Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 11

 

 

Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                   

Хэргийн индекс 132/2017/00187/И

 

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

      Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай шийдвэртэй,

      Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй, А.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

           Нэхэмжлэгч Х.Ариунаа   

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасансүрэн

           Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

           Нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч Х.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2001 оноос эхлэн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 7-3 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдран суух явцдаа иргэний эрхийг зөрчсөн, элдэв саад гамшигт өртөж байгаагүй. Цагдаа, гэрлийн болон галын байцаагч нар цагаан сарын өмнө айлуудаар явж гэр орноо эзэнтэй үлдээх, хулгайчаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх, элдэв гамшиг болохоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч гарын үсэг зуруулсан. Тухайн үед гэрлийн байцаагч Отгонтуяа цахилгааны утас муудсан байна, утсаа солиорой гэж удаа дараа манайх болон хөрш айл Даваасүрэн гуайг хажуу талын хашаагаар дуудан цахилгааны утсаа солих шаардлагатай гэж хэлж байсан. Манайх гэрээний үүргээ биелүүлж, ая тухтай амьдрах нөхцөл бололцоогоо хангаж цахилгааны утсаа сольсон. Айл бүхэн тус тусдаа цахилгааны оруулгын утастай байдаг. Даваасүрэн гуайнх удаа дараа өгч байсан шаардлагыг үл тоож, утсаа солилгүй явсны улмаас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр цахилгааны утаснаас нь гал  гарч залгаа ханаар гал нэвтрэн манайд орж 11606815 төгрөгийн хохирол учирсан болохыг Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК тогтоосон. Үнэлгээний компанийн хүмүүс өөрсдөө ирж нүдээр үзэж, зураг авч баримтжуулсан.Үүнээс үүдэн нөхөр хүүхдийн хамт гэр орондоо амьдрах боломжгүй болж айл айлаар дамжин амьдарч явна. Тэр өдөр тог тасраагүй, тог тасраад ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирсэн гэдэг нь худлаа. А.Даваасүрэн гуайн буруугаас болж гал гарч 11606815 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээний компанид төлсөн 350000 төгрөг, ус цаг уурын тодорхойлолт авахад 10000 төгрөг, эд хөрөнгийн лавлагаа авахад 5000 төгрөг, бичиг баримт канондуулахад 10000 төгрөг, шатсан амбаар, эд зүйлээ буулгаж ачуулахад 24000 төгрөг, шатахуунд 40000 төгрөг, нийт 439000 төгрөгийн зардал гарсан. Иймд 12045815 төгрөгийг буруутай этгээд болох Ө.Даваасүрэнгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1300 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын орчимд тог тасарсан байсан учраас бид үдийн хоолоо хийж чадаагүй. Гэртээ байж байгаад гарахад хөрш айл Энхболор манай хоёрын үүдний өрөөн дээрээс гал гарч байхыг би хараад нөхөр Даваасүрэнг дуудаж дуудлага өгч, гал унтраах тээврийн хэрэгсэл ирж галыг унтраасан. Тухайн үед манай хоёр гэрийн үүдний өрөө их шатсанаас гэрт утаа орж гэрийн эд зүйл бүхэлдээ хар болсон. Мөн утаа шингэсэн. Түүнээс биш гэрийн бүх эд зүйлс, хувцас шатаагүй. Манайх утаа шингэсэн эд зүйлээ угааж цэвэрлээд ашигласан. Харин Ариунаагийн нэхэмжлэлтэй танилцахад их хэмжээний эд хөрөнгө, хувцас шатсан гэж бичсэн байна. Энэ галд манайхыг буруутай гэж дүгнэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ариунаа нэхэмжлэлдээ утсаа солиогүй байсны уршигаар цахилгааны утсанд хэт ачаалал өгч гал гарч ханаар нэвтэрсэн гэж байна. Манайх 2014 онд стандартын шаардлага хангасан цахилгааны утас хийсэн. Гэрлийн байцаагч Отгонтуяа цахилгааны утас муудсан учраас солиорой гэж манайх болон хөрш Даваасүрэнгийнд хажуу талын хашаагаар дуудаж хэлсэн гэсэн байна. Ийм асуудал огт болж байгаагүй. Айл бүхэн тусдаа цахилгааны утастай ч, манайх болон Ариунаагийн гэрийн цахилгааны утас нэг цахилгааны утаснаас салаасан юм. Тухайн үед тог тасраад эргэн ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирсэнээс гал гарсан гэж ойлгож байна. Түүнээс биш манай цахилгааны утас муудсанаас гал гараагүй. Үүдний өрөө шатахад хөрш Ариунаа хаалгаа онгойлгосон байснаас халуун галд тааз халж, хайлсанаас эд хөрөнгөнд хохирол учирсан байна. Бусад эд зүйл ашиглах боломжгүй болтол шатах хэмжээнд хүрээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад манайд ямар нэгэн гэм буруу байгаа гэдгийг тогтоогоогүй. Цахилгааны гэрлийн утсанд хэт ачаалал ирснээс гарсан галын улмаас учирсан хохирлоо өөр, өөрсдөө хариуцах байх гэж бодож байна. Манайх шатаж, утаа тортог болсон зүйлээ угааж цэвэрлээд авсан, эднийх яагаад өөрсдөө угааж цэвэрлээд авч болохгүй байгаа юм бэ. Гал гарах үед өдөр байсан учраас бага хохирол учирч, өөрсдөө амьд үлдсэндээ баярлаж байна гэв.

 

Гэрч Б.Мөнхзул /ГЮ80121816/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гал гарсан дуудлагыг 1405 цагт авч, онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж галыг унтраасан. Би өөрөө гал гарсан газар очиж шатлагын фото зургийг авч баримтжуулсан. Цахилгааны утасны хувьд Даваасүрэнгийнх хаалганы дээрээс чигээрээ орсон, Ариунаагийнх тамбарын баруун талаар орсон байсан. Хоёр айлын утасны оруулга тусдаа, цахилгааны нэг утаснаас салаалаагүй байсан. Даваасүрэнгийн гэрлийн утас муудсан, зарим газраа лентээр ороосон байсныг хурааж авсан. Цахилгааны утас нь муудсан учраас хэт ачаалал өгсөнөөс гал гарсан байх магадлалтай гэж дүгнэлт гаргасан. Даваасүрэнгийн гэрт индүкцэн плитка залгаатай, хуушуур чимхээд тавьсан, хайруулын таваг плиткэн дээр байсан. Өөр байдлаар гал гарсан байх нөхцөл байдал тогтоогдоогүй гэв.

Гэрч Д.Отгонтуяа /ГЮ77081482/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 2 сараас “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш Даваасүрэн гуайнх гэрлийн утсаа солиогүй. Гэрлийн утсанд би үзлэг хийж байгаагүй. Даваасүрэн, Ариунаа нарынх нэг цахилгааны утаснаас салаалаагүй. Оруулга нэг байсан эсэхийг би мэдэхгүй байна гэв.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Даваасүрэнгээс 11980815 /арван нэг сая есөн зуун наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын 7-3 тоотод оршин суух, Х.Ариунаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65000 /жаран таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210883 /хоёр зуун арван мянга найман зуун наян гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 206643 /хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасансүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Хариуцагч Даваасүрэнгийнх цахилгааны утсаа солиогүй, цахилгааны утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан болох нь Гамшгаас хамгаалах цлсын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 150/2 дугаартай актаар тогтоогдож байх бөгөөд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйг нотлоогүй тул гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэсэлгүй гэжээ. Гэтэл тухайн өдөр манайх хэт ачаалал өгөхөөр цахилгаан хэрэгсэл залгаагүй , өдрийн хоолоо хийхээр индукцин плетик залгахад тоггүй байсан тул түүнийгээ хийж чадаагүй хуушуур чимхээд тавьсан, плетик дээр хайруулын таваг тавьсан зэрэг нь тэр хэвээрээ байсан. Галын дүгнэлт гаргахдаа тухайн үед тогны ачаалал ямар байсан гэх мэт эрчим хүчнээс шалтгаалсан эсэхэд ямар ч үзлэг хийлгүйгээр шууд манай талаас гал гарсан байна. Манай оруулгын утаснаас гал гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн боловч “ магадлалтай” гэдгээ тайлбарлаагүй. Хэрвээ манайхаас гал гарсан юм бол гэрч Лхагванямын мэдүүлэгт дурьдсан тоолуурын хайрцагны 9 утаснууд яагаад шатсан байх вэ.

Галын дүгнэлтэнд манай цахилгааны утсыг муудсан гэж дүгнээгүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт Мөнхзул мэдүүлэхдээ гэрлийн утас нь лентээр ороосон байсан гэж мэдүүлсэн ч уг залгаас хэсгээс гал гараагүй нь нотлох баримтаар үзүүлсэн гэрлийн утасны залгаас хэсэг нь шатаагүй бүрэн бүтэн байгаагаар нотлогдоно. Мөн манай хэрэглэж байсан утас ОХУ-д үйлдвэрлэгдсэн 2013-2018 он хүртэл ашиглах баталгаатай КГ-2* 4 ба 38 А болон 8.4квт хүчний резинэн тусгаарлагчтай зөвшөөрөгдсөн кабель утас бөгөөд энэ утсыг 2015 оны хавар солиулж тавиулсан болно. Энэ талаар лавлагаа авах, бүртгэлд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй тул миний бие утсаа солиулсан тухай баримтаа авъя гэж ЭБЦТС ТӨХК-ий Булганы салбар дээр очиход утас солиулах дуудлагын бүртгэлийг хадгалдаггүй гэсэн ба дахин өмгөөлөгчтэйгөө очиход маргааш буюу сонгуулийн өдөр ирж шүүж үз би архиваас дэвтэрийг нь олоод байя гэсэн дисдечер Наранцацралт өөрөө ирээгүй. Манай зүгээс энэ мэтээр нотлох баримт бүрдүүлэх боломжгүй байснаас гэм буруугүй гэдгээ нотлох боломж олдоогүй. Гэрч Отгонтуяа өнөөдрийг хүртэл манайхыг утсаа соль гэсэн шаардлага тавьж байгаагүйгээ шүүх хуралд гэрчээр оролцохдоо хэлсэн зэргээс манайхаас гал гарсан нь манайх утсаа солиогүйгээс болсон гэдгийг зөвшөөрөх боломжгүй, ямар нэг гэнэтийн хүчин зүйлээс болсон гэж үзэж байна.

Хэрэг болсон үед цагдаагийн байгууллагын төлөөлөгч, галын байцаагч нар ирж хэргийн газар үзлэг хийхдээ ор нэр төдий хийснээс тухайн үед манайх болон Ариунаа /Энхболор/-гийн чухам ямар эд хөрөнгө галд өртсөн талаар үзлэгийн тэмдэглэлд тусгаагүйгээс Ариунаа нь анх цагдаад бичиж өгч байснаасаа тэс өөр зүйл нэхэмжилж, ихээхэн хэмжээний мөнгө нэхэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэж үзэж байна. Миний үгийг шүүх хүлээн авдаггүй юм гэхэд гэрч Мөнхзул шүүх хуралдаан дээр хөрш айлын гэр лүү гал ороогүй, тэдний эд зүйл галын утаанд харлаж утаа болсон гэж хэлснийг анхаарч үзнэ үү.

Хэрэг гарснаас 9 хоногийн дараа үнэлгээ гаргасан үнэлээч Отгонцагаан дүгнэлтдээ хавсаргаж өгсөн зурагт огт байхгүй маш олон эд хөрөнгийг үнэлсэн. Үүнд: ламын дээлнүүд, чемедамтай хувцас, ноолууран цамц, плаж, хүүхдийн болон том хүний гуталнууд , хүүхдийн хувцаснууд, цахилгаан хэрэгслүүдийн, хүнсний зүйлүүд гэх мэт. Ийм болохоор үнэлээчээс асууж тодруулахаар гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

Ер нь 3 дугаар сарын сүүл үе буюу хаврын хахир цагт дан банзан амбаартаа амьдардаг айл гэж байхгүй. Гэтэл тэр жижиг амбаартаа бараг бүх хөрөнгөө байсан мэтээр нэхэмжилсэн нь үнэнд нийцэхгүй ба энэ эд хөрөнгө гал ороогүй байхад шатсан ашиглах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү, энэ айлаас илүү галд өртсөн манай эд зүйлс утаанд идэгдэж харласныг хөгшин би угааж цэвэрлээд хэвийн байдалд ашиглаж байгаа.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ бодит байдлыг харьцуулан үзэлгүй зөвхөн үнэлээчийн дүгнэлтээр шийдсэнд гомдолтой байна.

Ариунаагийн эд хөрөнгө галд өртөж утаанд идүүлэхэд түүний буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. Учир нь гал гарч байхад Ариунаа хаалгаа онгорхой орхисноос тэднийхрүү халуун агаар, утаа орж эд хөрөнгө нь харлаж утаа болсон, галд шатамхай зүйлээр таазаа хийсэн нь гэрт байгаа эд хөрөнгийг гэмтэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бодит үнэнээр нь шийднэ гэдэгт итгэж байна.

Дээрхи нөхцөлийг харгалзан үзэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар “...гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл ...гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцана” гэсний дагуу шийдвэрлэж өгнө үү .”  гэжээ.     

                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Ариунаа нь хариуцагч А.Даваасүрэнгээс эд хөрөнгөнд учирсан гэм хор 12045815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40-н айлын 7-4 тоотод оршин суух А.Даваасүрэнгийн байшинд гал түймэр гарсан нь зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Х.Ариунаа нь хариуцагч А.Даваасүрэнгийн гэрлийн утаснаас болж тэдний байшинд гал гарч улмаар манай байшинд гал нэвтрэн орж лампирэн тааз болон эд хөрөнгө хайлж шатсаны улмаас 12045815 төгрөгний хохирол учирсан, хариуцагч манай буруугаас гал гараагүй хохирлыг төлөх боломжгүй гэж тус тус маргажээ.

Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй, галын үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, галын нотломж гаргаагүй байхад зөвхөн галын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 150/2 дугаартай /Даваасүрэнгийн цахилгааны утаснаас гал гарсан байх магадлалтай гэсэн/ актыг үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж үзэж  Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг баримтлан гэм хорын хохиролыг гаргуулсан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

Нөгөө талаар нэхэмжлэгч Х.Ариунаа нь  А.Даваасүрэнгийн цахилгааны утас хэт их ачааллаа даахгүй гал гарсан гэх үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Даваасүрэнг буруутгаж хохирол гаргах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206643 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй А.Даваасүрэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206643 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ё.БЯМБАЦЭРЭН

 

       ШҮҮГЧИД                                                              С.УРАНЧИМЭГ

 

                                                                                      М.ХҮРЭЛБААТАР