Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Сургууль,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 1 тоотод байрлах, М Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуульд холбогдох,

 

Цалин хөлс 832 953 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, Д.Очирдорж, хариуцагч М Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дугарсүрэн овогтой О нь 2011 оноос өнөөдрийг хүртэл МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн Ухааны Салбарын захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Социологи Нийгмийн Ажлын тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. Уг хөдөлмөрийн гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар А=15 кр.цаг/сургалтын 15 кр “багц” цаг/, Б=6 кр.цаг/эрдэм шинжилгээний/, В=5 кр.цаг/бусад ажил-мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээтэй холбоотой/ нийт 26 кр.цагийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэтэл 2017-2018 оны ажлын гүйцэтгэлийг бодохдоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн гэрээг хууль бусаар илтэд зөрчиж, сургалтын 15 кредит /багц цагаар/-ыг биелүүлэх байснаас 16.6 кр.цаг зааж 1.6 кр цаг илүү гүйцэтгэлийн 762 080 төгрөгийг олгохгүй, хүчээр 21 кредит биелүүлэх ёстой гэж тооцон бодит хохирол учруулж, хууль бус суутгал хийж, миний цалинг гэрээний дагуу бодоогүйд гомдолтой байна. Түүнчлэн багш нар жил бүрийн хавар нь дараа жилийнхээ хийх ажлын бүтэн гүйцэтгэлийг хоёр семистэртээ хуваан кр цагуудаа төлөвлөн, сургалтын алба, сургуулийн захирал түүнийг баталгаажуулдаг. Гэтэл бүхэл бүтэн жил өнгөрч сургуулийн захирлын баталсан төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байтал гэнэт 21 кредит гүйцэтгэх ёстой гэж тооцон хууль бусаар цалинг хассан нь буруу юм. М Сургуулийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 06 сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 багц цагаар тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 эны 6-р сарын 18-ны өдрийн дугаар Б/256 тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөлөө 2018.06.29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй. /Мөн 2018 оны 06-р сарын 29-ний өдөр МУИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн Холбооны дарга Д.Дашдуламд давхар хүргүүлсэн/. Иймд би хууль ёсны эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг олгох, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй миний хөдөлмөрлөхтэй холбогдон үүсэж буй хууль ёсны эрх ашгийг маань илтэд хохироолоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заажээ. Иймд миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Ажилтны цалин хөлсийг тоггоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заасны дагуу 2018.06.22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй 762 080 төгрөгийг, алданги 70 873 төгрөг болж байна.

Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 762 080 төгрөг, алданги 70 873 төгрөг, нийт 832 953 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлүүлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагч М сургуулиас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Оийн өмгөөлөгч Д.Очирдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУИС болон ШУС-иас хариу тайлбар ирүүлсэн байдаг. Энэ тайлбарт Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасныг баримтлан багш нарын кредит цагийг шилжүүлэн тооцож байгаа. Яагаад гэвэл 12 жил ахлах багшаар ажилласан хэрнээ профессор багш болоогүй учраас гэсэн журмыг баримталсан тухайгаа тайлбарласан байсан. Энэ заалт эрх зүйн байдлын хувьд хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зүйлүүдийг өөрсдийн дотоод журамд үүрэг болгон оруулж, хүний хөдөлмөрлөх эрхийг албадан хөдөлмөр болгож байгаа юм. Жишээ нь: н.Батбаатар гэж докторын зэрэгтэй ахлах багш, мөн н.Улаанбаатар гэж багштай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээнд А цагийг 21 кредит байхаар гэрээнд заасан байдаг. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр н.Батням багшийн байгуулсан гэрээнд А цагийг 15 кредит байхаар гэрээнд тусгасан байгаа нь адилхан 10 гаран жил ажилласан багш нарын хооронд ялгаварлан гадуурхан өөр өөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа нь харагдаж байна. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.” гэж зааснаар энэ үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж байна. Мөн Боловсролын тухай хууль болон бусад хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг үүрэг болгож өгсөн нь МУИС-ийн 12 жилээс дээш ажилласан магистр болон докторын зэрэг хамгаалаагүй багш нарын эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Оийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.О багштай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох 15 кредит А цагийг гүйцэтгэх нөхцөл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл судалгаа шинжилгээ хийгээгүй, багш нарт танилцуулалгүй журмыг баталсан. Тухайн журмыг багш нарт хүчээр биелүүлэхээр тулгаж байгаа нь ажилласан цагийг ажиллаагүй мэтээр илүү цагийг олгохгүйгээр ажиллуулж байна. МУИС болон ШУС-ийн удирдлагууд болон Эрдмийн зөвлөлийн багшийг ялгаварлан гадуурхан, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Эдгээр нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байна. Д.О багш 2017 онд 1,6 кредит цаг илүү ажилласан цалин хөлсийг аваагүй талаар нэхэмжилж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

Хариуцагч М Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нармандах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Оийн нэхэмжлэлтэй М сургуульд холбогдуулан гаргасан илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах, уг цалин хөлснөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн  даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагатай нэхэмжлэлийг хариуцагч нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагатай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн авч дараахь тайлбар, хүсэлтийг гаргаж байна. М сургуулийн бүрэлдэхүүн сургууль нь Шинжлэх ухааны Сургууль бөгөөд “МУИС-ийн дүрэм”-ийн 4.4.4.4, 4.4.4.5-д зааснаар бүрэлдэхүүн сургуулийн захирал нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, МУИС-ийн захирлаас шилжүүлсэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэж, батлагдсан төсвийг захиран зарцуулахаас гадна бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, цалин хөлсийг тооцож олгодог. Нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлтэй танилцахад МУИС-ийн захирлын тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой холбоотой бус харин хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа багшийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл байна.

Иймд Д.Оийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бид шүүхэд гаргаж өгөх боломжгүй төдийгүй багшийн цалин хөлстэй холбоотой асуудал болон санхүүгийн баримт бичгүүд нь бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн албанд байдаг.

МУИС-ийн захирал нь М Сургуулийн Шинжлэх ухааны Сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн багш Д.Оюуцэцэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнд цалин хөлсийг олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар дээрхи нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байгааг харгалзан үзэж хариуцагчийг сольж өгөх хүсэлтийг гаргаж байна.

Их дээд сургуулийн багш бакалавр, магистр түвшний боловсон хүчин бэлтгэдэг учир байж яагаад өөрөө докторын зэргийг хамгаалахгүй, эрдэм шинжилгээний ажил хийхгүй байгаа болон энэ бол миний эрх гээд байгаа нь ойлгомжгүй байна. 21 кредит цаг ажиллах байхад 16,5 кредит цаг гүйцэтгэсэн байгаа гэтэл 15 кредит цаг ажиллах байснаас 1.5 кредит цагийн илүү цагийн хөлсийг авна гэж хүчингүй болсон хөдөлмөрийн гэрээг үндэслэн эрх зөрчсөн тухай нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч М Сургуульд холбогдуулан илүү цагийн цалин хөлс 762 080/долоон зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг, алданги 70 873/далан мянга найман зуун далан гурав/ төгрөгийг, нийт 832 953/найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М Сургууль нь нэхэмжлэгч 21/хорин нэг/ цаг гүйцэтгэхээс 4.4/дөрөв аравны дөрөв/ цаг дутуу биелүүлсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хариуцагчийн Шинжлэх Ухааны Сургуулийн ахлах багшаар ажиллаж эхэлсэн болох нь № А0716990 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас илүү цагаар буюу 1.6/нэг аравны зургаа/ кредит илүү цагаар ажилласан цалин хөлсөд 762 080/долоон зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Зохигчийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.2-т ахлах багшийн сургалтын А цаг нь 15/арван тав/ кредит цаг байхаар заасан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан М Сургуульд профессор, багш ажиллуулах журмын 2-ын 2.5-д зааснаар нэхэмжлэгч нь докторын зэрэг хамгаалаагүй тул сургалтын А цаг нь 21/хорин нэг/ кредит цаг байх тул илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:”, 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;” гэж заасан.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2-т зааснаар зохигчид Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.2-т ажил, үүргийн тухай зааж, ажил үүрэгт 15/арван тав/ кредит цагийн ачааллыг гүйцэтгэх тухай заасан болох нь Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид Хөдөлмөрийн гэрээнд сургалтын А цагийг 15/арван тав/ кредит цаг байхаар тохиролцсон байх ба 15/арван тав/ кредит цагийг 21/хорин нэг/ кредит цаг болгосон өөрчлөлт оруулаагүй болох нь Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.” гэж заасан.

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь дангаараа хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй болно.

 

Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь сургалтын 15/арван тав/ кредит цаг ажиллах үүрэгтэй байх ба 2017 оноос 2018 оны хичээлийн жилд сургалтын 16.6/арван зургаа аравны зургаа/ кредит цаг ажиллаж сургалтын 1.6/16.6-15=1.6/ /нэг аравны зургаа/ кредит илүү цаг ажилласан болох нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын хуулбараар нотлогдож байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ... үүрэгтэй.”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Ажилтны цалин хөлсийг ... цагаар ... хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 1.6/нэг аравны зургаа/ кредит илүү цаг ажилласан цалин хөлсийг олгох үүрэгтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд ... нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.” гэж заасан.

 

Хариуцагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан М Сургуульд профессор, багш ажиллуулах журмын 14-ийн 14.9-ийн 14.9.1-т илүү цагаар ажиллуулсан тохиолдолд олгох цалин хөлсийг бодох аргачлалыг заасан байх ба нэхэмжлэгч илүү цагаар ажилласан цалин хөлсийг уг журамд зааснаар тооцсон болох нь хариуцагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2017-2018 оны хичээлийн жилийн А цагийн тооцооны хуулбараар нотлогдож байна.

                

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас илүү цагаар ажилласан цалин хөлсөд 762 080/долоон зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь цалин хөлсийг хугацаанд олгоогүй алдангид 70 873/далан мянга найман зуун далан гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2017-2018 оны хичээлийн жилийн А цагийн тооцоог гаргаж, багш нарт цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн болох нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар Багш нарт цалин хөлс олгох тухай тушаалын болон тушаалын 2 дугаар хавсралтын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид илүү цагаар ажилласан цалин хөлс болох 762 080/долоон зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг олгоогүй болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2017-2018 оны хичээлийн жилийн А цагийн тооцооны хуулбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Ажилтны цалин хөлсийг ... тогтоосон өдөр олгоно.”, 141 дүгээр зүйлийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй ... хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ... ажилтанд олгоно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 70 873/762080х0,3%=2286, 2286х31хоног=70866/ /далан мянга найман зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1, 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас илүү цагаар ажилласан цалин хөлсөд 762 080/долоон зуун жаран хоёр мянга ная/ төгрөгийг, алдангид 70 873/далан мянга найман зуун далан гурав/ төгрөгийг, бүгд 832 953/762080+70873=832953/ /найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1, 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Сургуулиас бүгд 832 953/найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 53 дугаар зүйлийн 53.1, 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М Сургуулиас бүгд 832 953/найман зуун гучин хоёр мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бүгд 24 541 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.От олгон, хариуцагч М Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ХИШИГБАТ