Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 35

 

    Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                    Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                                     Ч.М

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Г.Гочоо

         Нарийн бичгийн дарга                               С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.М-д холбогдох 1815000850089 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  Ч.М-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б овогт Ч-ийн М.

   Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Мааньт” гэх газраас хууль бусаар 5.46 м.куб хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор:

Боржигон овогт Ч-ийн М-ийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М-ийн гэмт хэрэг үйлдэж олсон “шинэс” төрлийн 4 метр куб мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн цахилгаан хөрөө болон 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай цагаан өнгийн ачааны “KIA WINE BONGO” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөн шүүгдэгчээс тус тус албадан гаргуулж улсын төсөв шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгоснооор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.М давж заалдах гомдолдоо:

 “... би уг модыг тээвэрлэх үедээ Баян-Өндөр сумын засаг даргын шийдвэрээр түлээ ачиж карентин тогтоогдон пост болон ард иргэдийг хэрэгцээнд мод буулгах үедээ цагдаа, хуулийн байгууллагад баригдаж албан ёсны бичиг зөвшөөрөлгүй мод ачсан гэж буруутгагдаж ял шийтгэл авсандаа гомдолтой байна. Надад тухайн үед модны зөвшөөрлийг өгсөн талаар цагдаа, прокурорын байгууллага тухайн үед шалгаж өгөөгүй, би ч энэ талаар өмгөөлөгч авч туслалцаа аваагүй нь миний буруугаас шалтгаалсан. Ер нь юмны учрыг сайн мэдэхгүйгээс цагдаа, хуулийн байгууллагын золиос болдог юм байна гэдгийг ойлгож мэдлээ. Би тухайн үед модны зөвшөөрлийг амаар өгсөн засаг дарга Г-ыг шалгаж асууж мэдүүлэг авч өгөөч гэж цагдаагийн мөрдөгч Б-т хэлсэн боловч хүлээн аваагүй явдалд гомдолтой, хохирч байна. Хамгийн гол нь би тухайн үед албан ёсны бичиг зөвшөөрөлгүй байсандаа буруутгагдаж байна. Гэхдээ цагдаа, хуулийн байгууллага миний мод тээвэрлэсэн шалтгаан нөхцлийг нарийвчлан шалгаж бодитойгоор шалгалтыг хийсэн бол би буруутгагдах ёсгүй байсан. Миний амьдрал үнэхээрийн хүнд ажил, сургууль гэр бүлийнхээ гишүүдийг асран хамгаалж тэжээн тэтгэж байдаг. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, зөвхөн өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн машинаараа амьдрал ахуйгаа залгуулж байдаг болно. Би тухайн үед орон нутгийн хэмжээнд малын гоц халдварт өвчин гарч олон хоног хугацаагаар хорио цээр тогтоогдсон пост болон ард иргэдийнхээ амьжиргаанд туслах зорилгоор нөгөө талаар төрийн ажилд тасралтгүй үйлчилж байгаад энэ хэрэгт орсон явдалд харамсаж байна. Иймд намайг энэ хэргээс чөлөөлж өгөхөөс гадна машиныг минь хураахгүйгээр надад олгож хуулийн энэрэнгүй үзлийг хүртээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Боржигон овогт Ч-ийн М нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг ”Мааньт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5.46 метр куб хуурай мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Киа Вайн Бонго маркийн автомашинаар тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль экологид 155.610 төгрөгийн хохирол учруулсан болох нь

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, хохирогч Ч.Б-ийн “...эрхийн бичиг олгогдоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Г.З-ийн “...21 цагийн үед мод ачсан хүнийг саатуулсан. Эрхийн бичиг байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх 32 /, гэрч Х.У-ын “...Би нэг ч хүнд үүрэг даалгавар өгөөгүй. Шүлхий өвчний үеэр хяналтын постонд түлшний мод нийлүүлэх тухай Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргад хүсэлт тавьж байсан. Тэрнээс ямар нэгэн байдлаар эрхийн бичиггүй мод тээвэрлэх тухай тохиролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 33/,

хууль бусаар бэлтгэсэн гэх модны экологи, эдийн засгийн үнэлгээг 155.610 төгрөгөөр тогтоосон шинжээчийн 07/01 дугаартай дүгнэлт /хх 50/ болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ч.М-ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Харин түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасанчлан “... шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол...” уг ялыг хорих ялаар солих талаар мэдэгдсэн нь буруу болжээ.

Ч.М нь тодорхой эрхэлсэн ажилгүй, зөвхөн өөрийн эзэмшлийн автомашинаар орлого олж гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэдэг гэх тул давж заалдах шатны шүүх түүний хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авахаар тусгасан боловч

гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 466.850 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн /хх 83/, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан үзэж Ч.М-ийн гаргасан давж заалдах гомдлын “... машиныг минь хураахгүйгээр надад олгож өгнө үү ...” гэх хэсгийг хүлээн авч, хэрэгт битүүмжлэгдсэн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий ... улсын дугаартай Киа Вайн Бонго маркийн автомашиныг түүнд буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн заалт нэмж, 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 5.46 метр куб хуурай мод, улаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг битүүмжлэлээс чөлөөлж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, ... улсын дугаартай Киа Вайн Бонго маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч Ч.М-д буцаан олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.М-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ё.БЯМБАЦЭРЭН                                         

            ШҮҮГЧИД                                                               М.ХҮРЭЛБААТАР  

                                                                                     С.УРАНЧИМЭГ