Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00386

 

Я.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаар шийдвэр

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалтай

Я.Гын нэхэмжлэлтэй,

Хд холбогдох

2 364 621 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүй олгосон 4 391 439 төгрөгийг буцаан гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Г, Х, ХЗДа нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг байгуулсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газрын гурвалсан гэрээг үндэслэл болгож эмч Я.Гыг Мэдрэлийн өвчин судлал, их эмч мэргэжлээр хоёр жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцуулахаар эрүүл мэндийн төвөөс эхний 3 сарын цалинг 100 хувь олгох, цаашид цалинг 60 хувь олгохоор харилцан тохиролцсон. Гурвалсан гэрээний 3.4.2-д зааснаар суралцагчийн 3 сар буюу 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг байгууллагын дотоод журам, бусад эрх зүйн баримт бичигт нийцүүлэн олгоно. Цаашид гэрээний дагуу цалинг 60 хувь олгоно. Мөн гэрээний 3.4.6-д зааснаар суралцах боломжоор хангаж, захиалагч эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалан сургалтыг тасалдуулахгүй байх гэж заасны дагуу захиалагч байгууллага нь энэ үүргээ биелүүлээгүй 7 сар гаруй болсон учраас энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү гэрээний хүчинтэй хугацаа суралцагч суралцаж эхэлсэн хугацаанаас сургалтыг дүүргэж захиалагч байгууллагадаа 5 жил ажиллах хүртэлх хугацаанд хүчинтэй байгаа. Энэ гэрээ долоон жил таван сар хүртэлх хугацаанд хүчинтэй гэж үзэх боломжтой. Я.Г анх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 01,02,03 дугаар сарын цалингийн 60 хувь гэж гаргасан боловч үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байсан тул Я.Гын хувьд 2018 оны 07 дугаар сарыг дуустал Хөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээнд заасан 60 хувийн цалингаа авч чадаагүй учраас өөрийнхөн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзсэн учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Хариуцагч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн Я.Гын 2016, 2017 оны цалингийн цэснээс харахад нэхэмжлэгчийн үндсэн цалин 563,005 төгрөг бөгөөд үүнээс нэг сарын цалингийн 60 хувь 337,803 төгрөг болж байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны цалингийн 60 хувь болох 2,364,621 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж Я.Год олгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Хийн төлөөлөгч Б.Эрдэнэсолонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журмыг баталсан. Энэ журмын 4.2.3-т Гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно. Энэ хугацаанд тэтгэлэг давхцуулан олгохгүй гэж заасан байгаа. Хөөс Я.Год 2016 оны 10,11,12 дугаар саруудын үндсэн цалинг бүрэн олгосон. 2018 оны 1-7 сарыг дуусталх хугацааны цалингийн 60 хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан 2018 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан төлөвлөгөөний 2.4-д төрийн зардлаар 3 сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажил олгогч нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан хугацаагаар цалин олгоно гэж заасан байгаа. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1А/4634 дугаартай албан бичгийн 2-т төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд цалин давхардуулж олгохгүй байх удирдамж чиглэлийг Х хүлээсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....Я.Г нь Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуулийг төгсөж ирээд Хд эрхлэгч эмч хийж байсан. 2016 оны эхээр Хийн эмчлэгч их эмчээр ажиллаж байсан гэжээ.

Хариуцагч Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Год 2016 оны 10, 11, 12 дугаар сарын үндсэн цалин олгосон үүнээс цааш цалинг олгох боломжгүй гэж Хийн дарга тайлбар гаргасан. Я.Гоос 4,391,439 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 тушаалын хавсралтаар батлагдсан 2018 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан төлөвлөгөөний 2.4 дэх заалтын дагуу 3 сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажил олгогч нь Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам-ын 4.2.3-т Гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно гэж заасан байгаа. Төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд цалин давхардуулан олгохгүй гэсэн заалт байгаа. Журам, сайдын чиглэлийг зөрчсөн гэрээ байгуулагдсан. 2017 онд оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал 4,391,439 төгрөгийг Я.Год олгосон. Эрүүл мэндийн яамны 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1А/4634 тоот алба бичиг, Эрүүл мэндийн яамны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4341 дугаартай албан бичиг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 дугаартай тушаал, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 229 дугаартай төлөвлөгөө, Я.Гын 2016, 2017 оны цалингийн цэс, Ховд аймгийн Засаг даргын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/511 дугаартай төсвийн талаар арга хэмжээ авах тухай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 337 дугаартай тогтоол, албан бичгүүдийг зэргийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Гэрээ нь хууль дүрэм журам зөрчиж байгуулагдсан. Гэрээнээс өмнөх 3 сарын цалинг олгосон. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Хөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Я.Г, Х, ХЗДа нарын хооронд байгуулсан Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байгаа. Тухайн гэрээ нь хуульд заавал нийцсэн байхыг шаарддаг. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч байгууллага ямар учраас гурвалсан гэрээг хүчингүй болгох гэж байгаагаа нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдгийг хариуцагч байгууллага нотолж чадахгүй байна. Мөн 2017 оны цалин болох 4,391,439 төгрөгийг нэхэмжилж байгаа. Төлөвлөгөө 2018 онд гарч ирсэн. 2017 онд олгогдсон цалинг төлөвлөгөө, албан бичгийг үндэслэж буцааж нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү. Хуулийн ямар заалтыг үндэслээд хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгч Я.Г нь Анагаах ухааны их сургуульд суралцаж байгаа 2018 оны цалингийн 60 хувийг авах ёстой гэдэг нотлох баримтаа хавтаст хэрэгт өгсөн байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХЗДа А.Энхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2016 оны эцсээр эмч Я.Г, Хийн дарга Д.Эрдэнэсолонго бид гурав гурвалсан гэрээ байгуулсан. Эхний 3 сарын цалин олгогдоод явсан. Хийн дарга надтай уулзахдаа сайдын тушаалаар төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа суралцагч нарт цалинг давхардуулан олгохгүй талаар удирдамж ирсэн учраас цалинг цаашид олгох боломжгүй байгаа. Цалингийн сан тухайн суралцагчийн 60 хувийн цалинг олгох боломжгүй байгаа талаар ярьсан. Би нэгэнт олгохоор болсон учраас цалингийнхаа санг оны эцсээр тодотгох боломж харагдаж байгаа талаар хэлсэн. Аймгийн засаг даргын төсвийн талаар авах арга хэмжээний тухай гэсэн албан бичиг ирсэн. Сайдын тушаал, журам, албан бичгийн дагуу гэрээ цуцлагдсан гэж ойлгож байгаа. Батлагдсан төсөв хүрэлцэхгүй байгаа. Гэрээ нь сайдын тушаалыг зөрчиж байгуулагдсан. Гэрээг хүчингүй болгох нь зүйтэй....гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар Хөөс 2 364 621 /хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Год олгож, хариуцагч Хийн “2017 оны 1 дүгээр сараас 12 сарыг дуусталх хугацаанд олгогдсон цалин хөлс 4 391 439 төгрөгийг гаргуулах тухай, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай Я.Г, Х, ХЗДа нарын хооронд байгуулсан Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг хүчингүй болгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 270 /жаран дөрвөн мянга хоёр зуун дал/ төгрөгөөс 52 784 /тавин хоёр мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 11 486 /арван нэгэн мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Хөөс улсын тэмдэгтийн хураамж 52 784 /тавин хоёр мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Я.Год олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалаар:  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 56 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Я.Г нь Хд холбогдуулан “2018 оны 01 сар, 02 сар, 03 сарын цалингийн 60 хувь болох 1 520 00 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингийн 60 хувь болох 2 364 621 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч Х нь Я.Год холбогдуулан “2017 оны 01 сараас 12 сарыг дуусталх хугацаанд олгогдсон цалин хөлс 4 391 439 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я.Г, ХЗДа нарт холбогдуулан “2016 оны 12 сарын 26-ний өдрийн 01 дугаартай Я.Г, Хөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах гэрээг хүчингүй болгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 56 дугаартай магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлын үндэслэлээ тайлбарлая.

Нэг: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 56 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт “...хэрэгт авагдсан “Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн их эмчээр ажилладаг, Улаанбаатар хотод мэдрэлийн өвчин судлал чиглэлээр мэргэшил дээшлүүлэх сургалтанд суралцаж байгаа бөгөөд гэрээний дээрх зүйлийн талаар талууд маргахгүй байна. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Х нь гэрээний дагуу нэхэмжлэгч Я.Год 2016 оны 10, 11, 12 саруудын цалинг 100%, 2017 оны 01-12 саруудын цалинг 60 хувиар тус тус олгосон байх ба 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Х нь Монгол улсын Эрүүл мэндийн яамны сайдын 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1а/4634 дугаартай “2018 оны төсөв хүргүүлэх, сарын хуваарь хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Я.Год 2018 оны 01 сараас эхлэн Хөөс “төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан гэрээ”-ний 1.1, мөн гэрээний 3.4.2-т заасан цалингийн 60 хувийг олгох үүргээ биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-т заасан төрийн хөрөнгөөр давтан сургах мэргэжлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” баталгаагаар хангагдах эрхийг зөрчжээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн засгийн газар тогтооно, мөн хуулийн 28.6.4 үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч ордог. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах нь төрийн үйлчилгээний албан хаагчдын төрийн албан хаагчийн баталгаа болох ерөнхий хууль юм. Дээрх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг Засгийн газрын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 337 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 4/431 дугаартай төлөвлөгөө хүргүүлэх тухай албан бичгийн 2.4-д “төрийн зардлаар 3 сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд сууж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажил олгогч нь Эрүүл мэндийн сайдын 2015 оны 97/56 дугаартай тушаал батлагдсан “Эмнэлэгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-д заасан хугацаагаар цалин олгож, үлдсэн хугацаанд ажил олгогчоос төлөх НДШ-ийг хариуцан төлөх...гэжээ.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд, сангийн сайдын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 97/56 дугаартай “журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тушаалын 4.2.3-д гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно. Энэ хугацаанд тэтгэлэг давхардуулан олгохгүй гэж зохицуулсан байдаг.

Хариуцагч Х нь нэхэмжлэгч Я.Год 2017 оны 10 сар, 11 сар, 12 сарын үндсэн цалинг бүрэн олгож төрийн албан хаагчийн баталгаагаар хангасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Эрүүл мэндийн сайд, спортын сайд нарын хамтарсан 97/56 дугаартай тушаал, Засгийн газрын 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 337 дугаартай тогтоол зэрэгт давхардуулан цалин хөлс олгохгүй байх тушаал, тогтоолыг зөрчсөн мөн Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны сайдын 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1а/4634 дугаартай “2018 оны төсөв хүргүүлэх, сарын хуваарь ирүүлэх тухай” албан бичигт төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтанд суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд цалин давхардуулан олгохгүй байх гэжээ. Эрүүл мэнд, спортын сайд нарын өгсөн удирдамж, чиглэл ирүүлсэн бөгөөд сайдын үүрэг чиглэл тушаал, тогтоолыг зөрчих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Я.Гын 2018 оны 01 сар, 02 сар 03 саруудын цалингийн 60 хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байхад нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлэлгүй хэтэрхий нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-д төсвийн хэрэгжилтэнд хяналт тавих, мөн хуулийн 10.1.11-д төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах гэжээ. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Ийм байтал нэхэмжлэгч Я.Гын Хд холбогдуулан “2018 оны 01 сар, 02 сар, 03 сарын цалингийн 60 хувь болох 1 520 00 төгрөг гаргуулах”, “2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалингийн 60 хувь болох 2 364 621 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан үүргийн дагуу Эрүүл мэндийн яамны сайдын 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 1а/4634 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн яамны сайдын 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 4/341 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн А/535 дугаартай тушаал, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оны 03 сарын 13-ны өдрийн 229 дугаартай албан бичиг, төлөвлөгөө, нэхэмжлэгч Я.Гын 2016 оны цалингийн цэс, Дуут сумын эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 01 дугаартай гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн. Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 01 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-д эрх бүхий этгээд гэрээг цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ. 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 01 дугаартай гэрээ нь суралцагч Я.Г, Ховд аймгийн Дуут сумын Эрүүл мэнд, ХЗДа нарын хооронд байгуулсан “Дуут сумын сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаар Дуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Гэтэл дээрх гэрээний нэг тал Дуут сумын Засаг дарга нь 01 дугаартай гэрээний 3.2-т Засаг даргын Тамгын газрын үүрэг, 3.2.1 суралцагчийн цалинг шалгуур хангасан нотолгоог үндэслэн тогтоосон хугацаанд сар бүр олгох, 3.2.2 сургалт дууссаны дараа суралцагчийн мэргэшлийн гэрчилгээ, үнэмлэхний захиалагч эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөх, 3.2.4 суралцагч эзэмшсэн мэргэжлийн дагуу гэрээт байгууллагадаа ажиллаж буй эсэхэд хяналт тавих энэ талаар нэгдсэн мэдээллийг жил бүр Эрүүл мэндийн газарт хүргүүлэх үүрэгтэй, 3.6 суралцагчийн үүрэг, 3.6.2-д өөрийн талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгийг үнэн бүрдүүлэх үүрэгтэй байтал нэхэмжлэгч Я.Г нь энэхүү үүргээ биелүүлээгүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно, мөн хуулийн 27.3-д шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэх хуулийн дагуу хамтран хариуцагч гурвалсан гэрээний нөхцөлийг анхаарсангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйл хэргийн оролцогчоос нэмж тодруулах хуулийн дагуу нэхэмжлэгч Я.Гоос нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаартай шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02- ны өдрийн 56 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Г нь Хд холбогдуулан 2 364 621 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүй олгосон 4 391 439 төгрөгийг буцаан гаргуулах, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9. дэх заалтыг баримтлан үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.                                             

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХЗДын Тамгын газар, Дуут сумын  Эрүүл мэндийн төв, суралцагч Я.Г нар хамтран Эрүүл мэндийн тухай хуулийн 29.8., Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газрын гурвалсан гэрээг үндэслэл болгон Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцагчтай байгуулах №01 тоот гэрээ байгуулж, Я.Гыг Мэдрэлийн өвчин судлалын их эмч мэргэжлээр 2 жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцуулахаар, энэ хугацаанд Эрүүл мэндийн төвөөс эхний 3 сар цалинг 100%, цаашид 60% өгч байхаар харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч гэрээг үндэслэл болгон 2018 оны 01-р сараас 07-р сарын цалингийн 60%-тай тэнцэх олговрыг олгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Х суралцагчид 2017 оны олговрыг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр олгож байсан боловч Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан 2018 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан төлөвлөгөөг үндэслэл болгон суралцах хугацаанд цалин давхардуулан олгохгүй гэж 2018 оны олговрыг олгохоос татгалзжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд 64.2.-т зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох тэтгэмж, олговрыг энэ хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж, 35 дугаар зүйлийн 35.1.3.-т ...захиргааны чөлөөтэй байгаа ажилтныг ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заажээ.

Нэхэмжлэгч Я.Г төрөлжсөн мэргэжлийн сургалтанд суралцахаар ажил олгогчтой гэрээ байгуулж, захиргааны чөлөөтэй байгаа ба талууд суралцах хугацаанд олговрыг 60%-иар тооцож олгохоор харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Дуут сумын Эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул талуудын хоорондын маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

Хариуцагч Дуут сумын Эрүүл мэндийн төвөөс ажилтантай байгуулсан гэрээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/535 тушаалаар батлагдсан 2018 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.4. дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/4634 тоот албан бичгийн 2 дахь заалтад заасан “...Төрийн зардлаар төгсөлтийн дараах сургалтад суралцаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдэд цалин давхардуулан олгохгүй байх удирдамжийг цаашид зөрчих боломжгүй” гэх үндэслэлээр гэрээг хүчингүй болгож, 2017 онд олгосон олговрыг буцаан нэхэмжилжээ.

Зохигчид 2016 онд гэрээ байгуулсан, гэрээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул 2018 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Сайдын тушаалыг үндэслэн гүйцэтгэсэн гэрээний биелэлтийг буцаан шаардах боломжгүй талаар дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Гэрээг хүчингүй болгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь Я.Гын нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй болно.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаагүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 56 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 153/ШШ2018/00596 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д...” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.-т...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД