Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ДХ-ХХК,

Хариуцагч: Д.Ц нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс болох 34,409,911 төгрөг, хохиролд 19,785,564 төгрөг, нийт 54,195,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Б, Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний нэхэмжлэлийн шаардлагад ажил гүйцэтгэх гэрээг цуцалж илүү төлсөн хөлс болох 34,409,911 төгрөг, хохиролд 19,785,564 төгрөг нийт 54,195,475 төгрөгийг “Д Х” ХХК-иас гаргуулах гэж тусгасан. Д.Н нь “Д Х” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16/3038 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг гэрээгээр 240 мкв хоёр айлын амины орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байсан боловч 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар дөнгөж суурийн ажил эхэлж байсан. Ийнхүү Д.Н нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгэх тухай шаардлагыг удаа дараа тавьж байсан. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад бидний зүгээс гэрээнд заасны дагуу хугацаандаа хөлсөө төлсөн байхад ажлыг бүрэн гүйцэтгэж чадаагүй, барилгын суурь нийт 38 см зузаантай байхад 50 см хана өрөгдсөн, ханын шилэн хөвөн норсон зэрэг доголдолтой байсан. “ГИ” ХХК-аас төсвийн тооцоолол хийхэд 56,988,000 төгрөгийн ажил хийгдсэн байна гэх дүгнэлт гаргасан учир “Д Х” ХХК-д илүү төлсөн хөлс болох 34,409,915 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “БФ” ББСБ-тай гэрээ байгуулж 3,5 хувийн хүүтэйгээр 400,000,000 төгрөгийн зээлж уг барилгаа бариулахаар болж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэхэд барилгын гэрчилгээг гаргуулж барьцаална гэж гэрээ хийсэн.  Ийнхүү барилгын ажил гэрээнд заасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бүрэн дуусах ёстой байсан боловч дуусаагүй учир “БФ” ББСБ-аас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг 2 хувиар нэмэгдүүлж сарын 5.5 хувийн хүү төлөх болсон. Хохиролд нэхэмжилсэн 19,785,564 төгрөг нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл “БФ” ББСБ-д төлөх байсан хүүгийн төлбөр юм. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан ба нийт 91,318,000 төгрөг төлсөн. Ингээд төсөвчний гаргасан төсвийн дагуу 56,908,089 төгрөгийн зардал гаргасныг тооцоолсноос ажлын хөлсөд төлсөн 91,318,000 төгрөгөөс хасахад зөрүү 34,409,911 төгрөг гарч байгаа. Үүн дээр хохиролд 19,785,564 төгрөгийг нэмэн, нийт 54,195,475 төгрөгийн “ДХ” ХХК болон Д.Ц-оос гаргуулж, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч “ДХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДХ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Н-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийг барилгын үе шатны гүйцэтгэл дуусахад төлөхөөр тохирсон байсан. Бид барилгын ажлыг эхлэн хуваарийн дагуу ажил гүйцэтгэж байсан. Гэрээгээр 5 дугаар сарын 25-ны өдөр 10,088,000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 46,230,000 төрөг, 6 дугаар сарын 20-ны 30,000,000 төгрөг, барилга 50 хувьдаа хүрэхэд 32,000,000, 80 хувьдаа хүрэхэд мөн 30,820,000 төгрөг, барилга дуусахад 159,422,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Барилга 50 хувьдаа хүрэхэд 5 дугаар сарын 29-нд 46,230,000 төгрөг төлөгдсөнөөс хойш 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлөлт хийгдээгүй нь нэхэмжлэгч тал графикаа зөрчсөнийг харуулна. Д.Н нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж байсан. Эдгээр мөнгө нь захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажил хийгдсэний хөлс байгаа. Захиалагч тал 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөгдөх байсан төлөлтүүдээ бол хийгээгүй. Барилгын явцыг 50 хувьдаа хүрээгүй гэж тайлбарлаад байдаг боловч бидний зүгээс 50 хувийн гүйцэтгэлдээ хүрсэн. Ийнхүү барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байсан бөгөөд дараагийн ажил эхлүүлэх төлбөр 30,820,000 төгрөгийг шаардахад Д.Н-ийн зүгээс төлбөрөө төлөөгүй барилгын ажлыг зогсоосон. Компанийн зүгээс барилгад зарцуулсан ажлын гүйцэтгэлийн төсвийг А.Э төсөвчинөөр гаргуулахад нийт 120,770,420 төгрөг зарцуулсан гэж гарсан. Иймээс манай зүгээс гэрээний үүрэг зөрчөөгүй ба одоогийн гүйцэтгэлийн байдлаар хангалттай хөрөнгө зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн гэв.

Хамтран хариуцагч Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Ц тухайн үед “ДХ” ХХК-д ажиллаж байсан ба гүйцэтгэх захирал хийдэггүй байсан. Тухайн үед барилгын ажлын хөлсийг хүлээн авч, “ДХ” ХХК-ийн дансанд нь шилжүүлснээс өөр зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагад Д.Ц хамааралгүй гэж үзэж байна гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “ДХ” ХХК болон Д.Ц нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлсөнд 34,409,911 төгрөг, хохиролд 19,785,564 төгрөг, нийт 54,195,475 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “ДХ” ХХК нь гэрээний үүрэг зөрчөөгүй, барилгын гүйцэтгэлд төлсөн мөнгөнөөс илүү хөрөнгө зарцуулсан гэж, хамтран хариуцагч Д.Ц нь шаардлагад хамаарах этгээд биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Н /цаашид “нэхэмжлэгч”, эсхүл “захиалагч” гэх/ болон хариуцагч “ДХ” ХХК /цаашид “хариуцагч”, эсхүл “гүйцэтгэгч” гэх/ нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16/3038 тоот гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн газар дээр 240 м.кв талбайтай энгийн тоосгон амины орон сууцыг, 46 м.кв талбайтай гаражийн хамт 2 сарын хугацаанд барьж шилжүүлэн өгөх, захиалагч 308,200,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-4-14/

 

Гэрээний агуулгаас үзэхэд “ДХ” ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, харин Д.Н ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 343 дугаар 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Нэг. Гэрээний үүргийн зөрчлийн талаар

Нэхэмжлэгч нь хариуцагч “ДХ” ХХК-ийг гэрээний хугацааг зөрчин,  биет байдлын доголдол гаргасан гэх ба хариуцагч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй нь захиалагч төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөнөөс хамаарсан хэмээн маргажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасан “Барилгын ажлын ерөнхий хугацаа 2 сар байна”, 2.3-т “Барилгын ажлын явцад “Захиалагч” нэмэлт ажил үйлчилгээ хийлгэхээр гэрээнд нэмэлт оруулсан тохиолдолд барилга ашиглалтад өгөх хугацааг сунгана” гэж гэрээний хугацааг тодорхойлсон байна. /хх-4/

Нэхэмжлэгч 4 удаагийн төлөлтөөр нийт 91,318,000 төгрөг төлсөн ба эхний 2 төлбөрийг хуваарийн дагуу буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 10,088,000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 46,230,000 төгрөг төлсөн. Дараагийн хуваарь болох 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 30,820,000 төгрөг төлөх үүргээ 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, төлбөр төлөх хугацааг хожимдуулсан байна. /хх-15-16/ 

Талууд гэрээний хавсралт 2-оор төлбөр төлөх хуваарийг ажлын гүйцэтгэлийн хувьтай дүйцүүлэн тогтоосон байх ба 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар барилгын гүйцэтгэл 18,27%-д хүрсэн байхаар тохирсон байна. Гэтэл барилгын ажил 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн гэснийг хариуцагч үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй. Эндээс үзвэл 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөх хуваарийг захиалагч зөрчсөн нь ажлын үр дүн бий болоогүй байхад хөлс төлөх үүрэг үүсэхгүй гэх нөхцөл буюу Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэх зарчимд харшлахгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, захиалагч 1 удаагийн төлбөрийн хуваарь зөрчсөн нь ажил гүйцэтгэгч ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний хугацаа бол тухайн төрлийн гэрээний гол нөхцөлийн нэг болохын хувьд ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүргээ ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлын үр дүнг биет байдлын доголдолтой хэмээн үндэслэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд уг үндэслэлээс татгалзсан тул энэ нь гэрээг цуцлах үндэслэл болоогүй, энэ талаар талууд маргаагүй гэж үзнэ.  

Захиалагч 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр барилгын ажлыг яаралтай дуусгах талаар мэдэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд гэрээг цуцлах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган тооцож, гэрээг цуцалсан гэж үзнэ. /хх-1-3, 17/   

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т гэрээний тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар заажээ. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг оруулж тооцохоор зааснаас үзэхэд нэхэмжлэгч илүү төлсөн хөлс болон гарсан зардлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд “гэрээ цуцлах” гэж шаардлага хэлбэрээр гаргасан байх боловч талууд гэрээг сайн дураар, чөлөөтэйгөөр байгуулдгийн хувьд цуцлах эсэхийг мөн өөрсдийн хүсэл зоригоор шийдвэрлэх тул бие даасан шаардлага бус харин үндэслэл байдлаар авч үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. Гарсан зардлыг шаардсан тухайд

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 91,318,000 төгрөг төлсөн ба “ГИ” ХХК-аас гаргасан барилга угсралтын ажлын төсвөөр барилгын ажилд 56,908,089 төгрөг зарцуулсан гэх тул илүү төлсөн 34,409,911 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн үндэслэжээ. /хх-18-31/

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 11149 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр 5 асуултад хариулт авахаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчид тавьсан асуултын нэг нь барилгын ажлын гүйцэтгэлд хэдэн төгрөг зарцуулагдсаныг тогтоох байсан ба шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 тоот дүгнэлтэд  “барилга барих зардал 61,103,580 төгрөг болсон байна” гэснийг нэхэмжлэгч тал мөн хүлээн зөвшөөрнө гэжээ. /хх-89-116/

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргасан шинжээч Ж.У-г гаргасан дүгнэлтийг тайлбарлуулахаар шүүх хуралдаанд оролцуулсан. Шинжээч тээврийн зардлыг хотын төвөөс барилгын талбай хүртэл 15 км-ээр тооцоолсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 25 км-ийн зайтай гэсэн тайлбараас, өнгөлгөөний тоосгоны нэгжийн үнийг 450 төгрөгөөр тооцсон нь хариуцагч үүнийг 1200 төгрөгөөр худалдан авсан анхан шатны баримтаас зөрж байгаа зэрэг нь дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна. /хх-140/

Хариуцагч тал барилгын ажилд 93,982,250 төгрөг зарцуулсан хэмээн анхан шатны баримт, дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсний зэрэгцээ төсөвчин А.Э барилгын төсөвт өртөг 120,770,420 төгрөг болсон гэж төсвийг мөн хэрэгт гаргаж өгсөн байна. /хх-128-158, 197-212/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ нотлох үүрэгтэй бол хариуцагч уг нэхэмжлэлийг татгалзсан тайлбараа нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч хариуцагчийн татгалзлыг мөн үгүйсгэж байж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа баримт нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэгдэнэ. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргаж өгсөн барилгын төсөвт өртөгийг 120,770,420 төгрөг хэмээн гаргасан баримтыг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч барилгын ажилд 34,409,911 төгрөгийн илүү зардал гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэн, шаардлагыг хангах үндэслэлгүй.

Хоёр. Эд хөрөнгийн алдагдал шаардсан тухайд

Нэхэмжлэгч 19,785,564 төгрөг гаргуулахыг шаардсан ба үндэслэлээ хариуцагчийн буруугаас “БФ”  ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүг 3.5%-аас 5.5% болгон нэмэгдүүлж, нэхэмжлэгчид 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хохирол учирсан хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Н нь “БФ" ББСБ ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр орон сууц барих зориулалтаар 300,000,000 төгрөгийг хэсэгчлэн авахаар 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрчилгээг барьцаалах, хэрэв үүрэг зөрчвөл зээлийн хүүг 3.5%-аас 5.5% болгон нэмэгдүүлэх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан байна. /хх-26-27/

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг ажил гүйцэтгэгч ноцтой зөрчсөний улмаас захиалагч хохирол шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь хохирлын төрлийн хувьд эд хөрөнгийн алдагдалд хамаарах ба нотлогдох байдлаар нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ялгамжтай авч үзлээ.

Нэхэмжлэгч “БФ”  ББСБ ХХК-аас 91,318,000 төгрөгийн зээл авсан гэх ба 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүд 4,992,324.67 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 2 хувийн хүүгийн зөрүү 1,826,360 төгрөг байх тул энэ хэмжээгээр шаардлага хангагдах үндэстэй. /хх-29/

Зээлийн гэрээний 5.1-д “Зээлээ энэ гэрээний Хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлнө” гэж заасан байх боловч зээлийн эргэн төлөх хуваарийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул зээлийн хүүгийн зөрүүг тооцоолох боломжгүй байна. “БФ” ББСБ ХХК-ийн зээлийн эдийн засагчийн “Зээлдэгч Д.Н-ийн 1725 тоот зээлийн гэрээний тооцоолол” гэх баримт нь тооцооллын үндэслэл болсон зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцан тохиролцож гарын үсэг зурсан зээлийн гэрээний хуваарийн хамт байж гэмээ нь үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэгдэнэ. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүгийн зөрүүд 17,959,204 төгрөгийн алдагдал гарах нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.  

Гурав. Хамтран хариуцагчийн тухайд

Нэхэмжлэгч хамтран хариуцагч Д.Ц-д холбогдуулж шаардлага гаргахдаа 81,230,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, мөн гэрээг захирлын хувьд баталсан хэмээн үндэслэжээ. Хамтран хариуцагч Д.Ц “ДХ” ХХК-ийн захирал биш бөгөөд нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг “ДХ” ХХК-д шилжүүлсэн тул жинхэнэ хариуцагч биш хэмээн маргажээ.

Хариуцагч “ДХ” ХХК нь Д.Ц-ийн дансаар захиалагчийн мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанд Д.Н болон “ДХ” ХХК оролцсон бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар компани иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогчийн хувьд түүний хүлээх хариуцлагыг гүйцэтгэх удирдлага /захирал/ зэрэг бусад этгээд хүлээхгүй.  

 Эдгээр бүх үндэслэлүүдээр хариуцагч “ДХ” ХХК-аас 1,826,360 төгрөг гаргуулж, үлдэх 52,369,115 төгрөгийн шаардлага болон хамтран хариуцагч Д.Ц холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.