Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1159

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Оргил стар хотхон 58-96 тоотод оршин суух, Батаа овогт Өлзий-Оршихын Мөнх-Ану /РД:УЗ00281941/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг, Гурван оргил 63 дугаар байр 12 тоотод оршин суух, Харчу овогт Сүхбаатарын Хишигдаваа /РД:ШЗ76050361/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Жапан таун С-3 401 тоотод оршин суух, Батаа овогт Болдын Өлзий-Орших /РД:ЧР78091013/-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 1 давхарын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хишигдавааг буцаан тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах, охин Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч Б.Өлзий-Оршихын Хан-Уул дүүргийн Зайсангийн Гурван Оргил хотхон дахь 99.85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 дугаар давхарын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгож, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах, С.Хишигдаваагийн “Худалдаа хөгжлийн банк”-ны данс руу шилжүүлэн авсан 200 000 000 төгрөгөөс өөрт ногдох 100 000 000 төгрөг гаргуулах, 2006-2013 онуудад охин Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг, нийт 173.050.000 төгрөг буюу 113.850 ам.долларыг С.Хишигдаваагаас гаргуулах, мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, Т.Дэлгэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Хишигдаваа, Ө.Мөнх-Ану нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Хишигдаваа нь Б.Өлзий-Оршихтой 1999 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба 2000 онд охин Мөнх-Ану төрсөн. 2006 онд өөрсдийн хамтын хүч хөдөлмөр болон 2 талын ах дүү нарын мөнгөн тусламжтайгаар Жигүүр гранд группын барьж байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Нархан хотхоны В байрны 1 давхарын 18 тоотод 293 м.кв үйлчилгээний зориуралттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч Б.Өлзий-Орших, С.Хишигдаваа, Ө.Мөнх-Ану гэсэн 3 өмчлөгчийн нэр дээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар энэхүү үл хөдлөх хөрөнгийг тохижуулан Американ грилл рестораныг нээн ажиллуулж эхэлсэн. Гэвч Б.Өлзий-Орших 2007 оноос бусадтай учир ургуулж, гэр бүлийн ёс зүйг удаа дараа зөрчиж, охид хүүхнүүдтэй гэр бүлээс гадуур байнгын харьцаа үүсгэсний улмаас хоёр тийшээ болж, хамтран амьдрахаа больсон. Салахдаа охин Мөнх-Ануг өөрийн асрамжинд авч үлдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл надтай хамт амьдарч байгаа болно. Американ грилл рестораныг миний бие удирдан зохион байгуулж, үйл ажиллагааг нь явуулдаг байсан ба анх нээснээс хойш тун амжилттай ашиг орлоготой ажиллаж байсан. Ийм ч учраас тухайн үед рестораныг худалдан авах санал удаа дараа ирдэг байсан тул рестораныг худалдаж орлогыг хуваахаар тохиролцсон байсан. Гэсэн хэдий ч Б.Өлзий-Орших рестораныг өөрийн нэр дээр авч, банкинд барьцаалан зээл авч 400 000 000 төгрөгийг охин бид хоёрт төлнө гэсний дагуу миний бие нэрээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хасуулж, охин Б.Мөнх-Ану болон Б.Өлзий-Орших нар 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч хэвээр үлдсэн. Үүний дараа Б.Өлзий-Орших уг ресторан ажиллаж байсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Зоос банкнаас зээл авч, бидэнд тохиролцсон мөнгөө өгөх ёстой байсан боловч надад мэдэгдэлгүйгээр банкнаас зээлсэн мөнгөөр Жапан таунд хувьдаа орон сууц, хувьдаа хэд хэдэн автомашин худалдан авсан байсан. Дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж авсан зээлийн мөнгийг ийнхүү үрэн таран хийж байгааг мэдсэний дараа төлбөрөө төлөх гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөх эрхээ сэргээлгэх тухай удаа дараа мэдэгдэж шаардсан боловч тэрээр намайг айлган сүрдүүлж заналхийлж дарамталж байснаас үүдэн охин бид хоёр энэ асуудлыг орхихоос өөр аргагүйд хүрсэн. Үүнээс хойш тэрээр ресторан үл хөдлөх хөрөнгөөс олсон орлогоо өөр ямар хөрөнгүүд авсан нь тодорхойгүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар Б.Өлзий-Орших хамтын хөдөлмөрөөр бий болгосон рестораныг ашиггүй ажиллуулж хамтын амьдралын дүнд бий болсон хөрөнгүүдийг үрэн таран хийж байгааг олж мэдсэн юм. Дээр дурдсан рестораны зориулалттай 293 м.кв үл хөдлөх хөрөнгө, уг хөрөнгийг барьцаалж зээлсэн мөнгөөр худалдан авсан Б.Өлзий-Оршихын мэдэлд байгаа бүх хөрөнгүүд бүгд 2000 оноос хойш буюу охин Мөнх-Ануг төрснөөс хойш бий болсон хөрөнгүүд юм. Гэр бүлийн тухай хуулийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, Иргэний хуулийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж тус тус заасны дагуу охин Мөнх-Ану гэр бүлийн хөрөнгүүдийг Б.Өлзий-Оршихтой адил тэнцүү хэмжээгээр өмчлөх хамтран өмчлөгч мөн болно. Гэвч өнөөдрийн байдлаар охин Мөнх-Ану зөвхөн 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иймд охин Ө.Мөнх-Анугийн өмчлөх эрхийг хангах үүднээс дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-ийг үндэслэн Б.Өлзий-Орших, С.Хишигдаваа охин Ө.Мөнх-Ану нарын хамтын амьдралын туршид бий болсон Ө.Мөнх-Анугийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг тогтоолгох,хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдээс охин Ө.Мөнх-Ануд оногдох хэсгийг гаргуулан авах шаардлага гаргаж байна.

Мөн  2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Өлзий-Орших, С.Хишигдаваа нар хэлцэл нь хийж, С.Хишигдаваагийн нэрийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон В байр 1 давхар 18 тоотод байрлах, 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хасуулж, хариуд нь Хишигдаваад төлбөр төлөх, Б.Өлзий-Орших болон Ө.Мөнх-Ану нарын нэрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хэвээр үлдээхээр тохиролцсон байдаг. Үүний дараа Б.Өлзий-Орших дээр дурдсан 293 м.кв талбайтай дундын хөрөнгийг барьцаалан Зоос банкнаас 450 сая төгрөгийн зээлийг авсан хэдий ч хэлцэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй зээлийг хувьдаа ашиглан зарцуулж үрсэн байдаг. Ийнхүү 293 м.кв үйлчилгээний талбайтай үл хөдлөх хөрөнгө нь Б.Өлзий-Орших болон Ө.Мөнх-Ану нарын дундын өмчлөлд үлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл энэхүү хөрөнгийг зөвхөн Б.Өлзий-Орших дангаараа рестораны зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж орлого олсоор ирсэн. Хариуцагч Б.Өлзий-Орших анхандаа хуучин нэр болох Американ грилл нэрээр ресторанаа ажиллуулж байсан бол дараагаар нь рестораны нэрийг өөрчилж Мүүзи /Moose/ нэртэй болгож өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Мөн сүүлийн үед хариуцагч Б.Өлзий-Орших нь уг дундын хөрөнгийг бусдад түрээслүүлж орлого олж байгаа юм. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дундаа хамтран өмчлөгчид тэнцүү хэмжээгээр хуваан авах эрхтэй. Тиймээс 2009 оны 3 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд дундын өмчлөлийн хөрөнгө олсон орлого мөн уг хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиглуулснаас олсон орлогоос хамтран өмчлөх Ө.Мөнх-Ану нь Б.Өлзий-Оршихтой тэнцүү хэмжээгээр хувь хүртэх эрхтэй болно. Мөн түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд хариуцагч Б.Өлзий-Орших өөрийн охин Мөнх-Ануг тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар охин Мөнх-Ануд 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоолгож, эцэг Б.Өлзий-Оршихоор төлүүлэх, 2009 оны 3 дугаар сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл нийт 65 сарын хугацаанд дундын өмчлөлийн хөрөнгө болох Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө Нархан хотхоны В байр 1 давхар 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үд хөдлөх хөрөнгийг рестораны зориулалтаар ашигласнаас олсон нийт орлогоос  хамтран өмчлөгч Ө.Мөнх-Ануд ногдох хэсгийг Б.Өлзий-Оршихоос гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмлэгч Ө.Мөнх-Ану нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч С.Хишигдаваа 2008 оноос хойшхи хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхарын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хишигдавааг буцаан тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Хишигдавааг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна  гэв.

 

Хариуцагч Б.Өлзий-Орших шүүхэд гаргасан тайлбар болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Хишигдаваатай 1999 онд танилцсан. Ингээд 11 сард Япон улсад байж байтал С.Хишигдаваа нь өөрөө “Чиний араас ирсэн Токиод байна, таних хүн байхгүй, мөнгө байхгүй” гээд утсаар ярьсан. Б.Өлзий-Орших найзтайгаа хамт очиж уулзахад “надад очих газар байхгүй” гээд дагаад уйлж унжаад байхаар нь аргагүйн эрхэнд хүний газар эмэгтэй хүнийг ганцааранг нь орхиж чадалгүй дагуулан явж,  байдаг байсан айлдаа аваачсан. Японд 9 сар хамт амьдарч 2000 оны 8 дугаар сард охин Ө.Мөнх-Ану төрсөн. Ингээд Б.Өлзий-Орших Монгол явсан, С.Хишигдаваа Японд үлдсэн. Бид албан ёсоор гэрлээгүй, хамтын амьдрал ч байгаагүй. Дараа нь Б.Өлзий-Орших 2004 онд АНУ явсан гэтэл 2005 оны 6 дугаар сард С.Хишигдаваа Монголд ирээд ч 2 гэрийн хооронд жил хүрэхгүй хугацаанд нааш цаашаа амьдарсан. Нэхэмжлэлдээ дурдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон В байр 1 давхар 18 тоот 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2007 онд хариуцагч Жигүүр гранд ХХК-иас 160,000 ам.доллараар худалдан авсан. Энэ хөрөнгийг худалдан авахад С.Хишигдаваа нэг ч төгрөг төлөөгүй би өөрийн цуглуулсан хөрөнгөөр худалдан авсан. Харин Хишигдаваа миний араар гүйж яваад захиалгын гэрээнд өөрийнхөө нэрийг надад мэдэгдэлгүй оруулсан байсныг сүүлд гэрчилгээ гарахад мэдсэн. Гэсэн ч уг үл хөдлөх эд хөрөнгөөс С.Хишигдаваа болон охин Ө.Мөнх-Ану нарт оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр буюу 100 000 ам.доллараар өгсөн. Охин Ө.Мөнх-Ануд Зайсанд 100 м.кв3 өрөө орон сууц 120 000 000 төгрөгөөр авч, 40 000 000 төгрөгөөр тохижуулан өгсөн. 2006-2012 онд охины сургалтын төлбөрт 50 000 000 төгрөг төлсөн. С.Хишигдаваа нь хариуцагч өөрийг нь дарамталдаг байсан гэж гүтгэж байна, харин ч охиндоо сайн ханддагийг ашиглан түүнийг дарамталж байж Гранд плаза төвийн 1 давхарт 160 000 ам.доллараар авсан талбайг /одоо Сараана нэртэй кофе шоп/ 2009 онд өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Тус кофе шопд 70 000 000 төгрөгийн тохижилт хийж өгсөн. Мөн л дээрх аргаар надаас дахин Гранд плаза төвийн 4 давхарт 53 м.кв үйлчилгээний талбайг авсан. Энэ талбайг 95,955 ам.доллараар худалдаж авсан. Дээрх хөрөнгүүдийг худалдаж авахын тулд Б.Өлзий-Орших өр зээлэнд дарагдаж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Нархан хотхоны В байрны 18 тоотод орших 293 м.кв үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авсаны улмаас охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч хамтын хөдөлмөрөөр бий болсон ресторан гэж бичсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. С.Хишигдаваагийн дурдсан 99-44 УНГ улсын дугаартай Benz G55 маркийн автомашиныг 2010 онд зараад 06-66 УНУ улсын дугаартай Lexus-570 автомашиныг авсан, энэ автомашиныг 2012 онд зараад 66-65 УБМ улсын дугаартай Toyota land Cruiser 200 маркийн автомашин авсан одоо унаж байгаа. 78-27 УНН улсын дугаартай Toyota land Cruiser машиныг 2010 онд аваад 2012 онд зарсан. 09-57 УНО улсын дугаартай Toyota Crown болон 03/24 УНО улсын дугаартай Портер машинууд нь хамаатны ах Даваацэрэн болон түүний хүү Б.Даваа нарын өмч юм. Нэхэмжлэгч нь Зоос банкнаас авсан 400 000 000 төгрөгийн зээлээр намайг Жапан таунд байр авсан гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Энэ байрыг одоогийн эхнэртэйгээ суухад манай ар гэрийнхэн надад авч өгсөн. С.Хишигдаваатай анх танилцахад Сарны титэм худалдааны төвд манай хажуугийн лангуун дээр суудаг байсан. Түүнтэй үерхэж байгаагүй. Өөрөө л намайг дагаж гүйгээд байдаг байсан. Түүнд би ингэж болохгүй гэж хэлж байсан боловч зогсоогүй. Ингээд намайг Японд байхад миний араас “Кюкшюзан Батбаяраар виз гаргуулсан. Чиний араас ирлээ, надад мөнгө байхгүй, таних хүн байхгүй” гэж удаа дараа утасдаад байхаар нь би найз Сүхболдын хамт очиж авсан. Шаардлагатай тохиолдолд гэрчээр асуух боломжтой. С.Хишигдаваа нь 13 дугаар хороололд 1 өрөө байртай байсан нь үнэн гэхдээ энэ байраа зараад мөнгийг нь яасныг мэдэхгүй. 2000 онд би өөрийн барьж байсан улаан өнгийн BMW-318 машинаар Богдхангай хоолны газрын хажууд 1 өрөө байр сольж авсан. Эрэлийн 46 дугаар байрны 110 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг мөн л өөрийн өмчлөлийн 3 байрыг зарж авсан. Үүнд 13 дугаар хорооллын 108 м.кв 3 өрөө байр, Баянбүрдийн 9 давхарын 2 өрөө байр, Богдхангайн хажууд байрлах 1 өрөө байруудыг зарж авсан. С.Хишигдаваа ямар ч мөнгө оруулаагүй. Энэ хүнд мөнгө ч байгаагүй. Би 10 настайгаасаа ээжийгээ дагаж Дэнжийн 1000 дах зах дээр наймаа хийж мөнгөн хуримтлалтай болсон байсан. Гэрчлэх хүмүүс олон байгаа. С.Хишигдаваа 2005 онд оддын хотхонд хамтдаа байр авсан гэж худал бичжээ. Гэтэл энэ байрыг намайг Америкт байхад ээж Наранцог 2003 онд дөнгөж баригдаж эхэлж байхад нь миний нэр дээр захиалж авч байсан. 2005 онд “Американ грилл” рестораны 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад ARMADA автомашин оролцуулан худалдан аваагүй. Энэ машиныг Гранд плазагаас машин авахад оролцуулж байсан. Уг машин С.Хишигдаваад огт хамааралгүй. Миний АНУ-аас оруулж ирсэн машин юм. Үүнийг Жигүүр гранд группийн захиал Баттөр нотолно. Энэ рестораныг авахад С.Хишигдаваагаас мөн л нэг ч төгрөг оролцуулаагүй. С.Хишигдаваа өөрийн дүү С.Даваатөгсөөс 45000 ам.доллар зээлж авсан гэж бичжээ. Энэ мөнгөний талаар огт мэдэхгүй, аваагүй, ресторанд зарцуулаагүй. Харин С.Даваатөгсийн нэр дээрх Баянгол дүүргийн Эрэлийн 46 дугаар байрны 2 өрөө орон сууцыг худалдаж мөнгийг нь рестораны засварт ашигласан. Буцааж өгөхдөө Зайсангийн 62 дугаар байранд 2 өоөө байр авч өгсөн. Эгч Нямгэрэлээс нь 14 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлээд 15 сая төгрөг болгон хугацаанд нь буцааж өгсөн. Энэ бүх мөнгийг би төлсөн. Хурд группээс Гурван Оргил хотхон дахь 99,85 м.кв 3 өрөө байрыг захиалахад рестораны ашгаас урьдчилгаа төлөх ямар ч боломжгүй байсан. Учир нь ресторан үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан. Харин би Д.Баасанхүүгийн өмчлөлийн 1 дүгээр хороолол 2 дугаар байрны 349 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж Анод банкнаас 30000 ам.доллар зээлж урьдчилгааг төлөн захиалсан. Бүх төлбөрийг нь би төлж дуусгасан. Уг байрыг охиндоо өгсөн. Гранд плазагийн 1 давхарын Сараана кофе шопийг авахад би өөрийн захиалан авсан нэг давхарын 32 м.кв маш гоё байрлалтай талбайг 75000 ам.доллараар зарж мөнгийг нь С.Хишигдаваад өгсөн. Мөн урьдчилгаанд 10000 ам.доллар болон 60-66 улсын дугаартай BMW машиныг зарж 58 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс гадна Гранд плаза төвийн 3 давхарын 55 м.кв үйлчилгээний талбайг иргэн Хуланд 45000 ам.доллараар зарж Хишигдаваа Хулангаас мөнгийг нь миний хажууд тоолж авсан. С.Хишигдаваа нь банкнаас зээл аваад өгөөгүй гэж бичсэн нь бас үндэслэлгүй. 2009 оны Зоос банкнаас 450 000 000 төгрөгийн зээл аваад Хишигдаваад бэлнээр 100 000 ам.долларыг өгсөн. Мөн охин Мөнх-Ануд өгч Хишигдаваагийн нэр дээр шилжүүлсэн орон сууцны үлдэгдэл төлбөр 28000 ам.долларыг өгсөн. Үлдсэн хэсгээр нь рестораныг засаж шинэчилсэн. Энэ зээлийг 700 000 000 гаруй төгрөг болгон төлж дуусгасан.   Анх энэ зээлийг авахдаа төсөл хэрэгжүүлэхээр авсан боловч тал мөнгийг нь С.Хишигдаваад өгсөнөөс төслөө хэрэгжүүлэх боломжгүй болж, үлдсэн мөнгийг нь рестораны засварт хэрэглэсэн. Машинуудын хувьд бол ийм олон машин ч байхгүй анхнаасаа миний унаж байсан бүх машинуудыг бичжээ. Нэгийг нь зараад дараагийнхийг нь авч унаж байснаас нэг зэрэг ийм олон машинтай байгаагүй. Машин авахад Хишигдаваагийн оролцоо байхгүй. Хишигдаваатай танилцахаас өмнө л би машинтай, машины наймаа хийдэг байсан. Жапантавн /Japantown/-ны байрны хувьд С.Хишигдаваад хамаарах зүйл огт байхгүй. С.Хишигдаваад Гранд плаза төвд тус бүр нь 55 м.кв талбайтай, нийт 98000 ам.долларын үнэтэй 2 хэсэг үйлчилгээний талбайг өгсөн. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 21Б байр 1 давхарын 18 тоот 293 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч С.Хишигдаваа болон Мөнх-Ану нарын хувьд ногдох хэсэг болох 100 000 ам.долларыг 2009 оны 2 дугаар сард С.Хишигдаваад бэлнээр өгсөн. С.Хишигдаваа нь маш шуналтай, худалч хүн тул түүнтэй амьдрах боломжгүй байсан. Ресторан дээр байхдаа картаар тооцоо хийсэн бүх мөнгийг өөрийн картын данс руу шилжүүлэн авдаг байсан. Энэ мөнгө нь багцаагаар 200 сая орчим төгрөг болж байгаа. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа дандаа миний араар гүйж очиж өөрийн нэрээ оруулдаг байсныг хэд хэдэн удаа хасуулж байсан. Дээрх өгсөн хөрөнгийг охин Мөнх-Анугийн амьдралын баталгааг бодож ээжийнх нь нэр дээр шилжүүлэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Өлзий-Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайалбартаа:Б.Өлзий-Орших нь  С.Хишигдаваатай 1999 онд танилцсан. Тогтсон хамтын амьдралтай байгаагүй 2 гэрийн хооронд л байдаг байсан. Бидний дундаас 2000 оны 8 дугаар сард охин Ө.Мөнх-Ану төрсөн. 2007 оноос хойш С.Хишигдаваатай хамтран амьдрахаа больсон, охинтойгоо уулздаг, сургалтын төлбөрийг төлж хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангадаг. Би өөрийн 20 гаруй жилийн хөдөлмөрөөр бий болгосон эд хөрөнгийн 90 гаруй хувийг ирээдүйн амьдралын баталгааг нь бодон охин Ө.Мөнх-Ануд бэлэглэж асран хамгаалагч эх С.Хишигдаваагийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнд. Хан-Уул дүүргийн Зайсангийн Гурван Оргил хотхон дахь 99,85 м.кв 3 өрөө орон сууц, 120,000,000 төгрөгөөр худалдан авч 40,000 ам.доллараар засвар тохижилт хийж өгсөн. Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шопыг тухайн үед 160,000 ам.доллараар авч өгсөн. Гранд плаза төвд 55 м.кв үйлчилгээний талбайг 49,000 ам.доллараар авч өгсөн. Мөн одоо миний өмчлөлд байгаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон В байрны 18 тоотод орших үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 160,000 ам.доллараар худалдан авч С.Хишигдаваа, охин Ө.Мөнх-Ану нарын ногдох хэсэг буюу 100,000 ам.долларыг бэлнээр гарган өгч гэрчилгээнээс нэрийг хасуулахаар нотариат дээр очиход С.Хишигдаваа нь охиноо хасуулахгүй байхыг гуйж гувшиж би зөвшөөрсөн. Хэтэрхий шуналд автан хүүхдээр далайлгаж надад үлдсэн цорын ганц үл хөдлөх хөрөнгөөс хувьд ногдох хэсгээ тогтоолгож авна гэж увайгүй аашилж байгаад нь гомдож өөрийн бий болгон шилжүүлж өгсөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд хамтран өмчлөгчөөр тогтоолгон, хувьд ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй тул намайг Хан-Уул дүүрэг Зайсангийн ГурванОргил хотхон дахь 99,85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 давхарын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоож эдгээрээс ногдох 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар, /С.Хишигдаваа нь энэ хөрөнгүүдийг авахад нэг ч төгрөг оролцуулаагүй тул хамтран өмчлөх эрхгүй гэж үзэж байна./ С.Хишигдаваа нь 2007-2009 онуудад “Американ грилл” ресторан дээр ажиллаж байхдаа өөрийн Худалдаа хөгжлийн банкны данс руу их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгөний хэмжээг тогтоолгон өөрт ногдох хэсгийг/энэ мөнгийг нь багцаагаар 200 000 000 төгрөг. Үүнээс миний хувьд ногдох хэсэг буюу 100 000 000 төгрөг/. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу 2006-2013 онуудад охин Мөнх-Анугийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар, 13 050 000 төгрөг, нийт 173 050 000 төгрөг, 113 850 ам.долларыг С.Хишигдаваагаас нэхэмжилж байна. Мөн нэгэнт охин Мөнх-Анугийн хувьд ногдох хэсгийг өгсөн тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны В байрны 18 тоотод орших үйлчилгээний зориулалттай 293 м.кв үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчээс нэрийг нь хасуулах нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

Би 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зоос банкнаас авсан 450 000 000 төгрөгийн зээл авсан. Миний бие зээлийг дангаараа төлж барагдуулсан ба С.Хишигдаваа нь хамтран зээлдэгч бөгөөд уг зээлээс их хэмжээний мөнгө бэлнээр авч үр шимийг нь одоо ч хүртсээр яваа. Иймд Зоос банктай хийсэн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 тоот Зээл болон барьцааны гэрээний хууль ёсны хамтран зээлдэгч С.Хишигдаваагаас өөрийн дангаараа төлсөн 400,982,342 төгрөгийн 50 хувь буюу С.Хишигдаваагийн хариуцан төлөх ёстой байсан 200,491,171 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Өлзий-Орших нь Зоос банкнаас авсан 450 сая төгрөгийн зээлийн 50 хувийг С.Хишигдаваа хариуцан төлөх ёстой байсан гэж огт үндэслэлгүй шаардлага гаргасан байна. Тодруулбал 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зоос банкнаас 450 000 000 төгрөгийн зээл олгох 02 тоот Зээлийн гэрээ /Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл/-ийг “САЙФУ” ХХК-тай байгуулсан байдаг. Энэхүү 450 сая төгрөгийн зээлийн гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан тул гэрээнд “САЙФУ” ХХК-иийн захирал Б.Өлзий-Орших болон тухайн үед компанийн гишүүн буюу хувьцаа эзэмшигч байсан С.Хишигдаваа нар гарын үсэг зурсан. Энэхүү зээлийг банкнаас авсаны дараа хариуцагч Б.Өлзий-Орших нь хувьдаа болон ах дүү нартай байр, орон сууц, автомашин худалдан авч зээлийг зориулалтын бусаар зарцуулж эхэлсэн тул С.Хишигдаваа арга буюу “САЙФУ” ХХК-ийн гишүүнээс гарсан байдаг. Үүнийг Б.Өлзий-Орших бүрэн зөвшөөрч, хурлын тэмдэглэл үйлдэж, С.Хишигдавааг хувьцаа эзэмшигчээс хасах хүсэлтийг 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн  бүртгэлийн газарт өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул С.Хишигдаваа нь “САЙФУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон. Мөн түүнчлэн С.Хишигдаваа компанийн хувьцаа эзэмшигч биш болсонтой холбогдуулан Б.Өлзий-Орших “...Би өөрийн компанийн ашиг орлогоор Зоос банкнаас авсан зээлээ төлж барагдуулах бөгөөд уг зээл болон компанийн ямар нэгэн үүрэг хариуцлагыг миний бие бүрэн хариуцна. Компанийн үйл ажиллагаа болон зээлд С.Хишигдаваа ямар ч хариуцлага хүлээхгүй болохыг баталж байна” гэсэн баталгаа бүхий “САЙФУ” ХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №110 тоот албан бичгийг үйлдсэн байдаг. Иймд 450 сая төгрөгийг Зоос банкнаас зээлсэн “САЙФУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу хамтран зээлдэгч нь С.Хишигдаваа биш тул “САЙФУ” ХХК-ийн нэр дээр авсан зээл, бусдад төлөх өр төлбөр болон бусад аливаа үүргийг С.Хишигдаваа хариуцахгүй, “САЙФУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал болох Б.Өлзий-Орших бүрэн хариуцах үүрэгтэй болно. Б.Өлзий-Орших хамтран өмчлөх дундын өмчлөлд байсан Американ грилл рестораныг барьцаалж авсан 450 сая төгрөгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зарцуулж, үрэн таран хийсэн хууль бус үйлдлээ С.Хишигдаваад хамаатуулах гэж ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь огт үндэслэлгүй. Иймээс хариуцагч Б.Өлзий-Оршихын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Американ грилл ресторан нь 2009 оныг хүртэл маш их ашигтай ажиллаж байсан тухай гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг бөгөөд энэ үед талууд олсон ашгаа хуримтлуулж Гранд плазагийн 4 давхарт байрлах 112,83 м.кв талбайг худалдан авсан байгаа. Тус талбай нь талуудын дундын өмчлөлийнх байсан болохыг барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээнд 2 тал гарын үсэг зурсан үйл баримт мөн гэрч Хулангийн мэдүүлгээс харж болох бөгөөд тус талбайн 55 м.кв-г С.Даваатөгсөд зээлийн төлбөр болгон эргүүлэн өгсөн байдаг. Дундын өмчлөлийн талбайг Хуланд худалдсан үйл баримтаас мөн 45,000 ам.долларыг Хишигдаваад өгч, 50,000 ам.долларт нь автомашин тооцож уг  автомашиныг Б. Өлзий-Оршиход өгснөөс үзвэл талбайг худалдсан орлогыг талууд нь 2 хувааж авсан болох нь тодорхой байна. Ингээд Хишигдаваа нь 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сараана кофе шопыг худалдан авах гэрээ байгуулж Хас банк, өөрийн найз Ундрам, мөн бусад найз нөхдөөсөө мөнгө зээлж Сараана кофе шопыг ажиллуулж эхэлсэн байдаг бөгөөд шөнийн цагаар давхар ажил хийж өрөө барагдуулсаныг нь болон Б.Өлзий-Оршихын хувь нэмэр байхгүй болохыг гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогддог.Б.Өлзий-Орших сөрөг нэхэмжлэлдээ Сараана кофе шопыг миний хөрөнгөөр худалдан авсан гэдэг боловч үүнийгээ нотлох нэг ч нотлох баримтыг гарган өгөөгүй байдаг тиймээс С.Хишигдаваа нь Сараана кофе шопийн хууль ёсны цорын ганц өмчлөгч мөн бөгөөд Б.Өлзий-Орших уг хөрөнгийг худалдан авахад аливаа хэлбэрээр оролцоогүй, оролцсон гэдгээ өөрөө нотолж чадахгүй байна. Иймд Сараана кофе шопийн ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна. Мөн С.Хишигдаваа нь Американ грилл рестораныг ашигтай ажиллуулж байсан ба 2007 оны сүүлээр Хурд группын Гурван оргил хотхонд 99,85 м.кв талбайтай  өрөө орон сууцыг урьдчилгаа төлж захиалсан. Энэ хугацаанд Б.Өлзий-Орших нь ресторанд ажилладаггүй байсны зэрэгцээ эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд бусадтай учир ургуулж, гэр бүлийн ёс зүйг удаа дараа зөрчиж, охид хүүхнүүдтэй гэр бүлээс гадуур байнгын харьцаа үүсгэсэн байсныг Хишигдаваа 2007 оны 7 дугаар сард олж мэдэж 2008 онд Хишигдаваа охиноо дагуулан тусдаа амьдрах болсон. Тэд тусдаа амьдраад удсаны дараа 2008 оны 7 дугаар сард Хурд группын Гурван оргил хотхон дахь байр ашиглалтанд орсон боловч 20 сая төгрөгийн зээл үлдсэн байсан тул С.Хишигдаваа өөрийн найз Ундармаагаас мөнгө зээлж байраа авсан. Энэ байрыг авахад Б.Өлзий-Орших ямар нэгэн мөнгө төлөөгүй, засвар тохижуулалт хийгээгүй байдаг. Мөн С.Хишигдаваа, Б.Өлзий-Орших нарын хувьд орон сууц хамтран худалдаж авахдаа үргэлж гэрээнд хамт гарын үсэг зурдаг байсан ба хамтран зураагүй байсан ч дундын өмчлөлийн эрх хэмээн бичүүлдэг байсан нь бусад нотлох баримтаас харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хэн хэн нь хөрөнгө оруулсан тохиолдолд заавал хамтран өмчлөгчөөр бүртгүүлдэг байсан ба Сараана кофе шоп, Хан-Уул дүүрэг Хурдын 3 Оргил хотхон, 99,85 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хувьд зөвхөн С.Хишигдаваа гэрээ байгуулан өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа нь тэдгээрийн цорын ганц өмчлөгч бөгөөд зөвхөн өөрийн олсон хөрөнгөөр олж авсан болохыг харуулж байгаа юм. Хариуцагчийн хувьд Гурван оргил хотхоны 3 өрөө орон сууц Сараана кофе шопод хөрөнгө оруулалт хийсэн гэдэг тайлбарыг гарган өгдөг боловч ийнхүү хөрөнгө оруулалт хийснээ нотлох баримтыг огт гарган өгдөггүй. Харин нэхэмжлэгчийн хувьд эдгээр хөрөнгүүдийн өөрийн хөрөнгөөр авсан гэдгээ нотлох баримтууд, өөрийн орлогын эх үүсвэрийг нотолсон баримтуудыг шүүхэд гарган өгсөн болно.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан 55 м.кв талбай нь талуудын анх дундын өмчлөлийн хөрөнгө болох Американ грилл рестораны үйл ажиллагааны орлогоор авсан Гранд плазагийн 112 м.кв талбайг 2 хувааж С.Даваатөгсөд шилжүүлсэн талбай юм. Уг талбайг талууд 2006 онд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон В байрны 1 давхрын 18 тоотод 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа С.Даваатөгсөөс зээлсэн мөнгө болон түүний орон сууцыг заруулж авсан мөнгөндөө тооцож шилжүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан С.Даваатөгсийн мэдүүлэг болон талуудын Жигүүр гранд ХХК-л гаргасан талбай шилжүүлэх хүсэлтээр тус тус нотлогддог. Тиймээс уг талбай С.Даваатөгсийн өмч тул хариуцагч уг талбайгаас өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

С.Хишигдаваагийн рестораны ашгаас авсан гэх 200 000 000 төгрөгийн 50 хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгчийн картаар орсон рестораны үйл ажиллагааны орлогыг нэхэмжлэгч бүгдийг нь авсан бөгөөд үүний 50 хувь буюу 100 000 000 төгрөгийг хариуцагч авах ёстой гэсэн байна. 2007 оноос эхлэн рестораны картаар хийсэн орлогын гүйлгээ нь нэхэмжлэгчийн картанд ордог байсан. Тухайн үед компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан цорын ганц этгээд нь С.Хишигдаваа байсан тул компанийн нэр дээр данс нээлгэлгүй түүний хувийн дансанд рестораны бэлэн бус гүйлгээ орж байсан. Үүнийг Б.Өлзий-Орших мэдэж байсан. С.Хишигдаваа өөрийн картаар орсон рестораны орлогыг эргэн бэлэн мөнгөөр гаргаж, рестораны үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан. Үүнийг түүний дансны хуулгаас бэлэн гаргасан зарлагын гүйлгээнүүд болон гэрч Оюун-Эрдэнийн мэдүүлгээр нотолдог. Түүнчлэн 2007 онд зохигчид хамтын амьдралтай байсан тул гэр бүлийн хэрэгцээнд мөн уг орлогоос хэрэглэдэг байсан тухайн үед хариуцагч эрхэлсэн ажилгүй байсан тул зөвхөн рестораны орлогоор амьдралаа залгуулж байсан. Тиймээс уг картаар орж ирсэн рестораны орлогыг С.Хишигдаваа хувьдаа зөвхөн өөрийн хэрэгцээнд ашигласан зүйл байхгүй. 2008 оноос хойш дундын өмчлөлийн  хөрөнгийг зөвхөн хариуцагч ашиглаж, өөрийн компанийн үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд нэхэмжлэгч нарт дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласны төлбөр огт төлдөггүй байсан. Тиймээс уг картаар орж ирсэн рестораны орлогыг дундын өмчлөлийн хөрөнгийг ашигласнаас олсон үр шимд тооцож нэхэмжлэгч нарт өгсөн гэж үзэж байна. Хариуцагч 2009 оныг дуустал нэхэмжлэгчийн хувийн картаар рестораны бэлэн бус орлого ордог гэдгийг мэдэж байсан боловч зогсоогоогүй нь өөрийн үйлдлээр уг орлогыг нэхэмжлэгч нарт өгөхийг зөвшөөрсөн гэж ойлгогдож байна. Түүнчлэн хариуцагчийн нэхэмжилж буй 100 000 000 төгрөг нь хэрхэн бодож гарч ирсэн дүн болох мөн рестораны ашиг гэж үзэж байгаа бол үүнийгээ нотолсон санхүүгийн холбогдох баримтуудыг мөн гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гарган өгөөгүй байна. Тиймээс С.Хишигдаваагийн рестораны ашгаас авсан гэх 200 000 000 төгрөгийн 50 хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Д.Мөнх-Анугийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 13 050 000 төгрөг, 9350 ам.долларыг С.Хишигдаваагаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг эх, хүүхдээ сурган хүмүүжүүлэхэд эрх тэгш оролцох үүрэгтэй. Хишигдаваа 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрөө охиноо өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд үүнд Өлзий-Оршихын оролцоо байхгүй. Сөрөг нэхэмжлэлд 2006-2013 оны охины сургалтын төлбөрийг зөвхөн хариуцагч төлж байсан гэсэн байна. Үүнийгээ Американ скүүлээс Б.Өлзий-Оршиход хандан гаргаж өгсөн албан бичгээр л нотлогдог. Энэ нь хангалттай нотлох баримт болохгүй байна. 2006 оноос 2008 оны хооронд зохигчид хамтран амьдарч байсан хугацаа бөгөөд охины сургалтын төлбөрийг Американ грилл рестораны орлогоос төлдөг байсан. Түүнчлэн 2009-2013 оны хооронд төлбөрийг мөн адил тус рестораны орлогоос л төлдөг байсан. Тиймээс С.Хишигдаваагийн хувьд хүүдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж, өөрөө ажиллаж , хөлс хүчээрээ босгосон рестораны үйл ажиллагаанаас охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн байх тул эцэг, эхийн үүргээ эрх тэгш байтугай давуулан биелүүлж байгаа гэж үзэж байна. Тиймээс Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 13 050 000 төгрөг, 9350 ам.долларыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Ө.Мөнх-Ануд дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг өгсөн тул хамтран өмчлөгчөөс хасуулж өгнө үү гэжээ. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд зааснаар Ө.Мөнх-Ану, Б.Өлзий-Орших нарын хооронд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хийгдсэн аливаа гэрээ, хэлцэл огт байхгүй байна. Тиймээс Ө.Мөнх-Ануг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Нархан хотхоны В байрны 1 давхарын 18 тоотод 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасах хууль эрх зүйн үндэслэл бий болоогүй буюу уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрэн үндэслэлгүй байна.

Зоос банкнаас авсан 450 000 000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч С.Хишигдаваагаас зээлийн 50 хувь болох 200 491 171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Зээлийн гэрээний зээлдэгч нь “Сайфу” ХХК байх тул уг зээлийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд нь тус компани байна. Хавтаст хэрэгт авагдсан “Сайфу” ХХК-ийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлын протоколоор Хишигдаваа нь компанийн хувьцаа эзэмшигчээс гарсан байдаг ба компаниас улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигчээс хасуулах тухай хүсэлт болон тус компаний улсын бүртгэлийн гэрчилгээнээс тус компанийг нэг гишүүнтэй болсоныг харж болно. Түүнчлэн 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өлзий-Орших “Зоос банкнаас авсан зээлээ төлж барагдуулах бөгөөд уг зээл болон “Сайфу” ХХК-ийн ямар нэг хариуцлагыг миний бие бүрэн хариуцна” гэсэн баталгаа гаргасан байдаг бөгөөд уг баталгаа нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн Зоос банкны 118 дугаар салбарт “Зоос банкнаас авсан зээл болон зээлийн хүүг Б.Өлзий-Орших би өөрөө хариуцан төлж барагдуулах тул зээлийн гэрээнээс Хишигдаваагийн нэрийг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байдаг нь ч хавтаст хэрэгт авагдсан болно. Тиймээс Хишигдаваа нь уг зээлийн гэрээний зээлдэгч байх, зээлийн төлөлтийг хариуцах ямар ч хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч С.Хишигдаваа, Ө.Мөнх-Ану нар нь хариуцагч Б.Өлзий-Оршихт холбогдуулан Ө.Мөнх-Ануд 2008 оноос хойшхи хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхарын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хишигдавааг буцаан тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Хишигдавааг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах,  шүүхээс тогтоосон хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдээс С.Хишигдаваа болон Ө.Мөнх-Ану нарт ногдох хэсгийг гаргуулах, дээрх үл хөдлөх хөрөнгийн олсон ашиг болох нийт 66 666 666 төгрөг гаргуулах, охин Ө.Мөнх-Анугийн 2013 оноос хойшхи сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөг гаргуулах, дундын өмчлөлийн эрхийг хүчингүй болгож, ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

      

        Нэхэмжлэгч Ө.Мөнх-Ану хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдээс оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж,

 

        Нэхэмжлэгч С.Хишигдаваа нь 2008 оноос хойшхи хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхарын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хишигдавааг буцаан тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр С.Хишигдавааг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

          Маргааны зүйл болж буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 000042835 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаарт бүртгэгдэж 2008 оны 2 дугаар сарын 29-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

        Зохигчид хамтран амьдрах хугацаанд бий болсон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр олж авч, хамтран өмчлөхөөр харилцан тохиролцож, улсын бүртгэлд гурван иргэний өмчөөр бүртгүүлснийг хэлцлийн үндсэн дээр үүссэн дундын өмч гэж үзэхээр байна.

         Хариуцагч Б.Өлзий-Орших, нэхэмжлэгч С.Хишигдаваа нар маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг  2009 оны 3 дугаар сарын 4 өдөр харилцан тохиролцож өмчлөгч С.Хишигдавааг хамтран өмчлөгчөөс хасуулахаар хэлцэл байгуулж, хэлцлийн дагуу өмчлөгч  С.Хишигдаваа хасагдан Б.Өлзий-Орших, Ө.Мөнх-Ану нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009350 дугаарт бүртгэгдэж 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гэрчилгээ олгогджээ.

 

         2009 оны 3 дугаар сарын 4 өдрийн хэлцлээр С.Хишигдаваа нэрээ татаж авсны дараа 100 000 ам долларыг Б.Өлзий-Орших 2009 оны 4 дүгээр сарын 4-ний дотор С.Хишигдаваад төлөх, Гранд Плазад худалдан авсан талбайн үлдэгдэл 13 000 ам долларыг төлөх, С.Хишигдаваад шилжүүлсэн орон сууцны төлбөрт С.Хишигдаваагийн зээлсэн 27 800 ам долларыг Өнөрцэцэгт төлж барагдуулах үүргийг Б.Өлзий-Орших хүлээсэн байна./хх-1 хавтас, 23 тал/

 

       Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг дүгнэхэд  2009 оны 3 дугаар сарын 14 өдөр байгуулсан талуудын хэлцлийн зүйл нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байх ба хэлцлээр Ё.Хишигдаваа нэрээ татаж авсны дараа гэх агуулга нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч  С.Хишигдаваа нэрээ хасуулахаар тохиролцсон байна.

 

 

 

 

Зохигчдын хооронд үүссэн харилцаа буюу байгуулсан хэлцэл үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан байна.

          Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. , 76.2. -т заажээ.

 

          Дээр дурдсан хэлцлийн дагуу нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ биелүүлэх, эрхээ зөрчигдсөн талаар хариуцагчид 2009 оны 5 сарын 12-ны өдөр мэдэгдсэн мэдэгдэл  хүргүүлснээр нэхэмжлэгч талын эрх ашиг зөрчигдсөн гэж шүүх үзсэн бөгөөд ийнхүү шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

         Хариуцагч Б.Өлзий-Орших дээрх хэлцлийн дагуу 10 000 ам долларыг 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлж, хэлцлээр тохиролцсон бусад үүргүүдээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч С.Хишигдаваа 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагч Б.Өлзий-Оршихд мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь уг нотлох баримтуудыг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухайгаа хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж шүүх үзлээ. /хх-1 хавтас 27 тал, 2 хавтас 352,353 тал/

         Учир нь зохигчдын хооронд байгуулсан хэлцэл ёсоор үүрэг гүйцэтгэгч Б.Өлзий-Орших 2009 оны 4 дүгээр сарын 4-ны дотор хэлцлээр тохиролцсон мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай боловч хариуцагчийн зүгээс үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

Хариуцагч уг хэлцлийн дагуу нэхэмжлэгчид төлбөрийг төлсөн гэж маргаж, татгалзлаа нотлохоор  ээж Б.Наранцог, нагац эгч Б.Аюуш, найз Д.Батжаргал нараас авахуулсан гэрчийн мэдүүлэг, Х.Одмаа, С.Намжилням нарын гэрчийн мэдүүлгүүдээр зөрүүтэй бие биеэ үгүйсгэсэн байх тул гэрч Б.Наранцог, Б.Аюуш, Д.Батжаргал нарын мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй учраас гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүх үнэлэх боломжгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. / 3 хавтас хэргийн  175, 178, 180, 4 хавтас хэргийн -197, 198 /

Мөн хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

Иймд, хариуцагч Б.Өлзий-Орших 2009 оны 04 дүгээр сарын 4-ны дотор хэлцлээр тохиролцсон мөнгөн төлбөр төлөх тухай  хэлцэлд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч С.Хишигдаваагийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл хариуцагч Б.Өлзий-Орших уг хэлцлийн дагуу үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй тул маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс нэрээ хасуулахаас татгалзаж, хамтран өмчлөгчөөр буцаан тогтоолгохоор нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан  байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч нь татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул татгалзах нь үндэслэлгүй гэж тайлбарлаж буй нь хуульд үл нийцнэ. Гэрээний чөлөөт байдлын дагуу гэрээ, хэлцэл байгуулсан талууд хэдий ч хуульд заасан аргаар, хуулийн дагуу гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нь гэрээний талуудын эрх юм. Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нь нэхэмжлэлийн шаардлага биш өөрөөр хэлбэл бие даасан шаардах эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзах нь бие даасан шаардах эрх биш, шүүх гэрээ цуцлах, гэрээ татгалзах эрхийг хэрэгжүүлэх нь гэрээний чөлөөт байдалд үл нийцнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагч Б.Өлзий-Орших нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч С.Хишигдаваагийн хувьд гэрээг татгалзах эрхтэй болно. Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. -д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет  байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 1 давхарын 18 тоотод байрлах 293 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр С.Хишигдавааг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

        Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-т зааснар  иргэний эрхийн улсын бүртгэлд бүртгэх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглох ба тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй юм.

            Иймд   нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн  хамтран өмчлөгчөөр С.Хишигдавааг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага нь бүртгэх байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байх ба нэхэмжлэгчийн өмчлөгчөөр бүртгэх эрхийг зөрчөөгүй, хөндөөгүй учраас маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхийг Улсын бүртгэлд даалгах шаардлага үндэслэлгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

        Харин тус эрхийг бүртгэх нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд эрхийг бүртгэх байгууллагад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.       

       Нэхэмжлэгч С.Хишигдаваа Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар 2008 оноос хойшхи хүүхдийн тэтгэлгийг Ө.Мөнх-Ануд тогтоолгохоор шаардлага гаргасан байх ба хариуцагч Б.Өлзий-Орших түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны үеэр өгсөн тайлбартаа тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргахгүй, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тодорхой нөхцлүүдийг дурьдаж төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлөхөөр зохицуулсан байна. Хариуцагч Б.Өлзий-Орших охиндоо нөхөн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа тайлбарыг дүгнэвэл эцэг нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаагаа илэрхийлж байх ба охиныхоо эрүүл мэнд, боловсрол, оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадварыг хөгжүүлэхэд өнгөрсөн хугацаанд эх дангаараа хариуцаж байсанг үгүйсгээгүй, өнгөрсөн хугацааны тэтгэлэгийг төлөхөд татгалзахгүй байх тул хүүхдийн эрх ашигт нийцүүлэн нөхөн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт зааснаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол шүүх тэтгэлэгийг тогтоох тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Батаа овогт Өлзий-Оршихын Мөнх-Ануд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Өлзий-Оршихоор тэжээн тэтгэлүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар “ эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдийг хөгжих тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул охин Ө.Мөнх-Анугийн 2013 оноос 2016 он хүртэл хугацаанд сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээх ёстой байхаар тус тус зохицуулсан ба үүний дагуу хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, өөрийн татгалзлын үндэслэлээ нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Б.Өлзий-Орших нь С.Хишигдаваа, Ө.Мөнх-Ану нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Зайсангийн Гурван Оргил хотхон дах 99.85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 дугаар давхарын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгож, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах, С.Хишигдаваагийн “Худалдаа хөгжлийн банк”-ны данс руу шилжүүлэн авсан 200 000 000 төгрөгөөс өөрт ногдох 100 000 000 төгрөг гаргуулах, 2006-2013 онуудад охин Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг, нийт 173 050 000 төгрөг буюу 113 850 ам.долларыг С.Хишигдаваагаас гаргуулах, мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулах, зээлийн гэрээний дагуу төлсөн 400 982 342 төгрөгийн тал хувь болох 200 491 171 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулах, 2006-2013 онуудад охин Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг гаргуулах, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авчээ.

 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Гурван Оргил хотхон дах 99.85 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авах захиалгын гэрээг нэхэмжлэгч С.Хишигдаваа “Хаус интернэшнл” ХХК-тай байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ С.Хишигдаваа, Мөнх-Ану нарын нэр дээр өмчлөх эрх бүртгэгдэн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эрх өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Хариуцагч уг орон сууцыг охиндоо 120 000 000 төгрөгөөр худалдан авч өгч, 400 000 ам доллараар тохижилт хийж өгч С.Хишигдаваагийн нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байх ба С.Хишигдаваа “Хаус интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц худалдан авах захиалгын гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн лавлагаа зэргээр уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул хангах үндэслэлгүй  байна./1 дүгээр хавтас -238, 156 хуудас, 160-165 хуудас,  хавтас хэргийн /

Хариуцагч Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шопыг 160 000 ам доллар, Гранд плаза төвийн 3 дугаар давхарын 55 м.кв үйлчилгээний талбайг 49 000 ам доллараар нэхэмжлэгчид худалдан авч өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Хишигдаваагийн хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгын баримтаар   Американ грилл рестораны орлогоос 2007-2009 онуудад нэхэмжлэгч ажиллаж байх үедээ өөртөө 200 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, уг мөнгийг өөртөө захиран зарцуулсан гэдгийг хариуцагч нотлоогүй байх тул 100 000 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

“Сайфу” ХХК нь Зоос банктай 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 450 000 000 төгрөгийн зээлийг олгосон байх ба уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.Хишигдаваагийн төлөх ёстой байсан төлбөр 200 491 171 төгрөг нэхэмжилсэн шаардлага үндэслэлгүй байна.

Учир нь зээлийн гэрээний талууд нь “Сайфу” ХХК, Зоос банк байх ба банкийг төлөөлж нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэх эрхгүй, мөн уг зээлийн гэрээний дагуу хариуцагч  200 491 171 төгрөг нэхэмжлэгчид өгсөн талаар хэрэгт авагдаагүй байх тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. /1 дүгээр хавтас -34 хуудас, 2 дугаар хавтас 350, 351, 394 дүгээр тал/

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулах, 2006-2013 онуудад охин Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг гаргуулах, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасан боловч ийнхүү “татан авах” гэх ажиллагааг мөн зүйлийн 106.5-д “энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан .... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж тодотгосон тул нэхэмжлэлийг “татан авах”, “татгалзах”-ыг нэг ажиллагаа гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дээрхээс өөрөөр нэхэмжлэлийг “татан авах” ажиллагаа, түүний үр дагаврыг зохицуулаагүй тохиолдолд “татан авах” ажиллагааг ийнхүү хуульд зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэх эрх шүүхэд байхгүй болно.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал нь хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 106.5, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбайтай, Ү-2206009350 тоот эрхийн улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Харчу овогт Сүхбаатарын Хишигдаваа /РД:ШЗ76050361/-г тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өмчлөгчөөр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгийг тус тус баримтлан 2008 оны 1 сарын 1-ээс хойшхи тэтгэлгийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2000 оны 11 дүгээр сарын сарын 20-ны өдөр төрсөн Батаа овогтой Өлзий-Оршихын Мөнх-Ануд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Өлзий-Оршихоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт заасныг баримтлан Ө.Мөнх-Анугийн 2013 оноос 2016 он хүртэлх хугацааны сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 600 000 төгрөгийг хариуцагч Б.Өлзий-Оршихоос гаргуулан нэхэмжлэгч С.Хишигдаваад олгосугай.

 

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Гурван Оргил хотхон дах 99.85 м.кв 3 өрөө орон сууц, Гранд плаза төвийн 1 давхарын “Сараана” кофе шоп, Гранд плаза төвийн 3 дугаар давхарын 55 м.кв үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр тус тус тогтоолгох, Зоос банкнаас авсан зээлийн төлбөрийн 50 хувь болох 200 491 171 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Нэхэмжлэгч Ө.Мөнх-Ану хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдээс оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхоны 21В байрны 18 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 293 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээс охин Ө.Мөнх-Анугийн нэрийг хасуулах, 2006-2013 онуудад охин Ө.Мөнх-Анугийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн 50 хувь болох 9350 ам.доллар буюу 13 050 000 төгрөг гаргуулах, өөрт ногдох хэсэгт 60 000 000 төгрөг, 104 500 ам.доллар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 719 890 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 982 558 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 160 405 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж хариуцагч Б.Өлзий-Оршихд буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Хишигдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 542 566 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

        9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ