Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 634

 

 

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/00634

 

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02657 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 157 648 575 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Г-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Даваахүү

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Тунгалагтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч

шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Г- нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос Улсын иргэн Нам Гео Хеотой зээлийн гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлтэйгээр 60 000 000 төгрөг зээлүүлсэн.

Зээлдэгч Нам Гео Хео нь дээрх 60 000 000 төгрөгөөс гадна дахин 130 000 000 төгрөг зээлүүлэхийг Э.Г-ээс хүссэн. Үүний дагуу Э.Г- нь хариуцагч Ч.Б-тай харилцан тохиролцож Э.Г- 69 800 000 төгрөг, Ч.Б- нь 60 200 000 төгрөгийг гарган нийлүүлж нийт 130 000 000 төгрөг бүрдүүлэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 сарын хугацаатай, cap бүр 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлтэйгээр Ч.Б-ы нэрээр зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн байдаг. Ч.Б- бид хамтарч өөр өөрсдийн мөнгөө нийлүүлж Нам Гео Хеод зээлдүүлсэн мөнгийг бүрдүүлсэн ба ийнхүү зээлийн гэрээнд тооцогдох хүүг ирээдүйд олох ашиг гэж үзэн хамтран ажиллах гэрээний харилцаанд орсон.

Харин зээлдэгч тал дээрх хоёр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой хугацаа бүгдийг нь хэтрүүлж улмаар 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Э.Г-, Нам Гео Хео нарын хоорондын зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги дээр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү. алдангийг нэмээд нийтдээ 319 450 000 төгрөг төлөх ёстой гэж тухайн үед талууд тооцож байсан байх ба дээрх хоёр зээлийн гэрээг нэгтгэж Ч.Б-ы дүү Г.Гэрэлт-Одын нэрээр мөн Р.Цэндмаатай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү зээлийн гэрээгээр зээлүүлсэн гэх мөнгөний дүн нь дээрх 319 450 000 төгрөг юм. Улмаар Нам Гео Хео нь зээлж авсан мөнгөө эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлэхгүй байсан учраас Э.Г- нь Г.Гэрэлт-Одоос итгэмжлэл гаргуулан авч тухайн үеийн нэрээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Р.Цэндмааг хариуцагчаар татан 319 450 000 төгрөг дээр түүний хүү, алдангийг нэмээд нийтдээ 335 422 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Р.Цэндмаа нь нзхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 335 422 500 төгрөгт тооцон барьцааны орон сууцыг өгөхөөр эвлэрснийг шүүх баталж 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1830 дугаартай захирамж гаргасан байдаг.

Гэтэл төлбөрт тооцон авсан орон сууцыг Ч.Б- нь Э.Г-ийн хөрөнгө холилдсон байгаа гэдгийг мэдсээр байж ганцхан өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан.

Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1830 дугаар захирамжаар Солонгос Улсын иргэн Нам Гео Хеогоос 335 422 500 төгрөгийг гаргуулан Г.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн мөнгийг Э.Г- миний бие болон Ч.Б- бид хувааж авах, үүнд Э.Г- 47 хувь буюу 157 648 575 төгрөгийг Ч.Б- 53 хувь буюу 177 773 925 төгрөгийг гэсэн байдлаар тус тус хувааж авах, хариуцагч Ч.Б- нь төлбөр төлөгч Нам Гео Хеогоос гаргуулахаар шийдвэрлэсэн ба 335 422 500 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 1002 тоот, 185.35 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн авсан ба уг орон сууцнаас надад төлбөрт тооцож олгох ёстой байсан хэсгийг өгөлгүй бүгдийг ганцаараа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоож, 157 648 575 төгрөгийг Ч.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Г- нь Нам Гео Хео-д зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг зээлсэн. Э.Г- нь би 60 000 000 төгрөгийн Нам Гео Хео-д зээлчихсэн, мөнгөө аваагүй байгаа гэж хэлсэн бол уг орон сууцыг барьцаалж 130 000 000 төгрөг зээлэхгүй байсан.

Тухайн үед би Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 130 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгөө тэр өдөр нь бэлнээр Р.Цэндмаад өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Г-ийн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбарт Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 102 дугаар байр 1002 тоот 185,35 м.кв 5 өрөө орон сууц авагдаж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн байсан бол дахиад би 2014 оны 06 дугаар сарын 17-ны 130 000 000 төгрөгийн барьцаанд уг эд хөрөнгийг бүртгэх боломжгүй байсан.

Р.Цэндмаа нь надад Э.Г- 60 000 000 төгрөгийнхөө зээлийн гэрээний дагуу автомашиныг авсан тул маргаан бүхий байранд хамааралгүй гэдгийг бичиж өгсөн. Би 130 000 000 төгрөгийн Э.Г-эд өгч, буцааж авч өгсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний дагуу 130 000 000 төгрөгийг Р.Цэндмаад бэлнээр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн, уг зээлийн 30 000 000 төгрөгийг Э.Г-ээс зээлээгүй.

Би өөрийнхөө 130 000 000 төгрөгийг Р.Цэндмаад гэрээ байгуулсан өдөр бэлнээр өгсөн. Солонгос улсын иргэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг Г.Гэрэлт-Од байгуулсан.Уг зээлийн гэрээгээр 130 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 319 450 000 төгрөг болсон.

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Р.Цэндмаатай гэрээ байгуулж, шүүхээр орж төлөхийг хүлээн зөвшөөрч шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу барьцааны хөрөнгө болох Голден Виллийн 5 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар худалдан борлуулах гэж оролдсон боловч зарагдаагүй, арга буюу би өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Учир нь би өөрийн бизнесийн хөрөнгө оруулалтын мөнгөө Р.Цэндмаад зээлүүлсэн байсан тул яаралтай эргэлтийн мөнгөтэй болох шаардлагатай учраас өөрийн найз Г.Гэрэлт-Одоос орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч тус орон сууцыг банкинд барьцаанд тавьж зээл авсан. Би өөрийн зээлүүлсэн мөнгөндөө уг орон сууцыг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Э.Г- болон Ч.Б- нарын хооронд зээлийн болон хамтран ажиллах гэрээний харилцаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Э.Г-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох, хамтран ажиллах гэрээ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тогтоолгож, 157 648 575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 946 193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Г- нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос Улсын иргэн Нам Гео Хеотой зээлийн гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлтэйгээр 60 000 000 төгрөг зээлүүлсэн.

Зээлдэгч Нам Гео Хео нь дээрх 60 000 000 төгрөгөөс гадна дахин 130 000 000 төгрөг зээлүүлэхийг Э.Г-ээс хүссэн. Үүний дагуу Э.Г- нь хариуцагч Ч.Б-тай харилцан тохиролцож Э.Г- 69 800 000 төгрөг, Ч.Б- нь 60 200 000 төгрөгийг гарган нийлүүлж нийт 130 000 000 төгрөг бүрдүүлэн Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаатай 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 сарын хугацаатай, cap бүр 5 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох нөхцөлтэйгээр Ч.Б-ы нэрээр зээлийн гэрээ байгуулж зээлүүлсэн байдаг.

Ийнхүү Ч.Б-ы нэрээр зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь зээлдэгч нэг барьцаа хөрөнгөтэй байсан ба Э.Г-ийн хувьд Ч.Б-д итгэсэн явдал байсан.

Ч.Б-ы хувьд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Э.Г-ийн оруулсан 69 800 000 төгрөгийн 40 000 000 төгрөгийг өөрөөсөө Э.Г-эд өгч уг зээлийн гэрээнд Э.Г-ийн оруулсан үндсэн мөнгөний үлдэгдэл дүн 29 800 000 төгрөг болсон.

Харин зээлдэгч тал дээрх хоёр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой хугацаа бүгдийг нь хэтрүүлж улмаар 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Э.Г-, Нам Гео Хео нарын хоорондын зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги дээр 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү. алдангийг нэмээд нийтдээ 319 450 000 төгрөг төлөх ёстой гэж тухайн үед талууд тооцож байсан байх ба дээрх хоёр зээлийн гэрээг нэгтгэж Ч.Б-ы дүү Г.Гэрэлт-Одын нэрээр мөн Р.Цэндмаатай 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү зээлийн гэрээгээр зээлүүлсэн гэх мөнгөний дүн нь дээрх 319 450 000 төгрөг юм. Улмаар Нам Гео Хео нь зээлж авсан мөнгөө эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлэхгүй байсан учраас Э.Г- нь Г.Гэрэлт-Одоос итгэмжлэл гаргуулан авч тухайн үеийн нэрээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Р.Цэндмааг хариуцагчаар татан 319 450 000 төгрөг дээр түүний хүү, алдангийг нэмээд нийтдээ 335 422 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Р.Цэндмаа нь нзхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 335 422 500 төгрөгт тооцон барьцааны орон сууцыг өгөхөөр эвлэрснийг шүүх баталж 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1830 дугаартай захирамж гаргасан байдаг.

Гэтэл төлбөрт тооцон авсан орон сууцыг Ч.Б- нь Э.Г-ийн хөрөнгө холилдсон байгаа гэдгийг мэдсээр байж ганцхан өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан байх ба Э.Г-эд ногдох хөрөнгийг ялгаж салгаж өгөхгүй байгаагаас өнөөдрийн энэхүү маргаан үүсээд байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангаагүй буюу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг бүрэн тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээгүй, үнэлээгүй.

Дээр дурдсан үйл баримтууд бүгд нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд харин  хариуцагч Ч.Б- нь өөрийн татгалзалаа нотлох баримтаар нотлож чадаагүй, нотлох баримт бараг гаргаж өгөөгүй болно.

Хууль зүйн үндэслэлийн хувьд Ч.Б- өөрийн өмчлөлд бүгдийг нь шилжүүлэн авах ёсгүй байсан хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэн авч Э.Г-эд оногдох хөрөнгийг завшсан байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн явдал мөн. Тэгэхээр Ч.Б- нь Э.Г-эд оногдох хөрөнгийг хувьдаа завшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                     ХЯНАВАЛ:                                                                    

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс 157 648 575 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Э.Г- нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос Улсын иргэн Нам Гео Хеод 60 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 102 дугаар байр, 1002 тоот хаягт байрлах, 185 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэх бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч Ч.Б- нь Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаад 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 130 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 102 дугаар байр, 1002 тоот хаягт байрлах, 185 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1830 дугаар захирамжаар Г.Гэрэлт-Од, Р.Цэндмаа нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан 335 422 500 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден Вилл хотхоны 102 дугаар байр, 1002 тоот хаягт байрлах, 185 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Г.Гэрэлт-Од, Р.Цэндмаа нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Э.Г-, Нам Гео Хео нарын хооронд, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б-, Р.Цэндмаа нарын хооронд тус тус байгуулагдсан зээлийн гэрээг нэгтгэж, Э.Г- болон Ч.Б- нар мөнгөн хөрөнгийг Нам Гео Хеод зээлдүүлэх замаар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ашиг олох зорилгоор хийсэн гэх үйл баримт хэргийн баримтаар хангалттай тогтоогдохгүй байна. Гэрч Р.Цэндмаагийн өгсөн мэдүүлэг болон Ч.Б-ы шүүхэд гаргасан тайлбарыг харьцуулан үзвэл бусдад мөнгө зээлдүүлэх замаар зээлийн хүүнээс ашиг олох зорилгоор талууд хамтарч ажилласан гэх тохиролцоо байсан гэж үзэхгүй. Учир нь хамтран ажиллах гэрээ байгуулах тохиолдолд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлд тус тус заасан зээлд оруулах хувь хэмжээ, зээлийн хүүгийн ашгийн хувиарлалт болон дундаа ямар хөрөнгийг бий болгох зэрэг нөхцлийн талаар нэг тал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө хүлээн авсан байх учиртай. Иймд Э.Г- болон Ч.Б- нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу бий болсон үр шим, ашиг, орлогыг хувь тэнцүүлэн хуваах үндэслэл тогтоогдоогүй болно. 

 

Харин 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ч.Б- болон Нам Гео Хеогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэндмаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 130 000 000 төгрөг шилжүүлэх үүрэг Ч.Б-д үүссэн байх бөгөөд уг мөнгөн  хөрөнгөөс Э.Г- нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 69 800 000 /7 800 000+62 000 000/ төгрөгийг Р.Цэндмаад дансаар шилжүүлсэн болох нь төлбөрийн баримт болон дансны хуулга /хэргийн 67-69 дэх тал/, гэрч Р.Цэндмаагийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Г- нь хариуцагч Ч.Б-аас 40 000 000 төгрөгийг буцааж авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох тул Э.Г- нь Ч.Б-ы өмнөөс зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөд шилжүүлсэн 69 800 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг хасч тооцвол 29 800 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Г- нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын төлөх ёстой өр төлбөрийг сайн дураараа гүйцэтгэсэн гэх үндэслэлээр уг гарсан зардлыг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Ч.Б-аас 29 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хамтран ажиллах гэрээ болон үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс 127 848 575 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02657 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-аас 29 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 127 848 575 төгрөг гаргуулах болон хамтран ажиллах гэрээ болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 306 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-эд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА