Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 33

 

                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

          Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

          Хохирогч Ж.Туяа,

          Шүүгдэгч Г.Саналбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Саналбатад холбогдох 201625011028 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 01-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Дархан овогт Ганболдын Саналбат /Регистрийн дугаар: ХМ79070270/;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Г.Саналбат нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 178 тоотод иргэн Ж.Туяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Туяагийн: “Би 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Саналбатыг хүүхдээ хар гэж гэрт ирүүлсэн. Манай хүүхэд тархины  өвчтэй

болсноос хойш байнгын хүний асаргаанд байж олон төрлийн эм уудаг болсон. Тухайн өдөр 00 цаг өнгөрч байхад би охиныхоо эмийг өгч унтуулсан. 01 цаг болж байхад Саналбат хоол олж иднэ гээд гэрээс гарах гэхэд нь би явуулаагүй гээд хаалга алдлаад зогссон. Гэтэл Саналбат намайг хана руу 2-3 удаа түлхэж газар унагаасан. Намайг газар унасан байхад миний элэг рүү гараараа цохисон. Саналбат ер нь намайг цохиж, зодчихоод цохино гэж энийг хэлдэггүй юм, зодно гэж үүнийг хэлдэггүй юм гэдэг. Охиныг өвдөөд эмнэлэгт хэвтсэн байхад Саналбат болон ар гэрийнхэн нь ирдэггүй байсан. Саналбат хүүхдээ өвчтэй болохоор нь миний хүүхэд биш, бөө тэгж хэлсэн гэж ярьдаг болсон. Би өөрөө элэгний өвчтэй бие муу байгаа. Саналбат намайг зодсоноо хүлээхгүй байгааг гайхаж байна. Би гомдолтой байна. Гэхдээ Саналбат хэргээ хүлээн зөвшөөрвөл заавал түүнд ял шийтгэл оногдуулах бодолгүй байна” гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Туяагийн: “Би хамтран амьдрагч Саналбат болон хүүхдийнхээ хамтаар 2016.03.05-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-178 тоотод байр хөлслөн орсон бөгөөд энэ өдрийн орой идэж уух юмаа авч тавьчихаад үлдэгдэл тавилгаа авах гээд ахынх руугаа 21-22 цагийн хооронд яваад ирсэн бөгөөд тэгэхэд Саналбат нь дуугаа хураачихаад нэг л ууртай байсан. Тэгээд би тэр хооронд гараа угааж байтал Саналбат үүдээр хувцасаа өмсөөд гарах гэж байхад нь хувцаснаас татаж эргээн оруулж ирээд чи бид хоёрын шийдэх асуудал биш байна, ах дүү нараа дуудаж шийдье гэтэл Саналбат намайг цээж рүү хойш нь түлхтэл би хана мөргөн унасан. Тэгээд босоод иртэл дахин дахин түлхээд мөн хана хавсраад унасан бөгөөд газар унангуут гар атгаад толгой руу хэд хэд цохисон. Мөн миний хоолойг багалзуурдсан. Бас газар унасан байхад элэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би охиноо айчих байх гэж бодоод дуугүй болсон. Саналбат эхлээд миний цээж рүү түлхэхэд хэд хэдэн удаа хана мөргөсөн бөгөөд газар унасан үед гараараа толгой руу хэд хэд цохисон, мөн элэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Миний толгой доргисон.Саналбат нь толгой руу цохиод бас цээж рүү түлхэхэд би ханатай хавсарч унаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх.13/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Рэгдэндагвын: “Туяатай Архангай аймгийн  Эрдэнэбулаг суманд авъяас хөгжүүлэх төрөлжсөн сургалттай сургуулийн нэг ангид хамт сурч байсан. Туяа нь их хөдөлмөрч, төлөв даруу, дуугүй, томоотой, хичээл номондоо сайн охин байсан, дүрслэх урлагийн тал дээр авъяастай, тэр чиглэлээрээ үзэсгэлэн гаргаж дээд сургуульд суралцах урилга авч байсан. Туяагийн нөхөр гэх Саналбаттай нэг удаа таарч байсан, сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх.37/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Цолмонгийн: “Туяа нь миний төрсөн эгч байгаа юм. Манай эгч цагаахан, хүнд тусч, олонтой нийтэч зантай, бас дуугүй тайван хүн байгаа юм. 10-н жилийн сургуульд байхаасаа биеэ даасан тэмцээн уралдаанд оролцоод явдаг байсан. Манай эгч Архангай аймгийн 10-н жилийн сургуулийг төгссөн, одоо Урлах эрдэм дээд сургуульд суралцаж байгаа. Суралцахынхаа хажуугаар манай эгч Хятадаас бараа оруулж ирээд зардаг байсан бөгөөд сүүлийн үед хийсэн юмгүй л байна. Сэтгэл санаа нь их хямарсан байдалтай байгаа. Хүүхдийнхээ өвчинд л их санаа зовж байгаа юм шиг байна лээ. Туяа эгч маань гарын уртай, юм оёх хатгах сонирхолтой, олон дунд нэр хүндтэй, хүмүүстэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, хүнд худлаа ярьдаггүй, хэлсэнээ биелүүлэх гэж хичээдэг эмэгтэй байгаа юм. Би гэр бүлийнх нь амьдралын талаар мэдэхгүй. Саналбат гэдэг залуутай танилцаад хадмындаа амьдардаг байсан. Охин нь 2 орчим настай...” гэсэн мэдүүлэг /хх.38/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Ганбилэгийн: “Саналбат нь 3-р сургуулийн дэргэдэх байранд амьдардаг байсан бөгөөд Саналбат нь янз бүрийн хэнтэй муудалцаж байгаагүй маш даруухан, аймхай хүүхэд байсан. Өнөөдрийг хүртэл архи тамхи хэрэглэж байгаагүй. Би 2002 онд зуны амралтаар Японоос ирэхэд Туяа гэх эмэгтэйтэй Саналбатын ажиллуулдаг биллъярдан дээр манай найз Мөнхбатын хамт ирж байсан. Тэр үедээ Туяа нь Япон руу хараар гарч ажиллах санаатай байгаа гэж байсан.Тэр үед Туяа нь Саналбат бид нартай анх танилцсан, тухайн үед Туяа өөрийгөө нэг хүүхэдтэй гэж байсан. Түүнээс хойш би 2003 онд Саналбаттай чатаар харьцахад найз бүсгүйтэй болсон гэсэн. Тэр нь Туяа байсан. Мөн 2010 онд би Монголд бүрмөсөн ирэхэд Саналбат нь найз нөхдөөсөө хөндийрсөн байсан бөгөөд тэгэхээр нь би гэртээ түүнийг урихад Туяатай хамт ирээд жаахан ярьж сууж байгаад Туяагаа дагаад гараад явсан. Саналбат нь хүнд гар хүрэхээргүй, аймхай талдаа хүн  байгаа юм. Би өнөөдрийг хүртэл найзлахдаа түүнийг хүнд гар хүрч байгааг нь мэдэхгүй, ам муруйж байгааг нь бас мэдэхгүй юм байна. Өөрөө гарын ур сайтай, хувиараа модон эдлэл хийдэг. Саналбат нь өөрөө л хүүхдээ 2 удаа эмнэлэгт авч хэвтэж байгаа, өөрөө л асарч байгаа. Саналбат нь дугуйн олон улсын хэмжээний мастер бөгөөд гарын уртай, түүнийгээ хүнд заахдаа бас маш сайн...” гэсэн мэдүүлэг /хх.39/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Усникагийн: “... Би яг юунаас болж тэр хоёр муудалцсаныг мэдэхгүй байна. Туяа гаднаас орж ирэхэд нөхөр нь чи гадуур явж хиам идэж яваад ирлээ гэж уурлаад маргалдах шиг болсон. Эхлээд муудалцан коридорт гарч ирээд цээжнээс нь барьж байгаад хана руу 2-3 удаа мөргүүлсэн. Тэгээд Туяаг дээшээ хараад унасан чинь хөлөөрөө цээжин дээр нь 2-3 удаа дэвссэн, тэгээд чирээд орц руу аваад гарсан, тэгээд намайг болиоч гээд орилоод байхаар болисон... Туяагийн ил харагдах газар нүүрэнд нь ямар нэгэн шарх гэмтэл харагдаагүй, сүүлд нь толгой их өвдөж байна, амьсгал авахаар цээжээр өвдөөд байна гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх.40-41/

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн Г.Саналбатын: “2016.03.05-ны өдөр Туяа болон би охинтойгоо Баянзүрх дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах 38-178 тоотод байрлах Туяагийн найзын дэргэдэх хажуу өрөөг хөлслөхөөр орсон. Тэгээд өдөржингөө нүүдэл суудал хийж явсаар байгаад орой 17 цагийн үед нүүдэл суудал дуусаад Туяагийн талаас би өөрийнхөө юмыг зөөж авчирна гээд гараад явсан. Тэгчихээд Туяа орой 22-23 цагийн хооронд ирсэн. Тэгээд ирчихээд манай хүүхэд хүнд өвчтэй учир хүүхдээ хооллоод эм тариаг нь өгөөд өөрөө хоосон байсан бөгөөд би зөрж гараад хоол унд олж идье гэж Туяад хэлсэн. Тэгтэл Туяа намайг гаргаж явуулахгүй гэсэн. Маргааш өглөө нь буюу 2016.03.06-ны өглөө болоход Туяа унтаж байсан учраас сэрээгээгүй, хүүхдийнхээ хоол ундыг нь өгөөд байж байгаад хүүхэд маань эргээд унтчихлаар нь Туяад хэлбэл бас л гаргахгүй гэх юм чинь гэж бодоод 00 руу орох хооронд нь гарах гэхэд гаргахгүй гээд хувцаснаас татаад байхаар нь би

гарыг нь тавиулах гэж оролдсон бас цааш нь Туяаг түлхсэн. Гэтэл Туяа хажуугийн айлын авгайтайгаа хуйвалдаад хаалга түгжих гэж оролдож байсан. Тэгэхээр нь би тэр хаалгыг түгжүүлэхгүйн тулд Туяатай ноцолдож байгаад түүнийг хажуу тийш түлхээд тэр айлаас гараад явсан. Гэтэл Туяа араас гарч ирэхээр нь түүнд чи дандаа ингэж араас зууралддаг, би ирэх үедээ ирнэ, гарах үедээ гарна гэж хэлэхэд арай гайгүй болоод үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх.20-21/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 3272 дугаартай дүгнэлт:

  1. Ж.Туяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх.16/

 

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.26/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх.27/,

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх.28/ зэрэг болно.

 

Г.Саналбат нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны 178 тоотод иргэн Ж.Туяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Туяа, гэрч Ц.Усника нарын мэдүүлэг, шинжээчийн 3272 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

 

Хэрэг бүртгэлтэд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг бүртгэлтийн явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Г.Саналбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хохирогч Ж.Туяа нь шүүгдэгчид гомдолтой гэж байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн хуулийн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Саналбатад ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Туяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд буюу эрүүл мэндийн эмчилгээний зардалд шүүгдэгч Г.Саналбатаас 550.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Саналбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дархан овогт Ганболдын Саналбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Саналбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дүгээр зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.Саналбатад сануулсугай.

 

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Туяа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Саналбат цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.            

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,     шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Саналбатад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР