Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 07

 

“Ишиг-Уул” ХХК-ний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг  нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2016/0630 дугаар магадлалтай, “Ишиг-Уул” ХХК-ний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулгын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Ишиг-Уул” ХХК-д ирүүлсэн “Дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” мэдэгдэл, дуудлага худалдааны анхны үнэ гэх 2,150,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус хүчингүй болгуулах, “Ишиг-Уул” ХХК-аас Нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдлийн дагуу төлсөн 300,000,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2016/0630 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Ишиг уул” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2016/0630 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Бидний зүгээс нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байдаг бөгөөд энэхүү түдгэлзүүлсэн буюу үйлчлэл зогссон захиргааны актыг нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг гаргахдаа үндэслэсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоол нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2, 3, 4-р бүсчлэл гэж тогтоосон байдаг бөгөөд энэхүү бүсчлэлийн дагуу бүс тус бүрт харилцан адилгүй өөр өөр үнээр газрын дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар аргачлалаар бодож авдаг. Тухайлбал: Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар зөвхөн дуудлага худалдааны анхны үнийг тооцох аргачлалыг тодорхойлж өгсөн байдаг бол нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын бүсчлэлийг өөрөөр хэлбэл зэрэглэлийг тогтоож өгсөн байна. Гэтэл энэ бүсчлэл тогтоосон актыг 2012 онд шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр буюу магадлалыг биелүүлээгүй дахин шинээр захиргааны акт гаргаагүй атлаа энэхүү түдгэлзүүлсэн актыг үндэслэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалыг биелүүлээд дахин шинээр захиргааны акт гаргаж, түүнийгээ үндэслэн дуудлага худалдааны анхны үнийг тооцож авч байгаа тохиолдолд бидний зүгээс татгалзах зүйлгүй. Бидний зүгээс аливаа захиргааны акт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг сонирхолыг эерэг, сөрөг ямар нэг байдлаар хөндөж байдаг учраас захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн акт нь хууль тогтоомжид нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 22-ны өдрийн 221/МА2016/0630 магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамжаар “…Газрын тухай хуулийн 34, 57 дугаар зүйлийн 57.1, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 4 дэх хэсэг, 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3.8 дах заалт”-ыг тус тус үндэслэн “төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар олгож байсан буруу практикийг таслан зогсоох зорилгоор” төрийн байгууллагатай хамтран газрын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад “тэдгээрийн эзэмшилд олгосон газраас эзэмших хүсэлтэй газрынх нь хэмжээгээр” дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан төлүүлэх, үүний үндсэн дээр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “Ишиг уул” ХХК-иас “... /газар эзэмшигчээс/ дуудлага худалдааны анхны үнэ нөхөж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ... эрх ашиг зөрчиж, ... дарамт шахалт үзүүлсэн, ... хууль бус” гэж, хариуцагчаас “...хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морин уулын энгэрт байршуулан 20 га газрыг Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар, “Ишиг уул” ХХК-нд хамтруулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрыг Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар ямар нэг байдлаар эзэмшээгүй, 20 га газар эзэмших эрхийн 0231814 дугаартай гэрчилгээг “Ишиг уул” ХХК-ийн нэр дээр олгож, газар эзэмшүүлэх гэрээг мөн зөвхөн “Ишиг уул” ХХК-тай байгуулсан, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх”-ээр, 33.2-т “...заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулах”-аар, 34 дүгээр зүйлийн 34.1-д “... /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулсан/ шийдвэрийг үндэслэн ... нийслэл ...-ийн газрын алба тухайн ... аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох...”-оор тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Ишиг уул” ХХК нь анхнаасаа маргаан бүхий 20 га газар эзэмших эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар “үнэ төлж” авах хуулийн зохицуулалттай байна.

Гэтэл нийслэлийн Засаг дарга “Ишиг уул” ХХК-нд уг газрыг 2010 онд олгохдоо хуульд заасан дээрх журмыг баримтлаагүй, газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулж, төлбөр төлүүлэлгүй газар эзэмших эрх олгосон, уг зөрчилтэй шийдвэрээ хуульд нийцүүлж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр маргаан бүхий А/307 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь газар эзэмшигчийн эрхийг дордуулаагүй, Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд зөв байна.   

Түүнчлэн, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийн үндэслэлд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг дурдсан, уг тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 269 дүгээр магадлалаар “нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн зэрэг нь Газрын тухай хуулийн дээрх үндэслэлүүдийг үгүйсгэхгүй, маргаан бүхий  нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307 дугаар захирамжийг илт хууль бусад тооцох хууль зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга зөвхөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэж маргаан бүхий захирамжийг гаргаагүй, уг захирамжаар шийдвэрлэсэн асуудлын агуулга нь Газрын тухай хуулийн 33, 34, 57 дугаар зүйлүүдэд нийцсэн, хууль зөрчөөгүй байхад “...захирамжийн үндэслэлд дурдагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг шүүхээс түдгэлзүүлсэн байсан” гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь “илт хууль бус” гэх боломжгүй.

Иймд, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй,  Нийслэлийн өмчийн харилцааны газраас нийслэлийн Засаг даргын дээрх маргаан бүхий 2013 оны А/307 дугаар захирамжийг үндэслэн “Ишиг-Уул” ХХК-д “Дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” мэдэгдэл, тус компанид эзэмшүүлсэн 20 га газрын дуудлага худалдааны анхны үнийг 2,150,000,000 төгрөгөөр тооцож, төлбөрийн нэхэмжлэхийг тус тус хүргүүлсэн, үүний дагуу нэхэмжлэгч “Ишиг-Уул” ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарын 24, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус бүр 150,000,000 төгрөг, нийт 300,000,000 сая төгрөгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэдэгдлийн дагуу төлсөн үйл баримтуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хяналтын гомдол гаргаагүй тул уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 373 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2016/0630 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА