Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 36

 

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                                   Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                                    Г.А

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Н.Б    

         Нарийн бичгийн дарга                              С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.А-т холбогдох 1715002600088 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.А-ын давж  заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... Б овогт Г-ын А.

   Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд байрлах Ө цайны газрын  урд талд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан /цагдаагийн албан хаагч Д.Нямхүү, Т.Ганбат/ хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор:

Б овогт Г-ын А-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгийн торгуулийг  сар бүр 450000 төгрөг төлж 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдолдоо:

“ ... би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи уусан үедээ хууль сахиулагч Д.Н, Т.Г нарын шаардлагыг үл биелүүлэн тэднийг эсэргүүцэн эрх чөлөөнд халдсан хэрэгт холбогдон улмаар торгох ялаар шийтгэгдсэн билээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 111 тоот тогтоолыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Би цагдаад баривчлагдах тэр үед хэв журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд харин албан тушаалын байдлаа ашиглан согтуу үедээ тамхи нэхэж зохисгүй шаардлага тавьсан О-ийн зохисгүй үйл ажиллагаатай холбоотой. Би цагдаа нарт анх энэ байдлыг хэлж байснаас гадна бидэнтэй хамт байсан Булган аймгийн Сурын холбооны ажилтан О энэ бүхний гэрчилдэг, тэрээр цагдаа нарт хэрэг болсон газарт хүсэлт гарган бид энэ асуудлыг үүгээрээ зохицуулъя гэдэг хүсэлт гаргаж байсан удаа бий. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт байгааг дурдъя. Миний хувьд О-ийн зохисгүй ажиллагааг надад хамааруулан баривчилсан, О-ээс байцаалт, мэдүүлэг аваагүй, миний өгсөн тайлбаруудад үнэлэлт хийж дүгнэхгүйгээр зөвхөн намайг яллах /харлуулахын/ зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явагдаж шүүх асуудалд ганц талаас нь хандаж шийдвэрлэв хэмээн үздэг юм. О-ын мэдүүлэг, хэрэгт буй бусад баримтууд хоорондоо зөрүүтэй, Г.А намайг хууль сахиулагч нарын биед санаатайгаар гэмтэл учруулав гэдгийг шууд тогтоосон нотолгоо, нотлох баримт байхгүй гэх мэт нөхцөл байдлуудад эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үнэлэлт хийгээгүйд гомдолтой байна. Энэ зөрчилт хэргийн эх үндэс бол О гэгчийн зохисгүй үйл ажиллагаа бөгөөд түүнээс сэжигтэн эсхүл гэрчийн мэдүүлэг аваагүйд эргэлзэж байдгаа илэрхийлье.

Намайг шалгаж, мөрдөж байх үед мөрдөгч А “Чи захиргааны зөрчилд холбогдсон тул бид асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн төөрөлдүүлсэн, үүнээс шалтгаалаад миний бие өмгөөлөл, эрх зүйн туслалцаа авах эрхээ эдэлж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. Намайг төөрөгдөлт байдалд оруулаагүй бол би өмгөөлөгчийн туслалцаа авч эрхээ хамгаалах боломжтой байх нь тодорхой.

Би хууль сахиулагчдын үйл ажиллагааг эсэргүүцээгүй тэд намайг буруутгах хандлагыг анхнаас нь баримталсныг дурдъя. Өмнө дурьдсан үндэслэлээр хэргийг хянаж дахин шалгаж шийдвэрлүүлэх боломжоор хангах, эл хэрэгт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.А, Б.О нарыг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган сумын төвд байрлах Ө цайны газрын урд талд хууль сахиулагчийг  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Прокурорын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/04 дугаартай тогтоол /хх 86/-оор Б.О-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт /хх 91-94/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Г.А-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Н нь “...А гэх иргэнийг авч явах гэтэл олон хүмүүс ирсэн. Тэгээд би А-тай ноцолдож байтал А миний нүүрэн тус газар гараараа маажсан...тухайн үед А цагдаагийн албан хаагч нарыг хэл амаар доромжилсоор байсан...миний гадуур хүрмийг татаж ураад миний биед халдаж гэмтэл учруулсан...” гэж /хх 22-23/,

хохирогч Т.Г нь “...О болон тухайн үед байсан хүмүүс нь намайг татаж миний гарыг хөшиж гэмтээсэн...А нь цагдаа нарыг хэл амаар доромжилсоор байсан...” гэж /хх 24-25/ тус тус мэдүүлсэн байх бөгөөд

гэрч Б.Э-ны “...О болон тухайн үед байсан хүмүүс нь бид хоёрыг татаж чангааж байгаад Г-ын гарыг хөшиж гэмтээсэн...” гэх /хх 29/ мэдүүлэг,

гэрч Г.Ж-ны “...А нь Н-г хэл амаар их доромжилсон...” гэх мэдүүлэг /хх 31/,

Г.О-ын гэрчээр өгсөн “...би өөрөө хариуцаад аваад явья гэх хүсэлтийг цагдаа нарт тавьтал хүлээж аваагүй А-ыг хүч хэрэглэн машиндаа суулгаад аваад явсан ... хүрч ирээд л шууд авч явна гудамжинд танхайрч байна авч явна гэсэн. Гэхдээ гудамж талбайд ноцтой ямар нэгэн зөрчил гаргаж хүнтэй зодолдсон асуудал гаргаагүй зогсож байсан...явахгүй гэдэг байдлаар эсэргүүцэл үзүүлсэн боловч биед нь ямар нэг байдлаар хүрч гэмтэл учруулаагүй...” гэх /хх 35/ мэдүүлэг болон гэрч З.Б, Д.М нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд Г.А-ыг хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагч Д.Н, Т.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдохгүй байна.

Хүч хэрэглэсэн гэдэг нь албан үүргээ биелүүлж буй хууль сахиулагчийн шаардлагыг үл ойшоон тэдгээрийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн /гэм буруугийн хувьд шууд санаатай хэлбэрээр цохих, зодох, түлхэх, боох гэх мэт/-ийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай байх нь гэмт хэргийн гол шинж юм.

Дээр дурьдсан гэрч нарын мэдүүлгээс дүгнэвэл Г.А-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон” зөрчлийн шинжийг агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.А-т холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                                              М.ХҮРЭЛБААТАР