгүй байдалд нь санаатайгаар халдсан нийгэмд аюултай, гэмт хэрэгт тооцхоор хуульчилсан үйлдэл юм.

 

Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч орсноор уг гэмт хэрэг төгс үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд нь оршин суугчийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, дураараа авирласан идэвхтэй үйлдлэл хийгдсэн байдаг нь “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг илэрхийлнэ.

 

Шүүгдэгч Н.Г, Г.А нар нь Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 47 байрны 06 тоот хаягт байршилтай орон сууцны байрыг бусдын өмчлөл, эзэмшилд шилжсэн болохыг мэдэж байсан байна. Энэ нь уг байрыг Ц.Цэрэндашид хүлээлгэж өгсөн байдлаар илэрхийлэгдэнэ. Харин дотор нь байх өөрсдийн эд зүйлсийг аваагүй байгаа нь дээрх байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Уг орон сууцны байрыг Ц.Цэрэндашийн өмчлөл, эзэмшилийнх болохыг хүлээн зөвшөөрч түүнд хүлээлгэж өгөн өөрсдөө гарч явснаар шүүгдэгч нарын тухайн орон байранд чөлөөтэй нэвтрэх эрх дуусгавар болох ба дахин тухайн байранд нэвтрэх тохиолдолд оршин суугч, эзэмшигч, өмчлөгчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу нэвтэрч байх нь зүйтэй болно.

 

Н.Г, Г.А нар нь орон байранд хаалгаар нь оршин сууж байгаа хүний зөвшөөрөлтэйгээр нэвтэрч орох ёстой болохыг сайтар мэдэж байсан боловч байранд оршин сууж байсан Ж.Ганбаатарын тэднийг оруулахгүй, хаалгыг онгойлгож өгөхгүй гэсэн санааны улмаас тагтаар дамжин орсон байна. Өөрсдийн хийж байгаа үйлдлийг зүй бус болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн байх учир гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

                                 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Н.Г, Г.А нар нь 2018 оны 03 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 47 байрны 06 тоотод байрлах орон сууцны  байранд орохоор санаатай нэгдсэн болох нь шүүгдэгч Г.Аийн “...2018 оны 03 сарын 08-ны орой аав, ээж хоёртой очиж уулзахад аав маргааш орой бүгдээрээ гэртээ орно, хүрээд ирээрэй гэж хэлхээр нь 2018 оны 03 сарын 09-ний орой 18-19 цагийн орчим аав, ээжтэй уулзан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны 6 тоотод буюу гэрийн гадна очоод хаалга нүдсэн нээхгүй байхаар нь манай аав хаалганы цаанаас Ганбаа чи хаалга нээчих гэж хэлсэн боловч нээхгүй байхаар нь аав гэнэт гараад явсан. Тэгсэн ээж намайг аавынхаа ардаас гараад хардаа гэхээр нь гараад хартал аав 2 давхарын тагтны цонхны хуучин хагархай хэсгээр орж байхаар нь аавыгаа ганцааранг оруулхав гэж бодоод айгаад ардаас би тагтаар дамжиж орсон...” гэх мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд шүүгдэгч нарыг “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч Ц.Цэрэндашийн орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрх, орон байраа өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх зөрчигдөн хохирсон байна.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 03 сарын 09-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 47 байрны 06 тоотод хохирогч Ж.Ганбаатарын эрүүл мэндэд “тархи доргилт, цээжний баруун хажуу доод хэсгээр цус хуралт, зулгаралт гэмтэл” учруулсан, уг гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь хохирогч Ж.Ганбаатарын мэдүүлэг болон ШШҮХ-ийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3496 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-ийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 568 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Гн хохирогч Ж.Ганбаатарын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж байгаа үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор хуульчлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, гэм буруутай үйлдэл болно.

 

Шүүгдэгч нь хохирогчийн биед цохих, өшиглөх, эд зүйлээр цохих зэргээр халдах идэвхитэй үйлдэл хийвэл гэмтэл учирч болохыг лавтай сайтар мэдэж байсан. Ийм үйлдэл хийх нь бусдад, нийгэмд аюултай болох шинж чанарыг ухамсарлаж байсан хэдий ч уг үйлдлийг хийхийг хүсэж хийн, хохирогчид хөнгөн хохирол учруулжээ.

 

Хохирогч Ж.Ганбаатарт учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “Тэгээд намайг цохихоор нь би хэвтэж байсан хүүхдээ дээрээс нь тэврээд хэвттэл намайг дээрээс сандал, хуванцар сав зэргээр цохисон. Миний нуруу руу Г гэх хүн нь сандлаар цохисон. Г нь миний хамар, ам уруу өшиглөсөн.” гэх мэдүүлэгтэй,

шүүгдэгч Н.Гн “... салаавч гаргаад байхаар нь бид барьцалдаж авсан... ...Ганбаатар утсаар яриад дууссан, гар утсаа гартаа барисан байхаар нь Ганбаатарын гар утсыг булааж аваад, намайг гэртээ ороогүй байхад яагаад цагдаа дуудаж байгаа юм бол, цагдаа дуудсан бол хэдэн цаг, минутад дуудсан байна гэдгийг мэдэх зорилгоор гар утсыг булааж авсан. Надад урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэгтэй хамааралтай байх бөгөөд, болсон үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байна.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Н.Гн буруу үйлдэл шууд шалтгаалж байна. Учир нь тэрээр өөрт учирсан 90.000.000 төгрөгийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс өөрийн нэр дээр байх орон сууцыг худалдан борлуулж 90.000.000 төгрөгийг хохирогчоос дансаар авчээ. Байрыг худалдаж авсан хүний дүүтэй танилууд байсны хувьд байрыг тухайн үед хүлээлгэж өгөөгүй амьдарч байгаад сүүлд хүлээлгэж өгчээ. Хүлээлгэж өгсний дараагаар тухайн байранд буцаж орох үйлдэл хийсэн байна. Үүнийгээ “намайг нэр бүхий хүмүүс архи уулгаж согтоож байгаад зээлийн гэрээ хийх ёстой байхад худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулж миний байрыг хууль бусаар авсан” гэж тайлбарлажээ. Харин 90.000.000 төгрөгөөс буцааж өгөх санаа, оролдлого огт хийгээгүй байна. Түүний энэ байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь болсон байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн тухайд:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Н.Г, Г.А нарын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ц.Цэрэндашийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хорооллын 47 дугаар байрны 06 тоот 125 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Г, Г.А, хохирогч Ц.Цэрэндаш, гэрч Н.Уранчимэг, гэрч Н.Дүгэрсүрэн, гэрч М.Алтайбаатар нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлж дүгнэж үзэхэд гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдохгүй байна.

 

Прокуророос шүүгдэгч Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэднийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй байна.

 

Тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр хохирогчид шилжүүлсэнтэй холбоотой өмчлөлийн талаарх маргаан нь иргэний эрх зүйн харилцаа байх бөгөөд Н.Г, Ц.Цэрэндаш нарын хооронд хийгдсэн гэрээний хүчин төгөлдөр эсэх, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэх хууль зүйн зохицуулалтгүй.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байх үндсэн бүрэлдэхүүнтэй. Гэмт этгээд нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэж, өмчлөгчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдахгүйгээр авахдаа өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, түүнийг хүсэж үйлдэн өмчлөлдөө бүр мөсөн авсан байх нь тухайн гэмт хэргийн обьектив шинжийг хангасан байх явдал юм. 

Шүүгдэгч Н.Г, Г.А нар нь тухайн эд хөрөнгийг бүр мөсөн өмчлөл, эзэмшилдээ авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч нар нь “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул тэдэнд холбогдох уг үйлдэл, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоотод байх иргэн Ц.Цэрэндашийн орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсоны улмаас мөнгөн хэлбэрээр тооцох ямар нэгэн хохирол учраагүй байна. Иймд шүүгдэгч Г.А, Н.Г нарыг хохирогч Ц.Цэрэндашид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ц.Цэрэндаш нь шүүгдэгч нарын эзэмшлээс өөрийн худалдаж авсан байрыг суллууж авах нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу явагдах шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа учир иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Гас хохирогч Ж.Ганбаатар нь хохирол нэхэмжилсэн байх боловч хохиролыг нотлох төлбөр төлсөн баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт авагдаагүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан байгаа баримтууд /1-р хх-ийн 82-89/ нь шинжилгээ, оношлогоо хийлгэсэн баримтууд болно. Хавтаст хэргийн 1-р хх-ийн 88 дугаар талд 1.105.000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний орлогын баримт байх боловч уг төлбөрийн дүнг төлсөн болохыг нотлох дансны хуулга, татвар шингэсэн төлбөрийг төлсөн /НӨАТ/ гэх ямарч баримт байхгүй байгаа учир хохирогч нь уг төлбөрийг тухайн байгууллагад төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ж.Ганбаатарын утсыг түүнд өөрт нь буцаан өгсөн байна. Утсыг буцаан олгосон байхад түүнийг бүтнээр нь үнэлэж хохирол тооцон гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эвдрэлийг засварлуулсан талаарх баримт хэрэгт байхгүй, хохирогч нь гаргаж өгөөгүй байх тул шийдвэрлэх боломжгүй юм.

 

Харин хохирогч Ж.Ганбаатарын нэхэмжилсэн хохиролыг хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь шүүгдэгч Н.Гас хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч Г.А, Н.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул тэднийг тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Г, Г.А нарт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Н.Г, Г.А нарын бүлэглэж үйлдсэн “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Гн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь тэдний гэм бурууд тохирно гэж үзэв.

 

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Уг Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 13.6 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Г, Г.А нарын үйлдсэн гэмт хэргүүд нь дээрх хуулийн шаардлагад хамаарч байх тул тэдэнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөлийн тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүдний рентген зураг 1 ширхэг, хохирогч Ж.Ганбаатарын биед учирсан гэмтлийн талаарх бичлэг бүхий двд 1 ширхэг, сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Н.Г, Г.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Од овогт Нн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,      

Шүүгдэгч Од овогт Гн Аийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Н.Гг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Г.Аийг тус тус шийтгэсүгэй.

 

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтэрүүлсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг двд, 1 ширхэг шүдний рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ганбаатар, Д.Цэрэндаш нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                          Э.ЧИНГИС

 

      Н.БААСАНБАТ