Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 456

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, Сургуулийн хороо, 12-31 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ85060511, Монголмууд овогтой Балжиннямын Буянжаргалын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мянганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 3дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газарт жолоочоор түр орж ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн газрын даргын Б/12 тушаалаар тус газрын жолоочоор томилогдожажилласан юм. Тус байгууллагад жолоочоор ажиллах хугацаандаа архи дарс уух, ажил таслах, хариуцсан эд хөрөнгөө гэмтээх, ажлын алдаа, зөрчил, сахилгын болон захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, харин ажлын байранд заагдсан ажлаа хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу хийж гүйцэтгэж байсан юм. Намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлдээ Увс аймгийн Эрүүл мэндийн газрын бүтцэд өөрчлөлт орж таны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Манай Эрүүл мэндийн газар жолоочийн орон тоо 2 байсан юм. Бид хоёрыг ямар нэгэн шалгуургүйгээр намайг ажлаас шууд чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Орон тоо цөөрсөн гэсэн атлаа манайд сантехникчээр ажиллаж байсан залууг миний оронд жолоочоор авч ажиллуулсан юм. Дарга Ц.Отгонбаяр нь орон тоо цөөрсөн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13 тоот Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг тус газрын жолоочийн ажилд буцааж эргүүлэн томилж өгнө үү. ... 3 жолоочийн дунд сонгон шалгаруулалт явуулах боломжтой байсан. Мөн би цалингийн өндөр зээл авсан байсан гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мянганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Танай шүүхэд гаргасан Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Буянжаргал 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр жолоочоор ажилд түр ороход тус Эрүүл мэндийн газарт С.Мягмарсүрэн, Б.Бат-Орших гэсэн 2 жолоочтой, Б.Бат-Орших нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн газрын даргын Б/63 тоот тушаалаар жолооч-слессариар ажилд орсон байсан. С.Мягмарсүрэн нь 31 дэх жилдээ тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаа. 2016 онд аймгийн Засаг даргын А/18 тоот захирамжаар манай байгууллагын бүтэц, орон тоог баталж өгөхдөө жолооч 2 байна гэж заасан ба энэ үед 3 жолооч ажиллаж байсан. 2017 онд мөн аймгийн Засаг даргын А/110 тоот захирамжаар батлагдсан бүтэцэд 1 жолоочийн орон тоо хасагдаж, жолооч 1, жолооч-слессарь, цахилгаанчны 1 орон тоо батлагдан ирсэн учир Б.Буянжаргалаас 3 жилийн өмнө орсон Б.Бат-Оршихыг тус жолооч-слессарийн орон тоонд ажиллуулж, Б.Буянжаргалыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн. Б.Буянжаргалын нэхэмжлэлд дурдагдсан сантехникчийн орон тоо манайд байхгүй болно гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Буянжаргал нь хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Орон тоо цөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

     Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б/13 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/110 дугаар захирамж, байгууллагын Дотоод журам-ын 8.6.2, 8.6.5, 10.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.Буянжаргалыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь буюу тус байгууллагын жолоочийн ажлаас чөлөөлж, ээлжийн амралт болон нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Буянжаргалыг 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хойш тус аймгийн Эрүүл мэндийн газарт жолоочоор авч ажиллуулсан, харин Б.Бат-Оршихыг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн жолооч, слесариар авч ажиллуулж байгаа /тус газрын даргын 2012 оны Б/63 тоот тушаал/, мөн тус байгууллагад мөн жолоочоор С.Мягмарсүрэн нар тус тус ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

     Харин Увс аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/110 тоот тушаалаар аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоог батлахлахдаа Жолооч -1, жолооч + слесарь цахилгаанчин 1 байхаар баталж ирүүлсэн, өөрөөр хэлбэл, 3 жолоочийн орон тооноос 1 жолоочийн орон тоог хасч, ирүүлсэн байна.

    Ингээд жолооч Б.Буянжаргалд 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Мэдэгдэх хуудас хүргүүлж, уг мэдэгдэлд Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Увс аймгийн Засаг даргын 2017 оны А/110 тоот захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцлахыг мэдэгдэж байна гэжээ.

     Мөн Б.Буянжаргалд зохих журмын дагуу ээжлийн амралтын болон нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хэрэгт авагдсан Цалингийн хүснэгт-ээр тогтоогдож байна.

      Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолоочийн орон тоо цөөрсөн, ажилтанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө ажилд олгогчоос мэдэгдсэн, ажлаас халагдсаны тэтгэмжийг зохих журмын дагуу олгосон зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

       Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Буянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

    Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

    Харин нэхэмжлэгчийн Цалингийн зээлтэй байсан, 3 жолоочийн дунд сонгон шалгаруулалт зарлаад аль сайныг нь үлдээх боломжтой байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд тухайн байгууллага ажилчдаа ямар журмаар ажилд авахыг заах эрхгүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Буянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Буянжаргал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                              ДАРГАЛАГЧ,

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Н.ГЭРЭЛТУЯА