Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 170

 

Б.Санжидад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, 201605000202 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Санжид болон өмгөөлөгч Н.Энхжаргал, Т.Пүрэвдаваа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Байлаагийн Санжид нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын орон байранд нэвтэрч, бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Санжидыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ял оногдуулжээ.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Санжид болон өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Санжид хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би хулгайн гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд төрсөн эгчийн гэрт байх альбомноос миний гарын мөр гарсан гэх шалтгаанаар намайг гэмт хэрэгт сэжиглэж, гэм буруугүй надад хилс хэрэг тохсон. Би 2016 оны 3 дугаар сар, 06 дугаар сарын 05, 06-ны үеэр эгчийндээ гэрт нь очсон ба тухайн үед ажил явдал гарч талийгаачийн зураг хэрэгтэй байна гээд айлуудаар зургийн альбом үзэж байсан. 2016 оны 3 дугаар сард очихдоо миний гарын мөр гарсан гэх альбомыг үзэж байсан. Гэтэл шинжээч П.Хонгорзул, н.Баярболд нарын мэдүүлгийг үнэлж надад ял шийтгэл оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, тус хэргийг бүрэн шалгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Тус хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсний дараа Б.Долгорсүрэн эгчийн гэрт орж хулгай хийсэн байх магадлалтай хүний талаар мэдээлэл өгөхөөс гадна, хулгайд алдсан гэх дээлний сураг хаана, хэн гэх хүнд зарагдсан, хаана байгаа талаар баталгаатай нотлох баримт болон мэдээллийг Цагдаагийн газарт дахин шалгуулахаар өгсөн боловч тоймтой ажиллагаа хийхгүй, хэрэг үүсгэхээс татгалзах байр суурьтай байгаад байна. Мөн энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллага гомдол, мэдээлэл хүлээн авч хэргийн газарт үзлэг хийсэн боловч гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдолтой зургийн альбомыг хэрэгт эд мөрийн баримтаар хураагаагүй, гарын хээ бэхжүүлэн авсан н.Баярболд, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч П.Хонгорзул хоёр гэр бүлийн хүмүүс бөгөөд эдгээрээс мэдүүлэг авсан зэрэг нь дан ганц намайг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нотлох баримтууд болоод байна. Гэтэл гарын мөр шинэ, шинэвтэр, хуучин гэсэн төрөлтэй байдгаас гадна энэ нөхцөл байдлыг тодруулаагүй эргэлзээтэй нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Мөн Б.Долгорсүрэн нь бага боловсролтой буюу 2 ангиасаа сургуулиа орхисон ба түүнээс хойш мал маллан амьдарч байгаа бөгөөд бичиг үсэг сайн мэдэхгүй учир хэргийн материал болон мэдүүлэгтэйгээ танилцалгүйгээр гарын үсэг зурсан байдаг. Энэ хэрэгт гэрчээр асуувал зохих хүмүүсийг гэрчээр асууж, тухайн нөхцөл байдлыг тодруулаагүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Би гэмт хэрэг хийгээгүй байхад ял шийтгэл оногдуулсан шийдвэр гарч байгаагаас харахад хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах талын байр сууриар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн зүйлүүд байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1, 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд энэ зөрчил нь мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсч байна.

Б.Санжид нь хулгайн хэргийг огт үйлдээгүй бөгөөд хэрэг гарах өдөр гэртээ байсан, харин хэрэг шүүх дээр хянан шийдвэрлэгдэж байхад тус хэргийн улмаас алдагдсан гэх эд зүйл олдсон байтал давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан дараах нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулж байна.

Анхан шатны шүүх Б.Санжидын “...Би тухайн хэрэг гарах өдөр гэртээ байсан..., би зүйл ангийг зөвшөөрөхгүй байна..., орон дээр альбом байсан бол гар хүрсэн байх” гэх мэдүүлэг, хохирогч Б.Долгорсүрэнгийн “...Манай дүүгийн гарын мөртэй таарсан бол манай дүү авсан гэсэн үг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Нармандах, Д.Дэнсмаа нарын мэдүүлэг, Криминалистиийн шинжээчийн 95 дүгнэлт  зэрэг баримтаар түүнийг буруутгасан. Тухайн шинжилгээний объект болох гарын хурууны хээ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан "Шинжээч А.Баярболдоор эд зүйл алдагдсан гэх авдарны таг, авдран дотроос гаргаж тавьсан мөр байж болзошгүй гэх газруудаас гарын мөр илрүүлэхээр нунтаг ашиглан үзүүлэхэд альбомны хавтсан дээрээс 1 ширхэг гарын мөр байсныг шинжээч авав" гэсэн тэмдэглэл байх бөгөөд тухайн гэрэл зургийн альбомны хавтас ямар шинжтэй, ямар эд зүйлс байсан, гадаргуу нь ямар байсан талаар нэг ч зүйл хэргийн материалд бэхжигдээгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад тухайн эд зүйлийн мөр илэрсэн гэх объектийг хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган хураан аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2 дахь заалтууд зөрчигдсөн. Тус хэрэгт шинжээчээр оролцсон шинжээч нарын мэдүүлэгт "гарын хээ нь тухайн эд зүйлийн гадаргуу ямар байхаас шалтгаалж хурдан удаан арилах нь шийдвэрлэгдэнэ. Хадгалагдах хугацааг нарийн тооцох боломжгүй" гэх агуулгатай мэдүүлэг өгсөн нь шинжээчийн гаргасан дүгнэлт үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргаагүйгээр шинжээч буруу дүгнэлт гаргах, буруу үндэслэл гаргах бодит боломж алдагдах магадлал байна. Хэргийн гол халдлага болох авдар, авдарны таг, мөн бусад гарын хээ илрэх боломжтой газраас гарын хээ илрээгүй байгаа нь эргэлзээтэй юм. Нөгөө талаар “гэрэл зургийн альбом” гэх эд зүйл нь бусдад үзүүлэхэд зориулагдсан зүйл бөгөөд тухайн альбомыг хэн хэзээ, яаж үзсэнээр тухайн хүмүүсийн гарын хээ, ул мөр илрэх боломжтой юм.

Б.Санжид нь хохирогч Б.Долгорсүрэнгийн төрсөн дүү бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд тэдгээрийн хамаатан нас барж Б.Долгорсүрэнгийн гэрт нь орж тэдний альбомноос талийгаачийн зургийг хайсан гэх нөхцөл байдал тухайн хэрэг шийдвэрлэгдсэний дараа тогтоогдож байгаа төдийгүй үүнийг энэ хэрэгт гэрчээр оролцсон Б.Долгорсүрэнгийн охин н.Нармандах гэрчилдэг. Энэ хэргийг хоёр удаа мөрдөн байцаалтад буцааж шалгахдаа н.Нармандахыг дахин асуугаагүй, энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй. Тус хэрэгт Б.Санжааг буруутгаж байгаа хэдий ч түүнийг хэрэг гарах өдөр буюу 2016 оны 06 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн төв рүү орж ирж хулгай хийсэн гэж үзэх нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин түүнийг хөдөө байсан гэдгийг нотлох түүний эхнэр н.Дэнсмаа, гэрч н.Хатанбаатар нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Б.Санжид хэрэг гарах үед гэртээ байсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байхад шүүх энэ нөхцөл байдлыг үнэлээгүй. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дүгаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг тогтоож чадаагүй.

Энэ хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдсэний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 03-ны үеэр алдагдсан гэх хурган дээлний нэгний сураг гарч, улмаар тухайн хурган дээл нь гурван хүний гар дамжигдан зарагдсан, тухайн дээл алдагдсан дээл мөн эсэх талаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа. Б.Санжидын эхнэр н.Дэнсмаагийн гаргасан “Энэ хэрэгт А.Алтансүхийг шалгуулах, нөхрийгөө гэм буруугүй гэдгийг нотолж, нэр төрийг нь сэргээлгэх” тухай гомдлыг Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 256 дугаар мэдэгдэх хуудсаар хангасан болохыг мэдэгджээ. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдсэнээс хойш дээрх нөхцөл байдал үүсээд байгаа төдийгүй энэ хулгайд алдагдсан дээлний гэрэл зураг нь тухайн зарагдсан гэх дээлний гэрэл зурагтай тохирч байна.

Б.Санжидад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт заасныг зөрчин хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримтыг хураагаагүй, хэргийн талаар нотолвол зохих хэргийг хэзээ, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байж Б.Санжидад ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.4, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт хамааралтай тухайн нөхцөл байдлуудыг шалган тогтоогоогүй, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан судлаж хэргийн жинхэнэ байдалд тохирсон шийдвэр гаргаагүй нь Б.Санжидад ял халдаах үндэслэл болсон.

Давж заалдах шатны шүүх нь тус хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулж, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх, тус хэргийг үйлдсэн гэх Б.Санжид нь тухайн хэрэг гарах өдөр гэртээ байсан гэдгийг хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байхад зөвхөн яллах нотлох баримтыг үнэлэн шийтгэх тогтоол, магадлалыг гаргасан нь миний үйлчлүүлэгч хилс хэрэгт яллагдах үндэслэл болсон. Нөгөө талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.Санжид, Б.Долгорсүрэн нар хоорондоо төрсөн ах, дүүгийн холбоотой, хэргийг гол нотлох баримт болох альбом нь хүн, хүний гар хүрч байдаг бусдад үзүүлэх, үзүүлэнгийн зориулалттай эд зүйл байхад анхаарч үзээгүй, энэ мөрнөөс өөрөөр Б.Санжидыг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад түүнийг хулгайн гэмт хэрэгт буруутгасан нь хууль бус юм. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1, 319 дүгээр зүйлийн 319.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд энэ зөрчил нь мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдалд хүргэсэн.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б.Санжидад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг зөрчсөн нөхцөл байдлууд байна. Б.Санжид тухайн гэмт хэргийг үйлдээгүй, тухайн цаг хугацаанд Баян-Овоо суманд байх гэртээ эхнэр, хоёр хүүхдийн хамт байсан байдаг. Б.Санжид нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-10-04 тоот хашаанд байх төрсөн эгч Б.Долгорсүрэнгийн гэрт 2016 оны 03 дугаар сард эхнэр, хоёр хүүхдийн хамт очиж хонохдоо альбом үзсэн талаараа мэдүүлэхээс гадна 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орчим 2 хүүхдээ үлдээгээд явсан..., альбом орон дээр ил байсан бол гар хүрсэн байж магадгүй талаар ярьдаг. Төрсөн эгчийнх нь гэрт байх зургийн альбомноос Б.Санжидын гарын мөр гарсан гэх үндэслэлээр Б.Санжидыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ хэргийг шинжээчийн дүгнэлт, криминалистикийн шинжээч П.Хонгорзулын мэдүүлэг, гэрч А.Баярболдын мэдүүлэг, эд зүйл үнэлгээ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэжээ.

Хэргийн материалаас харахад 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 13 минутад эхлээд 10 цаг 18 минутад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан байдаг ба хэрэг учралын газарт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 20 минутаас 11 цаг 00 минут хүртэл хугацаанд үзлэг хийсэн тэмдэглэл байдаг. Үүнээс харахад цаг хугацаа нь бодит бус харагдаж байгаа юм. Мөн тухайн гэмт хэргийг нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд үйлдэгдсэн гэж байгаа боловч цаг хугацааг нь нарийн тогтоох боломжтой байсан боловч тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг илрүүлээгүй, зургийн альбомыг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байна. Шинжээч А.Баярболд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-10-04 тоот хашаанд хулгай орсон гэх Б.Долгорсүрэнгийн гэрт байх альбомноос гарын хээг илрүүлсэн байдаг ба тус гарын хээнд түүний эхнэр Криминалистикийн шинжээч П.Хонгорзулаар дүгнэлт гаргуулж, улмаар гэрчээр байцаасан тэмдэглэл, гэрч А.Баярболдыг байцаасан тэмдэглэл байна. Үүнээс харахад шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

Б.Санжидын хурууны хээ олдсон альбом нь Д.Нармандахын альбом байсан бөгөөд шүүгдэгчийг Б.Долгорсүрэнгийн гэрт 2016 он гарснаас хойш хэдэн удаа ирж, альбом үзэж байсан эсэхийг мэдэх гол гэрч байдаг. Э.Нямдорж, Д.Нармандах хоёр нь гэр бүл болоогүй, нэг гэрт ороогүй бөгөөд Э.Нямдорж нь хохирогч Б.Долгорсүрэнгийн гэрийн эд зүйлийн талаар нарийн асуудлыг сайн мэдэхгүй. Б.Санжидыг сэжигтнээр тооцсоноос хойш Д.Нармандахыг гэрчээр байцаагаагүй, мөн хулгай орсон гэрт хамгийн түрүүнд ирсэн хүн Д.Цэнд-Аюуш байдаг боловч хулгай орсон гэдгийг мэдээгүй ба түүнийг авч явахаар ирсэн түүний төрсөн ах Д.Авид гэрт нь хулгай орсон талаар анх мэдэж, эхдээ хэлснээр эх нь дуудлага өгсөн байдаг. Гэтэл Д.Авидаас гэрчийн мэдүүлэг огт аваагүй байдаг.

Хохирогч өмнөх шүүх хуралдаанд бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй уншиж бичиж чадахгүй талаараа мэдүүлдэг ба өөрийн хэлээгүй зүйлийг мэдүүлэгт нь бичсэн талаар мэдүүлдэг. Хавтаст хэргээс харахад Б.Санжидыг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байгаа ба альбомноос илрүүлсэн гарын мөр Б.Санжидынх гэж байгаа боловч тус гарын мөр нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна. Гарын мөрний илрүүлсэн эрүүгийн хэргүүдээс судалгаа хийж үзэхэд гарын мөр нь 1 жил хүртэл хугацаанд хадгалагдах боломжтой юм байна. Мөн туршлагатай Криминалистикийн шинжээч, эрдэмтэд, судлаачдын судалгаа, ном зэргээс үзэхэд гарын мөр ямар нөхцөлд байхаас үл хамааран 1 жил хүртэл хугацаанд хадгалагддаг байна. Б.Долгорсүрэн болон Б.Санжид нар нь бичиг үсэг мэддэггүй боловсролгүй. Б.Санжидыг тухайн өдөр хөдөө гэртээ байсан гэж эхнэр н.Дэнсмаа мэдүүлдэг бөгөөд түүнээс гадна н.Цогнэмэх гэдэг хүүхэд мэднэ гэдэг боловч түүнийг гэрчээр асуугаагүй байдаг. Гэрч мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг мэргэжлийн, мэргэшсэн шинжээч тогтоодог болохоос жирийн нэгэн хүний хэлснээр тогтоож мэдүүлэг авахгүй байх үндэслэлгүй юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: Б.Санжид нь бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүнийг гэм буруутай болохыг альбомноос илэрсэн гарын мөрөөр тогтоосон. Хэрэгт авагдсан  нотлох баримтаар Б.Санжидад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.Санжидад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хуулиар тогтоосон нотлох ажиллагааны журмыг зөрчиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хэрэгт цугласан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хуулийн 286 дугаар зүйлд заасан тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тухайлбал, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэх, шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй эсэх асуудлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх боломжтой эсэхийг шүүх үнэлэхгүйгээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нотолбол зохих асуудлуудыг дутуу шалгасан байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчихөд хүргэсэн байна.

Тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай бөгөөд хууль ёсны байхаас гадна тэдгээрт тулгуурлан хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох боломжтой эсэх нь нотлох ажиллагааны үндсэн шалгуур бөгөөд Б.Долгорсүрэнгийн гэрээс төрсөн дүү Б.Санжидын гарын мөр илэрсэн нөхцөл байдал нь давхар батлах баримтгүйгээр Б.Санжидын хулгайн гэмт хэрэгт буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай байж чадахгүй.

Иймд болон өмгөөлөгч Н.Энхжаргал, Т.Пүрэвдаваа нарын гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Санжидад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Санжидад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ

                      ШҮҮГЧ                                                                Б.БАТЦЭРЭН

                      ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР