Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:Э.Гантулга

Кримналистикийн шинжээч: П.Хонгорзул

Шүүгдэгч: Б.Санжид түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Санжидад холбогдох эрүүгийн  201605000202 тоот хэргийг 2017 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай,хувьдаа 355 тооны бог бод нийлсэн малтай Боржигон овгийн Байлаагийн Санжид.  /ВГ86100217регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Санжид нь 2016 оны 06 дугаар  сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор сумын 6 дугаар баг 10 дугаар гудамжны 04 тоот хашаанд байх иргэн Б.Долгорсүрэнгийн эзэнгүй байсан гэр болон амбаарт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, эрэгтэй хүний хос пүүз, 30 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад бага бус хэмжээний 2001000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Санжидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэрсэн булаг”  гэх газарт байх хөдөө гэртээ эхнэр Д.Дэнсмаа болон  хоёр хүүхдийнхээ хамт байсан.

Би төрсөн эгч Б.Долгорсүрэнгийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын                  6-10-04 тоот хашаанд 2016 оны 03 дугаар сард тэдний том охины найз залуу Банди гэдэг хүнтэй хамт очиж хоносон. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эгч Б.Долгорсүрэнгийн гэрээс эд зүйл хулгайлаагүй. Би тухайн үед гэртээ байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 54-59/

...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орчим  манай хүргэн ахын том хүүхэд нас барсан учраас хөдөөлүүлэх ажилтай байсан тэгээд хоёр хүүхдээ харуулахаар эгч Б.Долгорсүрэнгийнд хүргэж өгсөн. Тэднийд Б.Долгорсүрэнгийн том охин Д.Наранмандах болон түүний нөхөр байсан. Тухайн үед зургийн цомог үзээгүй. Орон дээр байсан бол гар хүрсэн байж болно. Тэрнээс  нээж үзээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 195/

Шүүгдэгч Б.Санжид шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч Б.Долгорсүрэнгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ Манай нэг гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-10-04 тоот хашаанд байдаг. 2016 оны 06 сарын 14-ний өглөө хөдөө гэрээсээ би аймгийн төвд байх гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай байхаар нь гэрт орж үзтэл авдрын цоожийг эвдээд дотор нь байсан хувцас, эд зүйлүүдийг гаргаж газарт хаясан байсан, тэгээд би гэр дотор байсан эд зүйлүүдээ бүртгэж үзтэл манай хоёр охины хурган дээл, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, орон доогуур байсан эрэгтэй хүний хос пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манай охин Д.Наранмандах нь нөхөр Э.Нямдоржийн хамт намайг ирэхээс өмнө  2016 оны 06 сарын 13-ны өглөө ирээд буцсан тэгэхэд зүгээр байсан. Манай гэрт 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний хооронд хулгай орсон байна. Манай гэрээс Б.Санжидын гарын мөр гарах учиргүй. Санжид нь манай аймгийн төвийн гэрээр 2016 он гарснаас хойш орж ирээгүй. Гэтэл хэргийн газраас бэхжүүлсэн мөр нь миний дүү Б.Санжидын гарын мөртэй тохирсон байгаа нь манай гэрээс Б.Санжид орж эд зүйл хулгайлсан байна гэсэн үг. Миний дүү Б.Санжид хулгайн хэргээр шалгагдаж байсан хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 20-28/

Гэрч Д.Наранмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2016 оны 06 сарын 13-ны өглөө өөрийн нөхөр Э.Нямдоржийн хамт хөдөө гэрээсээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-10-04 тоот хашаанд байх гэртээ 10 цагийн орчимд ирээд үдээс өмнө гадуур ажил хөөцөлдөж байгаад буцсан. Ямар ч байсан 14 цаг гэхэд хөдөө гэртээ очсон. Нөхөр бид хоёрыг явахад манай гэрийн цоож цуурга зүгээр хулгай ороогүй байсан. Маргааш нь манай ээж Б.Долгорсүрэн дүү н.Авидын хамт аймгийн төвд байх гэр рүү явсан. н.Авид 16 цагийн орчимд хөдөө очсон ба тэгэхдээ “манай гэрт хулгай орсон байна, эд зүйлүүд алдагдсан байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-26-28/

Гэрч Д.Цэнд-Аюушийн мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Би Улаанбаатар хотоос 2016 оны 06 сарын 13-ны  шөнө Баянхонгор  аймагт  ирээд өөрийн гэр болох Баянхонгор сумын  6-10-04 тоот хашаанд очсон юм. Би хоноод өглөө ээж хөдөөнөөс ирсэн. Намайг шөнө ирэхэд гэрийн цоож эвдэрсэн,  зүүлттэй байсан. Би тэгээд тухайн үед нэг их зүйл бодоогүй ба ээж өглөө нь ирээд гэрт хулгай орсон талаар мэдсэн.

Би 2016 оны 06 сарын 14-ний өглөө 05 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн гаднах цоожийг хөшиж эвдээд цүүнд буцаагаад зүүчихсэн байсан. Гэрт ороход авдрын таг эвдэрсэн, эгчийн хувцас хийсэн цүнх байхгүй дотор нь байсан хувцсыг гаргаад хаячихсан байсан. Би ороод унтаад өгсөн. Амбаараас эд зүйл алдагдсан эсэхийг би мэдэхгүй. Үүнийг манай ээж л мэднэ гэх мэдүүлэг./ хх-29-30, 170-171/

Гэрч Д.Дэнсмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ..Манай нөхөр Б.Санжид нь 2016 оны 06 сарын 12, 2016 оны 06 дугаар сарын                   13-ны өдрүүдийн аль нэгэнд нь аймгийн төв орж ирээд буцсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 32 /

...2016 оны  06 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн төв орж ирээд “Нэгдэлчин” зочид буудлын урд байрладаг ШТС-с бензин аваад айлаар ороогүй шууд хөдөө гэр рүүгээ буцсан.

... 2016 оны 02 сард цагаан сарын дараахан хөдөөнөөс золголтоор нөхөр болон хоёр хүүхдийнхээ хамт Б.Долгорсүрэн эгчийн гэрээр очсон. Тухайн үед хоёр хүүхэд нь байсан. Зургийн цомгийг  тэнд байсан бүх хүмүүс үзэж байсан.”Манай нөхөр барьж, эргүүлж тойруулан үзэж” байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 89-90/

Гэрч Э.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Өнгөрсөн хавар байх  гурван сард ээжийн гэрт Д.Нармандах бид хоёр байж байхад хөдөөнөөс Б.Санжид эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт ирж хонож байсан. Тухайн үед бид нар тоглож наадаад л хоносон. Би одоо яг өдрийг нь санахгүй байна. Б.Санжид нь тэгэхэд хадам ээжийн гэрт зургийн цомгийг үзсэн эсэхийг сайн санахгүй байна. Үзээгүй байх. Тухайн үед Б.Санжид авдрыг нь өөрөө онгойлгож доторх эд зүйлүүдийг нь үзэж хараагүй” гэх мэдүүлэг.  /хх-ийн 88-89/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Түгээгч нар бэлэн мөнгөөр олгож байгаа тохиолдолд мөнгийг авч шатахууныг олгодог. Хэн гэх хүн, ямар тээврийн хэрэгсэлд хэдэн литр шатахуун олгосон талаар бүртгэл байхгүй. 24 цаг ажиллаад буухдаа нийт олгосон шатахууны тооцоог тулж хийдэг. Харин гэрээтэй байгууллагуудын хувьд бүртгэл байдаг..” гэх мэдүүлэг. / хх-ийн 162-164/

Гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Манай зүүн хашааны Б.Долгорсүрэнгийн гэрт хулгай орсон гэж Б.Долгорсүрэн надад хэлэхэд нь би мэдсэн. 2016 оны 06 сарын 16-ны өдөр манай баруун хашаанд байх Д.Лхагваа гэх хөгшинтэй лоом авахаар хашааны хоёр талаас юм ярьж байтал Д.Лхагваа нь надад лоом өгөөд манай жорлонгийн ар талын ногоон дотор нэг жижиг алх байна танай алх байх гээд надад жижиг төмөр алх өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Б.Долгорсүрэнгийн охин нь алх байна уу гэж сурахаар нь нөгөө алхыг хадаасны савны хамт өгсөн...” гэх мэдүүлэг. / хх-ийн 172-174/

Гэрч Д.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 06 сарын дундуур хөдөө гэрээсээ нөхөр бид хоёр аймгийн төвийнхөө хашаа байшинд ирээд хашаан дотроо юм янзалж байхад хашааны баруун урд тал жолонгийн арын өвсөн дотроос жижиг төмөр алх олдсон. Тухайн үед зүүн талын хашааны Б.Сүхбаттай хашааны хоёр талаас уулзаж, лоом өгөхдөө би уг алхыг хамт өгсөн...” гэх мэдүүлэг. / хх-ийн 175-177/

Гэрч Д.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 06 сард Б.Санжид “ажил явдал гарсан, тул мал хараад өгөөч” гэхээр нь би 3 хоног малыг нь харж өгсөн. Тэднийд хүн байхгүй би ганцаараа байсан. Б.Санжид, эхнэр хүүхдийнхээ хамт гурав хоноод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 178-180/

Гэрч А.Баярболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ Гарын мөр гэдэг бол хүний хөлс, тосны сүвнээс гарч байгаа ялгарлаар гарын хээний папиляр шугаман товруугаар дамжиж обьектод хүрч харьцсанаар үл үзэгдэх мөр үүсгэн хуулбарлагдан үлддэг. Харьцсан обьектын гадаргуу болон байгалийн хүчин зүйлс, хүйтэн халууны үйлчлэл, анх үүссэн хугацаа зэргээс шалтгаалан мөр  устаж үгүй болох үйл явц  янз бүр байна. Үүнээс шалтгаалан хуулбарлагдан үлдсэн цаг хугацааны хамаарлыг тодорхойлдог. Мөр үүсээд гадаргуу дээр 6 сарын хугацаанд байх ямар ч боломж байхгүй. Учир нь мөр анх үүссэн цагаасаа эхлэн устаж үгүй болж байдаг. Хүлээн авч байгаа гадаргуун шинж чанараас хамаараад тос, хөлс нь хатаж үгүй болдог. Тэгэхээр ямар гадаргуу дээр үүссэн, үүссэн ямар ч орчинд байсан мөр бол бүрэн дүүрэн устаж алга болно. Тусгай лабораторын нөхцөлд зориулалтын дагуу хадгалж байгаа мөр л 6 сарын хугацаанд устаж арилахгүй байх боломжтой. Гэмт хэргийн  газарт  үүссэн мөрийг тусгай зориулалтын нунтаг урвалж бодис ашиглан илрүүлж тодосгож, нүдэнд үл үзэгдэх хэмжээнд болгож, түүнийг гэрэл зураг болон бусад наалдамхай тууз зэргийг ашиглан бэхжүүлж авдаг. Тиймээс удаан хугацаанд байсан мөр нь хатсан учир нунтаг бодисонд өдөөгдөхгүй, илрэхгүй байх боломжтой..” гэх мэдүүлэг. /хх-ийн 182-183/

Шинжээч П.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 08 сарын 10-ны өдөр мөрдөн байцаагч Б.Баттөмөрийн томилсон гарын мөрийн шинжээч томилох, шинжилгээ хийх тогтоол ирсэн. Уг тогтоолыг албаны даргад танилцуулахад миний нэр дээр цохож би шинжилгээ хийсэн. Хэргийн газраас бэхжүүлж авсан харьцуулах шинжилгээнд ирүүлсэн объектыг нэг бүрчлэн хоёр кратын өсгөгчтэй томруулдаг шил /луп/-аар шинжлэхэд хэргийн газар авдран дотор байсан зургийн цомог дээрээс авч №01 дугаарласан гарын мөр нь папиляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдгүүд хангалттай тод дүрслэгдсэн, цаашид папилон системд кодлогдон хайлт хийх боломжтой мөр байсан. Уг мөрийг системд 2016-039-БНХ гэсэн кодоор оруулж хайлт явуулахад мөр, мөр дардас гэсэн хэлбэрүүдээр хайлт хийсэн. Хайлтын үр дүнд нэгдсэн санд М1М003810001137, ММ003810005004, ММ003810001382 гэсэн дугааруудаар гурван удаагийн санд дардас өгч бүртгэгдсэн Байлаа овогтой Санжидын зүүн гарын ядам хурууны дардастай ерөнхий шинж тэмдэг болох гогцоо хээ, хувийн онцлог шинж тэмдэг болох папиляр шугамын салаалалт,салаалт,салаалт, папиляр нийлэлт,нийлэлт,нийлэлт папиляр шугамын эхлэл, папиляр шугамын нийлэлт,нийлэлт,нийлэлт  зэргээр тохирсон байсан. Энэ нь Б.Санжидын зүүн гарын ядам хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байсан. Ер нь бол мөр анх үүссэн цагаасаа хойш устаж эхэлдэг. Тэгэхээр Б.Санжидын гарын мөр нь 5 сарын хугацаанд хаталт явагдаж физикийн аргаар мөрийг илрүүлэх боломжгүй болно. Мөр нь өөрөө хүний хөлс, тосны ялгарлаар үүсдэг. Тийм учраас дээрх мөр нь хугацааны хувьд боломжгүй ба сүүлд үүссэн мөр байна. Урьд нь гарын мөрөөр олон хулгайн гэмт хэргүүд илэрч байсан. Папилон сан дээр алдаа гарч байсан тохиолдол гарч байгаагүй ба харьцуулагдан тохирч гарч ирсэн мөрөн дээр шинжээч нь өөрийн мэдлэгийн хүрээнд давхар харьцуулалт хийдэг. Тэгэхээр миний гаргасан дүгнэлт нь баталгаатай тохирч байна гэх мэдүүлэг / хх-96-98/,

Шинжээч П.Хонгорзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гарын мөрийг эхлээд нүдээр харж шинжилгээнд тэнцэх тэнцэхгүйг тогтоодог. Нүдээр харахад ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тод харагдаж байсан. Системд кодолж оруулаад хайлт хийж үзэхэд Б.Санжидын 3 удаагийн өгсөн гарын дардастай 100 хувийн магадлалаар тохирч байсан. Уг мөр нь хуучин биш, цоо шинэ мөр биш байсан. Ул мөр нь үүссэн цагаасаа устаж бүдгэрдэг. Хуучин мөр бол маш бага өдөөгддөг, энд тэндээсээ хаталт өгч  цоохордтог. Тухайн үеийн мөрөнд хаталт өгсөн ямар нэгэн шинж тэмдэг байгаагүй. Хурууны мөрөн дээр хамгийн бага нь 8 буюу түүнээс дээш шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд тэнцэнэ гэж үздэг. Б.Санжидын гарын мөр нь 8 ба түүнээс дээш шинжээр таарсан ямар нэгэн эргэлзээгүй байсан учраас дахин шинжилгээ хийж нягталж үзээд дүгнэлтээ гаргасан гэв.

Криминалистикийн шинжээчийн 2016 оны 08 сарын 15-ны өдрийн №095 тоот: 

Нэг гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “2016-040-БНХ-1” дугаартай гарын мөр нь нэгдсэн санд МN003810001137, МN003810005004, МN003810001382 гэсэн дугааруудаар гурван удаагийн бүртгэлтэй Байлаа овогтой Санжидын зүүн гарын ядам хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-40-41/

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн 1/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-8/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-18/,  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдийн 04 дугаартай эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/, шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 095 дугаар шинжээчийн дүгнэлт   /хх-ийн 40-14/,  Б.Санжидын хурууны хээтэй тохирч буй шинж тэмдэгийн  мэдээлэл  /хх-ийн 42-45/, урьд ял шалгах хуудас / хх-ийн 60/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64/, шүүгдэгч Б.Санжидын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 76/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 190-191/, авдранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 194/, хохирогч Б.Долгорсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-25, 157-159/, гэрч Д.Наранмандахын мэдүүлэг / хх-ийн 26-28/, гэрч Д.Цэнд-Аюушийн мэдүүлэг /хх-ийн 29-30, 170-171/, гэрч Д.Дэнсмаагийн мэдүүлэг /хх-ийн 31-33,                 90-91, 184-185/, гэрч Э.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 82-89,160-161/, шинжээч П.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн  96-98/, гэрч Б.Өлзий-Оршихын мэдүүлэг /хх-ийн 99-100/, гэрч С.Мөнгөнбаатар, Ж.Хатанбаатарын мэдүүлэг /хх-ийн 102-105, 186-187/, гэрч Б.Лхагвасүрэн, Ш.Бандмаа нарын  мэдүүлэг /хх-ийн 162-167/, гэрч Б.Сүхбат, Д.Лхагва нарын мэдүүлэг / хх-ийн 174-177/, гэрч А.Баярболдын мэдүүлэг / хх-ийн 181-183/  зэргийг шинжлэн судлав.

.Шүүгдэгч Б.Санжид  нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор сумын 6 дугаар баг 10 дугаар гудамны 04 тоот хашаанд байх иргэн Б.Долгорсүрэнгийн эзэнгүй байсан гэр болон амбаарт хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний хурган дээл, зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, эрэгтэй хүний хос пүүз, 30 ширхэг хурганы арьс зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад бага бус хэмжээний 2001000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 095 дугаартай “Нэг гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “2016-040-БНХ-1” дугаартай гарын мөр нь нэгдсэн санд МN003810001137, МN003810005004, МN003810001382 гэсэн дугааруудаар гурван удаагийн бүртгэлтэй Байлаа овогтой Санжидын зүүн гарын ядам хурууны дардастай хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 40-41, Байлаагийн Санжидын зүүн ядам хурууны дардастай тохирч буй шинж тэмдэг /хх-ийн 42/, шинжээч П.Хонгорзулын ...уг мөрийг системд 2016-039-БНХ гэсэн кодоор оруулж хайлт явуулахад мөр, мөр дардас гэсэн хэлбэрүүдээр хайлт хийсэн. Хайлтын үр дүнд нэгдсэн санд МN003810001137, МN003810005004, МN003810001382 гэсэн дугааруудаар гурван удаагийн санд дардас өгч бүртгэгдсэн Байлаа овогтой Санжидын зүүн гарын ядам хурууны дардастай ерөнхий шинж тэмдэг болох гогцоо хээ, хувийн онцлог шинж тэмдэг болох папиляр шугамын салаалалт, салаалт, салаалт папиляр нийлэлт,нийлэлт,нийлэлт папиляр шугамын эхлэл, папиляр шугамын нийлэлт,нийлэлт,нийлэлт  зэргээр тохирсон байсан. Энэ нь Б.Санжидын зүүн гарын ядам хурууны хээгээр үүсгэгдсэн мөр байсан. Ер нь бол мөр анх үүссэн цагаасаа хойш устаж эхэлдэг. Тэгэхээр Б.Санжидын гарын мөр нь 5 сарын хугацаанд хаталт явагдаж физикийн аргаар мөрийг илрүүлэх боломжгүй болно. Мөр нь өөрөө хүний хөлс, тосны ялгарлаар үүсдэг. Тийм учраас дээрх мөр нь хугацааны хувьд боломжгүй ба сүүлд үүссэн мөр байна. Урьд нь гарын мөрөөр олон хулгайн гэмт хэргүүд илэрч байсан. Папилон сан дээр алдаа гарч байсан тохиолдол гарч байгаагүй ба харьцуулагдан тохирч гарч ирсэн мөрөн дээр шинжээч нь өөрийн мэдлэгийн хүрээнд давхар харьцуулалт хийдэг. Тэгэхээр миний гаргасан дүгнэлт нь баталгаатай тохирч байна гэх мэдүүлэг. / хх-96-98/, гэрч А.Баярболдын ...мөр үүсээд гадаргуу дээр 6 сарын хугацаанд байх ямар ч боломж байхгүй. Учир нь мөр анх үүссэн цагаасаа эхлэн устаж, үгүй болж байдаг. Хүлээн авч байгаа гадаргуун шинж чанараас хамаараад тос, хөлс нь хатаж үгүй болдог. Тэгэхээр ямар гадаргуу дээр үүссэн, үүссэн ямар ч орчинд байсан мөр бол бүрэн дүүрэн устаж алга болно. Тусгай лабораторын нөхцөлд зориулалтын дагуу хадгалж байгаа мөр л 6 сарын хугацаанд устаж арилахгүй байж байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын   30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч,шинжээч ,сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан, шүүгдэгч Б.Санжидын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нь 2017 оны 01 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанд кримналистикийн шинжээч П.Хонгорзулыг оролцуулах хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авч шүүх хуралдаанд оролцуулсан бөгөөд шинжээч нь хэргийн газраас олдсон мөр нь шүүгдэгч Б.Санжидын зүүн гарын ядам хурууны мөртэй  8-с дээш шинжээр таарсан тул дүгнэлт гаргах үндэслэл болсоноо тайлбарласан ба шинжээч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  85 дугаар зүйлийн 85.1,162 дугаар зүйлийн 162.1,162.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-17.4, 18 дугаар зүйлийн                18.1-18.9-д заасан үндэслэл журмын дагуу дүгнэлтийг гаргасан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92,93 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлж кримналистикийн шинжээч нь 095 дугаартай дүгнэлтийг гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,95.2-д зааснаар  нотлох баримтыг үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Санжидын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй...Хурууны хээний саармагжих үйл явц нь ямар нөхцөлд байснаасаа шалтгаалж, их бага хугацаанд хадгалагдах нь хамаардаг гэдгийг гэрч А.Баярболд тайлбарласан байдаг. Тухайн зургийн цомог нь гялгар гадаргуутай байсан, уг зургийн цомгонд гарын мөрний тогтоц сайн байх боломжтой гэж шинжээч тайлбарлалаа. Зургийн цомог нь гадуураа хайрцагтай, авдар дотор, дээрээс нь олон зүйл давхарласан байсан. Мөн хүн байнга байдаггүй, гал түлдэггүй, хүйтэн орчин байсан. Тийм учраас зургийн цомгоос илэрсэн гарын мөр нь 2016 оны 2 сарын төгсгөл болон 3 сарын эхээр очихдоо үзсэн мөр байх боломжтой гэж үзэж байна. Шүүх эргэлзээтэй нотлох баримтад тулгуурлаж хөтөлбөргүй үнэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд Б.Санжидад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан байна.

Шүүгдэгч Б.Санжидад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг  болон хурууны хээг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөр нь шүүгдэгч Б.Санжидын гарын мөртэй таарсан гэх шинжээчийн дүгнэлт хууль зүйн дагуу гарсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Санжидад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Санжидад орон байр, агуулах саванд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ .   

Шүүгдэгч Б.Санжид нь  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 500000  төгрөг хурааж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ялтай байдал арилсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Санжидыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмэгтэй хүний хурган дээл хоёр ширхэг, notebook, мөнгөн бугуйвч, эрэгтэй хүний хос пүүзэн гутал, элдээгүй хурганы арьс гучин ширхэг,  БНХАУ-д үйлдвэрлэсэн хоёр ширхэг цоож зэрэг эд зүйлийн үнэ болох 2001000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Санжидын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “DAYUN” маркийн мотоциклийг  битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн  2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Б.Санжид нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдав.

Шүүх шүүгдэгч Б.Санжидын үйлдсэн гэмт хэргийн нийгэмд  учруулсан гэм хор, хэр хэмжээ, хохирлын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Санжидад баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлаггүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  НЬ:

1. Боржигон овогт Байлаагийн Санжидыг орон байр, агуулах саванд  нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Б.Санжидыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Санжидад оногдуулсан гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Б.Санжидын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “DAYUN” маркийн мотоциклийг  битүүмжилсэн  Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн  2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

5.Шүүгдэгч Б.Санжид нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Санжидаас 2001000 / хоёр сая нэг мянган/төгрөг гаргуулж, хохирогч Б.Долгорсүрэнд олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шүүгдэгч Б.Санжидад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж,  түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Санжидад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ