Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1410

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 14/3 байранд байрлах, “Хасу энержи интернэшнл” ХХК /УБД:9011047112, РД:5113881/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Буянт-Ухаа,  Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

Гэрээний үүрэгт 131,885,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтанд оролцож ИНЕГ/УТ/ТББ/б-02/16 дугаар ажлыг 179,868,000 төгрөгөөр гүйцэтгэх тухай саналаа 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүргүүлсэн. Улмаар манай тендерийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрч, 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 01/2329 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон. Ийнхүү 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Нислэгийн хөдөлгөөний удирдлагын SMART ATM программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх ИНЕГ/УТ/ТББ/б-02/16 тоот гэрээг байгуулсан. Гэрээт ажлыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийлүүлж, хүлээлгэн өгөх ёстой байсан ч биднээс үл хамаарах шалтгааны улмаас гэрээт ажил түр зогссон ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээт ажлыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн дуусгасан. Гэрээт ажлын нийт үнэ 179,868,000 төгрөг буюу компьютер тоног төхөөрөмжүүдийн үнэ 59,972,000 төгрөг, программ хангамжийн үнэ 109,296,000 төгрөг, программын сургалтын үнэ 10,600,000 төгрөгөөс бүрдэж байсан. Манай компани тоног төхөөрөмжийг суурилуулан программ хангамжийг ашиглалтанд бэлэн болгосон боловч зөвхөн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, төлбөрийг шилжүүлээд, программ хангамжийг ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, төлбөр мөнгиийг шилжүүлэхгүй хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, эдийн засгийн хувьд хохироож өнөөдрийг хүрлээ. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээт ажлын үлдэгдэл 119,896,000 төгрөг, ГТН-ийн 28 дахь хэсэгт заасны дагуу алданги 11,989,600 төгрөг, нийт 131,885,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК нь хариуцагч “Иргэний нисэхийн ерөнхий газар”-т холбогдуулан гэрээний үүрэгт 131,885,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

          Нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК  нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт  холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын смарт эт эм программ хангамж, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх гэрээ”, хяналтын программ хангамжийн ажиллагааг ашиглагч байгууллагыг төлөөлж ажлыг хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан хуудас, зарлагын  падааны дагуу нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрөөс тоног төхөөрөмжийн үнэ 59,972,000 төгрөгийг төлсөн, үлдэх программ хангамжийн үнэ 109,296,000 төгрөг, программын сургалтын үнэ 10,600,000 төгрөг нийт 119,896,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул алданги 11,989,600 төгрөг нийт 131,885,600 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

          Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны  өдөр гардан авч, 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр мэдсэн боловч эрүүл мэндийн шалтгаантэй гэх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хүсэлт нь баримтаар нотлогдоогүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж шүүх үзэн, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

           

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4

-д тус тус зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба “Хасу энержи интернэшнл” ХХК ,  Иргэний нисэхийн ерөнхий газартай 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, нэг талаас нийлүүлэгч  чанарыг шаардлагыг бүрэн хангасан бараа, ажил үйлчилгээг захиалгын дагуу нийлүүлэх, нөгөө талаас гэрээгээр тохиролцсон төлбөрийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна. /хх-8-28/

           Хэрэгт авагдсан хяналтын программ хангамжийн ажиллагаа баримтаар  ашиглагч байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан Х.Энхбаяр, Н.Идэр нар 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлыг зөвшөөрч хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр зарлагын баримтыг Н.Идэр хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-48, ....../

          Дээрх баримтаар зохигч байгууллагуудын ажилтнууд гарын үсэг зурж, баталгаажуулсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байхаас гадна  хариуцагч нь мэтгэлцэх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх бараа, ажил үйлчилгээг хүлээн аваагүй, төлбөрийн үлдэгдэл зөрүүтэй эсэх талаар шүүхэд маргаагүй байна.

           2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн  гэрээний хавсралтын 28 дугаар зүйлийн 28.2 дах хэсэгт зааснаар “... гэрээний үнийн  холбогдох хэсгийн дүнгийн 10 хувь байна.” гэж харилцан тохиролцжээ.

           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг дээрх гэрээ хангаж байх ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.5 дах хэсэгт зааснаар 10 хувийн торгууль болох 11,989,600 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

           Иймд  Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар Иргэний нийсэхийн ерөнхий газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн үүрэг 119,896,000 төгрөг, торгууль 11,989,600 төгрөг, нийт  131,885,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

        Мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газраас 131,885,600 /нэг зуун гучин нэгэн сая найман зуун наян таван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч “Хасу энержи интернэшнл” ХХК-д олгосугай.

 

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 817,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 817,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ