Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 26

 

 

 

 Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 456 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин суух, Монголмууд овогт Балжиннямын Буянжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд  эрүүлэн тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүл мэндийн газрын даргын Б/12 тушаалаар тус газрын жолоочоор томилогдож ажилласан юм. Тус байгууллагад жолоочоор ажиллах хугацаандаа архи дарс уух, ажил таслах, хариуцсан эд хөрөнгөө гэмтээх, ажлын алдаа, зөрчил, сахилгын болон захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй, харин ажлын байранд заагдсан ажлаа хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу хийж гүйцэтгэж байсан юм. Намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлдээ “Увс аймгийн Эрүүл мэндийн газрын бүтцэд өөрчлөлт орж таны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоно.” гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Манай Эрүүл мэндийн газар жолоочийн орон тоо 2 байсан юм. Ямар нэгэн шалгуургүйгээр намайг ажлаас шууд чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Орон тоо цөөрсөн гэсэн атлаа манайд сантехникчээр ажиллаж байсан залууг миний оронд жолоочоор авч ажиллуулсан. Дарга Ц.Отгонбаяр нь орон тоо цөөрсөн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан хууль зүйн үндэслэлгүй байх тул Б.Буянжаргал намайг тус газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Б.Буянжаргал 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр жолоочоор ажилд түр ороход тус Эрүүл мэндийн газарт С.Мягмарсүрэн, Б.Бат-Орших гэсэн 2 жолоочтой, Б.Бат-Орших нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн газрын даргын Б/63 тоот тушаалаар жолооч-слессариар ажилд орсон байсан. С.Мягмарсүрэн нь 31 дэх жилдээ тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаа. 2016 онд аймгийн Засаг даргын А/18 тоот захирамжаар манай байгууллагын бүтэц, орон тоог баталж өгөхдөө жолооч 2 байна гэж заасан ба энэ үед 3 жолооч ажиллаж байсан. 2017 онд мөн аймгийн Засаг даргын А/110 тоот захирамжаар батлагдсан бүтцэд 1 жолоочийн орон тоо хасагдаж, жолооч 1, жолооч-слессарь, цахилгаанчны 1 орон тоо батлагдан ирсэн учир Б.Буянжаргалаас 3 жилийн өмнө орсон Б.Бат-Оршихыг тус жолооч-слессарийн орон тоонд ажиллуулж, Б.Буянжаргалыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Буянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч Б.Буянжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Б/12 тоот тушаалаар Эрүүл мэндйн газрын жолоочоор томилогдсон бөгөөд тухайн үед С.Мягмарсүрэн, Б.Буянжаргал нар жолоочоор, Б.Бат-Орших слессараар ажиллаж байсан. Эрүүл мэндийн газрын   бүтэц орон  тоогоор жолооочийн орон тоо анхнаасаа 2 байсан бөгөөд харин  1 жолоочийн орон тоог жолооч, слессар-цахилгаанчин болгож өөрчилсөн. Б.Бат-Орших нь тухайн байгууллагад жолооч биш, слессариар ажиллаж байсан тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан, хариуцагчийн “3 жолоочтой байсан.” гэх тайлбарт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Буянжаргалыг Увс аймгийн Эрүүл мэндийн жолоочийн  ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл журмаар явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Буянжаргал шүүхэд “Увс аймгийн Эрүүл мэндийн газарт жолоочоор ажиллаж байхад тус газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/13 тоот захирамжаар орон тоо цөөрсөн үндэслэлээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тул намайг тус газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч Л.Мянганбаяр эс зөвшөөрч “...2017 онд Увс аймгийн засаг даргын А/110 дугаар захирамжаар батлагдсан тус байгууллагын бүтэц, орон тооноос 1 жолоочийн орон тоо хасагдаж, жолооч-слесарь-цахилгаанчин гэж батлагдсан учир Б.Буянжаргалаас 3 жилийн өмнө ажилд орсон Б.Бат-Оршихийг ажил үүрэг, тушаалын дагуу ажиллуулж, Б.Буянжаргалд Хөдөлмөрийн хуулийн дагуу мэдэгдэл өгч ажлаас чөлөөлсөн.”  /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ гэж маргажээ.      .                          

Увс аймгийн Эрүүл мэндийн газарт нэхэмжлэгч Б.Буянжаргал  2015 оны 03 дугаар 17-ны өдөр Б/13 дугаар захирамжаар  жолоочоор түр ажилд орж,  мөн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар жолоочийн бүр орон тоонд томилогдон ажиллаж байжээ.

Увс аймгийн Засаг даргын 2017 оны сарын 03 дугаар сарын 10-ны өдрийн А/110 дугаар захирамжаар батлагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоог үндэслэн Б.Буянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр түүнд гардуулж, түүнээс хойш 30 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түүнийг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

Нэхэмжлэл гаргах үед Эрүүл мэндийн газрын бүтэц орон тоо батлах тухай Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/110 дугаар  тушаалын 1 дүгээр хавсралтад /хх 28 дугаар тал/ “Увс аймгийн Эрүүл мэндийн төвийг жолооч-1, жолооч -слесарь-цахилгаанчин 1” гэж тогтоожээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон  анхан  шатны шүүхэд гаргасан тайлбарт “Б.Бат-Орших жолоочоор ажиллаж байгаагүй бөгөөд түүнийг слесарь, жолоочоор ажиллаж байсан гэсэн хуурамч тушаал гаргаж  хариуцагч шүүхэд өгсөн.” гэх боловч тус үйл баримтуудыг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Буянжаргал болон түүний өмгөөлөгч нарт шүүх хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлаж талууд гарын үсэг зурсан байх ба /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудаст/ талууд хэргийн материалтай танилцжээ. /хавтаст хэргийн 24, 58 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар  зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй  холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах  гомдолд дурдсан  дээрх татгалзлаа баримтаар нотлоогүй, мөн шүүхээр нотлох  баримт бүрдүүлүүлэх үндэслэл бүхий хүсэлт гаргаагүй байна.

“Увс аймгийн Эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгч Б.Буянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг   дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй.” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч болон түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн аваахаас татгалзаж шийдвэрлэсэн тул түүний 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                                   

ШҮҮГЧИД                                                                   Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН