Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 09

 

 

Н.Норовсамбуугийн нэхэмжлэлтэй

                                                                      иргэний хэргийн тухай                                                                                  

Хэргийн индекс 132/2017/00109/И

 

         Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Т.Ганбат, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 188 дугаартай шийдвэртэй,

 

     Н.Норовсамбуугийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Эрдэнчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир

           Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

           Нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Н.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Норовсамбуу миний бие 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Хөгнө-Тарнын” БЦГ-ын хамгаалалтын захиргаанд нярав, архив, бичиг хэргийн ажлыг гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд дарга, нягтлан бодогч нарын заавар, үүрэг даалгавраар ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот байгууллагын даргын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдах болсон шалтгаан нь ажил олгогчийн итгэлийг алдсан, данснаас мөнгө гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан болно.Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй болно. 2017 оны Б-02 тоот тушаалд дурьдснаар :

1. “өөрийн эрхэлсэн мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилдаа ажил олгогчийн итгэлийг алдсан" гэсэн нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй байна. Учир нь миний хувийн дансны хуулгыг банкнаас авч намайг байгууллагын мөнгийг ашиглаж байсан гэсэн нэрийдлээр сүрдүүлж дарамтлаж байгаад дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн өргөдөл бичүүлж авч үүнээс хойш тухайн бичгээр дарамтлаж хуурамч тайлан гаргуулж байсан өөрийн үйлдээр намайг буруутгаж байна

 

2. "2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгууллагаас няравын дансруу 6000000 төгрөг шилжүүлж 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тулгахад дансанд мөнгө байгаагүй" гэсэн нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 13.2, 14.1.2, 14.1.5 дугаар заалтуудыг зөрчиж, миний хувийн дансруу шилжүүлсэн мөнгийг булаг шандны эх хашаалсан мэтээр хуурамч тайлан бүрдүүлж санхүүгийн тайланд тусган өөр зүйлд зарцуулсан өөрийн үйлдлийг надад тохож намайг буруутгасан байна. Энэхүү данс нь миний хувийн данс байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1600 цагт мөнгө бэлнээр нь авчирч өг гэж хэлсэн. Иймд би мөнгийг нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 6442000 төгрөгийг бэлнээр дарга, нягтлан бодогч нарт хүлээлгэн өгсөн.

 

3. "удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй" гэсэн нь 2016 оны 09 дүгээр сарын 28 -ны өдөр няравын тайлан хийж байхад дарга, нягтлан бодогч нар дээрх 6000000 төгрөгт санхүүгийн анхан шатны хуурамч тайлан хийж өг гэж дарамтласан асуудлыг дурьдсан байна. Үүнийг би зөвшөөрөөгүй болно.

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгууллагын ажилчдын хурал хийж намайг ажлаас хална гэсэн боловч халаагүй. Оны эцэс болж байгаа тул санхүүгийн тайлангаа хийлгэх зорилгоор үлдээж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гар, тушаалыг чинь цаашид ажилд ороход чинь хэрэгтэй байдлаар гаргаж өгнө гэх зэргээр ятгасан. Мөн хувийн асуудал болон хамт ажилладаг гэр бүлийн хүнийг энэ асуудалд оролцуулж дарамтлах зэргээр олон удаа хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж байсан нь байгууллагын хурлын тэмдэглэлүүдэд байгаа болно. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан. Урьд ажиллаж байх хугацаанд нэг удаа ч сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй болно. Мөн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Засаг даргын багцаас 3000000 төгрөгийн биотехникийн арга хэмжээний зардал орж ирсэн. Энэ зардлаас 20-н боодол өвс, хужир /Баяннуур сумаас портер машинаар/, томилолт, бензин, шуудай зэрэгт 800000 гаран мянган төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж үлдсэн 2100000 төгрөгийг хувь хүний 12100002449 тоот дансанд хийж хуурамч тайлан бүрдүүлэн санхүүгийн тайландаа хавсаргасан зэрэг зөрчил дутагдал гаргаж байсныг миний бие Булган аймгийн аудитын газарт өргөдөл гарган шалгуулж байгаа болно. Ажиллах хугацаандаа би зөрчил дутагдал гаргаж байгууллагад мөнгө төгрөгийг болон эд хөрөнгийн ямар нэг хохирол учруулж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Норовсамбуу нь хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд хандсан юм. Н.Норовсамбууг ажлаас халсан тухай “Хөгнө-Тарнын” байгалийн цогцолборт газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан 5 сар 10 хоногийн цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Н.Норовсамбуу нь үүрэгт ажлаа хэвийн биелүүлж байсан. Үүнд дарга Д.Эрдэнэчимэг нөлөөлж байгууллагын бэлэн мөнгийг Н.Норовсамбуугийн хувийн дансанд хийж дараа нь өөрөө бэлнээр гаргаж авдаг байсан гэж Н.Норовсамбуу өөрөө ярьж байсан. Мөн Д.Эрдэнэчимэг өөрийнхөө энэ зөрчлийг нуун дарагдуулах гэж түүнийг гүтгэсэн гэж байсан. Тиймээс ажлаас халагдсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш гэж үзэж байна.  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Н.Норовсамбуугийн хувийн данс руу 6000000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дарга Д.Эрдэнэчимэг болон нягтлан бодогч Н.Ганболд нарын гарын үсэгтэй баримтаар нотлогдож байгаа. Иймд Н.Норовсамбууг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь удаа дараа ажлын хариуцлага алдаж зөрчил гаргасан, зөрчлүүдээ хүлээн зөвшөөрсөн. Н.Норовсамбуугийн хувийн дансанд мөнгө хийсэн тухайд байгууллагын мөнгийг няраваар дамжуулж гаргахаас өөр аргагүй байдаг. Бид энэ мөнгийг няравын дансанд бэлнээр шилжүүлээд гаргаж авах гэтэл Н.Норовсамбуу өөрөө мөнгийг аваад алга болгочихсон байсан. Тэгээд элдэв юм яриад байна. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөнгө авах гэтэл өдөржингөө алга болоод ирээгүй, ингээд 29-ний өдөр мөнгийг авчирч өгсөн. Би энэ мөнгийг Төрийн банкинд өөрийнх нь дансанд хийсэн. Намайг Улаанбаатар хот руу ажлаар явчихсан байхад 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд мөнгө бэлнээр орж мөнгийг дараа сард Төрийн сангаас татах гээд байхаар нь 6000000 төгрөгийг няравын дансанд шилжүүлсэн. Сумын Төрийн сангийн хүмүүсийг манай нягтлан гуйгаад хийлгэсэн. Мөнгийг гаргуулсны дараа би гарын үсэг зурах ёстой байсан. Тэр мөнгө Төрийн банкны дансанд байх ёстой. Гэтэл нярав Н.Норовсамбуу мөнгийг үрсэн байсан ба мөнгө 3 хоногийн дараа дансанд нь орж ирсэн. Дансанд орж ирэхдээ Хаан банкны баримттай орж ирсэн. Өмнө нь бас ийм маягаар 2000000 төгрөгийг алга болгож байсан учраас би удаа дараа зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа. Н.Норовсамбуу бараг бүтэн жил ажил хийгээгүй. Манай хүүхдийн ангийн хүүхэд юм гээд би хайрлаж хамгаалж өдий хүрсэн. Миний шүүхэд өгсөн хариу тайлбар дээр тодорхой ойлгомжтой бичигдсэн гэж үзэж байна. Энэ дагуу манайд аудитын шалгалт орж шалгасан, байгаль орчны газраас хяналт шалгалт хийсэн. 6000000 төгрөгийг хуулийн дагуу зарцуулж зарцуулалтыг гаргасан. Энэ мөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/80 дугаар тушаалын дагуу зарцуулах байсан. Үүний дагуу зарцуулсан. Түүнээс биш хувьдаа ашигласан юм байхгүй. Аймгийн Аудитын газарт тушаалын дагуу зарцуулалтын тооцоог гаргаж өгсөн. Хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 188 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Билэг овогт Намхайн Норовсамбууг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нярав, архив бичиг хэргийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Норовсамбуугийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1457036 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга гучин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Норовсамбууд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 38262 /гучин найман мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан гарчээ. Гэсэн ч энд заасан үндэслэл тогтоогдоогүй гэдэг дүгнэлт хийж ажилтан сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаварыг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, байгууллагын удирдлагын зөвшөөрлөөр Норовсамбуугийн хувийн дансруу 6000000 төгрөгийг шилжүүлсэн нь Сангийн сайдын 2012 оны 276-р тушаалын 1-р хавсралтын 6.3-д заасныг зөрчөн хэдий ч хариуцагч дээрх 6000000 төгрөгийг хамт олны хурлын шийдвэрийн дагуу байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан атлаа нэхэмжлэгчийг “мөнгө болон хариуцсан ажилдаа ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн байгууллагад эд хариуцах үүрэг хүлээн ажиллаж буй ажилтан өөрт оногдсон үүргийнхээ дагуу орж ирсэн мөнгийг ямар ч нөхцөлд бэлэн байлгах ёстой. Гэтэл Норовсамбуу нь өөрт хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах үүргээ хөсөрдүүлж дансанд орж ирсэн мөнгийг удирдлагын зөвшөөрөлгүй дур мэдэн зарцуулж, хэрэгтэй шаардлагатай үед нь бэлэн байлгалгүй данснаасаа аваад ир гэхэд 2 хоногийн дараа авч ирсэн нь тухайн ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэдэгтэй нийцэж байгаа юм. Мөн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хамт олны Норовсамбуугийн асуудлыг авч хэлэлцсэн хурлын тэмдэглэлд Нороьсамбуу өөрөө даргаас надад ямар нэгэн шахалт дарамт ирээгүй, ажлаас болж маргасан гэсэн бол түүний нөхөр Гомбосүрэн би Норовыг цааш нь ажлуулаач гэж хэлж чадахгүй ичиж байна, өөрөө асуудал гаргаж ажлаас халагдчихаад асуудал ярьж хэрэггүй гэж ярьсан нь тэмдэглэгдсэн. Үүнээс үзэхэд Норовсамбууг халах асуудал яригдаж , Норовсамбуу өөрөө ажлаа цэгцлээд 2017 оны 01 дүгээр сараас чөлөөлөгдье гэж хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Гэтэл үүнийг мушгин намайг ажлаас хална гээд халаагүй гэж бичсэн, эд хөрөнгө хариуцах үүргээ хангалтгүй биелүүлснээ зөвшөөрч өргөдөл гаргасан бичиг хэрэг архивын ажлаа хүлээлгэж өгөхийн оронд компютерт байсан шаардлагатай бүх мэдээллийг бүрэн устгасан нь төрийн албанд ажиллаж буй хүний ёс зүйд нийцэхгүй ба хувийн зан чанарын тодорхой илэрхийлэл байна.

Ажилд орсон цагаасаа тус байгууллын архив бичиг хэргийг хариуцан ажиллаж байгаа боловч жил жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдэж тодорхой үүрэг даалгаварууд авч байсан ч энэ ажлаа сайжруулах талаар анхаарал тавьж ажиллаагүй. Ийм нөхцөл байдал байсан тул удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзсэн.

Ажлаас чөлөөлөх талаар хамт олны хурлын тэмдэглэлд тодорхой тусган хэлэлцсэн байхад баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн өөрийн гараар 2017 оны 01 дүгээр сарын 2-оос ажлаас чөлөөлөгдье гэж хүсэлт бичсэн нь өөрийн алдаа дутагдлаа ойлгож дүгнээд өгсөн хүсэлт юм. Гэтэл тодорхой хугацаа өнгөрсний дараа өөрөө ямар ч алдаа дутагдал гаргаагүй мэт зан гаргаж буй нь гайхаш төрүүлж байна.

Мөн шүүхийн зүгээс нөгөө тал чинь ямар нэг тайлбар өгөөгүй байна гэж надад хэлээд юу ч үзүүлээгүй мөртлөө шүүх хурал дээр хэзээ юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй 3 ширхэг баримт гаргаж өмгөөлөгч нь үзүүлсэн нь надад түүнийг нягтлан шалгах, нэмэлт тайлбар өгөх боломж олдоогүй. Иймд би хэргийн материалтай бүрэн танилцаж хариу тайлбар гаргах, түүнтэй нь холбоотой нотлох баримт гаргах эрхгүй оролцсон. Мөн манай байгууллагын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэрлэсэн гэж үзэж буй тул хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд оролцоно”  гэжээ.

                                                                  

                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хараг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь Байгаль орчин,аялал жуулчлалын яамны харьяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборын захиргаанд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь 2008 оны 11 дүгээр  сарын 15-наас 2017 оны 2  сар хүртэл “Хөгнө тарнын” Байгалийн цогцолбор газарын хамгаалалтын захиргаанд нярав, архив бичиг хэргийн ажлыг гүйцэтгэж байгаад  2017 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн б-02 тушаалаар ажлаасаа халагджээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40.1.4, 40.1.5, 43, 131.1.3 дахь заалт Үндэсний архивын газрын даргын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан байгууллагын архивын ажлын үндсэн зааврын 10.4, дотоод журмын 10.1.5 дахь заалтуудыг үндэслэл болгосон нь буруу байна.

Ажил олгогчоос нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь өөрийн гаргасан зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр ажлаас халагдах тухайгаа бичиж өгсөн учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж мэтгэлзэж байгаа боловч 2017 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн б-02 тоот тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй нь хуульд нийцээгүй төдийгүй ажлаас чөлөөлөх бусад үндэслэлүүд нь холбогдох нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй байна.

Шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн маргаан бүхий харилцааг зөв тодорхойлсон, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр  үлдээж хариуцагч байгууллагын төлөөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж үзэв. 

 

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Эрдэнчимэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл

 

хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

 

                       ШҮҮГЧИД                                   Т.ГАНБАТ

 

                                                                           М.ХҮРЭЛБААТАР