| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 163/2018/0000/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 34
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарынбүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Гэрэлбаатар
Яллагдагч Г.Г, Э.Б
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Жаргалтуяа
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаар захирамжтай Г.Г, Э.Б, Х.М нарт холбогдох 1715000340095 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Л овогт Г-ийн Г.
Монгол Улсын иргэн, Х М овогт Э-ийн Б.
Монгол Улсын иргэн, Б овогт Х-ын М.
Яллагдагч Г.Г, Э.Б, Х.М нар нь 2017 оны 06 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр “Т-ийн т” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль экологид 219.241.217 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаар захирамжаар:
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г, Э.Б, Х.М нарт холбогдох эрүүгийн 1715000340095 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж,
Яллагдагч Г.Г, Э.Б, Х.М нарт авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ:
... Нэгдүгээрт. Шүүхийн дүгнэлт хэсэгт: "Хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан шалгаж бодитой тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна ... энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид хэн хэдий хэр хэмжээний хохирлыг учруулсан болохыг бүрэн шалгаж тогтоосноор энэ гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдох юм. Иймд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг дахин гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна" гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Яллагдагч Э.Б, Х.М, Г.Г нар нь 2017 оны 6-р сард Булган аймгийн Бүрэгхангай сумын "Дэрст" багийн нутаг дэвсгэрт "Т-ийн т" гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулан байгаль экологид 219.241.217 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын хүрээнд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Үүнд:
Хэргийн газрын үзлэг, гэрэл зураг /хх-н 30-32-р хуудас/, хохирогч Г.Г-ын "...Байгаль орчинд учруулсан хохирол мөнгийг улсын байгууллагын зүгээс нэхэмжилж байна. бодит дүгнэлтээр гарсан хохирлыг нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /хх-н 37-р хуудас/, байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б-ийн гэрчээр өгсөн “... 2017 оны 07 дугаар сарын эхээр намайг очиход Г нь М-ийг энэ газарт үйл ажиллагаа явуул миний газар гэж хэлж авчирсан гэж байсан...Г-ын буусан газар нь голын хамгаалалтын бүс юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдохгүй. Г, М нар нь үйл ажиллагаа ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. Ашигт малтмал олборлох зорилгоор усан буу болон гурван гэр аваачсан байсан...Эдгээр хүмүүс нь ашигт малтмал олборлох болон ашиглах, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, олгогдоогүй хүмүүс юм. Манай Бүрэгхангай суманд ч гэсэн нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Дээрх хүмүүсийг үйл ажиллагаа явуулж байна гэх "Т" ХХК, иргэдийн мэдээллийн дагуу 2-3 удаа шалгалтаар очиж байсан. ...Намайг очиход үйл ажиллагаагаа зогсоож техник хэрэгслээ нуудаг байсан. 2017 оны 05 сарын эхнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Надад лацдаж байсан талаар баримт тэмдэглэл байгаа буцаад яваад очиход лац нь байхгүй болсон байдаг. Уг талбай дээр дээрхи нэр бүхий хүмүүс байрласнаас хойш эвдэгдэж ухагдаж эхэлсэн юм" гэх мэдүүлэг /хх-н 38, 47, 51-52-р хуудас/, гэрч Ц.Х-ын "...Манай компанийн кэмпээс 1 км орчны зайд ертөнцийн зүгээр манай компанийн зүүн хойд хэсэгт үйл ажиллагаагаа явуулсан. М, Г, У нарын кэмпийнхээ хойд хэсгээс 10-20 км зайтай ухаж эхэлсэн. 2017 оны 05 сард Г нь М-тэй хамтран ажиллахаар техникүүдээ буулгаж үйл ажиллагаа явуулсан. ...үйл ажиллагаа явуулж болохгүй зөвшөөрлийн тайлбайд М, Б нар нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан" гэх мэдүүлэг /хх-н 42, 48-49-р хуудас/, гэрч Н.Х-гийн "...2017 оны 04 сарын 13-14-ний өдөр дээрх хүмүүс нь манай компанийн газар дээр байгаа эфьлц гаалийг 2 хово машинаар зэрэг ачиж байсан. Хэд хэдэн удаа шаардлага тавьсан боловч хүлээж авахгүй эсэргүүцэж байсан. Ингээд Б, У нар ажиллаж байхад нь 2017 оны 05 дугаар сарын эхээр М ирж үргэлжлүүлэн шороог зөөж ашигласан." гэх мэдүүлэг /хх-н 44-р хуудас/, гэрч Ч.О-ийн "...06 дугаар сарын сүүлээр эмчилгээнд яваад ирсэн чинь манай лицензийн талбайд буучихсан байсан...Шалгалт ирэхээр өөрсдөө зугтаад явчихдаг, хэдэн түрээсийн техник үлдсэн байдаг... ямар ч байсан 2 усан буу зоочихоод л ажиллаад байсан юм. Манай хүүхдүүдийг байхад М, Г, Б нар нь зөвшөөрөлгүй ажиллаж байсан. ...Манай хүү Ц.М-тэй Б нь маргалдсан байсан" гэх мэдүүлэг /хх-н 45, 69-70-р хуудас/, мэргэжлийн хяналтын байцаагч Т.Н--ын гэрчээр өгсөн "...2017 оны 06 дугаар сарын орчимд яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Дээрхи 3 хүн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гээд техник хэрэгслээ суурилуулсан байсан. Тэрнээс намайг очиход олборлолтын үйл ажиллагаа нь зогссон байсан. ...Намайг очиход 4 усан буу, бусад техник хэрэгсэл байсан" гэх мэдүүлэг /хх-н 50-р хуудас/, Бүрэгхангай сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Бя-ийн гэрчээр өгсөн “М нь 2017 оны 04 сараас шиг санаж байна... Булган аймаг Бүрэгхангай сумын 3 дугаар баг "Т-ийн т" гэх нэртэй газарт голын ай сав бүхий газарт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Мөн Б гэх хүнтэй хамтарч үйл ажиллагаа явуулаад байсан. Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа талаар "Т" компани болон ойр орчмын ард иргэд гомдол гаргадаг байсан. Тус сумын байгаль орчны улсын байцаагч 3 удаа хяналт шалгалт хийлгэхээр явуулж байсан. Мөн өөрийн биөэр очиж шалгалтын журмаар очиход алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Техник хэрэгсэл газар дээрээ байсан. Мөн шалгалт ирж байгаа сургаар техник хэрэгслээ зөөвөрлөж нуудаг гэсэн. Тэгээд манайх үйл ажиллагаа явуулаагүй гэдэг гэсэн. Үйл ажиллагаа нь 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр байх алт олборлох үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан" гэх мэдүүлэг /хх-н 53-54-р хуудас/, Бүрэгхангай сумын засаг дарга Н.Э-ын гэрчээр өгсөн "...2017 оны хавар 4 билүү 5 сард зөвшөөрөлгүй уул уурхайн алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Шалгалтаар очиход М, Б нарын уурхай гээд ажиллаж байдаг байсан ба өөрсдөө уурхай дээрээ байдаггүй байсан. Тухайн газарт усан буу, ковш, экскэватор гэсэн техник хэрэгсэл байж байхаар нь байгаль орчны байцаагч лацаддаг байсан. Тэгээд 2-3 удаа лацадсан боловч үйл ажиллагаа зогсоохгүй явуулаад байдаг байсан. ...Шалгалтаар очихоор үйл ажиллагаагаа зогсоож бид нар үйл ажиллагаа явуулаагүй гэдэг. Харин шалгалтын хүмүүс буцаад явахаар буцаагаад үйл ажиллагаа явуулдаг байсан... Ер нь бол 2017 оны 04-05 сарын хооронд 1 сар орчим үйл ажиллагаа явуулсан." гэх мэдүүлэг /хх-н 57-58-р хуудас/, гэрч Б.Ж-ийн "...тэр хүмүүст алт олборлох үйл ажиллагаагаа зогсоо гэж шаардлага тавьсан. Тэгэхэд тэнд ажиллаж байсан хүмүүс нь бид нарыг хариуцаж байгаа хүмүүс нь байхгүй байна энэ тэр гээд шалтаг тоочдог байсан юм. Намайг очиход ажиллаж байгаа баахан залуучууд л байдаг байсан... Намайг очиж хууль бус алт олборлож байгаа үйл ажиллагаагаа зогсоо гэж байхад миний харснаар бол 2 эксковатор, 1 ковш, 2 Хово маркийн ачааны машин, 1 усан буу буюу скрупер ажиллаж байсан ойролцоогоор 10 гаран хүн ажиллаж байх шиг байсан. Эдгээр талбай нь урд өмнө ашиглаад нөхөн сэргээлт хийсэн талбай ч байсан, эрүүл газар ч байсан" гэх мэдүүлэг /хх-н 63-64-р хуудас/, гэрч Н.Х-ийн "...2017 оны 04-06 дугаар сарын сүүл хүртэл ажиллаж л байсан юм. Тэд нар хавар намайг очиж хууль бус алт олборлож байгаа үйл ажиллагаагаа зогсоо гэж байхад 3 экскэватор, 2 ковш, 3 хово маркийн ачааны машин, 3 усан буу буюу скрупер техниктэй ойролцоогоор 10 гаран хүн ажиллаж байх шиг байсан" /хх-н 65-66-р хуудас/, гэрч Ц.М-ийн "...Х манай шүүхээр маргаантай байсан газарт хүмүүс буугаад кемп байгуулаад хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна гэхээр Х бид хоёр хамт очсон. Тэгэхэд Б, У гээд хоёр хүн гарч ирээд уулзсан. Тэгэхэд нь би тэд нараас “та нар яагаад манай шүүхээр маргаантай байгаа газар ирээд үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ, энэ чинь болохгүй та нар боль” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б нь “бид нарт гэрээ, бичиг баримт байгаа” гэхээр нь тэгвэл надад үзүүл гэхэд байхгүй үзүүлээгүй юм" гэх мэдүүлэг /хх-н 67-68-р хуудас/, гэрч Б.Л-ийн "Манай нөхөр Г-ийн Г нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт бичил уурхай ажиллуулж байсан юм" гэх мэдүүлэг /хх-н 70-72-р хуудас/,
Байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/11 тоот "Тус эвдэгдсэн талбай нь тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд талбайн хэмжээ нь 35090 метр буюу 3.51 га хэмжээтэй байна. Тус тайбай урьд нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн, хөрс бүрэлдэж ургамлан бүрхэвч ургаж эхэлж байсан эрүүл газар байсан болно. Хууль бус үйл ажиллагаанаас үүдэж байгаль орчинд учирсан хохирлын нийт хэмжээ нь 219241217 төгрөг байна. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй боловч голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байна. Тус талбай нь олборлолтын бүсэд хамаарч байна. Тус талбай нь олборлолтын тусгай зөвшөөрөлгүй талбай болно. Тус талбайг нөхөн сэргээх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 8.207667 төгрөг болж байна" гэх дүгнэлт,
шинжээч А.Ц-ийн "...Тухайн газарт спектро метрээр тоноглосон нисдэг камер хөөргөж эвдэгдсэн талбайн зургийг дээрээс нь авч газар зүйн мэдээллийн системын праграмд оруулан боловсруулж талбайн хэмжээг тооцоолон гаргасан. Спектро метр гэдэг нь долгионоор газрын гадарга байдлын төрх байдлыг хэмжиж тодорхойлдог юм. Нисдэг камер нь өөрөө GPS систөмтэй болохоор байршлыг тогтоодог.” гэх мэдүүлэг /хх-н 124-р хуудас// зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо эх сурвалжаа зааж байгаагаар нотлогдож байна.
Хоёрдугаарт: Мөн 175 дугаартай эахирамжид: "Хавтас хэргийн 33-37 дугаар талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогчоор Булган аймгийн Бүрэгхангай сумын тамгын газрын мэргэжилтэн Г.Г-ыг томилсон нь хууль зөрчөөгүй байна.
Гэтэл хх-ийн 41-р талд гэрч Ц.Х-ын...манай эзэмшлийн А/16841 дугаартай лицензийн урд талд бууж манай эрүүл талбай дээр байгаа эфьли гаалийг ашиглаж алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан...гэх, хх-ийн 44-р талд гэрч Н.Х-ийн...эдгээр хүмүүс нь манай компаний газар дээр байгаа эфьли гаалийг 2 Хово машинаар зэрэг ачиж байсан...гэх, хх-ийн 45-р талд гэрч Ч.О-ийн...би "Т" ХХК-ний захирал ажилтай..., эдгээр хүмүүсийн техник авчираад үйл ажиллагаа явуулах гэж байсан газар нь Захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байгаа манай талбай..., тэгээд л бид нар Булган аймгийн Цагдаагийн газарт хандсан юм...гэх /хх-ийн 69-70 тал/, хх-ийн 63-64-р талд гэрч Б.Ж-ийн...манай компаний шүүхээр маргаантай байгаа талбай дээр хүмүүс ороод хууль бусаар алт олборлоод эхэлсэн байсан ...гэх мэдүүлгүүдээр уг эвдэгдсэн гэх 3,51 га газар нь Т ХХК-ний эзэмшлийн газар эсэх, мөн бол хэрхэн яаж хохирсон эсэхийг тогтоох, Мөн "Т" ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд уг эвдэгдсэн гэх газрын талаар маргаантай эсэх, энэ талаарх нотлох баримтуудыг хавсаргах нь зүйтэй" гэсэн нь ойлгомжгүй байна.
Тус талбай нь олборлолтын тусгай зөвшөөрөлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б-ийн гэрчээр өгсөн "......Гантулгын буусан газар нь голын хамгаалалтын бүс юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдохгүй..." гэх мэдүүлэг /хх-н 38, 47, 51-52-р хуудас/, Бүрэгхангай сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Б-ийн гэрчээр өгсөн "...Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөгүйгээр алт олборлох үйл ажиллагаа явуулсан..." гэх мэдүүлэг /хх-н 53-54-р хуудас/, Байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/11 тоот "...Тус талбай нь олборлолтын тусгай зөвшөөрөлгүй талбай болно..." гэх дүгнэлт болон бичгийн бусад баримтуудаар нотлогдсон.
Гуравдугаарт: Мөн 176 дугаартай захирамжид "Хавтас хэргийн 85-р тал дах 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №1/11 тоот шинжээчийн дүгнэлтээр тус талбайд урьд нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн, хөрс бүрэлдэж ургамлан бүрхэвч ургаж эхэлж байсан эрүүл газар байсан болно гэжээ. Хх-ийн 38-р талд гэрч Г.Б-ийн ...Г-ын 3 гэр Бүрэнхангай сумын 3-р баг хуучин "Ш А" ХХК нь ашиглаад техникийн нөхөн сэргээлт хийгээгүй явсан талбайд байсан...гэх,... хх-ийн 51-р талд . ..урьд “Ш а” ХХК хэлбэржүүлсэн талбай байсан...гэх, хх-ийн 30-р талд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд...тухайн ухагдсан газрын хэмжээг хэмжих боломжгүй. Нилэхгүйдээ тэгш бус хэзээ буюу шинэ хуучин талбайг тогтоох боломжгүй...гэх, хх-ийн 48-р талд гэрч Ц.Х-ын...уг талбай нь урд өмнө ашиглалт явуулаагүй эрүүл хөндөгдөөгүй байгаа талбай...гэх, хх-ийн 50-р талд гэрч Т.Н-ын...”Т" ХХК болон "Ш А" ХХК алт олборлох үйл ажиллагаа явуулаад нөхөн сэргээлт хийгдсэн талбай байсан...гэх, хх-ийн 63-64-р талд гэрч Б.Ж-ийн...эдгээр талбай нь урьд өмнө ашиглаад нөхөн сэргээлт хийсэн талбай ч байсан, эрүүл газар ч байсан...гэх, хх-ийн 65-66-р талд гэрч Н.Х-ийн...тэр талбай нь урьд өмнө ашиглаад нөхөн сэргээлт хийсэн талбай ч байсан, эрүүл газар ч байсан...гэх, хх-ийн 69-70-р талд гэрч Ч.О-ийн...эд нарын ашиглаж байсан талбай нь бол урьд өмнө бүхэлдээ манай 15332А тусгай зөвшөөрөлтэй талбай байсан. Тийм болохоор манай ашигласан талбай ч байсан, нөхөн сэргээлт хийсэн талбай ч байсан, бас ашиглаж чадаагүй эрүүл газар ч байсан...гэх, хх-ийн 73-74-р талд гэрч У.Б-ийн...2О17 оны 4 дүгээр сарын 10-ны үед "Т" ХХК-ны хажуу газарт байсан яг ямар нэртэй газар байсныг мэдэхгүй байна. М гээд залууд өөрийн 2 ш ковш, 1 ш эксковатор, 1 ш дизель станцыг түрээлсэн ...гэх, хх-ийн 78-79-р талд гэрч Т.М-ийн...2012 оны 11 дүгээр сарын 19-ны эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн тухай актад тусгаснаар Булган аймгийн Бүрэгхангай суманд нөхөн сэргээлтийн ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна ...гэх, хх-ийн 80-р талд эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн тухай актад...байршил... газрын нэр гэх хэсэгт... Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багийн Туулын татам... гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлэгт "эрүүл" газар байсан, "ашиглаж байсан" газар, "нөхөн сэргээлт хийгдээгүй" газар, "нөхөн сэргээлт хийгдсэн" газар гэх мэтээр зөрүүтэй мэдүүлж байх ба мэдүүлгүүдийн зөрүүг арилгах,
Мөн хэргийн газрын үзлэгт. Төсөлийн тохой гэх газар.../хх-ийн 30 тал/, гэрч Г.Г-ын ..."Т-ийн у т" гэх газарт... /хх-ийн 39-40 тал/ зэрэг мэдүүлгээс үзэхэд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх газрын нэрийг тус тус зөрүүтэй мэдүүлснээс гадна тухайн газрын албан ёсны нэршлийн талаар баримт хэрэгт авагдаагүй байна" гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Яллагдагч Э.Б, Х.М, Г.Г нар нь 2017 оны 6-р сард Булган аймгийн Бүрэгхангай сумын "Д" багийн нутаг дэвсгэрт "Т-ийн т” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулан байгаль экологид 219241217 төгрөгийн хохирол учруулсан болохыг дээрх гэрч нар бүгд нотолж мэдүүлсэн байхад зөрүүтэй мэдүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Мөн хэргийн газрын үзлэгт. "Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг "Т-ийн т" гэх газарт үзлэг явуулав" гэж тэмдэглэгдсэн байна. /хх-ийн 30 тал/
Мөн 176 дугаартай захирамжид "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, гэмт хэргийн хохиролд нөхөн төлөхөд зарцуулахаар хуульчилсан байна. Хавтас хэрэгт өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр яллагдагч нар нь техник тоног төхөөрөмж ашиглаж байсан мэтээр мэдүүлж байгаа нь дээрхи техник хэрэгсэлүүд нь хэний эзэмшил, өмчлөгч байдаг эсэхийг тогтоох, тэдгээрийн эд зүйлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. Энэ нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан буруутай эдгээдээс хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж үзнэ" гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Яллагдагч Э.Б-ийн "миний түрээслүүлсэн экскэватор нь хүний нэр дээр бүртгэлтэй хүнээс түрээсэлсэн техник байсан. Улсын дугаарыг нь хэлж мэдэхгүй байна. Бичиг баримт нь эзэнд нь байгаа. Надад байхгүй одоо экскэватор нь тухайн хүндээ байгаа, буцааж өгсөн" гэх мэдүүлэг, яллагдагч Г.Г-ын "би Сэлэнгэ аймгийн Бугант сум руу шууд явж Б сумын Я гэх нэртэй газарт очиж Б гэх хүнтэй уулзаж таниас техник түрээслэх гэсэн юм, та одоо Төв аймгийн Заамар сум руу явж хамтарч ажиллах уу гэхэд Б нь шууд зөвшөөрч тухайн өдрөө 1 ширхэг усан буу, 1 ширхэг экскэватор зэргийг зөөвөрлөж Т-ийн т-д авчирсан. Ингээд тухайн газарт ирээд усан буугаа суурилуулж бэлтгэлээ базааж эхэлсэн...Ингэж Улаанбаатар орохдоо зөвшөөрөл нь гарах гэж байгаа юм чинь гэж бодоод 1 ширхэг ковшийг М гэх залуугаас түрээсэлж ."Т-ийн тохой" гэх газарт авчирсан ...Тэгээд би түрээсийн мөнгийг нь өөрөөсөө төлөөд үйл ажиллагаа явуулж чадалгүй, техник хэрэгслийг нь буцааж өгсөн" гэх мэдүүлэг /хх-н 134-р хуудас/, гэрч Б-ын "...талийгаач У.Б нь Б гэх хүнд экскэ түрээслэж байсан. Тухайн үед ямар гэрээ хугацаагаар түрээслэж байсныг би сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 202-р хуудас/, гэрч Ц.Ц-ын "Би 2011 оноос хойш экскэваторын операторчийн ажил эрхэлж байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын сүүлээр би М гэх хүний Хьюндай 2900 маркийн экскэваторын оператороор Төв аймгийн заамар суманд очиж ажиллах болсон юм. Миний барьж байсан экскэваторын эзэн М надад хэлэхдээ одоо гэрээ дуусч байгаа сунгахгүй бол экскэватороо татна гэж надад хэлж байсан юм. ...Би Б-ийн газар дээр ажиллаад М надад нэг сар ажиллаад 2000000 төгрөгийн цалин өгсөн юм" гэх мэдүүлэг /хх-н 231-р хуудас/
Дээрхи мэдүүлгүүдээр техник хэрэгслүүд нь түрээсийн өөр эзэмшигч, өмчлөгчтэй болох нь тогтоогдсон ба хэрэгт ач холбогдолгүй байна.
Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Э.Б, Х.М, Г.Г нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Прокурорын газарт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн /шүүгдэгч нарын хамтран оролцсон оролцоо/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогдоогүй байна.
Прокурорын яллах дүгнэлт болон эсэргүүцэлд дурьдагдсан гэрч нарын мэдүүлэгт Э.Б, Х.М, Г.Г нарыг Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр "Т-ийн т" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр байрласан, шороо ухсан, зөөсөн талаар дурьдсанаас биш яллагдагч нар тухайн гэмт хэрэгт хэрхэн, яаж хамтран оролцсон нь тодорхой тогтоогдоогүй байна.
Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...нэлэнхүйдээ ухагдсан газар байлаа. Тухайн ухагдсан газрын хэмжээг хэмжих боломжгүй, нэлэнхүйдээ тэгш бус буюу шинэ хуучин талбайг тогтоох боломжгүй байлаа. Нийт талбай нь ургамлан мод үгүй овоолсон ухагдсан газар байлаа...” гэсэн /хх 30/, гэрч Г.Б “...хуучин Ш-А ХХК ашиглаад техникийн нөхөн сэргээлт хийгээгүй газар байсан...” гэж /хх 38, 47/ мэдүүлсэн, эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн тухай актад ”Ш-А” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн Туулын татам гэх газар нөхөн сэргээлт хийсэн /хх 80/ гэж дурьдагдсан байхад
Байгаль экологид учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 1/11 дугаартай “... тус эвдэгдсэн талбай нь тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд талбайн хэмжээ нь 35090 м.кв буюу 3.51 га хэмжээтэй байна...урьд нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн, хөрс бүрэлдэж ургамлан бүрхэвч ургаж эхэлж байсан эрүүл газар байсан болно...” гэсэн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Булган аймгийн Прокурорын газраас яллагдагч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Э.Б, Х.М, Г.Г нар нь ашигт малтмал олборлосон эсэх, эсхүл тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайгуул явуулсан эсэх зэргийг нарийвчлан тогтоосны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин шүүгчийн захирамжинд дурьдсан “гэмт хэрэг гарсан газрыг тогтоох”, “эвдэгдсэн гэх 3.51 га газар нь “Т” ХХК-ний эзэмшлийн газар эсэх, уг газрын талаар маргаантай байгаа эсэх талаар нотлох баримт хэрэгт хавсаргах”, “ашиглаж байсан техник, хэрэгслүүд нь хэний эзэмшил, өмчлөлд байдаг эсэхийг тогтоох, тэдгээрийн эд зүйлийн үнэлгээ хийлгэх” зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзэж прокурорын эсэргүүцэлд дурьдсан энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Харин прокурорын эсэргүүцэлд дурьдсан бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 176 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцэлд дурьдсан зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.УРАНЧИМЭГ