Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1494

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 123 дугаар байр 42 тоотод оршин суух, Боржигон овогт Энхийн Гансүх /РД:ЧТ78091079/

    Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Кей Эйч апартмент 6е байр 74 тоотод оршин суух, Харчин овогт Чимэддоржийн Баярсайхан /РД:ЧТ76012779/

157,648,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Гансүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагч Ч.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос улсын иргэн Нан Гео Хео-д 60 сая төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж барьцаанд нь Нан Гео Хео-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан юм. Дахин 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нан Гео Хео-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Р.Цэндмаа нь надад мөнгө зээлэх санал тавьсан. Би өөрийн танил Ч.Баярсайханд хэлж миний зүгээс 30 сая төгрөг Ч.Баярсайхан 100 сая төгрөг гаргаж нийт 130 сая төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нан Гео Хео-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Р.Цэндмаатай Ч.Баярсайхан зээлийн гэрээ байгуулж 130 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр мөн дээрх байрыг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан юм. 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр миний зээлсэн 60 сая төгрөг мөн Баярсайхан бид хоёрын дундаас зээлсэн 130 сая төгрөгийг нийлүүлэн хүү алданги тооцож нийт 335,422,500 төгрөгийг нэхэмжлэн шүүхэд хандсан ба шүүхээс 335,422,500 төгрөгийг Нан Гео Хео-гийн зээлийн барьцааны хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл байр зарагдахгүй байсан учир зээлийн барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө орон сууцыг Ч.Баярсайханы нэр дээр шилжүүлсэн байдаг. Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Солонгос улсын иргэн Нан Гео Хео-д 60 сая төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж мөн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нан Гео Хео-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Р.Цэндмаад 130 сая төгрөг зээлүүлсний 30 сая төгрөг нь миний зээлүүлсэн мөнгө юм. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан энэ мөнгөнөөс миний бие юу ч авч чадаагүй ба барьцааны хөрөнгө нь Ч.Баярсайханы мэдэлд шилжсэн. Иймд миний бие нийт зээлдүүлсэн 90 сая төгрөгийг хүү алдангийн хамт шүүхийн шийдвэр гарсан 335,422,500 төгрөгөөс гаргуулж авах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэр гарсан 335,422,500 төгрөгийн 47 хувь болох 157,648,575 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасанаа 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өөрчилсөн.

Үүнд: Ч.Баярсайхан бид хамтран БНСУ-ын иргэн Нам Гео Хео-д зээлүүлсэн 190,000,000 төгрөг, түүний хүү, алданги, нийт 335,422,500 төгрөгийн үлдэгдэлд тооцож авсан Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден вилл хотхон 102 дугаар байр 1002 тоот хаягтай Ү-2204041747 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 185,35 м.кв талбай бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгийг буюу 157,648,575 төгрөгийг хариуцагч Ч.Баярсайханаас гаргуулж өгнө үү. Миний бие 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос улсын иргэн Нан Гео Хео-д 60,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлүүлж, Баянзүрх  дүүргийн 1 дүгээр хороо Голден вилл хотхоны 102 дугаар байрны 1002 тоот хаягтай 183,35 м.кв 5 өрөө орон сууцыг уг зээлийн барьцаанд барьцаалсан. Дараа нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нан Гео Хео дахин 130,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Энэхүү 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр 130 сая төгрөгийг зээлдүүлэхэд миний өөрийн мөнгө хүрэхгүй байсан учраас хариуцагч Ч.Баярсайхантай хамтарч би 69,800,000 төгрөг, Ч.Баярсайхан 60,200,000 төгрөгийг тус тус гаргаж бүрдүүлсэн бөгөөд зээлийн гэрээ болон барьцааны гэрээг зээлдэгчээр Нан Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаа болон зээлдүүлэгч Ч.Баярсайхан нар байгуулсан. Дараа нь хариуцагч Ч.Баярсайхан нь надад 40,000,000 төгрөгийг буцаан өгсөн тул уг зээлүүлсэн 130 сая төгрөгөнд миний 30,000,000 төгрөгийн авлага үлдсэн. Үүн дээр надад ногдох хүү, алданги нь мөн авлага болон тооцогдоно. Гэтэл зээлдэгч Нан Гео Хео болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр авсан 60,000,000 төгрөг болон 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр авсан 130,000,000 төгрөгийг аль алиных нь эргэн төлөлтийг огт хийхгүй хугацаа хэтэрсэн ба энэхүү хоёр зээлийн гэрээний хүү алданги нь нийлээд 335,422,500 төгрөг болсон. Энэхүү дүнгээр зээлийн гэрээ, барьцааны гэрээгээ шинэчлэн Ч.Баярсайханы танил Г.Гэрэлт-Одыг зээлдүүлэгчээр, зээлдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмааг зээлдэгчээр оролцуулж байгуулсан. Р.Цэндмаа болон Г.Гэрэлт-Од нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр дээрх Э.Гансүх миний болон Ч.Баярсайхан бидний нийлүүлсэн 190,000,000 төгрөг болон түүний хүү, алданги нийлээд нийт дүнгээрээ 335,422,500 төгрөг, барьцаа хэвээрээ явж байдаг. Тодруулбал Р.Цэндмаа болон Г.Гэрэлт-Од нарын хоорондын зээлүүлсэн гэж гэрээ байгуулсан мөнгө нь анхнааасаа Ч.Баярсайхан бид хоёрын анх нийлүүлсэн мөнгө хэвээрээ явж байгаа юм. Ингээд зээлдэгч Нам Гео Хео буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаа нь зээлээ хүү, алдангийн хамт төлөх хугацаа хэтрүүлсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Р.Цэндмаа зөвшөөрөн эвлэрч, талуудын эвлэрлийг баталсан захирамж шүүгч гаргаж өгсөн. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар 335,422,500 төгрөгийн төлбөртөө барьцаа орон сууцыг тооцон авсан боловч Ч.Баярсайхан нь ганцаараа өмчлөлдөө авч надад оногдох хувийг төлөхгүй өнөөдрийг хүрээд байна. Ч.Баярсайхан бид хамтарч өөр өөрсдийн  мөнгөө нийлүүлж Нан Гео Хеод зээлүүлэх мөнгийг бүрдүүлсэн ба ийнхүү Нан Гео Хеод мөнгө зээлүүлснээрээ уг зээлийн гэрээнд тооцогдох хүүг ирээдүйд олох ашиг гэж үзэн Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлүүдэд заасан хамтран ажиллах гэрээний харилцаанд орсон этгээдүүд юм. Мөн Э.Гансүхийн 2013 оны 1 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр Нам Гео Хеод зээлүүлсэн 60,000,000 төгрөгийг болон Ч.Баярсайханы нэрээр 2014 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлүүлсэн 130,000,000 төгрөгөөс миний хувь нийлүүлсэн 30,000,000 төгрөгийг болон тэдгээрийн хүүгийн хамт би авах ёстой байхад Ч.Баярсайхан нь ганцаараа авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Иймд Ч.Баярсайхан бид хамтран БНСУ-ын иргэн Нам Гео Хео-д зээлүүлсэн 190,000,000 төгрөг, түүний хүү, алданги, нийт 335,422,500 төгрөгийн үлдэгдэлд тооцож авсан Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден вилл хотхон 102 дугаар байр 1002 тоот хаягтай Ү-2204041747 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 185,35 м.кв талбай бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгийг буюу 157,648,575 төгрөгийг хариуцагч Ч.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Гансүх нь Нан Гео Хео-д зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг зээлсэн. Э.Гансүх нь би 60 000 000 төгрөгийн Нан Гео Хео-д зээлчихсэн мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн бол би 130 000 000 хэзээч зээлэхгүй. Ганц энэ байр нь барьцааны зүйл байгаа гэсэн бол би хэзээ ч мөнгө зээлэхгүй байсан. Тухайн үед Нан Гео Хео-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэндмаа болон Э.Гансүх нар уг байрыг 270 000 000 төгрөгөөр зараад өгье гээд зар тавиад явсан боловч зарагдаагүй. Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө 335 422 500 төгрөгийн байрыг би аваад дангаараа эзэмшчихсэн гэдэг тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргадаг. Тухайн үед би Нан Гео Хео-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгөө тэр өдөр нь бэлнээр Цэндмаад өгсөн, энэ нь зээлийн  гэрээ хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Гансүхийн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбарт Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө орон сууц авагдаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн байсан бол дахиад би 2014 оны 06 дугаар сарын 17-ны 130 000 000 төгрөгийн барьцаанд уг эд хөрөнгийг бүртгэх боломжгүй гэтэл Гансүх бүртгүүлээгүй байсан. Р.Цэндмаа гэрчийн мэдүүлэгтээ Ч.Баярсайханаас би 130 000 000 төгрөг авч, зээлийн гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бид хоёрын очиж 600 000 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Э.Гансүх бүгдийг нь зараад мөнгийг нь авчихсан. Мөн Э.Гансүх нь Тулгын мөнгийг Нан Гео Хео-гоос авч өгсөн талаараа надад хэлээгүй. Э.Гансүх нь Нан Гео Хеогт зээл зуучилж өгсөн гээд бүх байгуулсан зээлийн гэрээнээс 10 хувийг нь авдаг байгаа. Мөн Э.Гансүх нь Р.Цэндмаагийн шилжүүлсэн 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг авчихсан. Э.Гансүх зээлийн гэрээний дагуу Нан Гео Хеогоос 570 автомашин, 600 000 000 төгрөгийн тоног төхөөрөмж, бэлнээр 20 000 000 төгрөг авчихсан. Миний өргөдлийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эдгээр хүмүүс байцаалт өгсөн. Гэтэл Э.Гансүх зугтаагаад ирээгүй. Тулга байцаалт өгөхдөө “би эдгээр тоног төхөөрөмжийг аваагүй. Надад Гансүх хоёр хуучин тоног төхөөрөмжийг өгсөн” гэсэн байцаалт өгсөн. Тулга нь Э.Гансүхийн хамаатны эгч нь байгаа. Р.Цэндмаа нь надад Э.Гансүх 60 000 000 төгрөгийнхөө зээлийн гэрээний дагуу 570 автомашиныг авсан тул маргаан бүхий байранд хамааралгүй гэдгийг бичиж өгсөн. Шийдвэр гүйцэтгэлд Э.Гансүх надад хандаж, би 570 автомашин, тоног төхөөрөмжийг авчихсан юм чинь одоо надад 30 000 000 төгрөг л өгчих гэж хэлж байсан. Би тэрийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Э.Гансүх надаас 130 000 000 төгрөг авч, 70 000 000 буцааж өгсөн гэдэг би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 130 000 000 төгрөгийн Э.Гансүхэд өгч, буцааж авч өгөлцсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний дагуу 130,000,000 төгрөгийг Р.Цэндмаад бэлнээр 2014.06.17-ны өдөр өгсөн, уг зээлийн 30,000,000 төгрөгийг Гансүхээс зээлээгүй, Гансүх зээл аваад надад 30,000,000 төгрөг зээл нь гэдэг дэндүү үнэмшилгүй байна. Би өөрийнхөө 130,000,000 төгрөгийг Р.Цэндмаад гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн. БНСУ-ын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай  2015.01.07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг Г.Гэрэлт-Од байгуулсан.Уг зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 319,450,000 төгрөг болсон. 2015.01.07-ны өдөр Цэндмаатай гэрээ байгуулж энэ шүүхээр орж төлөхийг хүлээн зөвшөөрч шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох  Голдон Виллийн 5 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулах гэж оролдсон боловч зарагдаагүй, арга буюу би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Учир нь  би өөрийн бизнесийн хөрөнгө оруулалтын мөнгөө Цэндмаад зээлүүлсэн байсан тул яаралтай эргэлтийн мөнгөтэй болох шаардлагатай учраас өөрийн найз Г.Гэрэлт-Одоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч тус орон сууцыг банкинд барьцаанд тавьж зээл авсан. Би өөрийн зээлүүлсэн мөнгөндөө уг орон сууцыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Э.Гансүхтэй би ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээ байгуулсан Солонгос Нам Гео Хеогоос нэхэмжлэхгүй, надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Э.Гансүх нь хариуцагч Ч.Баярсайханд холбогдуулан 157,648,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

              Нэхэмжлэгч Э.Гансүх нь 2014.01.29-ны өдөр 60,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алдинги тооцохоор БНСУ-ын иргэн Нам Гео Хеотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөн Ч.Баярсайхан нь 2014.06.17-ны өдөр 130,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор БНСУ-ын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг Э.Гансүх, 100,000,000 төгрөгийг Ч.Баярсайхан тус тус  зээлүүлсэн. Дээрх 2 зээлийн гэрээний дагуу БНСУ-ын иргэн Нам Гео Хеог зээл төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул Э.Гансүх, Ч.Баярсайхан бид хоёр өөрсдийгөө төлөөлүүлэн Г.Гэрэлт-Одыг зээлдэгчээр гэрээний нэг тал болж оролцуулан өөрсдийн авах үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд нийт 319,450,000 төгрөгийн зээлийн гэрээг БНСУ-ын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай  2015.01.07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.Тус 2015.01.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.16-ны өдрийн 1830 дугаар шүүгчийн захирамжаар үндсэн зээл, хүү, алдангийг дахин нэмж 335,422,500 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдсэн.Гэтэл Ч.Баярсайхан барьцааны зүйл болох өмчлөх эрхийн Ү-2204041747 дугаартай 185,35 м.кв таван өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, зээлийн барьцаанд тавьж дангаараа захиран зарцуулж нэхэмжлэгч надад ногдох 335,442,500 төгрөгийн 47 хувь болох 157,648,575 төгрөгийг өгөхгүй байх тул нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

          Хариуцагч Ч.Баярсайхан нь 2014.06.17-ны өдөр 130,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор БНСУ-ын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний зүйл болох 130,000,000 төгрөгийг Р.Цэндмаад бэлнээр 2014.06.17-ны өдөр өгсөн, нэхэмжлэгч Э.Гансүхээс 30,000,000 төгрөг  зээлээгүй, би өөрийнхөө 130,000,000 төгрөгийг Р.Цэндмаад гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн. БНСУ-ын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай  2015.01.07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг миний найз Г.Гэрэлт-Од байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 2015.01.07-ны өдөр 319,450,000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээ байгуулж 2015.03.16-ны өдөр 1830 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох өмчлөх эрхийн Ү-2204041747 дугаартай 185,35 м.кв таван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулах гэж оролдсон боловч зарагдаагүй, би өөрийн бизнесийн хөрөнгө оруулалтын мөнгөө зээлүүлсэн байсан тул яаралтай эргэлтийн мөнгөтэй болох шаардлагатай учраас өөрийн найз Г.Гэрэлт-Одоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч тус орон сууцыг банкинд барьцаанд тавьж зээл авсан. Би өөрийн зээлүүлсэн мөнгөндөө уг орон сууцыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Э.Гансүхтэй би ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээ байгуулсан Солонгос Нам Гео Хеогоос нэхэмжлэхгүй, надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Гансүх шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          

            Нэхэмжлэгч Э.Гансүх нь 2014.01.29-ны өдөр Нам Гео Хеотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041747 дугаартай орон сууцыг барьцаалсан, мөн 2014.06.17-ны өдөр Ч.Баярсайхан, Р.Цэндмаа нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 130,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай,  хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр зээлж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041747 дугаартай орон сууцыг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна./хх-5-8/

 

           Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1830 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг захирамжаар нэхэмжлэгч Г.Гэрэлт-Од, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гансүх, хариуцагч Р.Цэндмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 335,422,500 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй бол Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон 102 дугаар байр, 1002 тоот 185 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041747 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

           Мөн 1830 дугаар захирамжинд Нам Гео Хео, Монгол Улсын иргэн Р.Цэндмаад дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлийн гэрээ байгуулах эрх, зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх, тус барьцааны хөрөнгийг барьцаанд тавих эрх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт төлөөлөх эрх болон дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлагатай бүх эрхийг 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлийн үндсэн дээр Р.Цэндмаа иргэн Г.Гэрэлт-Одтой 2015.01.07 өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 319,450,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлж, зээлийг 2015.01.15-ны өдөр Нам Гео Хео төлж дуусгах, гэрээний хугацааг дахин сунгахгүйгээр тохиролцсон болох нь тогтоогдсон байна.

 

          2015.01.07-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан Р.Цэндмаа уг зээлийн гэрээний төлбөрт ямар ямар зээлийн гэрээний үүргийг нэгтгэн  зээлийн гэрээ байгуулсан талаараа шүүхэд  гэрчийн мэдүүлэг өгөхдөө “60,000,000 төгрөг болон 130,000,000 төгрөгний хүү алдангитай нийлээд 335,420,500 төгрөг  болсон ”,  130,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар мэдүүлэхдээ “Эхлээд тал мөнгийг нь бэлнээр, сүүлд Э.Гансүхийн данснаас тал мөнгө нь ирсэн” гэж мэдүүлсэн байх ба хариуцагч Ч.Баярсайхан 130,000,000 төгрөгийг Р.Цэндмаад бэлнээр  өгсөн, мөн 130,000,000 төгрөгийн хүү, алдангийг нэгтгэн  2015.01.07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу  335,422,500 төгрөг болсон гэх хариуцагчийн тайлбар гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. /хх-79/

        Харин нэхэмжлэгч Э.Гансүх 2014.06.17-ны өдөр Р.Цэндмаа Ч.Баярсайхан нарын байгуулсан зээлийн гэрээний зүйл болох 130,000,000 төгрөгнөөс Ч.Баярсайхан бэлнээр 60,000,000 төгрөгийг Р.Цэндмаад өгсөн, би 2014.06.17-ны өдөр тус тус  өөрийн Хас банкны данснаас Р.Цэндмаа руу 62,000,000 төгрөг, Хаан банкны данснаас Р.Цэндмаа руу 7,800,000 төгрөг шилжүүлсэн, нийт 69,800,000 төгрөг шилжүүлсэн ба Ч.Баярсайхан надад 40,000,000 төгрөг буцаан төлсөн тул би үлдэх 30,000,000 төгрөгийг зээлүүлсэн, Ч.Баярсайхан 100,000,000 төгрөг зээлүүлсэн гэх тайлбар гэрч Р.Цэндмаагийн “эхлээд тал мөнгийг нь бэлнээр сүүлд Гансүхийн данснаас тал мөнгө ирсэн” мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга, Хас банкны төлбөрийн баримтад авагдсан Р.Цэндмаагийн 502082105 дугаар хаан банкны дансруу шилжүүлсэн болох тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байна гэж шүүх үзлээ. /хх-67, 68,79/

 

        Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.16-ны өдрийн 1830 дугаар шийдвэрийн дагуу 2015.01.07-ны өдрийн  335,422,500 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 2014.01.29-ний өдрийн 60,000,000 төгрөгийн зээл төлөх үүрэг, 2014.06.17-ний өдрийн 130,000,000 төгрөгийн зээл төлөх үүрэг тус тус багтсан байх тул  зээлийн гэрээнүүдийн дагуу Э.Гансүхээс зээлсэн хөрөнгөөр Ч.Баярсайхан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          2014.01.29-ны өдрийн зээлийн гэрээний дагуу (60,000,000 төгрөг х 5%) х 2 сар = 66,000,000 төгрөгийн үүрэг зээлдэгч талд үүссэн ба гэрээнд заасан алдангийг бодоход 66,000,000 х 0,5% х 1185 хоног = 391,050,000 төгрөгийн алданги болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 33,000,000 төгрөгийн алданги авах эрхтэй юм.

 

         2014.06.17-ний өдрийн зээлийн гэрээний дагуу (30,000,000 төгрөг х5%) х 2 сар = 33,000,000 төгрөгийн үүрэг зээлдэгч талд үүссэн ба гэрээнд заасан алдангийг бодоход 33,000,000 х 0,5% х 1095 хоног = 180,675,000 төгрөгийн алданги болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 16,500,000 төгрөгийн алданги авах эрхтэй юм.

    

          Иймд хариуцагч Ч.Баярсайхан нь үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний зүйлийг  өөртөө олж авсан байх тул 2014.01.29-ний зээлийн гэрээний дагуу  99,000,000 төгрөг, 2014.06.17-ний зээлийн гэрээний дагуу 49,500,000 төгрөг нийт 148, 500, 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үлдэх 9,148,575 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 9,148,575  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Баярсайханаас 148,500,000 /нэг зуун дөчин найман сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Гансүхд  олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 946,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  900,450  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ