Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00188

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч. 1985 онд төрсөн, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг, 8 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, Билэг овогт Намхайн Норовсамбуу /РД:ЙЕ85112007/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2017/00109/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1974 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1-9 тоотод оршин суух Жанчив овогт Сүхбаатарын Батмөнх-Очир /РД: ЙА74122411/,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: 1964 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга ажилтай, Булган аймгийн Рашаант сумын Хар чулуут багийн 3-4 тоотод оршин суух Монгол овогт Дагвын Эрдэнэчимэг /РД:ГО64111262/, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Н.Норовсамбуу миний бие 2008 оны 11дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Хөгнө-Тарнын” БЦГ-ын хамгаалалтын захиргаанд нярав, архив, бичиг хэргийн ажлыг гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд дарга, нягтлан бодогч нарын заавар, үүрэг даалгавраар ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот байгууллагын даргын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдах болсон шалтгаан нь ажил олгогчийн итгэлийг алдсан, данснаас мөнгө гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан болно.Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй болно. 2017 оны Б-02 тоот тушаалд дурьдснаар :

1. “өөрийн эрхэлсэн мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилдаа ажил олгогчийн итгэлийг алдсан" гэсэн нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй байна. Учир нь миний хувийн дансны хуулгыг банкнаас авч намайг байгууллагын мөнгийг ашиглаж байсан гэсэн нэрийдлээр сүрдүүлж дарамтлаж байгаад дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэсэн өргөдөл бичүүлж авч үүнээс хойш тухайн бичгээр дарамтлаж хуурамч тайлан гаргуулж байсан өөрийн үйлдээр намайг буруутгаж байна

2. "2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгууллагаас няравын дансруу 6000000 төгрөг шилжүүлж 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тулгахад дансанд мөнгө байгаагүй" гэсэн нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 13.2, 14.1.2, 14.1.5 дугаар заалтуудыг зөрчиж, миний хувийн дансруу шилжүүлсэн мөнгийг булаг шандны эх хашаалсан мэтээр хуурамч тайлан бүрдүүлж санхүүгийн тайланд тусган өөр зүйлд зарцуулсан өөрийн үйлдлийг надад тохож намайг буруутгасан байна. Энэхүү данс нь миний хувийн данс байсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1600 цагт мөнгө бэлнээр нь авчирч өг гэж хэлсэн. Иймд би мөнгийг нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 6442000 төгрөгийг бэлнээр дарга, нягтлан бодогч нарт хүлээлгэн өгсөн.

3. "удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй" гэсэн нь 2016 оны 09 дүгээр сарын 28 -ны өдөр няравын тайлан хийж байхад дарга, нягтлан бодогч нар дээрх 6000000 төгрөгт санхүүгийн анхан шатны хуурамч тайлан хийж өг гэж дарамтласан асуудлыг дурьдсан байна. Үүнийг би зөвшөөрөөгүй болно.

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгууллагын ажилчдын хурал хийж намайг ажлаас хална гэсэн боловч халаагүй. Оны эцэс болж байгаа тул санхүүгийн тайлангаа хийлгэх зорилгоор үлдээж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гар, тушаалыг чинь цаашид ажилд ороход чинь хэрэгтэй байдлаар гаргаж өгнө гэх зэргээр ятгасан. Мөн хувийн асуудал болон хамт ажилладаг гэр бүлийн хүнийг энэ асуудалд оролцуулж дарамтлах зэргээр олон удаа хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж байсан нь байгууллагын хурлын тэмдэглэлүүдэд байгаа болно. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан. Урьд ажиллаж байх хугацаанд нэг удаа ч сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй болно. Мөн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Засаг даргын багцаас 3000000 төгрөгийн биотехникийн арга хэмжээний зардал орж ирсэн. Энэ зардлаас 20-н боодол өвс, хужир /Баяннуур сумаас портер машинаар/, томилолт, бензин, шуудай зэрэгт 800000 гаран мянган төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж үлдсэн 2100000 төгрөгийг хувь хүний 12100002449 тоот дансанд хийж хуурамч тайлан бүрдүүлэн санхүүгийн тайландаа хавсаргасан зэрэг зөрчил дутагдал гаргаж байсныг миний бие Булган аймгийн аудитын газарт өргөдөл гарган шалгуулж байгаа болно. Ажиллах хугацаандаа би зөрчил дутагдал гаргаж байгууллагад мөнгө төгрөгийг болон эд хөрөнгийн ямар нэг хохирол учруулж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Норовсамбуу нь хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд хандсан юм. Н.Норовсамбууг ажлаас халсан тухай “Хөгнө-Тарнын” байгалийн цогцолборт газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б/02 тоот тугаалыг хүчингүй болгож, түүний ажилгүй байсан 5 сар 10 хоногийн цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Н.Норовсамбуу нь үүрэгт ажлаа хэвийн биелүүлж байсан. Үүнд дарга Д.Эрдэнэчимэг нөлөөлж байгууллагын бэлэн мөнгийг Н.Норовсамбуугийн хувийн дансанд хийж дараа нь өөрөө бэлнээр гаргаж авдаг байсан гэж Н.Норовсамбуу өөрөө ярьж байсан. Мөн Д.Эрдэнэчимэг өөрийнхөө энэ зөрчлийг нуун дарагдуулах гэж түүнийг гүтгэсэн гэж байсан. Тиймээс ажлаас халагдсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш гэж үзэж байна.  2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Н.Норовсамбуугийн хувийн данс руу 6000000 төгрөгийг шилжшүүлсэн болох нь дарга Д.Эрдэнэчимэг болон нягтлан бодогч н.Ганболд нарын гарын үсэгтэй баримтаар нотлогдож байгаа. Иймд Н.Норовсамбууг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь удаа дараа ажлын хариуцлага алдаж зөрчил гаргасан, зөрчлүүдээ хүлээн зөвшөөрсөн. Н.Норовсамбуугийн хувийн дансанд мөнгө хийсэн тухайд байгууллагын мөнгийг няраваар дамжуулж гаргахаас өөр аргагүй байдаг. Бид энэ мөнгийг няравын дансанд бэлнээр шилжүүлээд гаргаж авах гэтэл Н.Норовсамбуу өөрөө мөнгийг аваад алга болгочихсон байсан. Тэгээд элдэв юм яриад байна. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөнгө авах гэтэл өдөржингөө алга болоод ирээгүй, ингээд 29-ний өдөр мөнгийг авчирч өгсөн. Би энэ мөнгийг Төрийн банкинд өөрийнх нь дансанд хийсэн. Намайг Улаанбаатар хот руу ажлаар явчихсан байхад 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд мөнгө бэлнээр орж мөнгийг дараа сард Төрийн сангаас татах гээд байхаар нь 6000000 төгрөгийг няравын дансанд шилжүүлсэн. Сумын Төрийн сангийн хүмүүсийг манай нягтлан гуйгаад хийлгэсэн. Мөнгийг гаргуулсны дараа би гарын үсэг зурах ёстой байсан. Тэр мөнгө Төрийн банкны дансанд байх ёстой. Гэтэл нярав Н.Норовсамбуу мөнгийг үрсэн байсан ба мөнгө 3 хоногийн дараа дансанд нь орж ирсэн. Дансанд орж ирэхдээ Хаан банкны баримттай орж ирсэн. Өмнө нь бас ийм маягаар 2000000 төгрөгийг алга болгож байсан учраас би удаа дараа зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа. Н.Норовсамбуу бараг бүтэн жил ажил хийгээгүй. Манай хүүхдийн ангийн хүүхэд юм гээд би хайрлаж хамгаалж өдий хүрсэн. Миний шүүхэд өгсөн хариу тайлбар дээр тодорхой ойлгомжтой бичигдсэн гэж үзэж байна. Энэ дагуу манайд аудитын шалгалт орж шалгасан, байгаль орчны газраас хяналт шалгалт хийсэн. 6000000 төгрөгийг хуулийн дагуу зарцуулж зарцуулалтыг гаргасан. Энэ мөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/80 дугаар тушаалын дагуу зарцуулах байсан. Үүний дагуу зарцуулсан. Түүнээс биш хувьдаа ашигласан юм байхгүй. Аймгийн Аудитын газарт тушаалын дагуу зарцуулалтын тооцоог гаргаж өгсөн. Хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Норовсамбуу нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Норовсамбуу, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хооронд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож,нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар дээрх хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар талуудхөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Гэтэл дээрх гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2017оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б-02 тоот тушаалаар цуцласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Норовсамбуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийнтухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б-02 тооттушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан гарчээ. Ажил олгогчийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлсан ноцтой зөрчил гаргасан”, 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх  үндэслэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл ажилтан сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, байгууллагын удирдлагын зөвшөөрлөөр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Н.Норовсамбуугийн хувийн данс руу 6000000 төгрөг шилжүүлсэн нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 6.3-д “Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэх ба бараа, ажил үйлчилгээний төлбөрийн нийт дүн 300000 төгрөгөөс хэтрэхгүй байна” гэснийг зөрчсөн хэдий ч хариуцагч дээрх 6000000 төгрөгийг хамт олны хурлын шийдвэрийн дагуу байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан атлаа нэхэмжлэгчийг мөнгө болон хариуцсан ажилдаа ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн, ажлаас чөлөөлөх үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байх тул  ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд

нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Н.Норовсамбуугийн ажилгүй байсан хугацааны ажлын 68 өдрийн /2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1382061 : 3 сар = 460687 төгрөг, 460687 төгрөг : 21.5 ажлын өдөр= 21427 төгрөг, 21427 төгрөг х 68 өдөр = 1457036 төгрөг/ 1457036 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь

ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 38262 төгрөг гаргуулж Төрийн санд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Билэг овогт Намхайн Норовсамбууг  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нярав, архив бичиг хэргийн ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Норовсамбуугийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 1457036 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга гучин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Норовсамбууд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа “Хөгнө тарнын” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 38262 /гучин найман мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.ОДОНЧИМЭГ