Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00385

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Ц, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1583 дугаар магадлалтай

Д.Нгийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК, Д.Ц нарт холбогдох

“Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, илүү төлсөн 34 409 911 төгрөгийг хохирлын хамт нийт 54 195 475 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Н.Гэрэлт-Одын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганчимэг, хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Давааравдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Д” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16/3038 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 240 м.кв хоёр айлын амины орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан ба нийт 91 318 000 төгрөг төлсөн. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар дөнгөж суурийн ажил эхэлсэн ба барилгын суурь нийт 38 см зузаантай байхад 50 см хана өрөгдсөн, ханын шилэн хөвөн норсон зэрэг доголдолтой байсан тул барилгын ажлыг бүрэн гүйцэтгэх шаардлагыг удаа дараа тавьсан. “Гангар инвест” ХХК-иас төсвийн тооцоолол хийхэд 56 988 000 төгрөгийн ажил хийгдсэн байна гэх дүгнэлт гаргасан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Бүрэн финанс ББСБ”-тай гэрээ байгуулж 3,5 хувийн хүүтэйгээр 400 000 000 төгрөгийг зээлж уг барилгыг бариулахаар болж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэхэд барилгын гэрчилгээг барьцаална гэж гэрээ хийсэн боловч барилгын ажил гэрээнд заасан хугацаандаа дуусаагүй учир “Бүрэн финанс ББСБ”-аас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг 2 хувиар нэмэгдүүлж сарын 5.5 хувийн хүү төлөх болсон.

Иймд ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34 409 911 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “Бүрэн финанс ББСБ”-д төлсөн хүүгийн зөрүү  буюу илүү төлсөн 19 785 564 төгрөг нийт 54 195 475 төгрөгийг “Д” ХХК болон Д.Цгоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Нтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийг барилгын үе шатны гүйцэтгэл дуусахад төлөхөөр тохиролцсон. Бид барилгын ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан. Гэрээгээр 5 дугаар сарын 25-ны өдөр 10 088 000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 46 230 000 төрөг, 6 дугаар сарын 20-ны 30 000 000 төгрөг, барилга 50 хувьдаа хүрэхэд 32 000 000 төгрөг, 80 хувьдаа хүрэхэд мөн 30 820 000 төгрөг, барилга дуусахад 159 422 000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Барилга 50 хувьдаа хүрэхэд 5 дугаар сарын 29-нд 46 230 000 төгрөг төлөгдсөнөөс хойш 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлөлт хийгдээгүй, нэхэмжлэгч нь графикаа зөрчсөн. Д.Н нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь захиалагчийн хүсэлтээр хийсэн нэмэлт ажлын хөлс юм. Захиалагч нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй. Барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байхад дараагийн ажил эхлүүлэх төлбөр 30 820 000 төгрөгийг шаардахад Д.Н төлбөрөө төлөөгүй барилгын ажлыг зогсоосон. Компанийн зүгээс барилгад 120 770 420 төгрөг зарцуулсан төсөв гарсан. Манай зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй ба одоогийн байдлаар хангалттай хөрөнгө зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц тухайн үед “Д” ХХК-д ажиллаж байсан ба гүйцэтгэх захирал хийдэггүй байсан. Тухайн үед барилгын ажлын хөлсийг хүлээн авч, “Д” ХХК-ийн дансанд нь шилжүүлснээс өөр зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагад Д.Ц хамааралгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 1 826 360 төгрөг гаргуулж, үлдэх 52 369 115 төгрөгийн шаардлага болон хамтран хариуцагч Д.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 44 171 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1583  дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Н.Гэрэлт-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Д” ХХК Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.06-ны өдрийн 1583 дугаар магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байх тул доорх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018.07.06-ны өдөр нэхэмжлэгч Д. Нямрэнцэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч “Д” ХХК, Д.Ц нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс болох 34 409 911 төгрөг, хохиролд 19 785 564 төгрөг, нийт 54 195 475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.23-ны өдрийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэрийг ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...талуудын гарган өгсөн бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй”. “...нэхэмжлэгч хариуцагч нарын өөрсдийн гарган өгсөн 2 өөр дүн бүхий төсөвт өртөгийн тооцооллыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх талуудын гарган өгсөн төсөвт өртгийн тооцоолол зөрүүтэй байгаа учраас шүүхээс шинжээч томилон тухай шинжилгээний объектод очиж шинжилгээ хийж, дүгнэлт гарахыг шинжээчид даалгаж захирамжилсан. Өөрөөр хэлбэл талуудын гарган өгсөн 2 өөр дун бүхий төсөвт өртөгийн тооцоолол байгаа учраас анхан шатны шүүх шинжээч томилсон. Гэтэл давж заалдах шатны шүүх “...гарган өгсөн 2 өөр дүн бүхий төсөвт өртөгийн тооцооллыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд талууд өөр өөрсдийн гарган өгсөн 2 өөр дүн бүхий төсөвт өртөгийн тооцооллоор бус харин шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон мэтгэлцэн хэргийг шийдвэрлүүлсэн. Давж заалдах шатны шүүх талуудын мэтгэлцэж буй шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх нотлох баримт болохын нь хувьд ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэж үнэлсэн эсэх талаар дүгнэлт өгөх ёстой байсан гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...шүүхээс шинжээч томилохдоо тухай объектод очиж шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээч П.Дорж, Б.Владимир нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйчийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар эрх үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг орхигдуулж, хуулиар тогтоосон журмыг зөрчжээ” гэж дүгнэсэн. Харин П.Дорж, Б.Владимир нар нь шүүхээс томилогдсон шинжээч нар биш. Хариуцагч “Д” ХХК-ийн зөвлөх инженер болон ажилтан нар юм. Шүүхээс томилогдсон шинжээч нарын шаардсаны дагуу хариуцагч талаас өөрийн барьсан барилга дээрээ очиж тайлбар өгч байсан ажилтан нар юм. Шинжээчийн дүгнэлтэд хариуцагч талаас П.Дорж, Б.Владимир нар ирсэн талаар мөн дурьсан. Гэтэл давж заалдах шатны шүүх П.Дорж, Б.Владимир нарыг шинжээч гэж буруу дүгнээд анхан шатны шүүхийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар эрх үүрэг хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг орхигдуулж хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж буруу дүгнэн шийдвэрлэсэн.

“Д” ХХК анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болон ИХШХШТХуулийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны гомдол гаргаж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.06-ны өдрийн 1583 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Н нь “Д” ХХК, Д.Ц нарт холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, илүү төлсөн 34 409 911 төгрөгийг хохирлын хамт нийт 54 195 475 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1 826 360 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч “Д” ХХК захиалагчийн зөвшөөрсөн зураг төслийн дагуу 240 м.кв талбайтай энгийн тоосгон амины орон сууцыг, 46 м.кв талбай бүхий гаражийн хамт 2 сарын хугацаанд заасан газар дээр гүйцэтгэж, шилжүүлэх, Д.Н нь орон сууцны үнийн дүн 308 200 000 төгрөгийг гэрээний хавсралтад дурдсан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Барилгын ажил 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эхлэх байтал 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, гэрээний хугацаа дуусахад  барилга дуусгаагүй, нэхэмжлэл гаргаж буй 2017 оны 10 дугаар сард ажлын гүйцэтгэл 50%-д хүрээгүй, ажил чанарын шаардлага хангахгүй, доголдолтой гэх үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзсан байна.

Талууд ажлын гүйцэтгэлийн хэмжээний талаар маргажээ. Тодруулбал,  нэхэмжлэгч нь “...гэрээний дагуу 91 318 000 төгрөг төлсөн боловч “Гангар инвест” ХХК-ийн үнэлгээгээр 56 988 000 төгрөгийн ажил хийгдсэн байна..”гэж, хариуцагч нь “...төсөвчин А.Эрдэнэбаатарын дүгнэлтэд  120  770 420 төгрөгийн ажил хийгдсэн талаар  заасан байгаа...”гэж  мэтгэлцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч уг байгууллагын гаргасан   дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн хариуцагчаас ирүүлсэн баримт буюу А.Эрдэнэбаатарын дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Анхан шатны шүүх төсөвчин А.Эрдэнэбаатарын дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо нэхэмжлэгчээс гаргасан бичгийн баримт болох “Гангар инвест” ХХК-ийн  үнэлгээг баримтлаагүй шалтгаанаа заагаагүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.,116 дугаар зүйлийн 116.2.-т нийцээгүй байна.

Түүнчлэн, шүүх “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн атлаа дахин шинжилгээ хийх эсэхийг шийдвэрлээгүй нь мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3., 38 дугаар зүйлийн 38.6.-г зөрчжээ.

Зохигчид гүйцэтгэсэн ажлын өртгийн талаар маргаантай байх бөгөөд шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.7. дахь заалтад нийцсэн байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1583 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “Д” ХХК-ийн төлөөлөгч Н.Гэрэлт-Одын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 930 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД