Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00651

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02201 дүгээр шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.О-

          Хариуцагч: Монгол-Улсын Их сургуульд холбогдох

          Нийт 832,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи Нийгмийн Ажлын тэнхимд ахлах багшаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2011 оноос хойш ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээний 1.2-т зааснаар А=15 кредит цаг /сургалтын 15 кредит багц цаг/, Б=6 кредит цаг /эрдэм шинжилгээний/, В=5 кредит цаг /бусад ажил-мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээтэй холбоотой/ нийт 26 кредит цагийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл 2017-2018 оны ажлын гүйцэтгэлийг бодохдоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн гэрээг хууль бусаар илтэд зөрчиж, сургалтын 15 кредит /багц цагаар/-ыг биелүүлэх байснаас 16.6 кредит цаг зааж 1.6 кредит цаг илүү гүйцэтгэлийн 762,080 төгрөгийг олгоогүй. 21 кредит биелүүлэх ёстой гэж тооцон хууль бус суутгал хийж, миний цалинг гэрээний дагуу бодоогүй. Түүнчлэн, багш нар жил бүрийн хавар нь дараа жилийнхээ хийх ажлын бүтэн гүйцэтгэлийг хоёр семистэртээ хуваан цагуудаа төлөвлөж, сургалтын алба, сургуулийн захирал түүнийг баталгаажуулдаг. Гэтэл  бүтэн жил өнгөрч сургуулийн захирлын баталсан төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байтал гэнэт 21 кредит гүйцэтгэх ёстой гэж тооцон нь буруу юм. МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс 2018-6-13-ны өдөр гаргасан шийдвэр нь Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 багц цагаар тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018-6-29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор хариу өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-т заасан болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-д зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018-06-22-ны өдрийн тушаал гарснаас хойш надад олгогдоогүй 762,080 төгрөгийн алданги нь 70,873 төгрөг болж байна. Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 762,080 төгрөг, алданги 70,873 төгрөг, нийт 832,953 төгрөг гаргуулж, уг цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Монгол Улсын Их сургууль тайлбартаа: МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль нь Шинжлэх ухааны Сургууль бөгөөд МУИС-ийн дүрэм-ийн 4.4.4.4, 4.4.4.5-д зааснаар бүрэлдэхүүн сургуулийн захирал нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, МУИС-ийн захирлаас шилжүүлсэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлж, батлагдсан төсвийг захиран зарцуулдаг. Түүнчлэн, бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, цалин хөлс тооцож олгодог. МУИС-ийн захирал нь МУИС-ийн Шинжлэх ухааны Сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн багш Д.Оюуцэцэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнд цалин хөлсийг олгоогүй тул ИХШХШТХ-ийн 28.1-д зааснаар дээрх нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байна. Их дээд сургуулийн багш бакалавр, магистр түвшний боловсон хүчин бэлтгэдэг. Нэхэмжлэгч өөрөө докторын зэргийг хамгаалахгүй, эрдэм шинжилгээний ажил хийхгүй байгаа нь ойлгомжгүй, 21 кредит цаг ажиллах байхад 16.5 кредит цаг гүйцэтгэж 4.4 цаг дутуу атал 1.5 кредит цагийн илүү цагийн хөлсийг авна гэж хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэн эрх зөрчсөн тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ./хх29,34,35,91, 92,112/

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 181/ШШ2018/02201 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1, 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг баримтлан  Монгол Улсын Их Сургуулиас 832,953 төгрөг гаргуулан Д.О-т олгож улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн бүгд 24,541 төгрөгийг буцаан гаргуулж Д.О-т олгох, Монгол Улсын Их Сургуулиас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: МУИС-ын Захирлын 2014-12-22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ыг шинэчлэн баталж, уг журмыг 2014-12-22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна. Д.О- 1997 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 21 жил МУИС-д багш, ахлах багшийн үндсэн орон тоон дээр ажиллаж, Социологи нийгмийн ажлын тэнхимд үндсэн мэргэжлийн хичээл заадаг. Энэхүү журмын 2.5-д “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай бөгөөд хэрэв докторын зэрэг хамгаалаагүй бол сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болохоор заасан. Ингэхдээ эрдэм шинжилгээний Б цагийн 6 багц цагийг зөвхөн сургалтын багц цагаар тооцон сургалтын цагийг нийт 21 кредит цаг гүйцэтгэх шаардлага ахлах багшид тавигдсан. Гэтэл Д.О- 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын А цагийг 16.6 цаг, Б цагийг 7.0 цаг, В цагийг 5.2 цаг тус тус гүйцэтгэсэн. Журамд зааснаар ахлах багш Д.О- нь сургалтын А цагийг нийт 21 цаг гүйцэтгэхээс 16.6 цаг гүйцэтгэж, сургалтын багц цагийг бүрэн биелүүлээгүй байна. “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 14.8-д зааснаар А цагийн норм биелэгдсэн нөхцөлд илүү цагийн хөлсийг олгох бөгөөд Б-ээс А-д шилжүүлэн илүү цаг гаргахыг зөвшөөрөхгүй ба түүнд хөлс олгохгүй болно. Ахлах багш Д.О- нь 2017-2018 оны хичээлийн жилийн эцэст сургалтын А цагийн норм 21 цагийг бүрэн биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл 79% буюу 4.4 цаг дутуу гэж дүгнэгдсэн байна. Гэтэл Д.О- нь шүүхэд 2014 онд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр сургалтын А цагийг 15 цаг гүйцэтгэхээр тохиролцсон, уг хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, МУИС-д Профессор, багш ажиллуулах журмыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Дээд боловсролын тухай хуулийн 13.6-д “Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох...”, МУИС-ийн Дүрмийн 4.2.10.3-т “МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь Сургалт, судалгааны бодлого үйл ажиллагаатай холбоотой журмуудыг хэлэлцэн батлах” гэж тус тус Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг тодорхойлсон байна. “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам” батлагдсантай холбогдуулан МУИС-ийн Захирлын 2012 оны 652 тоот тушаалын 2-р хавсралтаар баталсан “Монгол Улсын Их Сургуульд Профессор, багш ажиллуулах журам” болон 4-р хавсралтаар баталсан “МУИС-ийн Багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам”-ыг тус тус хүчингүй болгож, 2014 онд МУИС-ийн багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дах хэсэгт хамаарах зарим багш нарт сургуулийн захиргаанаас албан ёсоор мэдэгдэл өгч байсан. Түүнчлэн МУИС-ийн Захирлын 2016-12-28-ны өдрийн А/354 дүгээр тушаалаар “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан багш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэж, өмнөх “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хүчингүй болгосон. МУИС-ийн захирлын 2017-08-31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар Профессор, багш нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталж, багш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг өгсөн. Энэ дагуу 2017-2018 оны хичзэлийн жилд МУИС-ийн нийт багш нартай хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулсан боловч “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-ын 2.5 дах хэсэгт хамаарах нэр бүхий багш нар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж, хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэж, ажлын гүйцэтгэл дутуу ажилласан байна. Ахлах багш Д.О- 2014 онд сургуулиас өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр тул энэхүү гэрээний дагуу ажиллах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээ нь МУИС-д Профессор, багш ажиллуулах журам болон бусад хууль тогтоомж, дүрмийг эрх зүйн үндэслэл болгосон байна. Түүнчлэн дээрхи гэрээний 1.2-т багшийн гүйцэтгэх ажил, үүргийг “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-д зааснаар багшлах гэж тодорхойлсноос гадна гэрээний 3.1.1-д заасан “багш хууль , Хөдөлмөрийн дотоод журам, Профессор багш ажиллуулах журамд заасан үүргийг биелүүлэх”, 3.1.4-т заасан “багш мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллах” үүргээ ахлах багш Д.О- өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Дээд боловсролын тухай хуулийн 13.1-д “Их сургууль, дээд сургууль, коллежид мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заах бөгөөд магистр, докторын хөтөлбөрийн хичээлийг докторын зэрэгтэй багш заах” шаардлага тавигдсан. МУИС-ийн үндсэн багш нарт докторын зэрэг хамгаалах шаардлага тавигдаж байгаа нь нэг талаас МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд Азийн шилдэг их сургуульд хүрэх зорилт тавигдаж эрдмийн зэрэгтэй багш үндсэн багшийн 70%-иас доошгүй байх зорилгыг хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах шаардлага тавигдсан, нөгөө талаас Боловсролын тухай хуулийн 44.2.3-т заасан багш нь онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой юм. МУИС-ийн үндсэн багш Д.О- нь ахлах багшаар ажиллахдаа тус сургуулийн хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдөж, өөрийн эрдмийн зэргээ ахиулан магистр, докторын түвшний оюутнуудад сургалтын үйл ажиллагаа явуулах байтал ялгаварлан гадуурхсан, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг шаардсан, хууль бус шийдвэр гаргасан, илүү цагийн хөлс олгоогүй гэж үндэслэлгүйгээр сургуулийг буруутгаж байна. Гэтэл 2014-12-22-ны өдөр батлагдсан “МУИС-д Профессор,- багш ажиллуулах журам”, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ багш, ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хохироосон тухай холбогдох эрх бүхий газраас гарсан шийдвэр байхгүйгээс гадна тус сургуулийн 1500 ажилтан, албан хаагч хэрэгжүүлэн ажиллаж байна. Нэхэмжлэгчийн 2014 онд МУИС-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үнэлж улмаар Д.О-ийг сургалтын А цагийг илүү гүйцэтгэсэн гэж дүгнэн, илүү цагийн хөлсийг олгохоор шийдвэрлэсэн атлаа уг хөдөлмөрийн гэрээгээр ахлах багш “МУИС-д Профессор багш ажиллуулах журам”-д заасан заалтыг мөрдөхгүй ажилтанд боловсролоо нэмэгдүүлэх, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа үйлдэл, дүрэм, журам нь хуульд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргасангүй. Магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.О- нь Монгол Улсын Их Сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 832,953 төгрөг шаардахдаа “...2017-2018 оны хичээлийн жилийн илүү цагийн хөлс олгоогүй тул 1,6 багц цаг/ кредит /-н хөлс 762,080 төгрөгийг алданги 70,873 төгрөгийн хамт авна...” гэжээ.  

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч илүү цаг ажиллаагүй...” гэсэн байна.  

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...хөдөлмөрийн гэрээний 1.2-т ахлах багшийн сургалтын А цаг нь 15 багц цаг байхаар заасан байна...уг заалтыг 21 багц цаг болгож өөрчилсөн гэрээ хэрэгт байхгүй байна... гэрээний аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй...нэхэмжлэгч 2017 оноос 2018 оны хичээлийн жилд сургалтын 16.6 багц цаг ажилласан нь тогтоогдсон тул илүү цагийн хөлсийг хариуцагчаас гаргуулна ... 2018-06-22-ны өдөр цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн байхад олгоогүй тул алданги тооцно...” гэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

      Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. 762,080 төгрөг гаргуулах шаардлагын талаар

     Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.О- 1997 оноос Монгол Улсын Их сургууль /МУИС/-д ажиллаж, 2011 оноос ахлах багшаар МУИС-н Шинжлэх Ухааны Сургуулийн Социолги Нийгмийн ажлын тэнхимд ажиллах болсон, 2017-2018 оны хичээлийн жилд 16,6 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэсэн ба энэ талаар маргаангүй байна.   

       Д.О- 2014 оны 9 дүгээр сард байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 15 багц цагийн сургалтын ажил /А цаг/ гүйцэтгэхээс 16,6 цаг буюу 1,6 цаг илүү ажилласан гэж, харин ажил олгогч нь Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах тухай 2014-12-22-ны өдрийн журмын 2.5, 10.4-т зааснаар сургалтын цагийг 21 багц цагаар тооцох тул 2017-2018 оны хичээлийн жилд илүү цаг ажилласан гэж үзэхгүй гэснээс  маргаан үүсчээ.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 09 дүгээр сарын хөдөлмөрийн гэрээ, Монгол Улсын Их сургуульд профессор,багш ажиллуулах журам, байгууллагын дотоод журам зэргийн талаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүй байна.

       а/. Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.

      МУИС-ийн 2016-12-28-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2-т “..багшийн нэг өдрийн танхимын хичээлийн цагийн ачаалал ажлын 8 цагаас, нэг улирлын ачаалал А цагийн нормын 70%-с хэтрэхгүй байна. Тодорхой шалтгааны улмаас шаардлагатай гэж үзвэл А цагийн нормыг нэмэгдүүлж болно...”., 6.1.3-т “...ажлын байрны онцлог, хичээлийн хуваариас шалтгаалан 6.1.2-т зааснаас өөр горимоор ажиллаж болно. Энэ тохиолдолд асуудлыг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулна...” гэж, 6.1.4-т “...ажил олгогчийн санаачилгаар ажлын зайлшгүй шаардлагаар багш ажилтныг илүү цагаар ажиллуулбал ажилтныг нөхөн амруулах ба амраах боломжгүй бол ажлын цагийн бүртгэлийг үндэслэн илүү цагаар ажилласны хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу тооцон олгоно...” гэж тус тус заасан байна. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 762,080 төгрөгийн шаардлагыг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болжээ. 

     б/. Хэрэгт Монгол Улсын Их Сургуульд профессор, багш ажиллуулах 2014-12-22-ны өдрийн журам авагдсан /хх 37/, уг журам МУИС-ын эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдсан гэх хариуцагчийн тайлбарыг /хх 35/ нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөрчихгүй юм.   

    Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны хөдөлмөрийн гэрээний 1.2-т “...МУИС-н профессор багшийн албан тушаалын тухайн зэрэглэлд тохирох ачааллыг гүйцэтгэх. МУИС-н профессор багш ажиллуулах журам, МУИС-н багшийн орон тоо, ажлын үнэлгээний журам, багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг, ачааллыг гүйцэтгэнэ...” гэж., 3.1.1-т “...багш нь хууль...дотоод журам...профессор багш ажиллуулах журам...-д заасныг биелүүлэх үүрэгтэй...” гэж зааснаас үзвэл багшийн ачааллыг МУИС-н профессор багш ажиллуулах журмын дагуу тооцох талаар зохигч 2014 оны хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байна.   

   Монгол Улсын Их Сургуульд профессор, багш ажиллуулах тухай журам 2014 онд эрдмийн зөвлөлөөр батлагдсан хэдий ч хариуцагч 2017-2018 оны хичээлийн жилээс уг журмыг баримтлан багшийн ажлын гүйцэтгэлийг тооцож эхэлсэн, энэ нь Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн “...багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан...” гэсэнд нийцжээ. 

   Багшийн ачааллыг МУИС-н профессор багш ажиллуулах журмын дагуу тооцохыг   талууд 2014 оны хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон, уг журмын 2.5.-д ...12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй ...тохиолдолд ...эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн гүйцэтгүүлнэ...” гэж шийдвэрлэсэн байх тул “...ажил олгогч  дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилсөн...” гэж үзэхгүй.

   Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. 

   Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/02201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалын тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 60 дугаар зүйлийн 60.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол Улсын Их Сургуульд холбогдох нийт 832,953 төгрөг гаргуулах тухай Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ