Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2018/0990/З |
Дугаар | 145 |
Огноо | 2019-03-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 145
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: “Н” ХХК, “Н” ХХК, “Д” ХХК, “Т”
Хариуцагч: БОАЖС ,
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Н” ХХК нь Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2014/126 дугаар гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын Баруун дэлгэрийн аманд 3 га газар, 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байсан;
Гэтэл БОАЖС 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг цуцалсан байх бөгөөд цуцалсан үндэслэлээ “Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус зөрчсөн” гэж тодорхойлж, тушаалдаа энэ тухай дурдсан байна. Гэтэл нэхэмжлэгч компаниуд өөрөөс үл шалтгаалах объектив хүчин зүйлийн улмаас газрын төлбөр төлөх боломжгүй, гурвалсан гэрээ байгуулж чадалгүй, газраа ашиглах боломжгүй байсныг хариуцагч ойлгож, асуудлыг ул суурьтай шийдвэрлэж чадсангүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан байдаг. Тиймээс энэхүү тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийн харилцаанд Газрын тухай хуулийн зарим заалтыг иш татан хэрэглэе. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д '“Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж тус тус зааснаас дүгнэхэд газар ашиглахад урьдчилж гэрээ байгуулах тухай хуульчилжээ.
Нэхэмжлэгч компаниудын тухайд газар ашиглах гэрээг дээрх хуулиудад заасны дагуу байгуулах боломжгүй байсан болохыг нэхэмжлэлдээ цохон дурдахыг хүсэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, мөн заалтын 2-т “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж тус тус заасны дагуу гэрээнд зайлшгүй газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааж өгөх ёстой.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” журмаар тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглахтай холбоотой төлбөрийг тогтоож тодорхойлдог. Гэтэл энэхүү журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгээгүй ба төлбөрийн хэмжээг хэт өндөр байна гэж үзсэн. Тиймээс хэм хэмжээний актаар бүртгэгдээгүй тул тус журмыг нийтээр дагаж мөрдөх боломжгүй болсон, улмаар төлбөрийн хэмжээг тодорхойлох аргачлалгүй болж улмаар гэрээ байгуулах, гэрээнд заавал байх төлбөрийн нөхцөлийг тодорхойлох боломжгүй болжээ.
Нэр бүхий компаниудын нэхэмжлэлээр захиргааны хэргийн шүүх “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 3 дугаар тогтоолыг хянасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор маргаан бүхий тогтоолын биелэлтийг 6 сараар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан. Гэсэн ч одоо хүртэл төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн акт, журам гараагүй бөгөөд түдгэлзүүлсэн 6 сарын хугацаа өнгөрсөн тул 3 дугаар тогтоол хүчингүй болсон байна.
Өөрөөр хэлбэл газрын төлбөрийн хэмжээг захиргааны байгууллага тодорхойлж чадахгүй байна. Төлбөр тодорхойлогдоогүйн улмаас газар ашиглах гэрээ байгуулж чадаагүй. Гэрээ байгуулагдаагүйн улмаас газар ашиглах эрх авсан компаниуд газраа ашиглах эрх зүйн боломж нээгдээгүй юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасан гэрээний талууд болох Хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга, Газрын алба энэхүү асуудлыг бүгд мэдэж байсан. Гэтэл энэхүү объектив хүчин зүйл байхад БОАЖС газар ашиглах эрх олгогдсон компаниудыг буруутгаж, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-г зөрчсөн гэж үзсэн нь буруу. Гэрээ байгуулах үүрэг газар ашиглагчаас илүү төрийн захиргааны байгууллага болох Хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг дарга, Газрын албанд хамааралтай болохыг анхаарах нь зүйтэй.
Нэхэмжлэгч компаниуд газар ашиглах төсөлдөө байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 100 сая төгрөгөөр хийлгэж, улсын тэмдэгтийн хураамжид 90 сая төгрөг, гэрчилгээний үнэд 112,000 төгрөг төлсөн бөгөөд нийт 190.112.500,00 төгрөгийн бодит зардал гаргачхаад байхад төрийн байгууллагуудын хоорондын уялдаагүй байдал, бодит бус, хөрсөн дээрээ буугаагүй дүгнэлтийн улмаас аж ахуй нэгжүүд хохирч болохгүй юм.
Хариуцагч БОАЖС дээрх бодит байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан бөгөөд энэхүү үндэслэлээр компани бүр асуудлаа ярьж, яаманд ханддаг байсан. Гэтэл бүх компанийн эрхийг биш тоотой хэдэн компанийн эрхийг цуцалж байгаа нь ашиг сонирхол, танил тал харсан, цуцалсан газраа дахин өөр этгээдүүдэд өгөх гэсэн захиргааны хууль бус үйл ажиллагаа байсан гэдэгт нэхэмжлэгч бид эргэлзэхгүй байна.
Хариуцагч энэхүү тушаал гарсан тухай мэдэгдэх нь байтугай, газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй Газрын тухай хууль зөрчсөн гэх талаар биднээс тодруулж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх ёстой байсан.
Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон.
Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
Тус компаниуд нь дээрх шалтгааны улмаас 2011, 2014 онд авсан газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч компаниудад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.
Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуучлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шүүхэд гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК, “Н” ХХК, “Д” ХХК, “Т” ХХК-иудаас тус шүүхэд хандан “БОАЖС 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А 381 дүгээр тушаалын хавсралтын
1-д “Н” ХХК-д Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Баруундэлгэрийн аманд “аялал жуулчлал” зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг,
2-т “Т” ХХК -д Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэл тогоотын аманд “аялал жуулчлал” зориулалтаар 2 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг,
3-т “Н” ХХК -д Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд “амралт сувилал” зориулалтаар 5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг,
5-д “Д” ХХК-д Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Баруундэлгэрийн аманд “амралт сувилал” зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг тус тус олгожээ.
Улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Н” ХХК-д 2014/126 дугаар газар ашиглах гэрчилгээг, “Т” ХХК-д 2014/******* дугаар гэрчилгээг, “Н” ХХК-д 2014/******* дугаар гэрчилгээг, “Д” ХХК-д 2014/******* дугаар гэрчилгээг тус тус олгосноор нэг талаас нэхэмжлэгч 4 компанид Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасанчлан “...газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрх” үүсэж, нөгөө талаар захиргааны байгууллага болох Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заагдсан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан” ашиглаж байсан эсэхийг шалган тогтоох бүрэн эрх үүссэн байна.
Үүнтэй холбогдуулан, Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д заасанчлан “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох” бүрэн эрхтэй. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Байгаль орчны сайд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1831 дугаарт бүртгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр газар ашиглах эрх авсан газрын төлбөрөө төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаагаа явуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хүргүүлсний дунд нэхэмжлэгч 4 компанийн нэрс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр багтжээ.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн дээрх албан бичгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлнэ”, 27.4.5. “цахим хэлбэрээр санал авах” гэж заасанчлан 2018 оны 01 дүгээр сарын 02 болон 04-ний өдөр өөрийн цахим хуудас /www.mne.mn/-т улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл бүрдсэн болохыг мэдэгдсэн зарыг тавьжээ. Энэхүү зарын 8-д “Д” ХХК, 10-т “Н” ХХК, 118-д “Н” ХХК, 130-д “Т” ХХК-ийн нэрс бичигдсэн байна.
Улмаар хариуцагч БОАЖС 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 78 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснээс 5-д нэхэмжлэгч “Д” ХХК, 6-д нэхэмжлэгч “Н” ХХК, 43-т нэхэмжлэгч “Н” ХХК, 71-д нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэрс орсон байх бөгөөд энэ талаарх мэдэгдлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна.
Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 455 дугаар саналыг” тус тус үндэслэсэн болохыг дурджээ.
3. Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар, ортофото зураг болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шүүхээс маргаан бүхий газар болох нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ашиглах эрх бүхий Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Баруундэлгэрийн аманд, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ашиглах эрх бүхий Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэл тогоотын аманд, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ашиглах эрх бүхий Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн ашиглах эрх бүхий Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Баруундэлгэрийн аманд тус тус 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, тэмдэгжүүлж, хашаалаагүй, атар байдалтай байгаа болох нь тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс газар ашиглах гэрээг тодорхой шалтгааны улмаас байгуулж чадаагүй, нэгэнт газар ашиглах гэрээг байгуулж чадаагүй учир тухайн газрыг ашиглах болон газрын төлбөрийг төлөх боломжгүй байсан хэмээн тайлбарлан маргаж байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгоно хэмээн заасанчлан нэхэмжлэгч нарын зүгээс газар ашиглах гэрээг байгуулахаар эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудад хандаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай тодорхой тогтоогдож байх хэдий ч энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий актын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлд л хамаарахаас бус маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох хангалттай үндэслэл биш гэж шүүх дүгнэв.
Учир нь тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгжээс үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох” бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон, энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчны сайд 2001 онд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам” батлах тухай 218 дугаар тушаалыг гаргаж, тус журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “... гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй” болохыг тодорхой заасан байна.
5. Шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгч нарын зүгээс тухайн маргаан бүхий газрыг ашиглахтай холбоотойгоор 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш маргаан бүхий акт гарсан 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж, батлуулсан зураг төсөл, техникийн нөхцөл зэрэг баримт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч 4 компаниас 2016 оны 5 дугаар сарын 18, 6 дугаар сарын 21, 7 дугаар сарын 30-ны өдрийн огноо бүхий өрөм, худаг гаргах аж ахуйн гэрээг “Ж” ХХК-тай байгуулж байсан гэх баримтаас өөр нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн үзлэгээр тухайн маргаан бүхий газруудад ямар нэгэн өрөмдлөг хийж, худаг гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд БОАЖС холбогдуулан гаргасан “Н” ХХК, “Н” ХХК, “Д” ХХК, “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Н” ХХК, “Н” ХХК, “Д” ХХК, “Т” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА