Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0105

 

2016 оны 2 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2016/0105

Улаанбаатар хот

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б”-ын гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Б Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" 2013 оны А/307, "газар эзэмших,ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай" А/309, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамж тус тус гаргаснаар манай компанийн эрх ашиг ноцтой зөрчигдөх боллоо.

Дээрх захирамжууд гарснаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдэл ирүүлсний дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар барилгын зураг, төслөө батлуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахын тулд 400 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт төлсөн.

Нийслэлийн Засаг даргын А/307А/915 дугаар захирамж тус тус Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг үндэслэсэн тул эдгээр захирамж нь хууль бус гэж үзэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинээр захиргааны акт гарах хүртэлхугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Иймд Нийслэлийн Засаг даргын Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" 2013 оны А/307, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай" А/309: "Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/915 дугаар захирамж, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус актуудын улмаас манай компанид учирсан хохирол болох 400.000.000 төгрөгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас гаргуулж өгнө үү.

Анх Нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 га газар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 га газрыг дуудлага худалдаагаар авч эзэмшихээр болсон. Дуудлага худалдааны үнэд Баянзүрх дүүргийн газарт 70 сая төгрөгХан-Уул дүүргийн газарт 300 сая төгрөгийг тус тус төлсөн. Компани нь нэхэмжлэл гаргахдаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмших газрын дуудлага худалдааны үнэтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан бөгөөд уг газарт 300 сая төгрөгийн төлсөн баримтыг хавсаргасан бөгөөд үлдэгдэл 50 сая төгрөгийн баримт болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэл, мэдэгдлийг шүүхийн журмаар гаргуулна уу. Нэхэмжлэлийн шаардлагыг 350 сая болгон бууруулж байна" гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын А/307, А/915 дугаар захирамж нь Зам тээвэр: барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох тухай аргачлал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна" гэж зааснаас харахад Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, "Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжуудын хэрэгжилтийг хангах талаар авахзарим арга хэмжээний тухай" А/915 дугаар захирамжууд нь “И” ХХК-д илүү боломж болон давуу эрхийг олгосон байна.

Мөн Засаг даргын 915 дугаар захирамжийн 1.1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын А/307, А/309 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тогтоохдоо газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр анх гарсан үед мөрдөгдөж байсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал"-аар дуудлагахудалдааны анхны үнийг тогтоож төлүүлэх, ногдуулсан үнийг төлсөн болон үнийн 30 хувийг төлсөн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахаар зохицуулсан байна.

Захирамжийн дээрх зохицуулалт нь Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмших, ашиглах эрх олгосон зөрчлийг арилгаж, цаашид хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх олгох, цаашид нийслэл, дүүргийн хэмжээнд дээрх зөрчлийг гаргахгүй байх зорилготой.

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 21.2.3, 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу Нийслэлийн Засаг дарга тогтоох бүрэн эрхтэй байна.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу нэхэмжлэгч компанид дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн болон дуудлага худалдааны анхны үнэ нийт 300.000.000 (гурван зуун сая) төгрөг төлүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа"Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжууд нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан бөгөөд дээрхтогтоолыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалаар түдгэлзүүлсэн тул эдгээр захирамжууд нь илт хууль бус гэж тайлбарлажээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын "г", 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалыг тус тус үндэслэн гарсан буюу нэхэмжлэлд тайлбарлаж байгаа шиг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг үндэслээгүй байна.

Дээрх А/309 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой ямар нэг харилцааг зохицуулаагүй тул нэхэмжлэгч энэ захирамжийг илт хууль бусад тооцуулах, хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байна.

Газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр эзэмшүүлэхийн тулд төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан зөрчлийг таслан зогсоох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан этгээдийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулсан.

Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 584 дүгээр захирамжаар Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтруулан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20.0 га, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.0 га газрыг тус тус эзэмшүүлсэн тул нэхэмжлэгчээс А/307 дугаар захирамжид нийцүүлэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх арга хэмжээ авсан болно. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”И” ХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан "Нийслэлийн Засаг даргын Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" 2013 оны А/307, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай" А/309, "Нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/915 дугаар захирамж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, хууль бус актуудын улмаас манай компанид учирсан хохирол болох 300 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т " ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэснийг зөрчиж газар эзэмшүүлсэн зөрчлийг арилгах зорилгоор дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэхээр маргаан бүхий захирамж гаргасан байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг Дарга хууль зөрчиж эзэмших эрх олгосон газрын эрхийг хүчингүй болголгүй, газар эзэмшигчийн эрх ашгийг харгалзан үзэж, хуульд нийцүүлэн зөрчлийг арилгах арга хэмжээ авсан нь хариуцагчийн зүгээс газар эзэмшигчийн эрх, ашиг сонирхолд хүндэтгэлтэйгээр хандаж, анх газар эзэмшүүлэх эрх олгоход гарсан алдаа зөрчлийг арилгаж, зөвтгөх замаар газар эзэмшигч нарт боломж олгожээ ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь анх газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн бус хариуцагчийн буруутай үйл ажиллагаа бөгөөд энэхүү өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх нэрийдлээр газар эзэмшигчийн эрх ашгийг хөндөж байгааг хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандсан гэж үзэхгүй.

Нийслэлийн Засаг Даргын А/307, А/915 дугаар захирамжууд нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэгт "Гэрээнд заасан нөхцлийн дагуу газар дээрээ барилга байгууламж барьж үйл ажиллагаа явуулаагүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд Зам Тээвэр Барилга, Хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал"-д заасны дагуу төлбөр ногдуулан авах гэжээ. Дээрх заалт нь нөхцөл заасан шинжтэй бөгөөд " ... газар эзэмшигч ашиглагч газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлэх тохиолдолд төлбөр ногдуулан авах" гэсэн харилцааг зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ авахын тулд анх төлөх ёстой байсан дуудлага худалдааны үнийг “И” ХХК-иас нөхөн төлүүлсэнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэг хамааралгүй юм гэжээ. Энэ тохиолдолд шүүх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор нийслэл хот дах газрын бүсчлэлийг тогтоосон гэдгийг огт авч хэлэлцээгүй мөн энэхүү тогтоолоор тогтоосон газрын бүсчлэлийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж байгааг орхигдуулан хэргийг дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл 2010 оны 5/39 дүгээр тогтоол нь "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ноогдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай" нэртэй бөгөөд энэхүү тогтоолын дагуу тогтоосон газрыг 1, 2, 3 ...-р бүсчлэл гэж хуваасан бөгөөд энэхүү бүсчлэлээр газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг тогтоон төлүүлж байгаа болно.

Гэтэл энэхүү Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ноогдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай" 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар дахин шинээр захиргааны акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг бөгөөд уг түдгэлзүүлсэн актыг үндэслэсэн маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах зүй ёсны нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэж үзээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх энэхүү шийдвэрээрээ захиргааны акт хууль ёсны байх эрх зүйн болоод хууль ёсны зарчмыг зөрсөн, гэж үзэж байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий Нийслэлийн Засаг Даргын 2013 оны А/307, А/309, А/915 дугаар захирамжууд нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1, Зам Тээвэр хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал зэрэг холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх бөгөөд “И” ХХК-иар дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн үндэслэлгүй байна. Учир нь дээрх актуудын улмаас манай компанид 300.000.000 төгрөгийн хохирол учраад зогсохгүй цаашид барилгын ашил явагдахгүй хэмжээнд хүрээд байна. Учир нь хариуцагчийн зүгээс дуудлага худалдаан анхны үнийг гүйцээж төлөх тухай утсаар байнга дуудаж, мэдэгддэг бөгөөд Газрын тухай хуульд дуудлага худалдаа явуулаагүй бол анхны үнийг нөхөн төлүүлнэ гэсэн ойлголт байхгүй болно.

Шүүхээс хэрвээ маргаан бүхий актууд гараагүй, тэдгээрийг үндэслэж нэхэмжлэгч “И” ХХК-иар дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлээгүй бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-тгазар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 33.2-т "...газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна" гэж зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлбүрдэх байсан гэжээ. Гэтэл дуудлага худалдаа явуулах асуудалд нь тухайн шатны засаг даргын хуулиар үүрэг бөгөөд дуудлага худалдаа явуулаагүй Засаг даргын өмнөөс нэхэмжлэгчийг хууль зөрчсөн мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна Газрын тухай хуулийн "Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна" гэж дуудлага худалдаа албан ёсоор зарлан явуулсны дараа яригдах үнийн тухай асуудлыг андуурсан гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхээс "....Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ эрхийн гэрчилгээний бодит үнэ байна" Иймд ... хууль бус актуудын улмаас манай компанид учирсан 300 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах ... шаардлагын хувьд энэ нь нэхэмжлэгчид учирсан хохирол бус харин төрийн өмчийн газрыг хуульд заасан болзол нөхцөлтэйгөөр эзэмшихийн тулднэхэмжлэгчээс газрын дуудлага худалдааны анхны үнэд төлөх ёстой байсан төлбөрийг улсад нөхөн төлүүлсэн төлбөр ..." гэсэн мөн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь хуульд дуудлага худалдаа явуулсны дараа тогтсон үнийг эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж заасан байхад дуудлага худалдааны анхны үнийг бодит үнэ гэж үзсэн нь мөн алдаатай шийдвэр гаргахад нөлөөлж, нэхэмжлэгчид хохирол учраагүй гэж үзэхэд хүргэсэн байна.Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга, үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжаар төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан буруу практикийг таслан зогсоох зорилгоор газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсний дараа гэрээ байгуулж гэрчилгээ олгох талаар, харин А/309 дүгээр захирамжаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшсэн этгээд нь барилга барих хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 584 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “И” ХХК-д Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газартай хамтран Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд Морин уулын энгэрт байршуулан 20,0 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамж гарснаас хойш 11 дүгээр сарын дараа олгосон 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчээр зөвхөн “И” ХХК-ийн нэрийг заасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд төрийн байгууллагатай анх хамтран эзэмшсэн боловч дараа нь шилжүүлэн авсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4/6816 дугаар албан бичгээр гаргасан тайлбарт ... А/309 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой ямар нэгэн харилцааг зохицуулаагүй тул ... хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж тус тус тайлбарласан зэргээс үзвэл Нийслэлийн Засаг даргын А/307, А/309 дүгээр захирамжуудын чухам аль нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн болохыг тодорхойлох боломжгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь анх газар эзэмшихдээ төрийн байгууллагатай хамтран эзэмшсэн атлаа яагаад гэрээ, гэрчилгээ нь зөвхөн нэхэмжлэгчийн нэр дээр олгогдсон, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан эсэх талаар баримтыг цуглуулж, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр нь аль нь болохыг тогтоолгүй эдгээр захирамжуудыг аль алиныг нь маргаан бүхий акт гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу байна. Нийслэлийн Засаг даргын А/307, А/309 дүгээр захирамжууд ялгаатай асуудлыг зохицуулсан байх тул дээрх зөрүүтэй байдлыг шалгаж маргаан бүхий актыг зөв тодорхойлж түүний үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай.

Мөн нэхэмжлэгч нь анхнаасаа хууль зөрчиж газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын буруу, уг алдаагаа засахын тулд үндэслэлгүйгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3, 32.5.1-д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлд тусгахаар заасны дагуу ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн болохыг заагаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... нэхэмжлэгч дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа бол хууль зөрчиж олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох болно гэж тайлбарласан, өөрөөр хэлбэл дуудлага худалдааны анхны үнийг төлүүлснээр газрыг үргэлжлүүлэн эзэмших боломж олгосон гэж дүгнэсэн байхад нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаснаас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж үзсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөнийг өөрөө тодорхойлоогүй байхад шүүх ... газар эзэмшигчид илүү боломж олгосон ... гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт нь олгосон боломж гэж үзэхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо өөрөө тодорхойлж, шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргадаг диспозитив зарчмыг хэрэгжүүлж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс А/307, А/309 дүгээр захирамжуудын чухам аль шийдвэрийн улмаас өөрийнх нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг хэрхэн хамгаалуулах талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсны дараа уг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ