Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 792

 

Ж.О холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч Б.У,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Т.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Охолбогдох 1803001090174 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ж.О, 1959 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн огоо” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, охин, зээгийн хамт ................................................ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/;

Ж.О нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 45 минутын үед, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ахуйн үйлчилгээний төвийн урд замд, “Тэнүүн огоо” ХХК-ийн эзэмшлийн Daewoo BS106 загварын, 45-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Б.У мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.О нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.О нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

          Ж.О хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 2.592.648 төгрөгийг төлсөн, хохирогч Б.У цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолох,

          Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 54310 дугаартай жолоочийн үнэмлэх, 0005179 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Т.Отгонсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.О нь зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Уөөрийн буруугаас болж мөргөж, биед нь хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хэрэгт хавсаргаж өгсөн хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.У нь одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах шаардлагатай байгаа.

          Мөн миний үйлчлүүлэгч Ж.О нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон бөгөөд биеийн байдлын хувьд хөнгөн харвалт өгч, 2015 оноос зүрхний хэмнэл байнга алдагдаж, өрхийн эмчийн хяналтан дор одоог хүртэл байгаа. 2019 оны 12 дугаар сард тэтгэвэртээ гарах гэж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн доод хэмжээгээр тогтоож, 5 жилийн хугацаагаар хянан харгалзсаныг мөн доод хэмжээгээр тогтоож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

          Хохирогч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

          Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан зүйл нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мөн яригдаж байсан. Анхан шатны шүүхэд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналыг гаргасан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг болон бусад нийгмийн харилцаанд оролцогчийг аюул, эрсдэлээс хамгаалах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан. Шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөнд оролцоход эрүүл мэндийн байдлаараа тэнцэхгүй. Иймд шүүгдэгчийн өөрийн болон бусдын эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор жолооны эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Ж.О нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 45 минутын үед, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ахуйн үйлчилгээний төвийн урд замд, “Тэнүүн огоо” ХХК-ийн эзэмшлийн “Daewoo BS106” загварын, 45-34 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүй зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Б.Умөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.У /хх-14-16, 53-54/, гэрч У.Баатарцогт /хх-57-58/, Г.Лхагвасүрэн /хх-59/, А.Үнэнбат /хх-64/, иргэний хариуцагч Т.Цогтбаатар /хх-90-91/, яллагдагч Ж.О /хх-98-100/ нарын мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-6/, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 391 дүгээр дүгнэлт /хх-67-68/, хохирогч Б.Уын өвчний түүх /хх-72-79/, толгойн компьютер томографийн шинжилгээ /хх-84/, хохирлын баримтууд /хх-120-138/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн Ж.Охолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба Ж.Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ж.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.  

Харин Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэнийг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Т.Отгонсүрэнгийн “... Ж.Ооногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Т.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН